Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1638

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч М.Ариунжаргал,

шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Ст холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2106 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Г.С, 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21-р хороо, Ганцын задгай тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадваргүй, урьд 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, / /,

Шүүгдэгч Г.С нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын задгай тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Б.Баттуяагийн эрх чөлөөнд халдаж тархи доргилт, сээр нурууны хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Хохирогч Б.Баттуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай нөхөр С нь өчигдөр манай ээж, аав 2-той хэрэлдэж хөөгөөд явуулсан. Тэгээд өглөө босоод байж байтал манай ээж над руу залгатал нөхөр танай архичин ээж яах гэж залгаад байгаа юм гээд байсан. Тэгээд бид 2 маргалдаж байгаад манай нөхөр намайг гэрээс хөөгөөд миний хувцасыг угаалгын машинд хийгээд энийгээ аваад зайлаарай, чамаас сална гээд том 2 хүүхдээ аваад явна гэхээр нь би 2 хүүхдээ өгч явуулахгүй гээд 2 хүүхдээ орон дээр дараад хэвтсэн чинь миний нуруун тус газар гараа атгаж байгаад цохичихоод том хүүгээ аваад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

Яллагдагч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би сонсогож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед баруун гараараа Баттуяагийн нуруу руу нь 3 удаа цохисон. Өөр ямар нэгэн цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8888 тоот дүгнэлтэд: 

1. Б.Баттуяагийн биед тархины доргилт, сээр нурууны хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулснаас үүссэн эсэхийг шинжээч эмч тогтоохгүй.

3.5.6. дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

7. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

8.9. Цаашид ерөнхий хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.” Гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.С нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын задгай тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Б.Баттуяагийн эрх чөлөөнд халдаж тархи доргилт, сээр нурууны хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Б.Баттуяагийн: “...манай нөхөр С нь өчигдөр манай ээж, аав 2-той хэрэлдэж хөөгөөд явуулсан. Тэгээд өглөө босоод байж байтал манай ээж над руу залгатал нөхөр танай архичин ээж яах гэж залгаад байгаа юм гээд байсан. Тэгээд бид 2 маргалдаж байгаад манай нөхөр намайг гэрээс хөөгөөд миний хувцасыг угаалгын машинд хийгээд энийгээ аваад зайлаарай, чамаас сална гээд том 2 хүүхдээ аваад явна гэхээр нь би 2 хүүхдээ өгч явуулахгүй гээд 2 хүүхдээ орон дээр дараад хэвтсэн чинь миний нуруун тус газар гараа атгаж байгаад цохичихоод том хүүгээ аваад явчихсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Ст гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Баттуяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Г.Ст хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 450.000 торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Сыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Г.Ст 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.С нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР