| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2020/0300/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/305 |
| Огноо | 2020-09-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Баянбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Баянбилэг,
Хохирогч А.О-,
Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2038000000308 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б.
Шүүгдэгч Б.Б- нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны дэнжийн ... тоотоос иргэн А.О-ын өмчлөлийн ... улсын дугаартай “...” маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.332.000 /нэг сая гурван зуун гучин хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Дэнжийн ... тоот хашаанаас иргэн А.О-ын өмчлөлийн ... улсын дугаартай “...” маркын автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.332.000 төгрөгийн хохирол учруулж “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дугаар хуудас/,
- Хохирогч А.О-ын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хулгайд алдагдсан гэх “...” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10 дугаар хуудас/,
- Хохирогч А.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 13-ны өглөө 06 цагийн үед босоод гэрээсээ гарсан чинь хашааны том хаалга онгорхой, машин алга болчихсон байсан. Тэгээд гэртээ орж нөхөртөө хэлсэн чинь “үгүй байлгүй дээ, сайн хараач байгаа байлгүй дээ” гэж хэлэхээр нь дахиж гарч харсан машин маань байхгүй алга болчихсон байсан. Манайх гэрийнхээ гадаа камертай байсан болохоор камераа ухрааж үзсэн чинь бичлэг нь 18 хоногоор хадгалдаг болохоор бичлэг нь дүүрээд тухайн үеийн бичлэг гарч ирэхгүй байсан болохоор хэн авсныг нь мэдэхгүй байсан тул Хатгал тосгоны 2 цагдаагийн дугаар руу залгасан чинь холбогдох боломжгүй байна гэж хариу өгч байсан. Тэр залгасан дугаар маань одоо байгаа цагдаагийн дугаар мөн бишийг нь сайн мэдэхгүй байна. Манай нөхөр машиныхаа мөрийг хайгаад явсан. Би аймгийн цагдаагийн 7038102 дугаар руу залгаж машинаа алдсан тухайгаа хэлэхэд, таны дуудлагыг хүлээн авлаа сумын цагдаа руу чинь хэлж өгье гэсэн. Удалгүй Батзориг цагдаа над руу залгахад нь машинаа алдсан талаар хэлсэн чинь цагдаагийн утасны цаана манай нөхөр машинаа алдчихлаа гэж ярьж байхаар нь цагдаад манай хүн оччихсон юм байна гээд утсаа тасласан. Тэгээд манай нөхөр Батзориг цагдаатай цуг мотоциклиор машинаа хайж “Шунхлай” колонкийн камерыг шалгаж үзэхэд колонкийн эрхлэгч Б.Ү-ээлжинд хонож байсан юм билээ. Тэгээд колонкоос бензин авч байсан бичлэг байсан. Тухайн бичлэгийг Батзориг цагдаа утсан дээрээ хуулбарлан авсан. Мөн тухайн колонкийн ээлжинд гарч байсан Б.Ү-манай машиныг таниад дотор нь жолоодож явсан хүнийг нь хараад танихгүй хүн яагаад А.О-ын машиныг унаж явдаг юм бол гэж дотроо бодсон гэж байна лээ. Хүн хулгайлж явсныг нь мэдээгүй гэж ярьсан. Тэгээд Батзориг цагдаа эрэн сурвалжилж хайж байгаад Алаг-Эрдэнэ сумын “Яргис” гэдэг багаас олж авсан байгаа юм. Би машинаа олж авсан. Миний машины цахилгаан бүгд шатсан, доод эд анги эвдэрсэн, урд хойд гупер хонхойсон, урд талаар шон мөргөсөн байсан. Ер нь нилээн их гэмтэл учирсан байсан. Би гомдолтой байна. Машинд учирсан хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
- Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хатгал тосгоны “Булаг” гэх газарт хадам ээжийндээ байж байгаад 2020 оны 06 дугаар 13-ны өглөө Хатгал тосгонд байдаг хүргэн ах Д.Б-ийнд ирж тэднийд хоносон. Хүргэн ахтай цуг манай нөхөр “Хараа” нэртэй архи уусан. Нилээн согтуу байсан. Би сайн мэдэхгүй байна. Би гэрт байсан. Манай нөхөр хүргэн ах хоёр гадаа архи ууж байсан. Манай нөхөр гэрт орж ирээд гарах гэхээр нь хайчих гэж байгаа юм гэж асуухад хальт гарчихаад ирье, гээд гараад явсан. Би бодохдоо машиндаа орж унтах гэж байгаа юм байна л гэж бодсон юм. Тэгсэн чинь тэр чигтээ маргааш нь алга болоод утас нь холбогдохгүй байсан. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын 14-ний орой над руу манай нөхөр Б.Б- залгаад би цагдаа дээр байна хүрээд ир гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
- Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр өдөр баз Б.Б- эхнэр хүүхдийн хамт манайд ирсэн. Б.Б-тай цуг 0,75 граммтай “Хараа” нэртэй архи уусан юм. Гадаа машинд нь жаал юм ярьж байгаад гэртээ цуг орсон. Тэгээд би унтаж амарсан. Тэгээд өглөө Б.Б- байхгүй байсан, хайччихсаныг нь би сайн мэдэхгүй байна. Эхнэрээс нь асуусан чинь өчигдөр шөнө гараад явсан, бие засах гэж гарсан юм байх л гэж бодсон юм гэж надад хэлсэн. Нөгөөдөр нь буюу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эхнэр нь над руу залгаад нөгөө Б.Б- чинь хүний машин унаад явчихсан гээд цагдаа дээр байна. Намайг хүрээд ирээч гэж байна гэж манайд ирж хэлсэн. Тэгэхэд нь би мэдсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
- “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн “үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.332.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Прокурорын тогтоолтой танилцсан. Санал нийлж байна. ...2020 оны 06 дугаар сарын 11-ний орой Мөрөн сумаас Хатгал тосгонд Б- гээд айлд ирсэн. Тэднийд байж байгаад хоноод маргааш нь буюу 2020 оны 06 дугаар сарын 12-ны орой нь Б- ах бид 2 нэг шил 0,75 граммтай Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд ахтай юм ярьж сууж байгаад тасарчихсан байсан. Маргааш өглөө нь буюу 13-ны өглөө ухаан ороод харсан чинь Алаг-Эрдэнэ суманд улаан өнгийн машин уначихсан явж байсан. Тэгээд Хатгал руу явж байгаад цагдаад баригдсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2015 оны 10сард согтуу мотоцикль унаж яваад гэрлийн шон мөргөөд толгойдоо гэмтэл авсан. Түүний улмаас групп авдаг байсан. Одоо ч бас ярьсан зүйлээ мартаад байдаг” гэх мэдүүлэг / хх-ийн 21 дүгээр хуудас/
- Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 42 дугаар хуудас/,
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны: “Б.Б- нь 2015 оны 11 сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 сарын 26-ныг хүртэл халамжийн групп авч байсан” гэх тодорхойлолт /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогчийн өөрийн эд хөрөнгөндөө хайхрамжгүй хандсан байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Б.Б- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Б- нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Дэнжийн ... тоот хашаанаас иргэн А.О-ын өмчлөлийн ... улсын дугаартай “...” маркын автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.332.000 төгрөгийн хохирол учруулж “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дугаар хуудас/, хохирогч А.О-ын цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хулгайд алдагдсан гэх “...” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10 дугаар хуудас/, хохирогч А.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, /хх-ийн 20-22-р хуудас/, гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/, “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн “үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.332.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-30 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор,
төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгчийн мэдүүлж байгаа “...архи уугаад согтуудаа унаад явчихсан” гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгчийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, амар хялбар аргаар эд хөрөнгө олох, иргэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг байдал, эд хөрөнгөө хайхрамжгүй байдлаар орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.Б- нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Дэнжийн ... тоот хашаанаас иргэн А.О-ын өмчлөлийн ... улсын дугаартай “...” маркын автомашиныг хууль бусаар авч 1.332.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.
Шүүгдэгч Б.Б-йн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 1.332.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь хохирогчид 300.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх “ХААН” банкны орлогын мэдүүлгийн баримт, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан талаарх мөнгөн шилжүүлгийн баримт зэргийг үндэслэж нийт 1300.000 төгрөг төлөгдсөн.
Хохирогч А.О- шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б-ас 512.000 төгрөгийг нэхэмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Итгэлт-Эстимэйт” ХХК-д эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн 52.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “МТ” шатахуун түгээх станцын 48.000 төгрөгийн шатахууны ПОС системийн баримт, 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн “МТ” шатахуун түгээх станцын 20.000 төгрөгийн шатахууны ПОС системийн баримт, 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн “МТ” шатахуун түгээх станцын 55.500 төгрөгийн шатахууны ПОС системийн баримт, 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “МТ” шатахуун түгээх станцын 20.000 төгрөгийн шатахууны ПОС системийн баримт, 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “МТ” шатахуун түгээх станцын 10.000 төгрөгийн шатахууны ПОС системийн баримт, 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Шунхлай Петролиум” ХХК-ийн Хатгал шатахуун түгээх станцын 9.630 төгрөгийн шатахууны ПОС системийн баримт, 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Хөвсгөл Дэлгэрхаан” гэх 10.500 төгрөгийн ПОС системийн баримт зэргийг гарган өгч, замын зардал болон “...миний автомашины МР тоглуулагчийг эвдэж гэмтээсэн тул нэхэмжилнэ” гэв.
Шүүх дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
Хохирогч А.О-ын өмчлөлийн ... улсын дугаартай “...” маркын автомашинд учирсан хохирол үнэлгээгээр /хх-ийн 29-30/ 1.332.000 төгрөг гэж тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн хувьд үнэлгээгээр тогтоогдсон хохирлоос 1.300.000 төгрөгийг нөхөн төлсөн, 32.000 төгрөг төлөгдөөгүй, хохирогчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн замын зардлын талаарх дээрх нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлж шүүгдэгчээс гэмт хэргийн хохирол, хор уршигт нийт 251.010 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Харин хохирогчийн “миний автомашинд байсан МР тоглуулагчийг эвдэж гэмтээсэн тул нөхөн төлүүлнө” гэснийг хэрэгт энэ талаарх баримтууд авагдаагүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөр төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Б.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас түүнд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилээр тэнсэх” санал гаргасныг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар, Хөвсгөл аймгийн “Хот тохижуулах үйлчилгээний төв” ХХК-д хийлгэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-йг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар, Хөвсгөл аймгийн “Хот тохижуулах үйлчилгээний төв” ХХК-д хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ас 251.010 /хоёр зуун тавин нэгэн мянга арав/ төгрөгийг гаргуулж хохирогч А.О-д олгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ