Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 1655

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч С.Чимэдцэеэ,

хохирогч Ц.Мөнгөнцэцэг,

шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт О.Нт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2175 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн О.Н, 1996 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль орчин хяналтын технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарт  хотхоны 94г-94 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,  

Шүүгдэгч О.Н нь 2020 оны  07 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдвартын эмнэлгийн хажууд байх 64 дүгээр байрны подвалд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамт амьдрагч Ц.Мөнгөнцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж улмаар хүзүүг нь боож, гарыг нь базаж баруун ядам хурууны алганы шивнүүрийн цууралт, алганы зөөлөн эдийн няцрал, баруун мөр, зүүн бугалганд зулгаралт бүхий гэмтэл учруулсан буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч О.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.”  гэв.

Хохирогч Ц.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “7 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн орчимд Наас гэрийн түлхүүр авах гэтэл архи уугаад согтуу ирсэн. Тэгээд яагаад архи ууж байгаа юм бэ гэхэд байрны подволд оруулж 2 удаа багалзуурдсан. Танай ахыг хаана ч алж байж шоронд орно гэж айлган сүрдүүлж дарамталсан. Подволын хананд шахаад түмпэнгээр далайсан. Айлган сүрдүүлсэн. Хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй, нэхэмжлэх зүйлгүй”  гэв.

Хохирогч Ц.Мөнгөнцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 15 цаг 30 минутын орчим Халдвартын ойролцоо 64 дүгээр байрны үүдэнд гэрийнхээ түлхүүрээ авах гэж очсон чинь найз залуу болох Н намайг доод подвалд чирч оруулаад намайг 2 удаа багалдуурдаж өргөөд хананд шахаж, миний баруун гарын савхан ясыг цууртал машины хаалганд хавчссан, зүүн гарын булчин базсан, баруун гарны мөрний доод хэсэгт хумсаараа маажсан. Би их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18ы/,

Яллагдагч О.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мөнгөнцэцэг намайг чи яагаад архи ууж байгаа юм бэ чамаас саллаа гэж хэлэхэд нь би машинаас буух гэж байгаад баруун гарыг нь машины хаалганд хавчсан. Мөнгөнцэцэг чи миний гарыг машины хаалганд хавччихлаа гээд орилсон. Энэ үед миний уур хүрч Мөнгөнцэцэгийн багалзуурнаас нь барьж байгаад дээш өргөөд газар тавьсан. Дахиад 2 гарынх нь бугуйнаас нь хүчтэй базаад тавьсан. Тэгээд бид хоёр тухайн подвалаас гарч хажууханд нь байсан хувийн эмнэлэгт орж ЭХО-д харуулсан чинь эмнэлгийн эмч Мөнгөнцэцэгийг 1 сар 6 хоногтой жирэмсэн гэсэн. Гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №8827 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Ц.Мөнгөнцэцэгийн биед баруун ядам хурууны алганы шивнүүрийн цууралт, алганы зөөлөн эдийн няцрал, баруун мөр, зүүн бугалганд гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 19-20/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч О.Н нь 2020 оны  07 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдвартын эмнэлгийн хажууд байх 64 дүгээр байрны подвалд гэр бүоийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамт амьдрагч Ц.Мөнгөнцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж улмаар хүзүүг нь боож, гарыг нь базаж баруун ядам хурууны алганы шивнүүрийн цууралт, алганы зөөлөн эдийн няцрал, баруун мөр, зүүн бугалганд зулгаралт бүхий гэмтэл учруулсан буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Ц.Мөнгөнцэцэгийн: “...2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 15 цаг 30 минутын орчим Халдвартын ойролцоо 64 дүгээр байрны үүдэнд гэрийнхээ түлхүүрээ авах гэж очсон чинь найз залуу болох Н намайг доод подвалд чирч оруулаад намайг 2 удаа багалдуурдаж өргөөд хананд шахаж, миний баруун гарын савхан ясыг цууртал машины хаалганд хавчссан, зүүн гарын булчин базсан, баруун гарны мөрний доод хэсэгт хумсаараа маажсан. Би их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч О.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Ныг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ц.Мөнгөнцэцэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч О.Нт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан ба шүүгдэгчид шүүхээс торгуулын ял оногдуулсан болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О.Ныг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар О.Нт 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Н нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, О.Н хохирол төлбөр төлөөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР