| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0217/Э |
| Дугаар | 240 |
| Огноо | 2020-06-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 240
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,
Өсвөр насны шүүгдэгч П.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт П.О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000224 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 17 настай, боловсролгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт П.О,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас П.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч П.О нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт баригдаж буй “Спорт цогцолбор”-ын барилга дээр туслах ажилтнаар ажиллаж байхдаа тус барилгаас ПВ3, 1х25 голчтой монтажны кабел утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 336,050 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Хохирогч О.Н “...2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагийн үед туслах ажилтан цүнх үүрээд гарч явахад харуулын хүмүүсээр шалгуултал хувцас гэж хэлэхээр нь харуулуудаар шалгуултал цахилгааны кабель их хэмжээгээр цүнхнээс гарахаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Би 2019 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан захын ойролцоо байх Элчит Ган ХХК-иас ПВ3 1х25 голчтой монтажны утсыг 1 метрийг нь 7,200 төгрөгөөр худалдан авч байсан юм. тухайн монтажны утас нь 220 вольтийн тэжээлийн кабель буюу монтажны утас байсан бөгөөд өрөө тасалгааны тог дамжуулагч кабель байгаа юм. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Би алдагдсан монтажны утасны хохирлыг нөхөн төлүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-5/,
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/,
Эд зүйлд үзлэг хийж цахилгааны утасны уртыг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /хх-ийн 13 дугаар хуудас/,
Гэрч Т.Б “...Би Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах Нэмбар ХХК-ийн барьж буй спорт цогцолборын барилгын харуул хамгаалалтыг хариуцаж ажилладаг юм. Тухайн өдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хашааны гадна талд явж байхад барилгын хашааны дотор талаас нилээд хүнд юм байгаа бололтой хар өнгийн үүргэвч үүрсэн нэг залуу гараад ирсэн. Би тэр залууд “чи юу үүрчихсэн явж байгаа юм бэ, надад цүнхээ шалгуулчих” гэсэн чинь миний хувцас байгаа юм, би гэртээ очиж хувцаснуудаа угаах гэсэн юм гэхээр нь би цүнхийг нь шалгатал монтажны кабель утаснуудыг ороосон байдалтай цүнхэндээ хийсэн байсан. Тэгээд би харуулын байр руу дагуулаад орох гэтэл нөгөө залуу чинь зугтаасан бөгөөд би араас нь гүйж барьж аваад цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,
Капитал зууч ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай “...ПВ3 1х4, ПВ3 1х25 голчтой монтажны кабель утас 51.7 метр эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 336,050 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хх-ийн 28-29/,
Гэрч Я.Б “...Би 1999 оноос хойш өдийг хүртэл эд хөрөнгийн үнэлгээ хийж байна. Тухайлбал монтажны кабелийн үнийг Дархан-Уул аймгийн цахилгааны материал, эд зүйл зардаг Хариг төв, Дархан зах доторх цахилгааны материал зардаг 123 дугаар лангуу зэрэг газруудын монтажны утасны зах зээлийн үнийн судалгаа хийхэд ПВЗ 1x25 голчтой монтажны утас нь 1 метр нь 6500 төгрөг гэж байсан юм. Тэгээд нийт 51.7 метр хэмжээтэй цахилгааны утсыг нэг бүрийг нь 6500 төгрөг гэж үзэхээр нийт 336.050 төгрөг гарч байгаа юм. Надад монтажны утас 1 метр нь 6500 төгрөг гэсэн баримт байгаа. Тухайн баримтыг цахилгааны утас зарж борлуулдаг албан ёсны эрхтэй газраас нь авч байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Хохирол төлсөн талаарх баримт /хх-ийн 54 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч П.О бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг өсвөр насны шүүгдэгч П.О, хууль ёсны төлөөлөгч Б.Б нар нь төлсөн, хохирогч О.Н гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч П.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 6 сар 27 хоногтой байсан байх ба шийтгэл тогтоол гарах үед 18 насанд хүрээгүй байна.
Шүүгдэгчийн нас, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн байдал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт гурваас дээшгүй цагаар ажиллуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт П.О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт П.О-д 120 /нэг зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Б овогт П.О-д оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт, өдөрт гурваас дээшгүй цагаар, өсвөр насны шүүгдэгчийн нас, биеийн онцлогт тохирсон ажилд томилж эдлүүлэхийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч П.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД