Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 134

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа Длж, шүүх хуралдааны нарийн бичгийн Д Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А, шүүгдэгч Н.С, Б.Г, Н.Х, Б.Б, Д.Б, Г.Г, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.АнхБс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогт Н-ын С, Д ургийн овогт Б-ын Б, Д ургийн овогт Б-н Г, Х ургийн овогт Д-гийн Б, М ургийн Б-гийн Г, Ч ургийн овогтой Н-гийн Х нарт холбогдох 2035000490069 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Н-ын С 1996 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 14-24 тоотод оршин суух, регистрийн дугаар:..............

Монгол Улсын иргэн, Д ургийн овогт Б-ын Б 1996 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багт оршин суух, регистрийн дугаар:.............

Монгол Улсын иргэн, Д ургийн овогт Б-н Г 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан сийлбэрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Увс аймгийн Давст сумын 2 дугаар багийн 4-18 тоотод оршин суух, регистрийн дугаар:.............

Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Д-гийн Б 1975 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Давст сумын 3 дугаар багт оршин суух, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж  байсан, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар:..............

Монгол Улсын иргэн, Ч ургийн овогт Н-гийн Х 1982 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Давст сумын 2 дугаар багт оршин суух, регистрийн дугаар:..............

Монгол Улсын иргэн, М ургийн овогт Б-гийн Г 1977 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 23-02 тоотод оршин суух, регистрийн дугаар:............

               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Н.С, Б.Г, Н.Х, Д.Б, Б.Г, Б.Б нар нь бүлэглэж давс олборлох зорилгоор тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авч, шилжүүлсэн, тээвэрлэсэн, хадгалсан улмаар 2020 оны 02 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Увс аймгийн Давст сумын 01 дүгээр багийн нутаг “Шүдэн уулын” давсны уурхайд тухайн бодисоор 3 удаа тэсэлгээ явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000490069 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-ын “...Увс аймгийн Давст сумын 1-р багийн нутагт Шүдэн уул гэх газарт давсны уурхай байдаг бөгөөд уг уурхай нь Их тэмүүлэл ХХК, Жамц давс ХХК-иуд нь Шүдэн уулын давсны уурхайн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд одоогоор үйл ажиллагаа явуулахгүй байгаа юм. Увс аймгийн Давст сумын 1-р багийн нутаг Шүдэн уул гэх газарт тэсэлгээ хийж болохгүй бөгөөд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд тэсэлгээ явуулах эрхтэй байдаг. ... Тухайн газарт тэсэлгээ хийсэн гэх Б, Х, С, Г, Г, Б нар нь Шүдэн ууланд тэсэлгээ хийх ямар нэгэн зөвшөөрөл байхгүй юм. ...2014 оноос хойш иргэд нөхөрлөл байгуулж сумын Засаг Д болон Их тэмүүлэл ХХК-ны удирдлагуудтай гурвалсан гэрээ байгуулж Их тэмүүлэл ХХК-ний давсны талбайгаас давсыг гар аргаар буюу мулдак, лоомбо зэрэг зүйлүүдээр ухаж малтаж давс олборлож байгаа юм. Давс олборлох гэрээг 1 жилийн хугацаатай байгуулдаг юм.  Нөхөрлөлийн хүмүүс олборлосон давсны хэмжээгээр сум орон нутагт татвар төлдөг... Хамгийн сүүлд 2020 оны 02 дугаар сарын эхээр нэг сарын хугацаатай Их тэмүүлэл ХХК-ийн талбайгаас давс олборлох гурвалсан гэрээг Нутгийн буян гэх нөхөрлөлтэй байгуулсан юм. Нутгийн буян нөхөрлөлийн ахлагчаар Н.Х байдаг бөгөөд гишүүд ажилчид нь Б.Г, Б, С, Б, Г нар байдаг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-87 дугаар хуудас/,

2. Гэрч Д.М-ы “...Би Хилийн цэргийн 0245-р ангийн харьяа 0246 дугаарт салбарт хугацаат цэргийн алба хаадаг юм. 2020 оны 02 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө боомтын харуулаас 158.2-р тэмдэгтээс 157-р тэмдэгтийн чиглэлд харуул манааны үүрэг гүйцэтгэхээр байлдагч Д бид хоёр хамт явсан. Тэгээд хилийн 157-р тэмдэгтийн чиглэлд машинуудын гэрэл гарч байхаар нь харуулын Д-д станцаар мэдэгдсэн. Тэгтэл харуулын Д Ц.Б тэдгээр машинтай хүмүүсийг очиж шалга гэж тушаал өгсөн. Тэгээд байлдагч Д бид хоёр уурхайд очиж шалгахад С болон тэнд ажилладаг 15 орчим хүмүүс байсан. Тэгээд би С гэх хүнийг та өрөмдлөг хийгээд байгаа юм уу гэхэд тийм дээшээ гаръя гэж хэлэхээр нь тэгье гэж хэлээд би өөрөө уурхайны нүх рүү гэрэл тусгаж хартал өрөмдсөн нүх болгонд улаан өнгийн нарийн утас холбоод залгасан байсан. Тэгтэл миний урдаас уг нүх дотроос хэсэг хүмүүс мотор мулдак барьчихсан гарч ирсэн. ... Б би энэ нүх рүү ороод юм аваад гараад ирье гэж хэлээд Д бид хоёрт тамхилаад тамхиа татаад зогсож байтал урд талын нүх тэсэрч дэлбэрсэн. Тэгээд би харуулын Д-д мэдэгдсэн. Тэгтэл Б гэж хүн холд эндээс одоо тэсэлгээ хийгээд эхэлчихлээ гэж хэлэхээр  Д, Б бид гурав 100 метр орчим холдоход дахиад урд тэсэлгээний чимээ гарч дэлбэрсэн. Тэгээд би дахиад харуулын Д-д мэдэгдсэн. Тэгээд М гэх айлын гадна байсан приус-30, цагаан өнгийн загварын би мэдэхгүй байна энэ хоёр машин хөдлөхөөр нь саатуулж зогсоох гээд явж байтал уурхайн арын нүх дэлбэрсэн юм. Уг тэсэлгээг Б гэж хүн хийсэн. Тэгээд би харуулын Д-д 3 дахь тэсэлгээгээ хийчихлээ гэж хэлээд одоо энэ хүмүүс М гэж айлд байна гэтэл харуулын Д Ц.Б наадах хүмүүсээ битгий явуул гэж хэлэхээр нь Д-ыг дээд уурхайн ам дээр би өөрөө доод зам дээр зогсож байтал 3 машин өнгөрөөд явсан. Тэгтэл приус-30 загварын машин ирэхээр нь би зогсоох гэтэл 2 удаа сигнал дараад намайг мөргөтөл би эргээд бултаж холдоход миний үүрсэн байсан бууны овоо хараа уг машины жолоочийн цонхыг цохиж хагалсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-94 дүгээр хуудас/,

3. Гэрч Х.Д-ын “...тэгээд бид хоёр уурхайд очиж шалгахад уурхайн хойд талын аманд С, хажуудаа 7 хүний хамт байсан. С-аас өрөмдлөг хийсэн үү гэхэд тийм дээшээ гарья гэж хэлээд бид нар дээшилсэн. Тухайн үед М бид хоёр тухайн уурхайн ам руу гэрэл тусгаж харахад тухайн амыг өрөмдөж улаан өнгийн утаснуудыг суурилуулж тэсэлгээ хийхэд бэлдсэн байсан. Тэр хүмүүс өрөм мотор, мулдок зэрэг багажийг бариад уг амнаас гарч ирээд машин руугаа явсан. Ахлагч Бд энэ талаар станцаар мэдэгдэхэд “уурхайгаас хүмүүсийг гарга” гэж хэлсэн. Тухайн үед уурхайн нүхний амнаас 200 орчим метрийн зайд С-ыг портер, Б гэгчийн приус-30, бор өнгийн приус-20, мөн приус-10 маркийн машин байсан үлдсэн гурван машиныг харж амжаагүй бөгөөд 7 машин байсан. Мөн тухайн үед танихаас уурхайд Х, С, Б, Г, Боо, Б, ахлагч АриунБын аав гэх хүмүүс байсан, үлдсэн хүмүүсийг нь сайн танихгүй бөгөөд нийт 14 орчим хүмүүс байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-99 дүгээр хуудас/,

4. Гэрч Ц.Б-ийн “...00 цаг 30 минутын үед хилийн манаанд явсан ахлах байлдагч Д.М станцаар холбогдоод уурхай дээр ирлээ 7 тооны машин, 14 хүн байна, тэсэлгээ хийхээр бэлдчихсэн байна тэсэлгээний бодисоо өрөмдсөн нүхэндээ хийсэн байна гэж холбогдсон. Тэгэхээр нь би уурхай дотор байгаа хүмүүсээ бүгдийг нь гарга тэсэлгээ хийлгэж болохгүй гэж үүрэг өгөөд нэг цэрэгтэйгээ хамт мориор уурхай руу явсан. ... Тэгээд явж байтал 01 цагийн үед эхний тэсэлгээний дуу чимээ сонсогдож станцаар манай цэрэг эдгээр хүмүүс согтуу уурхайн урд хэсгийн жижиг амыг тэсэлчихлээ гэж хэлсэн. ... 01 цаг 10 минутын үед хоёр удаа тэсэлгээний дуу чимээ сонсогдсон. Тэгтэл манай цэрэг станцаар холбогдоод эдгээр хүмүүс тал талаас дайрч орж ирээд тэсэлгээ хийчихлээ гэж хэлсэн. ... М гэх айлд очоод Н гэж хүнтэй уулзахад Х, Б, С, Б, Г нар тэсэлгээ хийчихлээ гэж хэлснийг утсан дээрээ бичиж авсан. Тэгээд би харуулын байр луугаа явж байтал уурхай руу хоёр машины гэрэл орж ирээд М гэх айлын гадна очиж зогсохоор нь яваад очтол Б, Х, Б, С, Г, Б, Ё, А нар байсан. ... Уг тэсэлгээг Б, Х гэх хүмүүс удирдаж толгойлж хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-103 дугаар хуудас/,

“... Би тухайн өдөр М-гийн гэрт очиход Н гэгч нь уурхайн тэсэлгээг Х, Г, Б, С, Г нар хийсэн гэж хэлснийг би өөрийн утсан дээр бичиж авсан байсан. Сүүлд буюу 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр харуулд гарахынхаа урьд өдөр нь гар утсан дээрээ дуу татаж авахдаа тэр бичлэгийг хэрэггүй зурагнуудтай хамтад нь устгачихсан байсан. Тухайн бичлэг одоо байхгүй. ...2020 оны 02 дугаар сарын 14-ний орой би хилийн манааны үүрэг гүйцэтгэж яваад давсны уурхайд байх Мгийн малын гэрт  ороход Б, Х нар тэнд ирчихсэн байсан. Тэгээд Б, Х хоёр маргааш тэсэлгээ хийнэ гэж хэлэхэд би тэр хоёрт “тэсэлгээ хийж болохгүй” гэхэд тэр хоёр надад “тэсэлгээ хийхээр яадаг юм, чи олон түмэнтэйгээ байж Боггүй юм уу? тэсэлчихсэн байхад яадаг юм” гэж хэлсэн. Би тухайн үед Б, Х нарт тэсэлгээ хийвэл би хийж байхад чинь барьж авна шүү гэж хэлж анхааруулчхаад явсан юм. Тухайн үед Мгийн гэрт Н ах байсан. Мөн тэсэлгээ хийхээс 3 хоногийн өмнө Б, Х нар уурхайд надтай таараад ... “бид нар тэсэлгээ хиймээр байна, тохиръё, дутагдах хэрэгтэй зүйл байна уу?” гэж хэлж байсан тэгээд би тэр хоёрт үгүй гэж хэлээд өнгөрсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-107 дугаар хуудас/, 

“...Тэгээд 2020 оны 02-р сарын 16-ны өглөө застав дээр ирсний дараа заставын Д хүмүүстэй уулзаж мэдүүлэг авсан бөгөөд би өглөө заставын даргын өрөөнд ороход Г мэдүүлэг өгч байсан тэгэхэд нь би өөрийн халааснаас Шүдэн уулын тэсэлгээ хийгдсэн газраас олж авсан 2 ширхэг цагаан өнгийн жижиг хэмжээтэй скочидсон зүйлүүдийг заставын Д-д гаргаж өгөөд “энэ тэсэлгээ хийгдсэн газраас олдсон зүйлүүд гэж хэлээд заставын Дд уг /бодис/ зүйлүүдийг гаргаж өгсөн юм... 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 12:36 цагт миний 80030646 дугаарын утас руу 99454501 дугаарын утаснаас дуудлага ирэхээр нь би буцааж залгахад Д.Б байсан бөгөөд Б нь надад “чи ахын дүү цагдаа ирж мэдүүлэг авахаар тухайн үед олж авсан хоёр бодисыг бид нарын ажилладаг нүхнээс буюу тэсэлгээ хийгдсэн газраас олж авсан гэж битгий хэлээрэй, тухайн хоёр бодисыг уурхайн хаалга орчмоос олж авсан гэж хэлээд өгөөч, тэгвэл бид нарын хэрэг гайгүй шийдэгдэх гээд байна, хэрэг хэрэгсэхгүй болох гээд байна, эр хүмүүс юм чинь нэг нутагт ажиллаж байгаа юм чинь дахиад сүүлд нь уулзах байлгүй дүү” гэж хэлсэн, би Боод “чадахгүй, та юу яриад байгаа юм” гэж хэлээд утсаа тасалсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-111 дүгээр хуудас/,

5. Гэрч Г.Ч-ийн “...Г-ийг манай өрөөнд суугаад мэдүүлэг өгч байхад ахлагч Б манай өрөөнд орж ирээд 2 ширхэг цаасанд боож, гадуураа скочидсон зүйлийг гаргаж өгөөд “тэсэлгээ хийгдсэн уурхайн амнаас олж авсан юм” гэж хэлээд тухайн хоёр зүйлийг надад өгсөн юм. ...Тэгээд би өглөө хүмүүсээс мэдүүлэг авахдаа тэсэлгээ хийгдсэн газраас энэ бодис олдсон гэж Х, Б, Г, Г, С, Б нарт хэлэхэд Х, Б нар надад “наад зүйлээ битгий оруулаарай наадхыг чинь оруулах юм бол хүн амьтан шоронд орох, хүний амьдрал сүйрнэ” гэж хэлж надаас гуйсан... Тэгээд би 2020 оны 02 дугаар сарын 26-ны өглөө хэсгийн төлөөлөгч Э.Б-тай хамт Шүдэн ууланд очиж тэсэлгээ хийгдсэн гэх амны хойд аманд Б-ийн бодис олсон гэх газарт Б-ийн олсон хоёр бодисыг тухайн газарт тавьж байгаад үзлэг хийсэн. Тэгээд үзлэгээр мөн тухайн тэсэлгээ хийсэн амнаас орос бичигтэй жижиг цаасны хэлтэрхийнүүдийг олж авч үзлэгээр хураан авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116-122 дугаар хуудас/,

6. Гэрч Д.Ч-ийн “...2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай малын жижиг гэрт дүү Н малын шээг хатгахаар ирсэн байсан. Тэсэлгээ хийгдэхэд би малын гэрт байгаагүй бөгөөд Н байсан. Тухайн өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 15-ны шөнө намайг гэрт ирэхэд тэсэлгээг Г, Г, С, Б, Б, Х нар хийсэн гэж Н хэлж байсан, мөн хилийн цэргийн алба хаагч нар тэд нарыг саатуулсан байсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 132-135 дугаар хуудас/,

7. Гэрч Э.Б-ын “...Ч залгаад надад өчигдөр шөнө Шүдэн ууланд тэсэлгээ хийгдсэн, тэгээд би тэсэлгээ хийсэн хүмүүсийг саатуулж шалгаж байна хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд би сумын төвөөс гараад 25 орчим километр зайтай байх застав дээр ирэхэд Шүдэн ууланд тэсэлгээ хийсэн гэх Б, Х, С, Г, Б, Г нарыг саатуулаад заставын төв дээр авч ирсэн байсан бөгөөд Ч тухайн хүмүүсээс мэдүүлэг авч байсан. ...2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Чийн шалгаж байсан Шүдэн уулын тэсэлгээ хийсэн материалыг прокурорын газраас харьяаллаар цагдаагийн газарт шилжүүлсэн бөгөөд уг материалыг надад цохолт хийж шалгуулсан. Тэгээд би тухайн үед Чоос 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үзлэг хийж хураан авсан цагаан өнгийн цаасанд ороож скочдсон бодис хоёр ширхэг болон хоёр ширхэг орос бичиглэлтэй цаас зэргийг авсан. Тэгээд би 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Шүдэн ууланд тэсэлгээ хийсэн газарт буюу 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үзлэг хийсэн газартаа дахин очиж тухайн бодисыг хэргийн газарт тавьж байгаад дахин үзлэг хийж хураан авсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 154-155 дугаар хуудас/,

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1546 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 1, 2 гэж дугаарласан цагаан өнгийн цаасан гадаргуутай гадна талаар нь скочоор ороосон цайвар өнгийн талстлаг бодис тус тус нитрат ион /NO3-/ илэрч байна. Нитрат ион /NO3-/ нь тэсэрч дэлбэрэх бодисын найрлагад ордог болно” гэх дүгнэлт /1-р хх-ийн 190-192 дугаар хуудас/,

9. Шүүгдэгч Д.Б-ын яллагдагчаар өгсөн “...Би гэмт хэрэг үйлдээгүй учраас сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна... Яг тэсэлгээ явагдаж байхад цэргүүд бид нарыг саатуулаад зогсож байсан, тэгэхэд тэсэлгээ хийгдсэн, бид нар тэсэлгээ хийгээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 228-230 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Бид энэ хэргийг бүлэглэн хийсэн нь үнэн. Надад 2 дугаар сарын эхээр Х тэсэлгээний бодис авч ирсэн гэж хэлсэн. Тэгээд заставын ахлагчтай би уулзсан. Заставын ахлагч Б зөвшөөрөөгүй. Бид нар 11 цагийн үед уурхай орсон. Цэрэг ирсэн. Үймээн болж байсан. Би урьд нь тэсэлгээ хийж үзээгүй. Энэ анхны удаа, туршилтаар тэсэлгээ хийсэн” гэх мэдүүлэг,

10. Шүүгдэгч Б.Г-ийн яллагдагчаар өгсөн “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрөхгүй байна, би гэмт хэрэг үйлдээгүй учраас надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна... Яг тэсэлгээ явагдаж байхад цэргүүд бид нарыг саатуулаад зогсож байсан, тэгэхэд тэсэлгээ хийгдсэн, бид нар тэсэлгээ хийгээгүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 244-246 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Би Б.Гийг аваад уурхай гарсан. Бид хоёр очиход С, Б нар уурхай дээр очсон байсан. Тэгээд М ахын малын гэрт Н гэдэг хүнтэй архи уугаад айлд байсан. Тэсэлгээний материалыг С түрүүлж өөрийн машинаар аваад явсан байсан. Г, С, Б нар уурхайн нүх рүү явсан. Тэгээд 11 цагийн үед цэрэг ирээд асуудал болсон. Тэгээд Б, Х нар ирээд ярилцаж байгаад тэсэлгээ хийж алга болгохгүй бол бид баригдаж магадгүй гээд тэсэлгээ хийсэн” гэх мэдүүлэг

11. Шүүгдэгч Н.Х-гийн яллагдагчаар өгсөн “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрөхгүй байна, би гэмт хэрэг үйлдээгүй. ... Тухайн шөнө би давсны уурхайд ирээд уурхайн амуудаар яваагүй бөгөөд тэсэлгээ хийсэн гэх газраар очоогүй, тэр шөнө надад тэсэлгээ хийгдсэн ямар нэгэн дуу чимээ гараагүй юм” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 2-4 дүгээр хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 1 дүгээр сард эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар явсан. Тэгээд явж байхдаа зах дээр сум зардаг хүмүүстэй уулзаад тэсэлгээний бодис авч ирсэн. Тэр үед давс гарахад хүндрэлтэй байсан. Тэгээд давс их хэмжээгээр олборлох зорилгоор тэсэлгээ хийсэн. Тэсэлгээний бодисыг Нарантуул зах дээрээс авсан, 1 уут материал нь 50’000 төгрөг гэж байсан. 150’000 төгрөгөөр 3 удаа хэрэглэх материал авсан, нэг уутанд улаан өнгийн утас, дарь, сум гээд жижиг хонгио шиг зүйл байсан. ...Би Б, С, Б.Г, Д.Б, Б.Г нарыг дуудаж тэсэлгээний бодис авч ирсэн гэдгээ хэлсэн. Бид их хэмжээний давс гаргая гэж ярьсан” гэх мэдүүлэг,

12. Шүүгдэгч Н.С-ын яллагдагчаар өгсөн “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрөхгүй байна, би гэмт хэрэг үйлдээгүй. ... Тухайн шөнө би давсны уурхайд ирээд уурхайн амуудаар яваагүй бөгөөд тэсэлгээ хийсэн гэх газраар очоогүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 18-20 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2 дахь тэсэлгээг хийсэн. Н.Х ах Улаанбаатар хотоос тэсэлгээний бодис авч ирсэн. Бүгдээрээ очиж тэсэлж үзэх үү гэхээр давс амар гардаг бол тэсэлж үзье гэж ярьсан. Тэр үед газар хөлдүү давс гарахад хэцүү байсан. Тэсэлгээний бодисыг өрөмдсөн нүхэндээ хийсэн. Тэгээд цэргүүд ороод ирсэн. Х ах, Боо ах хоёр сумаас хүрч ирсэн. Тэгээд бодисоо яах уу? гээд хурдан алга болгоё гээд чүдэнз зураад эхэлсэн. Уг бодисыг хүчтэй дугаран гэж бодоогүй” гэх мэдүүлэг,

13. Шүүгдэгч Б.Г-ийн яллагдагчаар өгсөн “...Би гэмт хэрэг үйлдээгүй тул намайг яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би давсны уурхай руу нэг их яваад байдаггүй, хааяа нэг Б, Х нар давс ачуулахаар л хамт явж давс ачиж өгч өдрийн 50’000 төгрөг авдаг, би тэсэлгээ яаж хийдэг болохыг мэдэхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 26-28 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Б.Г-ийн машинаар хүргүүлж, “Шүдэн уул”-ын давсны уурхайд ирсэн. Тэгээд С, Б нартай уурхайн талбайд уулзаад хамт ажиллагаанд нь оролцсон. Эхний нүхийг би зурж, тэсэлгээг хийсэн. Би их хэмжээгээр давс авч олборлох бодолтой байсан. Цэргүүд бид нар дээр тэсэлгээнээс өмнө ирсэн. Х ах, Б ах нар ирэхэд цэргүүд ирлээ гэж хэлсэн. Тэгээд бид ярилцаад энэ материалуудыг устгая гээд тэсэлгээ хийсэн” гэх мэдүүлэг,

14. Шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “... Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Тухайн шөнө би давсны уурхайн дээд аманд Хд бензин авч ирж өгсөн бөгөөд уурхай руу ороогүй, би хаана ямар тэсэлгээ хийгдсэн болохыг мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 3 дахь тэсэлгээг хийсэн. Манай нөхөрлөл 1 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Тэгээд цаг хугацаа давчуу байсан. Иймд амар аргаар давс олборлохоор тэсэлгээ хийсэн. Тэсэлгээний бодисыг Н.Х ах Улаанбаатараас хотоос авч ирсэн” гэх мэдүүлэг зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.С, Б.Б, Б.Г, М.Г, Н.Х, Д.Б нар нь Нутгийн буян нөхөрлөлийн гишүүд бөгөөд 2020 оны 02 дугаар сараас эхлэн  нэг сарын хугацаатай Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багийн нутаг Шүдэн уулын давсны уурхайгаас гар аргаар давс олборлохоор Их тэмүүлэл ХХК, Давст сумын Засаг Д-тай гурвалсан гэрээ байгуулсан байна.  

Нутгийн буян нөхөрлөлийн Дар шүүгдэгч Б.Х нь ажилладаг бөгөөд тэрээр 2020 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутагт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвд явж байгаад үл таних эмэгтэй хүнээс 1 уут материалыг нь 50’000 төгрөгөөр тооцож, нийт 150’000 төгрөгөөр 3 уут тэсэрч дэлбэрэх бодис, уут тус бүрт улаан өнгийн утас, дарь, сум гэх иж бүрдэл бүхий дэлбэлэгч төхөөрөмжийг худалдаж авсан байна. Улмаар уг тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг шүүгдэгч Н.С, Б.Б, Б.Г, М.Г, Д.Б нарын хамтаар давс олборлохдоо ашиглах зорилгоор Увс аймгийн Давст сумын 2 дугаар багт байрлах өөрийн гэртээ хадгалж байсан байна.

2020 оны 02 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Увс аймгийн Давст сумын 01 дүгээр багийн нутаг “Шүдэн уулын” давсны уурхайд шүүгдэгч Н.С, Б.Б, Б.Г, М.Г, Н.Х, Д.Б нар очиж тэсэрч дэлбэрэх бодисоор 3 удаа тэсэлгээ явуулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “тэсэрч дэлбэрэх бодис” гэж тэсэлгээний хэрэгсэл, гадны үйлчлэлийн нөлөөгөөр агшин зуурын хугацаанд химийн урвалд орж, өндөр даралт үүсгэн дулаан ялгаруулах химийн нэгдэл буюу механик хольцыг” хэлнэ гэж, мөн хэсгийн 4.1.2-т “тэсэлгээний хэрэгсэл гэж тэсэрч дэлбэрэх бодисын тэсрэлтийг үүсгэх зориулалттай цэнэг агуулсан өдөөгч хэрэгслийг” хэлнэ гэж тус тус тодорхойлсон байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10 дахь хэсгийн 15.10.4-т “тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, экспортлох, үйлдвэрлэх, пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, үзвэрийн зориулалтаар ашиглах, тэсэлгээний ажил явуулах”-д тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь бусдад хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглаж, эзэмшиж байгаагаараа олон нийтийн аюулгүй байдалд шууд заналхийлж байгаа хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Хэргийн газраас эд мөрийн баримтаар хурааж авсан нэг гэж дугаарласан 42 грамм, хоёр гэж дугаарласан 33 грамм бодис нь нитрат ион /NO3-/ гэх химийн бодис бөгөөд уг бодис нь тэсэрч дэлбэрэх бодисын найрлагад ордог болох нь шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1546 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.Х нь давс олборлох зорилгоор тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авах, хадгалахыг “санаачилсан, удирдсан, төлөвлөсөн” байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн зохион байгуулагч гэж үзнэ.

Шүүгдэгч Н.С, Б.Б, Б.Г, М.Г, Д.Б нар нь шүүгдэгч Н.Хг давс олборлох зорилгоор хууль бусаар тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг олж авч, хадгалж байгааг мэдсээр байж сайн дураараа нэгдэж, дэмжлэг үзүүлсэн байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хамжигч гэж үзнэ.

Шүүгдэгч Н.С, Б.Б, Б.Г, М.Г, Н.Х, Д.Б нар нь тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар олж авч, хадгалж байгаа үйлдэл хууль бус, бусдын амь нас, эрүүл мэнд, эд Хд буюу олон нийтийн аюулгүй байдалд заналхийлж байгааг мэдсээр байж тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг олж авч, хадгалсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Н.С, Б.Б, Б.Г, М.Г, Н.Х, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч нарыг тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг шилжүүлсэн тээвэрлэсэн гэж дүгнэх үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шилжүүлсэн” гэдгийг өөрөө ашиглах, эзэмших зорилгогүйгээр, хариу төлбөргүйгээр тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг бусдад өгснийг, “тээвэрлэсэн” гэдгийг өөрөө эзэмших, ашиглах зорилгогүйгээр, төлбөртэй болон төлбөргүйгээр тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг нэг газраас нөгөө газарт зөөвөрлөж, дамжуулсныг ойлгоно.

Шүүгдэгч Н.С, Б.Б, Б.Г, М.Г, Н.Х, Д.Б нар нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрийн үйлдэл холбогдлыг хүлээн зөвшөөрсөн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, хор уршиг байхгүй тул шүүгдэгч нараас шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Н.С, Б.Б, Б.Г, М.Г, Н.Х, Д.Б нар нь дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.С, Б.Б, Б.Г, М.Г, Н.Х, Д.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

Шүүгдэгч Н.С-ын хувийн байдал тогтоосон гэрч Д.Б-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 179 дүгээр хуудас/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /1-р хх-ийн 178 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 72 дугаар хуудас/, Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Н.С нь эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 14-24 тоотод оршин суудаг, урьд хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байгаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг.

Шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдал тогтоосон гэрч Ц.А-ий мэдүүлэг /1-р хх-ийн 184 дүгээр хуудас/, гэрч Б.Д-ын мэдүүлэг /1-р хх-ийн 185 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 63 дугаар хуудас/, Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Б.Б нь эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Давст сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байгаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг.

Шүүгдэгч Б.Г-ийн хувийн байдал тогтоосон гэрч Н.Ц-ын мэдүүлэг /1-р хх-ийн 186 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 85 дугаар хуудас/, Увс аймгийн Давст сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 87 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Б.Г нь ээжийн хамт Увс аймгийн Давст сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байгаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг.

Шүүгдэгч Д.Б-ын хувийн байдал тогтоосон гэрч Ц.Д-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 187 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 91 дүгээр хуудас/, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 139-141 дүгээр хуудас/, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дугаар хх-ийн 142-145 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Д.Б нь эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Давст сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж  байсан, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг.

Шүүгдэгч Н.Х-гийн хувийн байдал тогтоосон гэрч Ж.Б-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 177 дугаар хуудас/, гэрч С.Х-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 181 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 51 дүгээр хуудас/, Увс аймгийн Давст сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Н.Х нь эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Давст сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байгаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг.

Шүүгдэгч Б.Г-ийн хувийн байдал тогтоосон гэрч С.Б-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 174-175 дугаар хуудас/, гэрч С.С-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 182-183 дугаар хуудас/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 80 дугаар хуудас/, Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 81 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Б.Г нь эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 23-2 оршин суудаг, урьд хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байгаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг.

Шүүгдэгч Ч Н.С, Б.Б, Б.Г, М.Г, Н.Х нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, хор уршиг байхгүй, гэм буруугаа ойлгон ухамсарлаж байгаа байдал зэргийг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч нарыг тэнсэгдсэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Б нь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж  байсан, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан бөгөөд шүүгдэгчид урьд авсан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод хүрээгүй байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар ял оногдуулахыг болон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлгүй юм.

Харин шүүгдэгч Д.Б-ын гэм буруугаа ойлгож ухамсарласан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг гэж дугаарласан 42 грамм нитрат ион, хоёр гэж дугаарласан 33 грамм нитрат ионыг устгуулахаар Увс аймгийн онцгой байдлын газарт шилжүүлж, Ди ви ди нэг ширхгийг хэргийн хамт хадгалж, ДНШ 6 ИВШП 77397.013 ТУ гэх бичиглэлтэй хоёр ширхэг цаасыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, цахилгаан гаргах мотор нэг ширхэг, төмөр мулдок нэг ширхэг, модон иштэй төмөр хүрз нэг ширхгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Ст буцаан олгож, шүүгдэгч Б.Гийн эзэмшлийн Тоёото приус 30 загварын 51-81 УБР улсын дугаартай автомашиныг, шүүгдэгч Н.Сын эзэмшлийн Бонго жи-2 загварын 24-49 УВА улсын дугаартай автомашиныг, шүүгдэгч Д.Бын эзэмшлийн Тоёото приус 20 загварын автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч Н.С, Б.Б, Б.Г, М.Г, Н.Х, Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв. Мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Х ургийн овогт Н-ын С, Д ургийн овогт Б-ын Б, Д ургийн овогт Б-гийн Г, Х ургийн овогт Д-гийн Б, М ургийн Б-гийн Г, Ч ургийн овогтой Н-гийн Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5’400’000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Н.С, Б.Б, Б.Г, М.Г, Н.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч нарыг тэнсэгдсэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын хэмжээ авсугай.

4. Шүүгдэгч Д.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Н.С, Б.Б, Б.Г, М.Г, Н.Х нарт хяналт тавих үүргийг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С, Б.Б, Б.Г, М.Г, Н.Х нар нь тэнссэн хугацаанд тогтоосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг гэж дугаарласан 42 грамм нитрат ион, хоёр гэж дугаарласан 33 грамм нитрат ионыг устгуулахаар Увс аймгийн онцгой байдлын газарт шилжүүлж, Ди ви ди нэг ширхгийг хэргийн хамт хадгалж, ДНШ 6 ИВШП 77397.013 ТУ гэх бичиглэлтэй хоёр ширхэг цаасыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, цахилгаан гаргах мотор нэг ширхэг, төмөр мулдок нэг ширхэг, модон иштэй төмөр хүрз нэг ширхгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Ст буцаан олгож,

- Шүүгдэгч Б.Г-ийн эзэмшлийн Тоёото приус 30 загварын 51-81 УБР улсын дугаартай автомашиныг, шүүгдэгч Н.С-ын эзэмшлийн Бонго жи-2 загварын 24-49 УВА улсын дугаартай автомашиныг, шүүгдэгч Д.Б-ын эзэмшлийн Тоёото приус 20 загварын автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.МӨНХЗАЯА