Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2021/0807/З |
Дугаар | 221/МА2022/0289 |
Огноо | 2022-04-28 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2022/0289
“Т-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “Т-А” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖС-ын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын Т-А ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 111 дүгээр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
Хэргийн индекс: 128/2021/0807/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т-А” ХХК-аас БОАЖС-д холбогдуулан “БОАЖС-ын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын Т-А ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 111 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан Т-А ХХК-аас БОАЖС-д холбогдуулан гаргасан БОАЖС-ын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын Т-А ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Шүүхээс “ ... төрийн хяналт хамгаалалтад байх тусгай хамгаалалттай газрыг ашиглах эрх үүссэн бол тухайн газар ашиглагч газрыг зориулалтаар нь ашиглахаас гадна тогтоосон журмын дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлсөн тохиолдолд нэхэмжлэгч “Т-А” ХХК-ийн газар ашиглах хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хамгаалагдахаар байтал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар хариуцагчаас хуульд заасан үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан газар ашиглах эрхийг нь цуцалсныг буруутгах үндэслэлгүй ...” гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
3.2. “Т-А” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд “хуучин нэрээр”-ын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/227 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын зайсангийн аманд байрлах хязгаарлалтын бүсэд 1 га газрыг ашиглах эрхтэй болж, хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, газраа зориулалтын дагуу ашигласаар ирсэн.
3.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа зохицуулсан ба 30.2-т “Судалгаа, шинжилгээ хийх зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих” гэж заасны дагуу тухай ашиглах эрхтэй газар дээрээ эргэлтийн цэгийг баталгаажуулах болон хашаа барих талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас зөвшөөрөл авахаар 2016 онд хөөцөлдөж зөвшөөрөл авч хашаа барьж, газраа зориулалтын дагуу ашиглах зорилгоор холбогдох төрийн байгууллагуудаас зөвшөөрөл авах, бэлтгэл үе шатны ажлууд буюу байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэх, барилгын зураг төсөл боловсруулах ажлыг зураг төслийн компаниар хийлгэх, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл, Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах ажлуудыг хийх ажиллаж байсан.
3.4. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Оюут “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхгүй” гэж тэмдэглэл үйлдэн манай компаниас 13 төрлийн баримт бичгийг хураан авсны дотор манай компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь авсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас манай компанийн баримт бичгүүдийг хураан авч, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсны дараагаар хариуцагч БОАЖС-ын2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 21-д Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан үндэслэлээр манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
3.5. Гэтэл анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасан 2 үндэслэлээр манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчиж байна.
3.6. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан байдаг.
3.7. “Т-А” ХХК нь газар ашиглах эрхээ авснаас хойш 2019 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглах зорилгоор холбогдох төрийн байгууллагуудаас зөвшөөрөл авах, бэлтгэл үе шатны ажлууд буюу байгапь орчны менежментийн төлөвлөгөө батлуулах, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэх гэх мэт ажлуудыг хийж ирсэн. Мөн дэлхий нийтээр тархсан коронавирус (ковид- 19) цар тахлын улмаас газраа зориулалтын дагуу ашиглахад хүндрэл бэрхшээлтэй байсан, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас газраа зориулалтын дагуу ашиглах боломжийг олгоогүй гэх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар хариуцагч нь судлан үзэлгүйгээр шууд газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 27.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан.
3.8. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 -т “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын байгууллага, хамгаалалтын захиргаа, бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина” гэж заасан гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11 3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн Газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгааг үндэслэн БОАЖС-ын2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь дээрх хууль тогтоомжид нийцээгүй байна.
3.9. БОАЖС-ын2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 21-д Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Түүнчлэн хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар сонсох ажиллагааг хийгээгүй талаар шүүхээс зөв дүгнэсэн мөртлөө дээрх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль хэрэглэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
3.10. Хариуцагч сонсох ажиллагааны мэдэгдэл болон маргаан бүхий актыг Цар тахалын улмаас тэг зогсолтын үед гаргасан байдаг. Эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй этгээдийг арай дэндүү даажигнаж, тохуурхсан үйлдэл гэж үзэхээс өөр тайлбар алга байна. Бидний зүгээс Богд хаан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хамгаалах улсын байцаагч А.Оюут болон Богд хаан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас манай компанийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.2 дахь заалт буюу гадаадын харьяалалтай хүн, гадаадын аж ахуй нэгж газар ашигласан гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгоно хэмээн бичиг баримт хураан авч үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон атлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “зорилгодоо нийисэн, бодит нөхиөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмыг ноцтой зөрчсөн шийдвэр болсон гэж маргасан.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 111 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч маргаан бүхий актад хамааралгүй, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, энэ талаарх холбогдох хуулийн зүйл, заалтыг шийдвэрт баримталсан нь буруу байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. БОАЖС-ын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч “Т-А” ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн цуцалж хүчингүй болгож байгаа талаар актад заасан байна.
2.1. Ийнхүү хариуцагчаас гаргасан маргаан бүхий актад нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэж заасан байх тул шүүх зөвхөн энэ хүрээнд маргаан бүхий актын нэхэмжлэгчид холбогдох хэсэг үндэслэлтэй эсэх, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх учиртай.
2.2. Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий актад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлд заагаагүй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгтэй холбогдуулан уг асуудлаар дүгнэлт хийж, шийдвэрт тус хуулийн зохицуулалтыг баримталсан нь буруу байна.
2.3. Харин анхан шатны шүүх маргаан бүхий актаар нэхэмжлэгч “Т-А” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэж үзэж, газар ашиглах эрхийг нь цуцалсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй тухайд хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
2.4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс ашиглах эрх бүхий газраа 2 жил дараалан ашиглаж байсныг нотлох холбогдох баримт нотолгоог гаргаж мэтгэлцээгүй, энэ талаарх нотлох баримтын эх сурвалжийг зааж мэтгэлцээгүй байх тул шүүхийн шийдвэрийн уг зөрчилд хамаарах асуудлаар хийсэн дүгнэлт, шийдлийг буруутгах, нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Т-А” ХХК-д 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Богдхан уулын Дархан цаазат газар буюу тусгай хамгаалалтай газар нутаг болох Зайсангийн аманд 1 га газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон байх бөгөөд тус компани Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргатай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2015/253 дугаар гурвалсан гэрээг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга уг гэрээг баталсан байна.
2.6. Нэхэмжлэгч нь ийнхүү 2015 онд газар ашиглах эрхтэй болсон атлаа газраа зориулалтын дагуу 2019 оны 10 дугаар сар хүртэл огт ашиглаагүй байх бөгөөд тэрээр газар ашиглаагүй шалтгаанаа “орц гарц хааж газар олгосон, 2019 оны 10 дугаар сард газрын гэрчилгээ, хавсралтын хамт, мөн улсын бүртгэлийн гэрчилгээг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчныг хамгаалах улсын байцаагч хураан авч явсны улмаас ашиглаж чадаагүй” гэж тайлбарлах боловч орц гарц хааж газар олгосон гэх тайлбартай холбооотой холбогдох баримт нотолгоог тухайлбал, энэ талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж гомдол, санал гаргаж байсныг нотлох болон газраа зориулалтын дагуу ашиглахад саад болж байсныг нотлох аливаа баримт нотолгоог шүүхэд гаргаагүй, шүүхийн журмаар гаргуулахаар шаардлага, хүсэлт гаргаагүй байна.
2.7.Түүнчлэн нэхэмжлэгчээс “... 2019 оны 10 дугаар сард газрын гэрчилгээ, хавсралтын хамт, мөн улсын бүртгэлийн гэрчилгээг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчныг хамгаалах улсын байцаагч хураан авч явсны улмаас ашиглаж чадаагүй” гэж тайлбарлажээ. Хариуцагчаас Байгаль орчны байцаагч бичиг баримт хурааж авсныг үгүйсгээгүй байх боловч тухайн үед эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр газар ашиглах эрхийг нь цуцлаагүй, хүчингүй болгоогүй, энэ талаар ямар нэгэн мэдэгдэл, шаардлага хүргүүлээгүй байхад нэхэмжлэгч нь газрыг зориулалтын дагуу ашиглах боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй.
2.8. Нэхэмжлэгчээс “... газар ашиглах эрх авснаас хойш 2019 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглах зорилгоор холбогдох төрийн байгууллагуудаас зөвшөөрөл авах, бэлтгэл үе шатны ажлууд буюу байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэх гэх мэт ажлуудыг хийж ирсэн ... байхад хариуцагч судлан үзэлгүйгээр шууд газар ашиглах эрхийг цуцалсан нь ... хууль бус ” гэх давж заалдах гомдлыг гаргасан байна.
2.9. Гэвч хэрэгт хавсаргагдсан “Т-А ХХК-ийн Зайсангийн аман дахь “Их тоонот амралт, аялал жуулчлалын төв” төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ”, “Их тоонот амралт, аялал жуулчлалын төв” төсөл зэрэг баримтууд нь 2015 онд үйлдэгдсэн байх бөгөөд эдгээрээс өөр холбогдох төрийн байгууллагад хандаж зөвшөөрөл хүссэн, холбогдох баримт бичиг гаргуулсан зэрэг аливаа баримт материал хэрэгт авагдаагүй, энэ талаар баримт нотолгоо байгаа талаар нэхэмжлэгчээс тайлбар гаргаж маргаагүй байх тул анхан шатны шүүхийн “... 2015 оноос хойш 2019 он хүртэл газраа зориулалтын дагуу ашиглаагүй, энэ талаар нэхэмжлэгч талаас үндэслэл бүхий тайлбарыг огт өгч байгаагүй ... нотлох баримт гаргаагүй ... мэдэгдээгүй баримтын эх сурвалжийг заагаагүй ... тул хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн уг хуульд заасан үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан газар ашиглах эрхийг цуцалсныг буруутгах үндэслэлгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.10. Харин анхан шатны шүүх маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо баримтлаагүй Газрын тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт заасантай холбогдох асуудлаар дүгнэлт хийж уг хуулийн зүйл, заалтыг тогтоох хэсэгт баримталсан нь буруу байх тул шийдвэрт уг хуулийн зүйл заалтыг хассан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 111 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “40.1.5” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ