Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 235

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогч Г.Б,                       

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Г.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018002110191 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн 1980 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г.Г,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Б 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зодсон, 2020 оны 02 дугаар сарын 27, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Майхант .......... тоотод зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, байнга буюу 3 удаа зодсон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ         

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Г.Г нь эхнэр Г.Б 2020 оны 02 дугаар сарын 27 өдөр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зодож, зүүн хонго, баруун мөр, духны баруун тал, далны доод хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Г.Б “....Манай нөхөр говьд том тэрэг барьж байгаад осолд орсноос хойш ажил хийж чадахгүй гэртээ 1 жил бид хоёр хамт байгаа. Говьд ажилладаг байхдаа жилдээ 3-4 удаа ирдэг, би хүүхдүүдээ хараад гэртээ байдаг байсан. 2019 оны 05 дугаар сард осолд орж, хагалгаанд орон тархиндаа 4 бэхэлгээ төмөр хийлгэж, групп тогтоолгосон, ...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр архи уусан үедээ гарт нь таарсан ус буцалгагчаар намайг цохисон. Ер нь гарт нь юм таарах юм бол тэрүүгээрээ цохидог. 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэртээ нөхрийн цуг ажилладаг байсан дүү нь орж ирээд, бид гурав архи уугаад, Г.Г нэлээн согтсон байсан, нөхөр янз бүрийн юм яриад байхаар нь би ганжингаар цохисон чинь миний барьж байсан элдүүрийг булааж аваад, миний толгой руу цохисон. 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр нөхөр согтуу орж ирсэн, тухайн үед 15:00-16:00 цаг хүртэл би хүүхэдтэйгээ хамт байсан. Би гэрт байсан хамаг хутга, заазуураа нуудаг болсон. Манай том хүүхдийг чи миний хүүхэд биш гээд хөөгөөд явуулсан. Би 2 бага хүүхэдтэйгээ байхад 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дахин согтуу орж ирээд, намайг зодож 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зодуулж хөдөлсөн байсан толгой дахин хөдөлсөн” гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Г “...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 22:36 цагт манай ээж над руу утасдаад дүү чинь гэртээ агсам согтуу тавиад байна гээд эхнэр нь над руу ярьлаа, чи очих уу, би очих уу гэхээр нь би очино, ээж та очоод яахав дээ гээд би нөхрийнхөө хамтаар дүү Г гэр рүү яваад очиход том өрөөнийх нь буйдангийн дэргэд шалан дээр манай дүү дээшээ хараад хэвтчихсэн байдалтай байсан. ...Г асуухад хуцаад бай гээд ирснийг ч мэдээгүй бололтой согтуу орон дээрээ суусан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

 

Гэрч Ц.Г “...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр манай эхнэр Д намайг сэрээгээд нөгөө хүргэн Г чинь гэртээ согтуу ирээд агсам согтуу тавиад охиныг минь зодоод байна гэнэ явъя гэхээр нь би эхнэрийнхээ хамтаар охин Г.Б гэрт буюу Дархан сумын 7 дугаар баг, ........ тоотод 21:00 цаг өнгөрт байхад очсон. ...Түүнээс юу болсон талаар асуухад Г.Г миний толгой дээр алхаар цохих гэхэд нь унаж цохигдсон. Мөн толгой руу цохиж зодсон гэж ярьж байсан. 2020 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 00 цагийн үед утасдаад Г.Г согтуу ирчхээд том охиныг маань хөөгөөд байна. Та ирээд хүүхдүүдийг авчхаач гэж ярьсан. ...Г.Г таныг хүүхдүүд аваад явсны дараа хөшигний тогтоогч төмрөөр зодсон гэж үзүүлсэн. Тухайн үед охины маань баруун мөр орчим, зүүн мөр орчим хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

 

Гэрч Д.Д “....Г.Г согтуу ирчихээд агсам согтуу тавиад гал тогооны өрөөнд байсан модон иштэй алхыг аваад намайг цохих гээд хэд хэдэн удаа далайсан. Харин аз болж тухай алхных нь төмөр ишнээсээ сугарч толгой дээр унасан. Хэрэв тэгээгүй бол миний толгойг алхаар цохих байсан байхаа гэж хэлж байсан. 2020 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө манай охин над руу утасдаад аавыг гэр рүү явуулчих уу Г согтуу ирчихээд том охин М маань ад үзээд хөөж туугаад байна гэхээр нь би нөхрийгөө явуулахад удалгүй М дагуулаад ирсэн. Ингээд маргааш өглөө нь буюу 2020 оны 02 дугаар сарын 28-ны өглөө охиныхоо гэрт яваад очиход хүргэн Г унтаж байсан. Харин охин маань сэрчихсэн байсан бөгөөд дух нь хавдчихсан байдалтай байхаар нь юу болсон юм бэ гэхэд урд шөнө аав М аваад явсны дараа Г намайг хөшигны тогтоогч урт төмрөөр зүүн хонго орчим руу, мөн баруун дал орчим руу цохиж зодоод хөхрүүлчихсэн гээд үзүүлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

 

Насанд хүрээгүй гэрч О.М “...манай аав ээжийг маань юмаар цохиод авах шиг чимээ сонсогдохоор нь яваад очиход нуруу, зүүн дал орчим руу нь ус буцалгагчаар цохиж байсан. ...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22:00 цагийн үед манай аав согтуу гэртээ ирээд ээжтэй маргалдаад байсан бөгөөд гурилын элдүүр мод барьчхаад нуруу руу цохиод авахаар нь болиочээ гээд дундуур нь ороход намайг аав гэрээс хөөж туугаад байхаар нь би хоёр дүүгээ хувцаслаад өвөө Г утсаар дуудаж гэрт нь хоносон. Харин ээж аав хоёр гэртээ үлдсэн юм. Тэгсэн маргааш нь эмээ, өвөө хоёр маань гэрт маань оччихоод буцаж ирэхдээ гэрийн чинь хөшигний тогтоогч төмөр зэргийг буулгаад гэр орноо сүйтгэсэн байна. Мөн ээжийг чинь зодсон байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 235 дугаартай “...Г.Б биед тархи доргилт, зүүн хонго, баруун мөр, духны баруун тал, баруун далны доод хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46/,

 

Шинжээч эмч Д.Туяагийн “...Би Г.Б биед гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлт гаргахын тул өөрийн биеэр үзэж дүгнэлт гаргасан. Г.Б биед үзлэг хийхэд 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр болон 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нөхөртөө зодуулсан талаар тайлбарлаж байсан. Тэрээр 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Саран элит” эмнэлгийн толгойн компьютер томографикийн зураг авахуулсан байсан бөгөөд тухайн зурагт тархи доргилтын гэмтэлтэй байсан. Уг тархи доргилтын гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд буюу зүүн хонго, баруун мөр, духны баруун тал, далны доод хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтлүүд нь биеийн янз бүрийн хэсэгт цус хурсан талбайн хэмжээ том учир мөн дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 49/,

 

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-23/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Харин 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр зодсон гэх үйлдлийн талаар гэрч Ц.О “...2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр над руу Б нөхөртөө зодуулсан гэж утсаар ярьсан бөгөөд над руу фэйсбүүк чатаар тухайн үед зодуулсныхаа дараа авахуулсан гэх фото зургаа явуулж байсан. Энэ зураг нь одоо миний фэйсбүүк чатанд байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 31/, гэрч Д.Д “...урьд өмнө 1 жилийн өмнө Г гэртээ согтуу ирээд ус буцалгагчаар намайг зодож цохисон гэж хэлж байсан бөгөөд тухайн үеийн зургийг үзүүлж байсан. Тэр зураг дээр одоо яг аль гэдгийг мэдэхгүй нь тодорхой санахгүй байна байна. Баруун билүү зүүн дал орчим нь ус буцалгагчаар цохиж хөхрүүлж цус хуралт үүсгэсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/ хэрэгт авагдсан байна.

 

Тухайн үйлдлийн улмаас гэмтлийн зэрэгт хамаарах гэмтэл учирсан эсэх нь тодорхойгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэдэгт тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа зодсон үйлдлийг ойлгох ба үйлдлүүдийн хооронд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байхыг шаардана.

 

Хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж хуульчилсан ба шүүгдэгч Г.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Майхант 3 дугаар гудамжны 37 тоотод эхнэр Г.Б зодсон болох нь тогтоогдож байх боловч уг үйлдлээс хойш гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар уг үйлдэл холбогдол хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Ийнхүү шийдвэрлэснээр 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн “байнга” гэх шинж үгүйсгэгдэх тул мөн уг хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Г.Гантөгс, хохирогч Г.Б нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь хэрэгт авагдсан Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68/-аар тогтоогдож байх ба шүүгдэгч Г.Г нь хохирогчийг алх, хөшиг тогтоогчийн төмөр, ус буцалгагч зэргээр зодож буй үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

 

Иймд Г.Г 2020 оны 02 дугаар сарын 27, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Г.Б нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Г.Г гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хөдөлмөрийн чадвар алдсан, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй 1 ширхэг алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснааар шүүгдэгч Г.Г 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, ......... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Б зодсон гэх үйлдэл, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Г.Г Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Б овогт Г.Г-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт Г.Г-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр олсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй 1 ширхэг алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД