Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 165

 

Д.Ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор С.Мөнхгэрэл,

            Шүүгдэгч Д.И,

            Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 87 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 7 дугаартай эсэргүүцлээр Д.Ид холбогдох эрүүгийн 1709023890353 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.Д.И нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 25 дугаар тусгай дунд сургуулийн байранд насанд хүрээгүй хохирогч Ц.Гийн толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Игийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Ид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэв. Үүнд: Д.Ид холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Д.И нь өөрийн сурагч, бага насны 11 настай Ц.Гийн толгойн хэсэгт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд бага насны хохирогч Ц.Гийг мөрдөн байцаалтын явцад өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Түүнчлэн, бага насны хохирогч Ц.Г нь тусгай боловсролын 25 дугаар сургуульд суралцдаг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан "хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй" гэсэн заалтыг зөрчсөн байна. Учир нь, бага насны хохирогч Ц.Гийг мэргэжлийн эмчийн дүгнэлтээр хөгжлийн бэрхшээлтэй эсэх, сэтгэцийн өвчтэй эсэхийг нарийвчлан тогтоолгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ. Мөн Д.Игийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол" гэж хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад "хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж" гэж заажээ. Гэтэл прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь Д.Игийн үйлдсэн хэргийн шинж чанар, зүйлчлэл тохирохгүй байх тул Д.Ид холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгчтэй мэдүүлэг авах нь зүйтэй гэжээ.

Прокурор С.Мөнхгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хэргийн зүйлчлэлийн тухай заалт нь үндэслэлтэй байна. Харин насанд хүрээгүй хохирогч Ц.Гөөс мэдүүлэг авахдаа хууль ёсны төлөөлөгч Ц.Цолмонг байцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчөөгүй бөгөөд тус хуулийн 25.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл байвал өмгөөлөгчийг оролцуулахаар хуульчилсан байна. Мөн шүүхээс бага насны хохирогч Ц.Г нь тусгай боловсролын 25 дугаар сургуульд суралцдаг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан "...хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн байх боловч тухайн зүйл, хэсэгт заасан заалт нь зөвхөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хамаарах заалт байна. Иймд насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулах гэсэн заалтыг хангах үндэслэлгүй байх тул уг заалтыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор эсэргүүцэл бичсэн. ...” гэв.   

Шүүгдэгч Д.И тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Д.Ид холбогдох хэргийг прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 7 дугаартай эсэргүүцлээр хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Ид холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй нөхцөл байдал байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгчийн захирамжид “...бага насны хохирогч Ц.Г нь тусгай боловсролын 25 дугаар сургуульд суралцдаг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан "хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй" гэсэн заалтыг зөрчсөн байна. ...” гэсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд “Дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж зааснаас үзэхэд дээрх хуулийн заалт нь зөвхөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хамаарал бүхий заалт байх тул насанд хүрээгүй хохирогчийг дээрх үндэслэлээр хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өвчтэй эсэхийг тогтоож, түүнээс мэдүүлэг авахдаа заавал өмгөөлөгч оролцуулах шаардлагагүй байна.

Хавтаст хэргийн 10 дугаар хуудаст, насанд хүрээгүй хохирогч Ц.Гөөс мэдүүлэг авахдаа түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Цолмонг оролцуулж, өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчөөгүй бөгөөд уг зохицуулалт нь ... хууль ёсны төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч оролцуулснаар насанд хүрээгүй хүний эрх ашиг зөрчигдөхөөр байвал өмгөөлөгч оролцуулах тухай заажээ.

Иймээс, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн зохицуулалт нь насанд хүрээгүй хохирогчийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалт гэж үзнэ.

Прокурор нь хэргийг прокурорт буцаасан захирамжийн “...шүүхээс бага насны хохирогч Ц.Г нь тусгай боловсролын 25 дугаар сургуульд суралцдаг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан "...хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн үндэслэлд эсэргүүцэл бичсэн бөгөөд тухайн зүйл, хэсэгт заасан заалт нь зөвхөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хамаарах заалт байна. ...” гэх эсэргүүцлийн үндэслэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.

Иймд, прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 7 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь яллах дүгнэлт үйлдэхээс өмнө хийгдэх ажиллагаа болохыг анхаарвал зохино.