| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 102/2018/00152/И |
| Дугаар | 001/ХТ2018/01465 |
| Огноо | 2018-10-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2018/01465
Ш.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1098 дугаар магадлалтай,
Ш.Б-гийн нэхэмжлэлтэй
Б.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2.188.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарантуяа, нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Ш.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Б.Б-д 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3.900.000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй, 100 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Гэтэл хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө өгөөгүй бөгөөд ажиллуулж байсан лангуугаа орхиж явсан байдаг. Б.Б- Хаан банкаар 2.021.000 төгрөгийг Т.Ууганцэцэгийн дансаар, Төрийн банкаар 240.000 төгрөгийг Ш.Сарантуяагийн дансаар, Ш.Б-д 100.000 төгрөг бэлнээр, 45.000 төгрөгийг лангуун дээр нь очиход бэлнээр, 35.000 төгрөгийг АТМашинаар хийсэн. Иймд Б.Б-гаас үндсэн зээлийн үлдэгдэл 1.459.000 төгрөг, зээлийн гэрээнд тусгагдсан 0.5 хувийн алданги /1 өдөр 7.290 төгрөг/, нийт 2.188.500 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Б.Б-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Ш.Б-гийн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн талаар нийт 2.188.500 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг зээл нь н.Ууганцэцэг, н.Сарантуяа нарын Төрийн банк, Хаан банкны дансаар бүрэн төлөгдсөн. Уг зээл нь 100 хоног, өдрийн 39.000 төгрөгөөр төлсөн нь банкны дансны хуулгаар бодитоор харагдана. Би тухайн зээлийг зээлж аваад, энэ 2 хүний дансанд 3.900.000 төгрөг болгон хүүтэй нь бүрэн төлж барагдуулсан учраас дараагийн зээлээ авдаг байсан. Хэрэв тухайн зээл нь дутуу бол дараагийн зээлээс хасч, урдны өр төлбөрийг дуусган дахин гэрээ хийж зээлээ авдаг байсан. Энэхүү зээлээс хойш хэд хэдэн удаа зээл авч, бүгдийг нь бүрэн төлж барагдуулсан. Би энэ зээлийн дараа 2014 онд хүртэл хэд хэдэн удаа зээл авч, бүгдийг нь өндөр 10 хувийн хүүтэй төлсөн. Би бөөрний хүнд өвчтэй, аппаратанд орж амьдардаг тул төлбөрийг төлөх чадваргүй байна гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/00563 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 2.062.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 126.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49.970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1098 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/00563 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-гаас 1.403.175 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 785.325 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...47.950 төгрөг... гэснийг ...37.401 төгрөг... гэж тус тус өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Б-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.670 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Б.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээ нь хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн, мөнгийг төлж барагдуулсан. Тухайн зээлийн гэрээгээр 2013 оны 12 сарын 30-ны өдөр Ш.Б-гаас 3.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 100 хоногийн хугацаатай аваад эргүүлэн банкаар болон бэлнээр төлсөн байхад 5 жилийн дараа хүү алданги нэхэмж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие 2016 оны 01 дүгээр сараас эхлэн бөөрний дутагдалд орж ажлаа хийж чадахаа байж, хэвтрийн өвчтэй болсон. Иймд миний энэхүү асуудлыг нухацтай нааштайгаар шийдэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг анхаарч, надаас 1.403.175 төгрөг гаргуулахаар буруу шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Ш.Б-, Б.Б-д холбогдуулж зээл 1.459.000 төгрөг, алданги 729.000 төгрөг, нийт 2.188.500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч төлбөр төлсөн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 2.062.500 төгрөгийн шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүх 1.403.175 төгрөг гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, зээлийн эргэн төлөх хугацааг 100 хоногоор тогтоож, сарын 10 хувийн хүү, хугацаа хэтэрвэл хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ.
Анхан шатны шүүх хариуцагчийн төлсөн мөнгөний хэмжээг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүх залруулж, зээлийн үлдэгдэл 1.122.540 төгрөг, алдангид 280.635 төгрөг нийт 1.403.175 төгрөг хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасантай нийцсэн байна.
Хариуцагч зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлж, үүргээ биелүүлснээ нотлоогүй байна.
Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2014 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон боловч хариуцагч 2014 оны 11 сар хүртэл зээлийн төлөлт хийсэн, өмнө нь нэхэмжлэгч 2017 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргасныг шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэгч дахин 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд хандсан нь “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил байна, хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ...үеэс үүснэ” гэсэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасныг зөрчөөгүй тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.
Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1098 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 37.400 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ