Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 138

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Ш.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т ургийн овогт Ш-ы А-т холбогдох 2035000000128 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Ш-ы А 1981 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 2-50 тоотод оршин суудаг, урьд нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 168 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, 1999 онд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 240.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэн харгалзсан, 2000 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 50 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, 2004 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар:...........

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ш.А нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хохирогч О.Б-гийн баруун, зүүн гарын бугалга хэсгийг хутгаар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000128 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч О.Б-гийн “...Би 2020 оны 07 сарын 25-ны өдөр Улаангом сумын зах дээр ажил дээрээ байж байгаад манай ойролцоо байдаг Шаазгай гэдэг гутал засвар дотор ороод сууж байтал гаднаас Ш.А гэдэг миний таньдаг залуу орж ирсэн юм. Тэр үед би Ш.Атай тоглоод гараараа гэдэс орчим газарт нь нэг удаа түлхчихсэн юм, тэгээд А бид хоёр маргалдаад Ш.А бид хоёр уг Шаазгай гутлын цехээс гараад Ш.А нь гэдсэндээ хагалгаатай байсан учраас намайг хагалгаан дээр цохчихлоо гээд надад уурласандаа Ш.А намайг шууд хутга гаргаж ирээд эхлээд миний баруун гарын шуу орчим газарт хутгалчихсан юм, тэгээд дахиад миний зүүн гарын шуу орчимд газарт 2 удаа хутгалчхаад цааш явчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

2. Гэрч Т.Ц-гийн “...11-12 цагийн үед Шаазгай гутал засвараас Б, Ш.А гэдэг хоёр зүс таньдаг хоёр залуу хамт дагалдаж гарч ирээд хоорондоо маргалдаж хэрэлдэж байгаад шар царайтай Ш.А гэдэг залуу эхлээд Бг алгадаад газарт унагасан юм. Тэр Б гэдэг залуу нь их согтуу байдалтай байсан тэр үед би зарж байгаа ногоогоо янзалж байтал миний дээд талын эмэгтэй яанаа нэгнийгээ хутгалчих шиг боллоо гэж хэлэхэд би эргээд харахад Б гэдэг залуугийн хоёр гараас нь цус гоожсон байдалтай цус урсаж харагдсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

3. Гэрч М.Э-ын “ ...Би тэр үед урагшаа хараад худалдаа хийчхээд буцаад эргээд харахад тэр А гэдэг ах баруун гартаа барьсан бор иштэй хутгийг /шинэ/ баруун талынхаа өмднийхөө халаас руу хийчихсэн юм. Би эхлээд арай нэгнийгээ хутгалчихгүй байх гэж бодож байтал тэр Б гэдэг хүний гараас цус гарч байгааг хараад би яанаа нэгнийгээ хутгалчихсан байна ш дээ гэж би хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

4. Гэрч Д.Э-ийн “...2020 оны 7 сарын 25-ны өдөр ажлаа хийж байтал өдөр 12 цагийн үед манай дээд талын гутлын цехэд ажилладаг О.Б гэдэг залуу согтуу орж ирээд манай цехэд зүгээр сууж байтал гаднаас танихгүй залуу орж ирээд тэр хоёр залуу хоорондоо бага зэргийн маргалдах шиг болоод манай цехээс хоёулаа хамт гараад явсан. ... Түүний дараа би цехээс гарахад манай урд талд ногоо зардаг хүмүүс Бг танай цехээс хажууд нь дагалдаж гарч ирсэн залуу хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “...Үзүүлэгч О.Б-н биед гэмтэл учирсан байна. Баруун, зүүн бугалгад хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь ир, үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун, зүүн бугалгад хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 551 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

6. Шүүгдэгч Ш.А-ын яллагдагчаар өгсөн “...тэгээд би гутлаа засварлуулах талаар О.Б-тай ярьж байтал, тухайн үед архи уучихсан согтуу байсан О.Б нь хэд хэдэн удаа хагалгаа хийлгэсэн, одоо бас өвчтэй байгаа миний элэг орчим газарт, миний гэдэс рүү гараараа 2 удаа цохихоор нь би миний элэг, дэлүү томорчихсон байгаа, хагараад чамд гай болно гэж би Б-д хэлж байсан юм, тэгээд уурлаад түүнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. Би уурлахаараа биеэ хянах чадваргүй болчихдог юм...” /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт шүүгдэгч Ш.А нь хохирогч О.Б-г гэдэс рүү хатгалаа гэх шалтгаанаар маргалдаж, түүний баруун, зүүн гарын бугалга хэсгийг хутгаар зүсэж баруун, хохирогчийн зүүн бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч О.Б-гийн биед учирсан “баруун, зүүн бугалгад хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтлүүд” нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээч эмчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 511 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогч О.Б-гийн“...Одоо миний биед өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. Би Ш.А-аас нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ш.Ааас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.А нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ш.А-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ш.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Х.Э /хх-ийн 12 дугаар хуудас/-ын мэдүүлэг, гэрч Н.Ө /хх-ийн 13 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны тодорхойлолт /хх-ийн 56 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.А нь урьд 5 удаа гэмт хэрэг үйлдэж шийтгэгдсэн, өвчний учир ялаас чөлөөлөгдсөн, эхийн хамт Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт оршин суудаг болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-т 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550’000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирон гэж дүгнэв.

Шүүгдэгч Ш.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овогт Ш-ы А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-т 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550’000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ш.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 4. Шүүгдэгч Ш.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА