| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1590/Э |
| Дугаар | 1634 |
| Огноо | 2020-09-08 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 1634
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Ц.Гантулгабат,
шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Ц холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 07252 2141 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г.Ц, 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бумбат Зүрх ХХК-д харуулын алба хаагчаад ажилладаг, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо Алтайн 11-р гудамж , 314 тоотод албан ёсны бүртгэлийн хагятай боловч одоо Баянзүрх дүүрэг, 8-р хороо, “Икс Апартмент” хотхоны 74 тоотод оршин суудаг, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй,
Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 345 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 240 цагийн нийтд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 476 дугаартай шүүгчийн захирамжаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 190 цагийг 23 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр уг ялын хугацаа дуусч суллагдсан, / /,
Шүүгдэгч Г.Цогтбаяр нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр архидан согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эцэг А.Гомбодоржтой гар утас булаацалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Г.Цогтбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би гэртээ орой согтуу орж ирээд аав бид хоёр гар утаснаас болоод маргалдаад хоорондоо зодолдсон. Тэгээд орой цагдаа нар ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч А.Гомбодорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Икс Апартмент” А блокны 74 тоотод өөрийн хүү Цогтбаярын хамт хоёулаа байсан. Би болон Цогтбаяр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гар утсаар ярих болоод дундаа нэг гар утастай. Тэрнээсээ болоод утсаа булаацалдаж маргалдсан. Цогбаяр шанаа, толгой орчим гараараа цохисон. Толгой хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-22/,
Яллагдагч Г.Цогтбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэртээ согтуу ороод унтах гээд хэвтэж байсан. Аав Гомбодорж бас согтуу байсан. Аав надаас утас нэхээд бид 2 гар утаснаас болж маргалдаад бид хоёр хоорондоо хэрэлдээд би аавынхаа нүдрүү гараараа нэг удаа хүчтэй цохисон. Согтуудаа анх удаа л ийм юм болсон юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14139 тоот дүгнэлтэд:
1. А.Гомбодоржийн биед хацар, шанаа, зовхи, чихний дэлбэнд улаан хүрэн өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 26/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Г.Цогтбаяр нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр архидан согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эцэг А.Гомбодоржтой гар утас булаацалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч А.Гомбодоржийн: “...2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Икс Апартмент” А блокны 74 тоотод өөрийн хүү Цогтбаярын хамт хоёулаа байсан. Би болон Цогтбаяр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гар утсаар ярих болоод дундаа нэг гар утастай. Тэрнээсээ болоод утсаа булаацалдаж маргалдсан. Цогбаяр шанаа, толгой орчим гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Г.Цогтбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Цогтбаярт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч А.Гомбодорж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Г.Цогтбаярт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Цогтбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Ц-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Ц 550 /таван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Цт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Ц цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР