Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 417

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Жи Энд Эр” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/05818 дугаар шийдвэртэй, “Жи Энд Эр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Ганболдод холбогдох,

 

“Жи Энд Эр” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Алтангэрэл,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ,

Хариуцагч Г.Ганболд,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Намсрайжав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани 1996 онд үүсгэн байгуулагдсан, компанийн хувьцааны 50 хувийг Р.Алтансүх, Р.Алтанцэцэг, Р.Алтангэрэл нар, 50 хувийг нэгдмэл сонирхол бүхий Б.Гантөмөр, Г.Ганбат, Г.Ганболд, Ш.Нямаа нар эзэмшиж байгаа. Компанийн гүйцэтгэх захирлыг 2009 он хүртэл Г.Ганбат, 2009-2010 хүртэл 1 жилийн хугацаанд хувьцаа эзэмшигч Г.Ганболд нар гүйцэтгэж байсан. Г.Ганбат нь ажиллах хугацаандаа өөрийн ажил үүргээ шударгаар гүйцэтгэх, компанид үнэнч байх, гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр компанийн үндсэн хөрөнгийг дур мэдэн бусдад барьцаалах, их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээ хэлцлийг байгуулах зэргээр хууль бус ажиллагаа явуулж, нийт 319 805 252 төгрөгийн хохирол учруулсан.

Ингээд түүний төрсөн ах Г.Ганболд 2010 хүртэлх хугацаанд гүйцэтгэх захирлаар ажиллахдаа гүйцэтгэх удирлагын эрх үүргээ хуульд зааснаар биелүүлээгүй бөгөөд компанийг төлөөлөх эрхгүй болсон үедээ 2013 онд компанийн хохирлыг арилгуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийвэрийн гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар хаалгаж компанийн хууль ёсны ашиг сонирхолд хохиролтой үйл ажиллагаа явуулсан. 2005 оноос хойш ах, дүү хувьцаа эзэмшигчид, нэгдмэл сонирхол бүхий этгээдүүдийн дээрх ажиллагааны улмаас компани болон бусад хувьцаа эзэмшигчдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж, “Жи Энд Эр” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа зогссон. 2011 оны Компанийн тухай хуульд нийцүүлэн дүрмээ шинэчлэн баталж бүртгүүлэх, гүйцэтгэх удирдлагыг томилох зайлшгүй шаардлагаас хамааран хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шаардлагатай байхад Г.Ганболд хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдуулаагүй.

Бусад хувьцаа эзэмшигч нар зарласан хуралд ирдэггүй, хуульд заасан журмын дагуу удаа дараа мэдэгдэхэд Г.Ганболдын нэгдмэл сонирхол бүхий дээрх 50 хувийн хувьцаа эзэмшигчид ирэхгүй, ирсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурлыг орхиж гарах зэргээр хувьцаа эзэмшигчдийн хурал, компанийн үйл ажиллагааг илт үл тоомсорлодог. Тухайлбал, хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдуулахаар зар, мэдэгдэх хуудсыг хувьцаа эзэмшигчдийн гарт нь болон гэр, ажлын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, өдөр тутмын сонинд зар байршуулан хүргүүлсэн боловч ирээгүй, үүнээс хойш хурлыг хойшлуулан 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр, 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр, 2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр, 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, 2016 оны 7 дугаар сарын 2-ны өдөр, 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тус тус нийт 6 удаа хуралдуулахаар зарыг хувьцаа эзэмшигчдэд бүхий л хувилбараар хүргүүлсэн.

Б.Гантөмөр, Г.Ганбат, Г.Ганболд нар хуралд ирэхгүй гэсэн бичиг ирүүлсэн бол хувьцаа эзэмшигч Ш.Нямаа огт холбогддоггүй. Тиймээс Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т заасны дагуу 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөр хойшилсон хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаж, 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 016/01 дугаар тогтоолын хавсралтаар “Жи Энд Эр” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, мөн өдрийн 016/02 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлаар Р.Алтангэрэл намайг томилж шийдвэрлэсэн. Үүний дагуу компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн удирдан зохион байгуулахад шаардагдах компанийн тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг 2010 оноос хойш хадгалж байгаа Г.Ганболд болон нэгдмэл сонирхол бүхий хувьцаа эзэмшигч Г.Ганбат, Б.Гантөмөр, Ш.Нямаа нараас шаардан 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тус тус хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан тогтоолыг хавсарган мэдэгдэл хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй.

Иймд Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т ”Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно”, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, мөн зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасны дагуу “Жи Энд Эр” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг хувьцаа эзэмшигч Г.Ганболдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р.Алтангэрэл нь “Жи энд Эр” ХХК-ийг төлөөлөх эрхтэй, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш. “Жи энд Эр” ХХК нь түүний хувьцааг 50, 50 хувиар эзэмшдэг 2 гэр бүл буюу Раднаа агсан болон хүү Р.Алтангэрэл, Р.Алтансүх, Р.Алтанцэцэг нар, нөгөө талаас Б.Гантөмөр түүний хүү Г.Ганболд, Ганбат, бэр Ш.Нямаа нарын эзэмшлийн компани. 2010 оноос хойш тус компани хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлаар санал нэгдэхгүй, Компаний тухай хуульд нийцүүлэн хурлаа хийж чадахгүй, 1996 оноос хойш компаний дүрмээ шинэчлэн баталж чадахгүй байгаа. Бид компаний 50 хувийг эзэмшигч нөгөө талд хувьцаа эзэмшигчдийн хурлаар шинэчилсэн дүрмийн төсөл, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны шийдвэр болон нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигч бидний удаа дараа тавьж буй саналын дагуу сүүлийн жилүүдийн ногдол ашгийн асуудал, компаний 2010 оноос хойш үйл ажиллагаа нь нийт хувьцааны 50 хувийг эзэмшигч манай гэр бүлийн оролцоогүй явагдаж байгааг харгалзан санхүүгийн сүүлийн 5 жилийн анхан шатны баримт бичигтэй танилцах боломжийг олгох, 5 жилийн тайланг хэлэлцүүлэх санал удаа дараа тавьсан, хүлээн аваагүй учир хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийлгэхээс татгалзсан юм.

Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр нэгдмэл сонирхолтой ах дүү 3 хуралдаж, компаний дүрмийг батлах, гүйцэтгэх захирал томилох зэрэг асуудлыг дангаараа шийдвэрлэж байгаа нь Компаний тухай хуулийг зөрчсөн төдийгүй тэдний хийсэн энэхүү хууль бус хурлаас гарсан шийдвэрүүд улсын бүртгэлд бүртгэгдэн хууль ёсны болох боломжгүй. Тухайн хурлаар баталсан компаний дүрэм, гүйцэтгэх захирлын өөрчлөлт улсын бүртгэлд бүртгэгдэн албажаагүй тул Р.Алтангэрэлийг “Жи Энд Эр” ХХК-ийг төлөөлөх эрхтэй, компанийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй захирал гэж үзэх боломжгүй байна.

Иймд төлөөлөх эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр компаний гэрчилгээ, тамгыг шилжүүлэн өгөх боломжгүй бөгөөд энэ асуудал 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 болон 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана уу. Нэхэмжлэгчийн энэ удаагийн тавьсан нэхэмжлэлийн шаардлагыг компани шүүхээр шийдвэрлүүлэх бус хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх ёстой бөгөөд Р.Алтангэрэл нар 50 хувийн хувьцааг эзэмшигч бидэнд хүндэтгэлтэй хандаж, тэдний зүгээс компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэхээр тавьж буй асуудлыг хүлээн авсан нөхцөлд компаний үйл ажиллагаа гацаанаас гарах боломжгой.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д заасныг баримтлан хариуцагч Г.Ганболдоос “Жи Энд Эр” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэгийг гаргуулан нэхэмжлэгч “Жи Энд Эр” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

“Жи энд Эр” ХХК-ийн хувьцааг 2 гэр бүл 50, 50 хувиар эзэмшдэг бөгөөд 2010 оноос хойш компани хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлаар санал нэгдэж, хурлыг Компанийн тухай хуульд нийцүүлэн хийж чадахгүй, 1996 оноос хойш компанийн дүрмээ шинэчлэн баталж чадахгүй 20 жил болж байна. 2010 оноос хойших үйл ажиллагаа хувьцааны 50 хувийг эзэмшигч, нэгдмэл сонирхолтой этгээдүүд болох манай гэр бүлийнхний оролцоогүйгээр явагдаж ирсэн байдлыг харгалзан 50 хувийг эзэмшигч нөгөө талдаа хувьцаа эзэмшигчдийн хурлаас өмнө компанийн санхүүгийн сүүлийн 5 жилийн анхан шатны баримт бичигтэй танилцах боломж олгох, хурлаар компанийн шинэчилсэн төсөл, ногдол ашгийн асуудал, 2010 оноос хойш хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийгээгүйгээс санхүүгийн 5 жилийн тайлан зэргийг хэлэлцүүлэх санал удаа дараа тавьсан боловч хүлээн аваагүйгээс хурлыг хийлгэхээс татгалзсан.

Гэтэл Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5 дахь хэсэгт заасныг зөрчиж, саналын эрхийн 25 хувийг эзэмшиж байгаа нэгдмэл сонирхолтой ах дүү гурван хувьцаа эзэмшигч компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж, компанийн дүрмийг батлах, гүйцэтгэх захирал томилох асуудлыг дангаараа шийдвэрлэсэн нь нотлогдсон. Энэхүү үйл ажиллагаа илт хууль бус, хууль зөрчсөн болохыг тайлбарласаар байхад шүүх Р.Алтангэрэл нар Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4, “Жи энд Эр” ХХК-ийн 1996 оны дүрмийн 4 дүгээр зүйлийн 2, 3 дахь заалтыг зөрчөөгүй гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Р.Алтангэрэл, Р.Алтансүх, Р.Алтанцэцэг нар 2016 оны 7 дугаар сарын 23-нд хийсэн хувьцаа эзэмшигчдийн хурлаар гүйцэтгэх захирлыг сонгож, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан нь 69 дүгээр зүйлийн 69.5 дахь хэсэгт зааснаар уг асуудлыг саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 3/1 буюу 33.3 хувиас доошгүй хувийн оролцоотой шийдвэрлэх ёстой атал шүүх хууль зөрчөөгүй гэж үзсэн.

“Жи энд Эр” ХХК-ийн 1996 оны дүрмээр тус компанийн хувьцаа эзэмшигч Р.Раднаа агсан компанийн саналын эрхтэй хувьцааны 25 хувийг эзэмшиж байсан бөгөөд түүний хувийг хүү Р.Алтангэрэл өвлөн авсан байх боловч уг өөрчлөлт компанийн шинэчилсэн дүрмээр баталгаажаагүй байгаа тул түүнийг компанийн нийт хувьцааны 30 хувийн эзэмшигч гэж үзэх боломжгүй. Ийнхүү Р.Алтангэрэл илт хууль бус хурлаас сонгогдсон нь нотлох баримтаас тодорхой байхад шүүх уг хурлыг хуульд нийцсэн, тамга, тэмдэг эзэмших эрхтэй хууль ёсны захирал мөн гэж дүгнэн, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д заасныг баримтлан компанийн хувьцаа эзэмшигч Г.Ганолдод хадгалагдаж буй компанийн гэрчилгээ, тамга тэмдгийг түүнд олгохоор шийдвэрлэж, нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, зөв үнэлээгүй, хууль буруу хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Компанийн дүрмийн өөрчлөлт, хувьцаа эзэмшигчдийн тус бүрийн эзэмших хувьцааны хувь, хэмжээ, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болон бусад чухал мэдээллийн өөрчлөлт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар улсын бүртгэлд заавал бүртгэгдэж байж, хууль ёсны болох ёстой бөгөөд шүүх гагцхүү ийнхүү бүртгэгдсэн баримтыг үндэслэн асуудалд хандах ёстой. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Жи Энд Эр” ХХК нь хариуцагч Г.Ганболдод холбогдуулан “Жи Энд Эр” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг хувьцаа эзэмшигч Г.Ганболдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх тамга, тэмдэг, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар өөрчилснийг, хариуцагч эс зөвшөөрч Р.Алтангэрэл нь компанийг төлөөлөх эрхгүй, нэгдмэл сонирхолтой, хувьцаа эзэмшигч ах дүү Р.Алтангэрэл, Р.Алтансүх, Р.Алтанцэцэг нарын 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хурал нь компанийн тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Жи Энд Эр” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Р.Алтангэрэл, Р.Алтансүх, Р.Алтанцэцэг нар 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг товлож, бусад хувьцаа эзэмшигч Г.Ганболд, Г.Ганбат, Б.Гантөмөр нарт товыг мэдэгдсэн, хуралд оролцох боломжгүй гэснийг үндэслэн 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хуралдахаар хойшлуулсан байна. /хх 83, 82, 81, 80/

 

Энэ талаар нэр бүхий хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэж, дахин оролцох боломжгүй талаар хариу ирүүлснээр саналын эрхтэй хувьцаа эзэмшигч Р.Алтангэрэл, Р.Алтансүх, Р.Алтанцэцэг нар хуралдаж, компанийн дүрмийг шинэчлэн баталж, гүйцэтгэх захирлаар Р.Алтангэрэлийг томилсон нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, дээрх үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

/хх 76, 15, 16-21, 22/

 

Харин хуралд оролцоогүй хувьцаа эзэмшигч Г.Ганболд, Г.Ганбат, Б.Гантөмөр нар Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 016/01 тоот тогтоолд гомдол гаргасан талаар хэрэгт баримт авагдаагүй тул тухайн хурлаас гаргасан шийдвэрийг шүүх хүчингүй, хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Хариуцагч Г.Ганболд нь “Жи Энд Эр” ХХК-ийн тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ өөрт хадгалагдаж байгаа талаар шүүх хуралдааны явцад мэдүүлсэн, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь нотлох баримт болох учиртай бөгөөд Г.Ганболд тус компанийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулах бүрэн эрхтэй гүйцэтгэх захирал биш болсон байх тул тэрээр өөрийн эзэмшилд байгаа “Жи Энд Эр” ХХК-ийн тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг тус компанийн гүйцэтгэх захирал Р.Алтангэрэлд өгөхөөс татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт нийцээгүй тул нэхэмжлэгч компанийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрх үүссэн гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д зааснаар иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох иргэний эрх зүйн хамгаалалтын аргатай холбон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд зөвтгөн залруулах боломжтой бөгөөд бусдын хууль бус эзэмшлээс тодорхой биет байдлаараа байгаа компанийн эд зүйлийг бодитоор гаргуулахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцнэ.

 

Иймд хариуцагч Г.Ганболдын 2010 оноос хойш компанийн үйл ажиллагаа нийт хувьцааны 50 хувийг эзэмшигч сониролтой этгээдүүдийн оролцоогүй явагдаж байсан,  сүүлийн 5 жилийн санхүүгийн баримттай танилцуулах боломж олгоогүй учир хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоогүйг шүүх зөв дүгнээгүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол хангагдах үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, хариуцагч Г.Ганболдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/05818 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                Т.ТУЯА