Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 1050

 

 

 

 

 

 

 

2020            09         28                                    2020/ШЦТ/1050

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

Нарийн бичгийн дарга Г.Н,    

Улсын яллагч Б.Э,   

Шүүгдэгч Ж.С түүний өмгөөлөгч Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.С-т холбогдох 2008 00000 1269 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт :   

Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд айлын мал малладаг ажилтай гэх, ам бүл-2, эхнэрийн хамт Төв аймгийн Борнуур 1 дүгээр баг, Өгөөмөр, фэрм 1 дүгээр гудамж 16 тоот хаягт албан ёсны оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт Цагаан чулуут гэх газар түр амьдардаг, 1995 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан. Б овогт Ж-гийн С РД:..................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:  

Шүүгдэгч Ж.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар гудамж буюу Нарийн хөшиг гэх газарт иргэн Б.Ж-ныг “машинаас буусангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь хөлөөрөө 1 удаа өшиглөж, зодон, түүний эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун, зүүн нүдний салст, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :   

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч Ж.С 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр   Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Нарийн хөшиг” гэх газарт иргэн Б.Ж-ны г “машинаас буусангүй” гэх шалтгааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :    

- хохирогч Б.Ж-ны : “....2020 оны 08 дугаар сарын 09-ний өглөө ойр орчмын хүмүүстэй 2 шил архи уусан, нилээн согтсон байсан ба гэрлүүгээ харих гээд алхаж байснаа санаж байна. Нэг мэдэхэд танил Батбаярын гэрт сэргэсэн ба манай хорооны хэсгийн ахлагч болон цагдаа нар ирчихсэн бөөн асуудал болчихсон байсан. Миний нүүр битүү хавдчихсан, холбогдогч гэх Сандуйжав хамт зогсож байсан. Намайг зодуулж байхыг харсан Үүрцайх хэлэхдээ “таныг машинтай нэг залуу чирч буулгаад хөлөөрөө нүүр рүү чинь нэг удаа өшиглөсөн, тэгээд хаяад машинтайгаа зугтаагаад явчихсан, та тэр дороо хэвтээд байсан” гэж хэлсэн. Мөн хэсгийн ахлагч Гантөр мэдээд намайг цохисон залууг араас нь хөөгөөд барьж авсан гэж хэлсэн...Тухайн үед хоёр нүд хавдчихсан хөхөрсөн байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-7/,        

- шинжээчийн дүгнэлт:..Ж-ны  биед тархи доргилт, баруун, зүүн нүдний салст, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-9-10/,  

- гэрч Ц.Ү-ын:...2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр...фермерийн 8 дугаар гудамжны хашаанд үхэр сааж байтал гудамжинд саарал машин зогсчихсон нэг залуу машинаасаа нэг эрэгтэй хүнийг түлхэж буулгаад, гарч ирээд татаад нэг удаа нүүр лүү нь өшиглөчихөөд хаяад зугатаасан...Өшиглүүлсэн хүн нь манай хэсэгт амьдардаг Жагаа ах /Ж сайхан/ байсан, нүүр нь битүү хавдчихсан ирсэн ба хэсгийн ахлагчийн гэрт очоод тухайн хүмүүсийг зааж өгч араас нь хөөж барьсан...Жагаа ахыг өшиглөсөн хүн жолооч нь буюу Сандуйжав гэх хүн байсан...гэх мэдүүлэг /хх-58/,  

- гэрч Д.Г-ийн...Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 6 дугаар хэсэг нарийн гэх газарт хэсгийн ахлагч ажилтай. 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байж байхад 20 цагын орчим ойролцоо амьдардаг манай хэсгийн иргэн  Үүрцайх гэх хүн “Ж  ахыг саарал машинтай 2 хүний нэг нь зодчихоод зугтаачлаа” гэж хэлээд зогсож байтал удалгүй араас нь Жагаа буюу Ж сайхан ах согтуу нүүр ам нь хавдсан цус нөж болчихсон ороод ирэхээр нь би машинаа асаагаад Үүрцайхтай хамт заалгаад хойд ам руу өгстөл жижиг суудлын саарал машинтай хоёулаа согтуу хүмүүс байсан. Үүрцайх энэ хүн цохисон гээд жолоочийн суудал дээр сууж байсан Сандуйжав гэх хүнийг заасан гэх мэдүүлэг /хх-62-63/,

- шүүгдэгч Ж.С-ын:...Би 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр группээ авах гээд Төв аймгийн Борнуур суманд очсон ба Б-тай 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр архи уусан, Б-гийн хамаатны залуугийн машинтай Ж-ыг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Нарийн гэх газарт хүргэж өгөхөөр ирсэн. Ж , Батаа бид гурав Батаагийн нутгийн гэх айлд ороод 0.5 литрийн архи хуваагаад уусан. Тэр айлаас өдрийн 15 цагийн орчим гараад намайг зам дээрээс суулгаж өгөхөөр гарсан...Хот руу явах унаа байгаа гэхээр нь би Партизанд дайгдахаар зогсож байтал гудамжнаас хоёр согтуу хүн гарч ирсэн. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй, ямар ч байсан нэг залуу бидний сууж явсан машинд суучихаад буухгүй байсан. Би тэр хохирогчийг татаж буулгаад нүүр лүү нэг удаа өшиглөсөнөө санаж байна гэх мэдүүлэг /хх-53/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч, шинжээч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт  гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.       

Иймд шүүгдэгч Ж.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 139.500 төгрөг нэхэмжилсэн, тус хохирлоо авч эвлэрсэн, гомдол саналгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул / хх-7, 31, 44, 67/ шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :  

Шүүгдэгч Ж.С урьд нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссан баримтууд байх тул /х-42/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.    

Шүүгдэгч нь гэмт хэргийн хэргийн улмаас хохирогчид учирсан нотлох баримт бүхий хохирлыг төлсөн байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан  нөхцөл байдал тогтоогджээ.     

Шүүгдэгч нь 49 настай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, гэр бүлийн хэрэгцээний газартай гэх нотлох баримт тус хэрэгт цугларсан /хх-19, 35, 38-39/, харин Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд айлын мал малладаг, мөн сонсголын улмаас группт орсон гэх боловч энэ талаарх нотлох баримтгүй буюу тухайн асуудлын хүрээнд мөрдөн байцаалтын шатанд хийвэл зохих зарим ажиллагааг хийгээгүй байгааг анхааруулан тэмдэглэв.           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч нь прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн /хх-70-71/ зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийвдэрлэв.      

 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь :    

 

1. Шүүгдэгч Ж.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.             

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-ыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР