Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 418

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Гансүхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/06830 дугаар шийдвэртэй, Э.Гансүхийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Одгэрэл, Ө.Отгонжаргал нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 225 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны 28 тоот 121.5 м.кв орон сууцаар зээлийн төлбөрийг хангуулах,

Э.Гансүх, Д.Одгэрэл нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан үүрэг дуусгавар болсон хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

Д.Одгэрэл, Ө.Отгонжаргал нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 5237 тоот шийдвэрээр Д.Одгэрэл, Ө.Отгонжаргал нарын гэрлэлт цуцалсныг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.Гансүх,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цолмон,

Хариуцагч Д.Одгэрэл,

Хариуцагч Ө.Отгонжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Э.Гансүх миний бие 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Д.Одгэрэл, Ө.Отгонжаргал нартай зээлийн гэрээ байгуулан 160 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 2-28 тоот, 121,5 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Д.Одгэрэл, Ө.Отгонжаргал нар зээлийн хүүд 45 000 000 төгрөг, үндсэн зээлээс 10 000 000 төгрөг төлсөн, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш нэг ч төгрөг төлөөгүй. Иймд Д.Одгэрэл, Ө.Отгонжаргал нараас зээлийн төлбөр 150 000 000 төгрөг, алданги 75 000 000 төгрөг нийт 225 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ингэхдээ үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох дээрх 3 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэнэ үү.

2. Д.Одгэрэл, Ө.Отгонжаргал нар зээл төлөх боломжгүй боллоо, барьцаанд тавьсан байрыг үүрэг дуусгавар болсон гэж чөлөөлж өгөөч, Ариг банкинд барьцаанд тавьж зээлийг төлье гэх хүсэлтийг надад тавьсан. Үүнийг би хүлээн авч 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үүрэг дуусгавар болсон хэлцлийг байгуулсан. Гэтэл банкнаас зээл авч чадаагүй байсан. Үүрэг дуусгавар болгосон энэхүү хэлцэл нь дүр үзүүлэн хийгдсэн хэлцэл бөгөөд зээлийн төлбөрт 150 000 000 төгрөгийг аваагүй. Иймд Э.Гансүх, Д.Одгэрэл нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан үүрэг дуусгавар болсон хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

3. Д.Одгэрэл, Ө.Отгонжаргал нар надад хандаж Д.Одгэрэл нь өөр хүмүүст өр авлагатай байсан тул шүүхийн шийдвэр гарсан, барьцаанд тавьсан байрнаас шүүхийн шийдвэрээр өрийг барагдуулах гээд байна. Иймд хамтран өмчлөгчөөс Д.Одгэрэлийг хасуулмаар байна гэсэн хүсэлт тавьсан учраас гэрээгээ дахиж байгуулъя гэсэн. Ингээд дээрх хэлцлийг үндэслээд барьцаанд тавьсан байрны өмчлөх эрхийн гэрчилгээ зөвхөн Ө.Отгонжаргалын нэр дээр гарсан байсан. Ингэж зээл төлөхгүйн тулд янз бүрийн арга хэрэглэн эцэс сүүлд нь зээлийг төлөх эзэнгүй болж байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг бид нааштайгаар ойлгон хүлээн авч энэ бүх дүр үзүүлсэн байдлыг бий болгосон. Гэтэл эргээд надад эд материалын болон сэтгэл санааны маш их хохирол учруулж, эцэст нь зээлийн гэрээний барьцаа байхгүй болж гэрээг хариуцах эзэнгүй болж байна. Иймд Д.Одгэрэл, Ө.Отгонжаргал нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

4. Д.Одгэрэл, Ө.Отгонжаргал нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийн элдэв арга заль хэрэглэн гэрлэлтээ цуцлуулсан. Байрыг зээлийн барьцаанаас чөлөөлж авчихаад Д.Одгэрэл нь орон сууц өмчлөх эрхээс нэрээ хасуулсан. Гэтэл тэд одоо ч хамт амьдарч байгаа. Зээлийн маргаантай гэдгийг хоёулаа мэдэж байгаа ч шүүхийн гэрлэлт цуцлах шийдвэрт эд хөрөнгийн ямар нэгэн маргаангүй гэж цуцлуулсан байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 5237 тоот шийдвэртэй Д.Одгэрэл, Ө.Отгонжаргал нарын гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү.

Д.Одгэрэл 50 000 000 төгрөг өгсөн боловч дараа хуучин эхнэр нь байран дээр хориг тавиулсан гээд байхаар нь 20 000 000 төгрөг шийдвэр гүйцэтгэлд өгсөн, 20 000 000 төгрөгийг хүүд аваад 10 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасахаар тохирсон. Залилсан учраас цагдаад хандсан, цагдаа иргэний хэрэг гэсэн учраас нэхэмжлэл гаргасан.  Хариуцагч Д.Одгэрэл хашаа байшин өгнө гэсэн учир авахаар болоод би нэхэмжлэлээ татан авсан. Гэтэл хашаа байшин нь зарагдсан зүйл байхгүй, би нэр дээрээ болгож, хүлээн авсан нь үнэн боловч одоо өөр хүний нэр дээр шилжүүлсэн. Мөнгөө төлвөл хашаа байшинг буцааж өгч болно. Хариуцагч нараас 150 000 000 төгрөг, алданги 75 000 000 төгрөг, нийт 225 000 000 төгрөг гаргуулана. Нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч Ө.Отгонжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Гансүхтэй зээлийн гэрээ байгуулаагүй, барьцааны гэрээнд гарын үсэг зурсан,  мөнгийг бэлнээр хүлээж авахад хар уутанд 58 000 000 төгрөг байсан. 16 000 000 төгрөгийг суутгаж авсан гэдэг. Нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй, төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, үүнийг Э.Гансүх өөрөө сайн мэдэж байгаа. Бидний гаргасан нэхэмжлэлд Э.Гансүх хариуцагчаар орохдоо хүлээн зөвшөөрөөд шийдвэрлүүлсэн. Шүүх хуралдааны өмнө тохиролцоогоо амаар хийгээд худалдах, худалдах авах гэрээ хийгээд эвлэрэл баталгаажуулаад өг гэдэг шаардлага гаргаж байсан.

2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан байдаг. 150 000 000 төгрөгийн өр төлбөрт Д.Одгэрэл дүүгийнхээ хашаа байшинг өгөөд үүргийг дуусгавар болгосон. Илүү зарвал 10 000 000 төгрөг, дутуу бол 10 000 000 төгрөгийг төлнө гэж тохиролцсон. Би төлбөр барагдуулах энэ гэрээг хийснийг сүүлд мэдсэн. Зээлийн гэрээний үүрэг нь иргэд хоорондын тохиролцоогоор дууссан ба Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2, 236.1.3 дахь хэсэгт зааснаар үүрэг дуусгавар болсон.

Гэрлэлт нь хуулийн дагуу Монгол улсын нэрийн өмнөөс шийдэгдсэн асуудал, мөн эцэг эхийн эрх, үүргийг хязгаарлах боломжгүй. Зээлийн харилцаатай хамааралгүй зүйл. Гэрлэлтийг хүчин төгөлдөр болгох асуудал байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Одгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Гансүхтэй миний бие 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 6 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээл авахаар тохиролцож, зээл авсан өдрөө Э.Гансүхийн найз гэх хамтрагч Дашпүрэвт зээл зуучлалын хөлс гэж үнийн дүнгийн 10 хувь болох 16 000 000 төгрөгийг суутгуулан үлдэгдэл 144 000 000 төгрөгийг хүлээж авсан. Гэрээний дагуу 2014 оны 2 сараас 8 сар хүртэл cap бүр 8 000 000 төгрөг өгч нийт 48 000 000 төгрөг 6 сарын хүүд төлсөн. 2014 оны 10 сард үндсэн зээлд 50 000 000 төгрөг төлсөн зээлийн гэрээний ард Э.Гансүх гарын үсгээ зурж бэлнээр хүлээн авсан баримтаар нотлогдоно.

Э.Гансүх нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд үүнээс өмнө 2-3 удаа нэхэмжлэл гаргаж бүгд шүүхийн шугамаар зохих ёсны тогтоол шийдвэр гарсан. 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд хурал болоход бид тохиролцож  өөрийн төрсөн дүү Д.Одсүрэнгийн өмчлөлийн БЗД-ийн 14-р хороо Консулын 12 дугаар гудамжны 311 тоот гражтай хувийн орон сууц бүхий байшин 88 мкв склад, өмчлөгдсөн 0.7 га газар хашааны хамт Э.Гансүхийн нэр дээр бүрэн шилжүүлж өр авлага дууссан. Уг хашаа байшин нь гэр хорооллын дахин төлөвлөлтөнд орсон учир Цагаан хуаран хотхоноос 50 мкв 2 өрөө байр 1 ширхэг, 28.7 мкв 1 өрөө байраар солих гурвалсан гэрээний хамт хүлээлгэн өгсөн болно.

Ингээд 2016 оны 5 сард хашаа байшингаа хүнд барьцаалж мөнгө авах гэсэн юм суллаж өг гээд байна гэхээр нь би дүү Д.Одсүрэнг эхнэр 3 хүүхдийн хамтаар нүүлгэн гэр барьж оруулан хашаа байшингаа суллаж өгч тэр өдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 13-нд тооцоо бүр мөсөн дууссан учир ямар нэгэн өр төлбөргүй. Э.Гансүхэд 6 сарын хүү 48.000 000 төгрөг, зуучлалын хөлс гэж 16 000 000 сая төгрөг, үндсэн зээлд 50 000 000 төгрөг, 160 000 000 төгрөгний хашаа байшин, нийт 274 000 000 төгрөг өгсөн нь тайлбар болон баримтаар нотлогдоно.

Мөн Д.Одгэрэл миний гэр бүлийн салалт ямар ч хамаагүй бөгөөд Монголын Улсын шүүхээр хууль ёсоор гэр бүлээ салгасан. Би 0-5 насны хоёр хүүхэдтэйгээ эцэг хүний хувьд хуульд заасан эрхээ эдлэн хэдийд ч хаана ч уулзах, цуг явах эрхтэй. Иймд Э.Гансүхийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 236.1.2, 56 дугаар зүйлийн 56.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10-д заасныг баримтлан хариуцагч Д.Одгэрэл, Ө.Отгонжаргал нарт холбогдуулан гаргасан “зээл 150 000 000 төгрөг, алданги 75 000 000 төгрөг, нийт 225 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны 28 тоот 121.5 м.кв орон сууцаар хангуулах, Э.Гансүх, Д.Одгэрэл нарын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан үүрэг дуусгавар болсон хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Д.Одгэрэл, Ө.Отгонжаргал нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 5237 тоот Д.Одгэрэл, Ө.Отгонжаргал нарын гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах” тухай нэхэмжлэгч Э.Гансүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1 493 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийг 978 150 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсныг дурдаж, нэхэмжлэгч Э.Гансүхээс улсын тэмдэгтийн хураамжид 978 150 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Миний нэхэмжлэлийн шаардлагаас 225 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж шүүх үзэхдээ анх зээлсэн 160 000 000 төгрөгөөс 16 000 000 төгрөгийг хасч тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь үүнийг Д.Одгэрэлтэй тохиролцож авсан болохоос биш, би энэ 16 000 000 төгрөгийг аваагүй. Шүүх 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Д.Одгэрэлтэй тооцоо нийлж, 75 000 000 төгрөгөөсөө татгалзаж, үндсэн зээлд 150 000 000 төгрөгийг түүнээс гаргуулахаар тохиролцсон. Энэ үүрэгтээ Д.Одгэрэл нь өөрийн төрсөн дүү Одсүрэнгийн өмчлөлийн газар болон хувийн сууцыг хашааны хамт нэхэмжлэгчид өгөхөөр тохирсон байна гэжээ.

Д.Одсүрэнгээс дээрх хашаа байшин, газрыг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан нь үнэн боловч, 225 000 000 төгрөгийг надад өгсөн гэж үзэх үндэслэлгүй. 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр бид гэрээ байгуулсан Д.Одгэрэл нь уг хашаа байшин, газрыг хамт зарж борлуулах үүрэг хүлээсэн, эцсийн хугацааг уг гэрээнд тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, уг хугацаанд зарж борлуулж чадаагүй тохиолдолд Д.Одгэрэл нь надаас хашаа байшин, газраа буцаан авч, харин надад зээлийн төлбөртөө 225 000 000 төгрөгөө буцааж өгөх ёстой байсан, зарагдаагүй учраас зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй. Миний бие хэн ч худалдаж авдаггүй хашаа байшин, газартай үлдэж, харин Д.Одгэрэл төлөх ёстой 225 000 000 төгрөгөө төлөлгүй, иргэн надад асар их хэмжээний хохирол учруулаад байна.

Шүүх хоёр дахь шаардллагыг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй. 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн үүрэг дуусгавар болсон хэлцэл дүр үзүүлсэн хэлцэл байсан учраас Д.Одгэрэл үүнээс хойш 2 жилийн дараа буюу 2016 оны 5 дугаар сард өөрийн төрсөн дүүгийн дээрх хашаа байшин, газрыг надад барьцаалсан. Иймээс шүүх хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжлэгч хоёр дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Шүүх “Д.Одгэрэл, Ө.Отгонжаргал нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна” улмаар “Э.Гансүхээс авсан зээлийн гэрээний үүргийг талууд тохиролцсон дуусгавар болсон” гэжээ. Хариуцагч нар зээл авахдаа “бид хоёр нэг гэрт амьдардаг эхнэр нөхөр, зээлээ төлж чадахгүй бол байраа зараад мөнгийг төлчихнө, санаа зоволтгүй” гэсэн. Д.Одгэрэл нь залилан мэхлэн хууль бус арга хэрэглэж, дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулж Ө.Отгонжаргал гэдэг цорын ганц өмчлөгчтэй болсон. Гэтэл шүүх дээрх хуурамч хэлцлийг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Шүүхээс нэхэмжлэлийн 4 дэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой. 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар хариуцагч нар төлөх ёстой 225 000 000 төгрөгийг төлөөгүй байсан, төлөхгүйн тулд гэрлэлтээ цуцлуулсан байхад шүүх гэрлэлтээ цуцлуулсан нь Гэр бүлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэсэнд гомдолтой тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байна.

 

Нэхэмжлэгч Э.Гансүх нь хариуцагч Д.Одгэрэл, Ө.Отгонжаргал нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 225 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,

Э.Гансүх, Д.Одгэрэл нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан үүрэг дуусгавар болсон хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

Д.Одгэрэл, Ө.Отгонжаргал нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 5237 тоот шийдвэртэй Д.Одгэрэл, Ө.Отгонжаргал нарын гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Д.Одгэрэл 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Э.Гансүхээс 160 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги төлөх нөхцөлийг тохирч зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийг хангах баталгаа болгож Д.Одгэрэл, Ө.Отгонжаргал нарын өмчлөлийн 121.5 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж, дээрх гэрээ тус бүрийг нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх27, 26/

 

Дээрх гэрээнд Д.Одгэрэл, Э.Гансүх нар нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар дээрх хэлцлүүдэд гарын үсгээ зурж, бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан бичгээр байгуулах шаардлагыг хангасан байх тул эдгээр гэрээгээр хүлээсэн үүргээ Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг талуудад үүсчээ.

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний дагуу зээлдүүлэгч бодитоор 144 000 000 төгрөг шилжүүлсэн, зээлдэгч зээлийн гэрээгээр авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй гэж үзэн зээлийн гэрээний зүйлийг 144 000 000 төгрөг гэж тодорхойлсон нь үндэслэлтэй.

 

Түүнчлэн талууд гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах шаардлагад нийцэх тул нэхэмжлэгч үндсэн зээл, хүү, алданги шаардах эрхтэй боловч хүүгийн төлбөр бүрэн төлөгдсөн учир нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргаагүй байна.

 

Хэрэгт авагдсан 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Д.Одсүрэнгээс хариуцагч Д.Одгэрэлд олгосон газар болон түүн дээр байрлах орон сууцыг захиран зарцуулах эрхийг олгосон итгэмжлэл, зохигчдын байгуулсан 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ зэргээс үзвэл зээлийн гэрээний төлбөр 150 000 000 төгрөг, алданги 75 000 000 төгрөг, нийт 225 000 000 төгрөг, үүнээс алдангийг татгалзаж, үндсэн зээл 150 000 000 төгрөгийн үлдэгдэлд тооцоо нийлсэн үйл баримт тогтоогджээ. /хх65, 69, 67, 70, 64/

 

Хариуцагч Д.Одгэрэл нь зээлийн төлбөрт тооцохоор нэхэмжлэгчтэй тохиролцон, дүү Д.Одсүрэнгийн өмчлөлийн 609.86 м.кв бүхий газар, 56 м.кв хувийн сууц, хашааны хамт нэхэмжлэгч Э.Гансүхийн өмчлөлд шилжүүлсэн нь дээрх баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар талуудын хооронд үүрэг дуусгавар болсон буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан гэж үзэх талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзнэ.

 

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл нь зохигчдын хэн алиний хүсэл зоригийг илэрхийлсэн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан дүр үзүүлэн хийсэн гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй болон 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Д.Одгэрэл, Ө.Отгонжаргал нарын хооронд байгуулагдсан орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хариуцагч нарын гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох нь Гэр бүлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй гэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Гансүхийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/06830 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Гансүхийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 1 490 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                Т.ТУЯА