Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 30

 

Б.Нас-Очирт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1030 дугаар шийтгэх тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолтой, 201526030490, 2015250001768 дугаартай эрүүгийн хэргүүдийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын дүгнэлтийг үндэслэн хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялыг өршөөн хэлтрүүлсэн,

2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар ялыг өршөөн хэлтрүүлсэн, Тодго овогт Батбаатарын Нас-Очир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1030 дугаар шийтгэх тогтоолоор Б.Нас-Очирыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн машин механизм, тусгай бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Нас-Очирт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолоор прокуророос шүүгдэгч Б.Нас-Очирт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.Нас-Очирыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Б.Нас-Очирт 5 сарын баривчлах ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтэнд: “...Б.Нас-Очир нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1030 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялыг өршөөн хэлтрүүлсэн байна.

Мөн Б.Нас-Очир Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж, уг ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар ялыг өршөөн хэлтрүүлсэн байна.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 448 дугаар шүүгчийн захирамжид зааснаар Б.Нас-Очирт холбогдох эрүүгийн 201526030490, 2015250001768 дугаартай хэргүүдэд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхдээ тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийг зөрчсөн тул тухайн хууль зөрчсөн асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41 дүгээр бүлэгт заасны дагуу прокурор шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ.

Иймд  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1030 дугаар шийтгэх тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлт бичив...” гэжээ.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх Б.Нас-Очирт холбогдох  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.21, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хянаад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг урьд хоёр удаа хэрэглэж хууль зөрчсөн гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн буцааж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгчийн захирамжид заасны дагуу прокурор дүгнэлт бичсэн. Шүүхүүд өмнө өршөөлийн хуулийг зөв хэрэглэсэн, прокурорын дүгнэлт үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Б.Нас-Очир нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус шийтгүүлсний дараа Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Б.Нас-Очирын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүд Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан өршөөл үйлчлэх хугацаа, ялаас өршөөн хэлтрүүлэх гэмт хэргийн төрөлд аль алин нь хамаарч буй тул анхан шатны шүүхүүд дээрх хэргүүдийг тус тусдаа хянан хэлэлцэж ялаас өршөөж шийдвэрлэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасан “өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд өршөөл үзүүлэх” заалтад нийцэж байх бөгөөд Б.Нас-Очирт холбогдох эрүүгийн 201526030490, 2015250001768 дугаартай хэргүүдэд 2015 оны Өршөөлийн хуулийг давхардуулан буруу хэрэглэсэн шинэ нөхцөл 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр илэрсэн гэсэн прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Иймд хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэгийн гаргасан саналыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1030 дугаар шийтгэх тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолыг тус тус хэвээр үлдээж, прокурорын бичсэн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлийн 362.1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1030 дугаар шийтгэх тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолыг тус тус хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                                ШҮҮГЧ                                                                Ч.ХОСБАЯР