| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1565/Э |
| Дугаар | 1632 |
| Огноо | 2020-09-08 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 1632
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Б.Ганзориг,
шүүгдэгч О.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Жалайр О.Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01538 2000 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн О.Ц, 1958 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Нийслулийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 27 байр, 22 тоотод оршин суух, урьд нь 2004 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хариуцах албан тушаал эрхэлхийг 2 жил хасч, 3 жил 6 сар хорих ялаар шийтгэж, тус ялыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, / /,
Шүүгдэгч О.Ц нь 2017 оны 09 дүгээр сард Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 1-31 тоотод хохирогч О.Нацагдоржийг “Монгол улсын гавъяат багш цолоор шагнуулах материал хүргүүлж, хөөцөлдөж бүтээж өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар түүнээс 3.000.000 төгрөгийг биет байдлаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч О.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Нацагдоржоос 3.000.00 төгрөг зээлж авсан. Нацагдорж бид хоёр олон жил бие биеэ таньдаг. Би Нацагдоржийг “гавьяат багш болооч ээ чиний хийсэн гавьяа чинь гавьяат багш болно. Тийм учраас найз нь хөөцөлдье” гэсэн санал тавьсан. Тэгээд би материалыг нь бүрдүүлээд Дүрслэх урлагийн зураг шугам зургийн багш нарын нэгдсэн холбоо гэдэг холбооноос тодорхойлж байсан. Уг тодорхойлолт нь 2014 онд хийгдсэн тодорхойлолт байсан. Ерөнхийлөгчийн тамгын газар би 2017 оны 10 дугаар сард хүргэж өгсөн. 2018 оны 01 дүгээр сард Ерөнхийлөгчийн тамгын газрын тамгын хэлтэст миний хүргэж өгсөн баримт бүртгэгдсэн нь одоо хүртэл байгаа. Гавьяат багш болох юм бол чамаас 3.000.000 төгрөг авахгүй гэж Нацагдорж надад хэлсэн. Одоо хүртэл бүтээгүй асуудал байгаа. Нацагдоржоос авсан 3.000.000 төгрөгийг буцааж төлөөд гомдол, саналгүй гэсэн бичиг баримтыг шүүгчийн туслахад хүлээлгэж өгсөн” гэв.
Хохирогч О.Нацагдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 онд “Хүүхдийн урлан бүтээх төвд” О.Ц бид хоёр хамт ажиллаж байх үед О.Ц нь надад “3.000.000 төгрөгийн хэрэгтэй байна. Чи надад 3.000.000 төгрөг өгөөч, би “гавьяат багш цолоор шагнуулах асуудлыг хөөцөлдөж, зохицуулж өгнө” ерөнхийлөгч Х.Баттулгатай хамт ажиллаж байсан учир болох байх гэж хэлсэн..., би зураач, дүрслэх урлалын багш, 1980 оноос хойш мэргэжлээрээ ажиллаж байгаа..., 2014 онд Дундговь аймгаас “Гавьяат багш”-д материал хүргүүлсэн боловч бүтээгүй..., би хүүхэд Н.Болороос 3.000.000 төгрөг авч... Цоодлыг гэрт ирэхэд өгсөн... Ц миний материал хасагдсан гэж хэлсэн... О.Ц нь 2018 оны 07 дугаар сард “тодорхойлолт ерөнхийлөгчийн тамгын газарт очсон байгаа, одоо хувцас, дээлээ бэлд гэж хэлсэн... тэгээд судлаад үзэхэд миний тодорхойлолт ерөнхйилөгчийн тамгн газарт очоогүй байсан...”гэх мэдүүлэг/ХХ-ийн 20-25/
Гэрч Н.Болорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би 2017 оны 09 дүгээр сард ирэхэд аав О. Нацагдорж надад “Монгол Улсын гавьяат багш”-д материал явсан гэж хэлсэн..., Н. Ц гэх хүн туслаж байгаа..., тэгээд тэр хүнд 3.000.000 төгрөг өгөх хэрэгтэй байна. Надад түр төгрөг өгөөч гэж хэлсэн...” Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 1-31 тоотод аавд 3.000.000 төгрөг өгсөн..., аав маань 3.000.000 төгрөгийг Ц гэх хүнд өгсөн гэж байсан... Н. Ц гэх хүнтэй уулзахад 50 хүний материалаас 33 хүний материал ерөнхийлөгч рүү хүргэгдсэн, 3 хүний материал хасагдсан. Тэр 3 хүний материалд хасагдсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
Яллагдагч О.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... О.Нацагдоржийн хамт ажиллаж байх хугацаандаа “чи гавьяат багш болох шаардлага хангасан..., гавьяат багш болох уу гэсэн санал гаргасан..., О. Нацагдорж материал бүрдүүлж аваад надад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 55/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 57/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч О.Ц нь 2017 оны 09 дүгээр сард Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 1-31 тоотод хохирогч О.Нацагдоржийг “Монгол Улсын гавъяат багш цолоор шагнуулах материал хүргүүлж, хөөцөлдөж бүтээж өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар түүнээс 3.000.000 төгрөгийг биет байдлаар шилжүүлэн авч залилсан болох нь
Хохирогч О. Нацагдоржийн: “...2017 онд “Хүүхдийн урлан бүтээх төвд” О.Ц бид хоёр хамт ажиллаж байх үед О. Ц нь надад “3.000.000 төгрөгийн хэрэгтэй байна. Чи надад 3.000.000 төгрөг өгөөч, би “гавьяат багш цолоор шагнуулах асуудлыг хөөцөлдөж, зохицуулж өгнө”, ерөнхийлөгч Х.Баттулгатай хамт ажиллаж байсан учир болох байх гэж хэлсэн... би зураач, дүрслэх урлалын багш, 1980 оноос хойш мэргэжлээрээ ажиллаж байгаа..., 2014 онд Дундговь аймгаас “Гавьяат багш”-д материал хүргүүлсэн боловч бүтээгүй..., би хүүхэд Н. Болороос 3.000.000 төгрөг авч... Цоодлыг гэрт ирэхэд өгсөн..., Ц миний материал хасагдсан гэж хэлсэн... О. Ц нь 2018 оны 07 дугаар сард “тодорхойлолт ерөнхийлөгчийн тамгын газарт очсон байгаа, одоо хувцас, дээлээ бэлд гэж хэлсэн... тэгээд судлаад үзэхэд миний тодорхойлолт ерөнхйилөгчийн тамгын газарт очоогүй байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч О.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч О.Цыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч О.Нацагдорж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч О.Цд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч О.Цд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж, Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О.Цыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар О.Цыг 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Ц нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР