Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 241

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Г.О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018001250183 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1956 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, ............. тоотод оршин суудаг, 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г.О,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.О нь 2020 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р баг, .......... тоотод хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эхнэр С.Д зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н “...С.Д миний төрсөн эгч юм. Шүүгдэгч, талийгаач хоёр хоёулаа л архи уудаг байдаг байсан. Тухайн хэрэг гарах үед би байгаагүй болохоор юу болсныг сайн мэдэхгүй ээ. Шүүх хуралдаан дээр ирээд л талийгаач шүүгдэгчид зодуулаад гэрээсээ хүртэл яваад айлд очиж байсныг нь мэдлээ. Одоо энэ хүнийг яаж шийтгэхийг шүүх л мэдэх байх. Шийтгэлийн талаар хэлэх юм алга.” гэх мэдүүлэг,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-19/,

 

Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 20-21/,

 

Согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 26/,

 

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-39/,

 

Гэрч Н.Г “...би Д өргөх гэтэл даахгүй болохоор нь П, М бид гурав хамжилцаж гэрээс өргөж гараад гэрийнх нь гадаа байсан тэргэн дээр өргөж хамжилцаж гаргаад тэргээр чирээд гаргасан. Тэгээд гэр рүү нь хүргэж байтал манай хамаатан Б гэдэг залуу гэрээсээ гарч ирээд, Б дуудаж ахын дүү энийг гэрт нь оруулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд гэрийнх нь гадаа ирээд би хашааны гадаа үлдсэн. П, Б хоёр Д өргөж гэрт нь оруулж өгөөд гарч ирсэн. Биед нь ил харагдах гэмтэл шарх харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

 

Гэрч П.У “...Тэр тэргэн дээр сууж явсан эмэгтэйгийн биед ил харагдах ямар ч гэмтэл байгаагүй, ил харагдаж байгаагаас нүүр нь л харагдаж байсан. Ямар ч гэмтэл шарх байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47/,

 

Гэрч О.С “...Би гэрээсээ гараад өөрийн нөхөр буюу Б хамтаар Партизаны 6-1113 тоот гэртээ очиход гэрийн үүдэнд гал тогооны шалан дээр миний төрсөн ээж Д дээгүүрээ ягаан өнгийн хөнжлөөр бүтээсэн дотуур нь нүцгэн байдалтай дээш харсан байсан. Би талийгаач ээжийнхээ хүзүүнд байрлах артерийн судсанд дарж үзсэн чинь судас нь цохилохгүй бие нь хүйтэн байхаар нь түргэн тусламж дуудсан. Талийгаач ээжийг хараад за ойлгомжтой өнгөрөөд удсан байна, зодуулсан байдалтай байна гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,

 

Гэрч Д.М “...Дуламсүрэн нь аавын дүү болох П ахтай өдөр 15:00 цагийн үед манайд орж ирсэн. П ах Д эгч хоёулаа согтуу байсан. Д гэч миний нөхөр зодоод хөөгөөд байна гэж хэлсэн. Тэгээд нэг шил архиа уугаад явсан. Д эгчийг П, Г ах бид 3 өргөөд П, Г ах манай усны тэргэн дээр суулгаад гэрт нь оруулж өгсөн. ...Д эгч их согтуу үс нь арзайчихсан байсан. Тэрнээс биш нүүр царай нь шарх болоогүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,

 

Гэрч С.П “...унагаж алдсан зүйл байхгүй. Угаасаа жаахан зайтай газар даахгүй болохоор нь тэргэн дээр дамжилж өргөж зөөлөн тавиад түрж яваад гэрийн үүдэнд очоод үүднээс өргөж гэрт оруулж тавиад гарсан. Сүүлд гэрт оруулж өгөхөд гэрийнх нь эд хогшил тавилга хэвийн байрандаа байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,

 

Гэрч Ж.Б “...Д эгчийг гэрт оруулж өгөхөд О ах гал тогооныхоо өрөөнд өрөөнд сууж байсан. Би тэндээс шинэ Дархан руу бильярд тоглох гээд явсан юм. Ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-54-55/,

 

Гэрч С.Д “...Дуламсүрэн их согтсон байсан. Нүүр царай нь ямар нэгэн шарх сорви болсон юм байгаагүй зүгээр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 14 дугаартай “...талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн шууны битүү хугарал, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамар шарх, дух, баруун нүдний зовхи, доод эрүү, хүзүү, баруун, зүүн бугалга, тохой, шуу, сарвуу, баруун зүүн гуя, зүүн шагай, хэвлийн зүүн хэсэгт хавирганы нумны харалдаа, бүсэлхийн хэсэг, баруун, зүүн өгзөг, ахар сүүлний хэсэг, баруун, зүүн дал, цээжний дээд хэсэг, баруун мөрөнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдсон нь цөм амьд ахуй үед үүсгэгдсэн гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн шууны битүү хугарал гэмтэл нь дангаараа ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Мөн хамрын шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Биеийн бусад хэсгийн буюу дух, баруун нүдний зовхи, доод эрүү, хүзүү, баруун, зүүн хөх, баруун, зүүн бугалга, тохой, шуу сарвуу, баруун, зүүн гуя, зүүн өгзөг, ахар сүүлний хэсэг, баруун, зүүн дал, цээжний дээд хэсэг, баруун мөрөнд цус хуралт, зулгаралт гэмтэл нь хамрах талбай том тул ГЗТЖ-ын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлөөгүй болно. Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчин, бөөрний аяганцар, тэвшинцрийн архаг үрэвсэл зэрэг архаг хууч өвчинтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй болно. Талийгаач нь архины хурц хордлогын улмаас зүрх судасны үйл ажиллагааны сулралаар нас баржээ” гэх дүгнэлт /хх-ийн 92-94/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогчийн биед зүүн шууны битүү хугарал, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамар шарх, дух, баруун нүдний зовхи, доод эрүү, хүзүү, баруун, зүүн бугалга, тохой, шуу, сарвуу, баруун зүүн гуя, зүүн шагай, хэвлийн зүүн хэсэгт хавирганы нумны харалдаа, бүсэлхийн хэсэг, баруун, зүүн өгзөг, ахар сүүлний хэсэг, баруун, зүүн дал, цээжний дээд хэсэг, баруун мөрөнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдож байх боловч уг гэмтлүүд нь үхэлд нөлөөлөөгүй байна гэх шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий байна гэж үзэв.

 

Хохирогчийг олон тооны шарх гэмтэл учруулж, тэлээгээр ороолгох зэргээр зодож буй үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй, хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ хамгаалах чадваргүй байсан болох нь гэрч Гэрч Н.Г, П.У, Д.М, С.П, Ж.Б, С.Д нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд Г.О хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохиролтой холбоотой зардлыг шүүгдэгч Г.Оросбаатараас нэхэмжлэхгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, өндөр насны тэтгэвэрт байдаг, хохирогчийн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г.О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Б овогт Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Г.О-т оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,  согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД