Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 419

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Цэдэн-Ишийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/06722 дугаар шийдвэртэй, Ч.Цэдэн-Иш, Ц.Ариунбаяр нарын нэхэмжлэлтэй, “Алтайн таван богд хайрхан” ХХК, “Жинчин групп” ХХК, Г.Батчулуун нарт холбогдох,

 

Гэм хор учруулсаны хохирол болох 243 869 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, “Жинчин групп” ХХК-ийн Ч.Цэдэн-Ишид холбогдох 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Бараа материал нийлүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “Алтайн таван богд хайрхан” ХХК, Г.Батчулуун нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Ариунбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваачамба,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Жавхлантөгс,

Хариуцагч “Алтайн таван богд хайрхан” ХХК, Г.Батчулуун нарын өмгөөлөгч Ц.Алимаа,

Хариуцагч “Жинчин групп” ХХК-ийн өмгөөлөгч Б.Баттөмөр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Цэдэн-Иш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2011 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Шар хоолойн их амны задгайд 2 давхар дүнзэн байшин барьж дуусгаад халаалтын асуудлаа шийдэхээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байсан газарт очиход “Алтайн таван богд хайрхан” ХХК-ийн ажилтан 140 м.кв талбайд цахилгааны төлбөр 200 000 төгрөгөөс хэтрэхгүй гэсэн хүчин чадлын үзүүлэлтийн тооцоо гаргаж, танайд Вин-10 зуух таарна гэсний дагуу захиалга өгсөн. Г.Батчулуун захиралтай уулзаж, 2011 оны 5 дугаар сарын 20-ны үеэр 3 000 000 төгрөг өгч, зуухыг наадмын өмнө нийлүүлэх болсон. 10 сард нь н.Даваасүрэн гэж хүн ирээд акт баримт үйлдэлгүй, зуух тавьж өгсөн. Уг зуухны цахилгаан хэмнэлт бага гэсэн боловч төлбөр 500 000 – 600 000 төгрөг гараад байхаар нь хэлэхэд багасгах байлгүй дээ гэсэн. Суурилуулсан зуух сайн халахгүй, цахилгаан хуваарилах самбар дуугараад байхаар нь дуудлага өгөхөд самбар дотроо шатсан байна гээд шинийг хийсэн. Тэр нь мөн дугараад утас орсон хэсэгтээ оч хаяад байна гэхэд ирж үзээд ямар ч арга хэмжээ авалгүй зөвхөн утасны болтуудыг чангалах төдий болоод явсан.

2011 оны 1 дүгээр сарын 30-ны орой 17 цагийн үед 2 давхарт байж байтал гэнэт гэрэл тасраад утаа үнэртээд байх шиг болохоор нь узелийн өрөөнд ортол зуухны хянах самбараас гал дүрэлзээд арын модон хана шатсан. Би юмаар дарж унтраах гэсэн боловч хүчтэй шатаж, эхнэр бид хоёр зугтаж гарсан. Байшин, машин бүгд шатсан. Цагдаагийн хэлтсээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч шалгалтын явцад Г.Батчулуун гэрээгээр тохирсон Вин-10 биш Вин-7 зуухыг суурилуулсан нь тогтоогдсон. Ингээд “Honda HRY” загварын автомашин 12 000 000 төгрөг, хөдлөх хөрөнгө буюу эд хогшил 101 619 800 төгрөг, эхнэр бид хоёрын биед учирсан хохирол 80 000 000 төгрөг, нийт 243 869 800 төгрөгийн хохирол учирсан нь үнэлгээний компанийн үнэлгээгээр  тогтоогдсон.

Үзэсгэлэн худалдааг “Алтай таван богд хайрхан” ХХК зохион байгуулсан, “Жинчин групп” ХХК-тай гэрээ байгуул гэж Г.Батчулуун хэлсэн. Халаалтын зуух нийлүүлэх тохиролцоо Г.Батчулуун, Ч.Цэдэн-Иш нарын хооронд үүссэн, зуухны төлбөр 3 000 000 төгрөг Г.Батчулуун хүлээн авсан бөгөөд зуух худалдсан талаар маргаагүй. Г.Батчулуун гэрээгээр тохирсон халаалтын зуух нийлүүлээгүй Вин-7 зуухыг суурилуулж 190 м.кв талбайтай байрыг халаахад хүчин чадал нь хүрэхгүй, тасралтгүй ажилласнаас гал гарсан. Төхөөрөмж нь тодорхой хугацаанд унтарч асч байх атал тасралтгүй ажиллаж хохирол учирсан шалтгаант холбоотой. Иймд Г.Батчулуунтай худалдах, худалдан авах гэрээ хийсэн тул хохирлыг гаргуулна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Ариунбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2012 оны 1 дүгээр сарын 30-нд байшинд гал гарахад гарааж дотор миний эзэмшлийн “Honda HRY” загварын автомашин хамт шатсан, уг машиныг 12 000 000 төгрөгөөр үнэлсэн тул хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Алтайн таван богд хайрхан” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Халаагуурыг “Жинчин групп” ХХК-тай гэрээ хийж авсан учраас манай компанид хамааралгүй. Вин-7, Вин-10 цахилгаан халаагуур ачаалал ихэдсэн үед өөрөө унтарч байх ёстой. Ч.Цэдэн-Иш халаагуурын ажиллах зарчмыг зөрчиж, цахилгааны хэт ачаалал үүсгэсэн гэж үзэж байна. Цахилгаан халаагуур суурилуулсан айл болгон галын аюулгүйн хайрцагтай байх ёстой байтал уг хайрцаг байгаагүйн улмаас гал гарах үндэс болсон гэж үзнэ. Уг халаагуурыг холбож өгсөн гэх гэрч Даваасүрэнг манай компани явуулаагүй. Халаагуурын соронзон автомат нь халуунаа өөрөө мэдэрч унтардаг. Нэхэмжлэгч Вин-10 халаагууртай өөр цахилгаан хэрэгсэл залгасан учраас ачааллаа дийлэхгүй гал гарах нөхцөл бүрдсэн. Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон байна. Иймд хохирлыг манайх хариуцахгүй гэжээ.

 

Хариуцагч “Жинчин групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компанийг хариуцагчаар татсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээчийн дүгнэлтэд гал түймрийн голомт нь Ч.Цэдэн-Ишийн эзэмшлийн 8х10 м.кв хэмжээтэй монсардтай 1 давхар байшингийн үүдний өрөөтэй зэрэгцэн байрлах өрөөний дотор цахилгааны хуваарилах самбарын хэсэг болно, 6-д цахилгаан хуваарилах самбарын хэсэгт цахилгааны утсанд богино холболт үүссэний улмаас оч хаяж гал түймэр гарсан байна” гэсэн. Мөн 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шинжээчийг байцаасан тэмдэглэлд “хэрэглэгч нь холбогдсон хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага гарсан тухай бүрт техникийн нөхцөл олгосон газар /УБЦТС ХК/-д хандаж, тодруулга авах, шинээр техникийн нөхцөл авах ёстой. Тухайн айлд тавигдсан цахилгаан тоног төхөөрөмжүүдийн нийлбэр хүчин чадал хэтэрснээс халалт үүсч гал гарсан байна.

Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 5.11-д иргэн өөрийн орон сууц, гарааж, хашаа, туслах аж ахуйн болон зуслангийн байрны цахилгаан шугам, дотоод холболт, цахилгаан хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, галын аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагыг бүрэн хариуцахаар заасан. Халаагуурыг суурилуулахад зөвшөөрөл авахгүй, хэрэглэгч өөрөө зураг төслийн байгууллагад хандан зураг төсөл хийлгэж, техникийн шийдэл гаргуулах ёстой. Техникийн шийдэл гэдэг нь тухайн шинээр нэмж тавьж буй төхөөрөмжийг хаанаас холбох, бусад хэрэглээг хаанаас холбохыг хэлж зааж өгөх ёстой. Хэрэглэгчийн буруугаас болж гарсан галын хохирлыг бусад этгээд хариуцах боломжгүй.

Бараа материал нийлүүлэх гэрээний 3.1-д захиалагч нь гэрээний нийт төлбөрийн 100 хувь болох 3 000 000 төгрөгийг барааны нийлүүлэгчид гэрээнд гарын үсэг зурсан өдөр төлнө гэж заасан. Захиалагч Ч.Цэдэн-Иш, “Жинчин групп” ХХК-д төлбөр төлөөгүй, бараа нийлүүлэх гэрээний харилцаа үүсээгүй, зуухны үнэ 3 000 000 төгрөгийг Г.Батчулуунд хүлээлгэн өгсөн байхад манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч Г.Батчулуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гал түймэр гадны санаатай үйлдлээс болж гараагүй, хуваарилах самбарын хэсэгт, цахилгааны утсанд богино холболт үүссэний улмаас оч хаяж гал түймэр гарах шалтгаан болсон гэж шинжээчид дүгнэлт гаргасан. Зарим шинжээчид гал гарсан бодит нөхцөл байдалд дүгнэлт хийхгүй, өөрсдийн таамаг бодолдоо хөтлөгдөн, бодит үндэслэлтэй дүгнэлт гаргахгүй, өмнөх дүгнэлтийг хуулбарласан. Тухайлбал ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээч, Гамшиг судлалын хүрээлэн нэгдсэн лабораторийн шинжээчид, Онцгой байдлын Ерөнхий газрын шинжээч нарын дүгнэлтээр “Вин-10 зуух тохирох үндэслэлтэй байна...” шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэснээс өөр тодорхой дүгнэлтийг гаргаагүй. Ч.Цэдэн-Иш 2011 оны 10 дугаар сарын 08-ны өдөр техникийн үзүүлэлтийг сүүлд нөхөж авсан.

Хэрэглэгч нь холбогдсон цахилгаан нэмэгдүүлэх шаардлага гарсан тухай бүр техникийн нөхцөл олгодог газраас тодруулга авах, шинээр дахин техникийн нөхцөл авах ёстой. Тухайн хэрэглэгчийн гэрт тавигдсан цахилгаан тоног төхөөрөмжийн нийлбэр хүчин чадал хэтэрснээс халалт үүсч гал гарсан. Вин-7, Вин-10 суурилуулахад өөрчлөлт орохгүй, 7 квт, 10 квт аль нь ч тухайн айлын хуваарилах самбарт хийгдсэн утас автоматууд шаардлага, норм, дүрэм хангаагүйгээс гал гарах үндэс болсон. Тухайлбал утас холбогдох, халалт өгөх байдал нь гал гарах үндэс болсон. Холболт хийсэн нь зөв байна гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгчид Вин-7 биш Вин-10 гэсэн зуухыг өгсөн, иргэн Б.Өлзийсайхан Орос улсаас Вин-7, Вин-10 гэсэн зуухаас нэг, нэг ширхэгийг авчирсан талаар баримт байгаа. Цахилгаан халаагуур олноор оруулж ирээгүй гэдэг нь Гаалийн Ерөнхий газрын 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр тогтоогдоно. Гал түймрийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 243 869 800 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч “Жинчин групп” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Бараа, материал нийлүүлэх гэрээ байгуулсныг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Энэхүү гэрээ анхнаасаа биелэгдэх боломжгүй гэрээ хийгдсэн. Вин-3, Вин-40, Вин-45 загварын халаалтын зуух туршихаар гэрээ хийсэн боловч Монгол Улсын хилээр орж ирээгүй. Дүр үзүүлж хийсэн хэлцэл, энэ хэлцэл үр дагавар үүсэх үндэслэлгүй тул хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Бараа, материал нийлүүлэх гэрээ байгуулсныг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч “Алтайн таван богд хайрхан” ХХК болон Г.Батчулуун нараас 176 868 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэдэн-Ишид 164 868 800 төгрөг, нэхэмжлэгч Ц.Ариунбаярт 12 000 000 төгрөгийг тус тус олгож, 67 001 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар Ч.Цэдэн-Ишид холбогдох 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Бараа материал нийлүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “Жинчин групп” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 535 270 төгрөг, сөрөг нэхэмжлэлд төлсөн 62 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Алтай таван богд хайрхан” ХХК, Г.Батчулуун нараас 1 042 294 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Цэдэн-Иш, Ц.Ариунбаяр нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Алтай таван богд хайрхан” ХХК-ийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг “Алтай таван богд хайрхан” ХХК-ийн захирал Б.Эрхэс-Од надад мэдэгдээгүй, би гарын үсэг зураагүй байсан. Цахилгаан халаагуурыг нийлүүлэгчийн болгоомжгүй үйлдэл, үйл ажиллагаанаас гал гарах шалтгаан гэж шүүх үзсэн нь туйлын буруу, бодит байдалд дүгнэлт хийгээгүй өрөөсгөл хэт нэг талд үйлчилсэн, үнэн байдлыг нарийвчлан тогтоож чадаагүй, хариуцагч талыг оролцуулж шийдвэрлээгүй, хэргийг шийдвэрлэсэн болох гэж хичээсэн хуулийн үндэслэл муутай шийдвэр болсон.

Цахилгаан халаагуур нь цахилгаан бараа дэлгүүрээс худалдан авч хэрэглэдэгтэй адил. Гэтэл нэхэмжлэгч өөрийн буруугаас байшингаа шатаачихаад цахилгаан төхөөрөмжид чихэж хариуцагчийг буруутгаж, шүүхээс түүнийг дэмжиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Уг хэрэгт гал гарсан шалтгаан тогтоох 5 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан.

1. ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дүгнэлтээр “гал түймрийн голомт нь Ч.Цэдэн-Ишийн эзэмшлийн байшингийн үүдний өрөөтэй зэрэгцэн байрлах өрөөний дотор цахилгаан хуваарилах самбарын хэсэгт байсан болно, гал түймэр нь ямар нэгэн гадны хүний санаатай үйлдлээс болж гараагүй, цахилгаан хуваарилах самбарын хэсэгт цахилгаан утсанд богино холболт үүссэний улмаас оч хаяж гал түймэр гарсан байна” гэсэн бөгөөд мөрдөн байцаагчийн зарим асуултад хэрэгт ач холбогдолгүй гэсэн үндэслэлээр хариулаагүй байна.

2. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтэд “Жинчин групп” ХХК нь ОХУ-ын Алтернативная энергия ХХК-тай байгуулсан гэрээний 3.3-т, 3-40 квт-ын Вин гэх индукцэн халаагуурыг худалдан авах гэрээтэй бөгөөд бүс нутгийн сертификат гэрчилгээ, нэрийн хуудастай байна. Хэрэглэгч буюу захиалагч Ч.Цэдэн-Ишийн “УБЦС” ХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1824/2011 тоот техникийн нөхцөлийн 9.1-т “схем холболт хүчин чадлыг тус компаниар хянуулах”, 9.2-т “Щитний газардуулгыг норм дүрмийн дагуу хийлгэн холбогдох газраар шалгуулж протокол авсан байх”, 9.3-т заасныг мөрдөөгүй, барилга дотор болон гадна цахилгаан хангамжийн ажлын зураггүйгээр угсралтын ажлыг хийлгэсэн байна” гэжээ.

3. Гамшиг судлалын хүрээлэнгийн Нэгдсэн лабораторийн шинжээчийн дүгнэлтэд “2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ... байгуулсан гэрээгээр нийлүүлэх Вин-10 зуухны оронд Вин-7 цахилгаан зуухыг суурилуулсан нь ... 416 м.кв байшинг халаах хүчин чадал хүрэхгүй, тасралтгүй ажилласнаас ... хяналтын самбарт халалт өгч цахилгаан утасны дулаан тусгаарлах бүрээс хайлж, богино холболт үүсч гал түймэр гаргах шалтгаан болсон байх үндэслэлтэй. Уг дүгнэлтийн хувьд “А.Даваасүрэн нь “Жинчин групп” ХХК-ийн ажилтан учир “Алтай таван богд хайрхан” ХХК, Г.Батчулуун нарт ямар ч хамааралгүй. Хяналтын самбартай төхөөрөмжийг байнга ажиллуулсан нь хэрэглэгчийн өөрийн үйлдэл, үйл ажиллагаа бөгөөд өөрөө хүссэнээрээ ажиллуулж байсан нь түүний буруутай ажиллагаатай холбоотой” гэжээ. Мөн дүгнэлтэд цахилгаан халаагуур Вин-10-ийн оронд Вин-7-г суурилуулсан нь байшинг халаах хүчин чадал хүрэхгүй халаалтын зуухны хяналтын самбарт халалт өгснөөс гал түймэр гарах болсон гэсэн атлаа цахилгаан хуваарилах самбар дотроо шатсан гэх ойлгомжгүй, хоорондоо зөрчилтэй, хуулийн болон бодит үндэслэлгүй дүгнэлт гарсан бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндэслэл болгох нотолгооны бүрэн чадамжгүй нь илэрхий байна.

4. Онцгой байдлын Ерөнхий газрын ГТТГ-ын шинжээчийн дүгнэлт нь бүхэлдээ дээрх Гамшиг судлалын нэгдсэн хүрээлэнгийн лабораториас гаргасан дүгнэлтийн хуулбар мэт, хуулийн заалтуудыг зөрчсөн, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, гал гарсан шалтгаан нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, тусгай мэдлэгээ ашиглан үзлэг шинжилгээ судалгаа хийх шаардлагатай байхад хүмүүсийн тайлбар зэргийг үндэслэн дүгнэлт гаргасан.

5. “УБЦТС” ХК-ийн ХААХ-ын техник хяналтын инженерийн дүгнэлтэд “Ч.Цэдэн-Иш УБЦТС ХК-иас 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1824/2011 тоот техникийн нөхцөл олгогдсон байна, аль хуваарилах самбараас гал гарсныг тодорхойлох боломжгүй, ямар цахилгаан халаалтын төхөөрөмж ашигласан нь тодорхойгүй байна” гэсэн дүгнэлт хийсэн. Харин уг дүгнэлтээр Эрчим хүчний хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэжээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрчим хучний хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр хуваарилах самбараас эхлэн гал гарсан гэж байхад, Гамшиг судлалын нэгдсэн хүрээлэнгийн лабораториос гаргасан шинжээчийн дүгнэлтээр хяналтын самбар гэж будилуулсан.

Шинжээчийн дүгнэлт болон хэрэгт байгаа баримтуудыг судалж үзэхэд Вин-7. Вин-10 цахилгаан халаагуурын алиныг ч Ч.Цэдэн-Ишийн байранд суурилуулахад удирдлагын самбарт өөрчлөлт орохгүй бөгөөд харин утас сул холбогдох, халалт өгөх, цахилгааны ачаалал ихдэх зэргээс богино холболт үүсч гал гарах нөхцөл бүрдсэн байна. Гал гарсан шалтгаант холбоо нь хэрэглэгчийн цахилгаан халаагуурыг хэт ажиллуулснаас санамсар болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн, хувиарлах самбарын хэсэгт цахилгаан утасанд богино холболт үүссэний улмаас оч хаяж гал түймэр гарах шалтгаан болжээ гэж 5 шинжээчид бүгд нэгдсэн дүгнэлтэд хүрсэнийг шүүх анхаарсангүй. Вин-7, Вин-10 халаагуурын алиныг ч суурилуулахад удирдлагын самбарт өөрчлөлт орохгүй бөгөөд харин утас сул холбогдох, халалт өгөх, цахилгааны ачаалал ихдэх зэргээс богино холболт үүсч гал гарах нөхцөл бүрдсэн гэж шинжээч Өлзийцэцэг, Цагаанцоожийн гаргасан дүгнэлт мэдүүлэг зэргээр нотлогдож, Ч.Цэдэн-Ишийн өөрийн шууд буруутай ажиллагаанаас болсон байхад шүүх гал гарсан шалтгаант холбоо цахилгаан халаагуур нийлүүлэгчийн санамсар болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж шийдвэрлэсэн нь хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэр болжээ.

Үнэлгээний тухайд. "Лэндс" ХХК-иас нэхэмжлэгч Ч.Цэдэн-Ишийн байшинг 90 250 000 төгрөг, "Hondo HRY" маркийн автомашиныг 12 000 000 төгрөг, үл хөдлөх хөрөнгө буюу тавилга эд хогшлыг 52 238 800 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит үнэлгээнд үндэслээгүй, нотлох баримтад тулгуурлаагүй, хэний өмчлөлийн гэдэг нь тодорхойгүй, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл үнэлгээгүй, газар эзэмших гэрчилгээгүй, хэдийд хэдэн төгрөгөөр ямар материалаар барьсан нь тодорхойгүй байхад зөвхөн хариуцагчийн үйлдэл, үйл ажиллагаанаас болсон гэсэн нь үндэслэлгүй. Шүүх эрэгтэй хүний алт мөнгө эдлэл хувцасны үнэ 74 618 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Ийм алт мөнгөн эдлэл байсныг хэн ч нотлоогүй. Шатсан байшингийн бодит хохирлыг "Лэндc” ХХК-иас ямар нэг нотлох баримтанд тулгаруулаагүй үнэлж, шүүхээс гэм хорын хохирол гэж шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчсөн.

Вин 10, Вин 7 цахилгаан халаагуурын тухайд. Гал түймрийн асуудлыг шалгаж гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч Г.Батчулуунаас Вин-10 цахилгаан халаагуурыг Ч.Цэдэн-Иш өөрөө авч байшиндаа аваачсан, Вин-7 цахилгаан халаагуур манай компанийн складанд хадгалагдаж байсныг мөрдөн байцаагч Батсайхан зургийг авч эрүүгийн хэрэгт хавсаргасны улмаас шинжээч нар Вин-7 халаагуурыг байшинд тавьсан гэж буруу ташаа дүгнэлт гаргасан. Г.Батчулуун шүүх хуралд мөрдөн байцаагч Батсайханыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргаж, тэрээр өгсөн мэдүүлэгтээ хэргийг шалгах явцад дээрх байдлыг хүлээн зөвшөөрсөн байхад шүүх дүгнэлт хийгээгүй орхисон. Нэхэмжлэгчийн байшинд Вин-7 биш, Вин-10 цахилгаан халаагуур шатсныг шинжээчид болон шүүх ойлгоогүй дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн байранд нотлох баримтаар Вин-7 халаагуур нь байгаа.

Вин халаагуурыг ажиллуулах зарчим хориглох зүйлийн талаар шүүхийн шийдвэрт тусгасан тухайд: Вин халаагуурыг газардуулгад холболгүйгээр залгаж асаахыг хориглоно, халаагуурыг дулаан дамжуулах агентыг албадан циркуляц эргэлтгүйгээр залгаж асаахыг хориглоно, халаагуурын цахилгаан төхөөрөмжид саатал, гэмтэл гарсан нөхцөлд залгаж асаахыг хориглоно, кранууд хаалттай байхад ажиллуулахыг хориглоно. Учир нь дулаан дамжуулах агент болон индүкцийн ороомог хэт халж, гидро системийн элементүүд дээр их ачаалал ирэх учир энэ нь ослын горим байх болно. Удирдлагын цахилгаан шүүгээн дээр нэмэлт залгуур, чийдэн, сэнс зэргийг угсрахыг хориглоно гэж /вин халаагуурын орчуулгаас/ шүүхийн шийдвэрт тусгасан нь нэхэмжлэгч, хариуцагч нарын алинд нь хамааралтай заалт болохыг тогтоогоогүй, хариулт өгөлгүй шийдвэртээ ямар санаатайгаар тусгасан нь мэдэгдэхгүй орхисон. Зааврын 5.2-д Хүрээлэн буй орчны хэм +5с-ээс бага байгаа тохиолдолд халаагуурыг залгаж ажиллуулахын өмнө 24 цагаас багагүй хугацааны туршид +5с-ээс дээш хэмтэй нөхцөлд байлгах шаардлагатай гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн. Харин шүүх хариуцагч Г.Батчулуун цахилгаан халаагуур ажиллуулах журам зөрчсөн мэтээр үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Гэрч А.Даваасүрэнгийн мэдүүлгээр: Вин-10-ыг холбосон, нэхэмжлэгч Ч.Цэдэн-Ишийнд хоёр удаа очсон байшин дулаан алдагдалтай байснаас хуурай тень ажиллуулж байсан, 24 цаг ажиллаад 12 цаг амраах горимыг баримтлаагүй, тасралтгүй ажилуулж хэрэглэгчийн буруугаас гал гарсан учраас учирсан хохирлоо өөрөө хариуцах ёстой гэж мэдүүлснийг шүүх анхаарч үнэлсэнгүй. Монгол Улсын хилээр Вин-7, Вин-10 халаалтын зуух нэг, нэг ширхэг орж ирсэн нь Гаалийн газрын албан бичгээр нотлогдоно. Цахилгаан халаагуурын ачаалал ихэдсэн үед өөрөө автоматаар унтрах ёстой нэхэмжлэгч Ч.Цэдэн-Иш цахилгаан халаагуурын ажиллах зарчмыг зөрчин цахилгааны хэт ачаалал үүсгэн, тасралтгүй ажиллуулснаас гал түймэр гарсныг нотлох баримтаар нотлогдож байгаад дүгнэлт хийхгүй, харин нийлүүлэгчийн болгоомжгүй үйлдэл үйл ажиллагаанаас гал гарах шалтгаан болсон гэж үзээд, хариуцагч гэм хорыг хариуцах ёстой гэж хавтгайруулж байгаа нь ойлгомжгүй бөгөөд оновчтой шийдвэр биш гэж үзэж байна.

2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Бараа материал нийлүүлэх гэрээ "'Жинчин Групп" ХХК Ч.Цэдэн-Иш нарын хооронд байгуулагдсан байхад цахилгаан халаагуурыг суурьлуулсан, уг халаагуурыг Г.Батчулууны гэрээс авсан нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул "Жинчин Групп" ХХК Ч.Цэдэн-Иш хоёрын хооронд үүрэг үүсээгүй гэж үзэж хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзжээ. "Жинчин Групп" Э.Ялалт нь Г.Батчулуунтай хамтарч ажиллачихаад хэргийн явцад өөрөө хариуцлагаас мултрахын тулд нэхэмжлэгч Ч.Цэдэн-Иштэй үгсэн хуйвалдаж, хариуцагч нарыг шүүх хуралдаанд байлгаагүйг далимдуулсан, шүүх буруу шийдвэр гаргасан зэргийг зөвшөөрөхгүй.

Гал түймрийн текникийн бичиг баримтуудыг судалж үзэхэд галын хамгийн шударга үнэн дүгнэлт нь гал гарсан тухайн нөхцөлд очсон гал түймэртэй тэмцэх газрын шинжээчийн дүгнэлт 100 хувь бодит үнэн дүгнэлт гаргадаг бөгөөд шүүх үүнийг анхаарахгүй, бодит байдалтай нийцэхгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Батчулуун давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 9 цагт товлосон атал надад мэдэгдэхгүйгээр, намайг шүүх хуралдаанд оролцуулалгүй, хэргийн үйл баримтын талаар үнэн зөв тайлбар гаргах, нэхэмжлэгч талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, мэтгэлцэх, шүүх хуралдааны бусад оролцогчдод асуулт тавих эрхийг минь ноцтой зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн, 3 хариуцагчтай хэрэгт шүүх хуралдааны тов мэдэгдээгүйн улмаас хүрэлцэн ирээгүй “Алтай таван богд хайрхан” ХХК, Г.Батчулуун нараас нэхэмжлэлээр шаардсан төлбөрийг бүрэн гаргуулж, “Жинчин групп” ХХК-ийг чөлөөлсөнд гомдолтой байна.

Тус шүүхэд хянагдаж буй Т.Дашцэрэнгийн нэхэмжлэлтэй, Г.Батчулуун надад холбогдох шүүх хуралдаан мөн өдөр товлогдсон бөгөөд тус хурлын товыг албан ёсоор мэдэж байсан тул хуралдаа оролцохоор ирэхдээ Ч.Цэдэн-Иш нарын нэхэмжлэлтэй хэрэг адилхан цагт товлогдсон болохыг мэдсэн. Шүүгчийн туслах тов мэдэгдсэн баримт дээр гарын үсэг зуруулах гэхээр нь зураагүй, харин хурал эхлэхээс 10-20 минутын өмнө гарын үсэг зуруулж, шүүх хариуцлагагүй байдлаа хэргийн оролцогчийн буруу мэт харагдуулсан. Хэдийгээр шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй ч хуралд оролцох зайлшгүй шаардлагатай талаар нөгөө хэргийг шийдвэрлэх шүүгчийн туслахад хэлэхэд “шүүх хуралдааны товыг анхнаасаа мэдэгдээгүй, өөр шүүх хуралдаантай” гээд хойшлуулах хүсэлт өгвөл шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой гэсэн учраас би хүсэлтээ гаргасан.

Мөн шүүх бүрэлдэхүүнд байсан Д.Ганболд шүүгч нь өмгөөлөгч хийж байхдаа манай компанийн эсрэг талд ажиллаж байсан бөгөөд шүүх хуралдаан хойшлох байх гээд энэ шүүгчээс татгалзах хүсэлтээ өгч амжаагүй. Миний бие хурал хойшлуулах хүсэлт хэлэлцэх үед нөгөө шүүх хуралдаанд оролцох гэтэл намайг оруулахгүй, шүүх хуралдаан эхэлсэн гэхээр нь Ч.Цэдэн-Ишийн шүүх хуралдаанд оролцох гэтэл мөн адил оруулаагүй. Намайг хоёр шүүх хуралдаанд аль алинд нь оролцуулаагүйд гомдолтой байна. Шүүх хуралдаанд би нотлох баримт гаргаж, өөрийн тайлбар татгалзлаа илэрхийлэхийг хүссэн. Гэтэл энэхүү нотлох баримтууд нь ач холбогдлоо ч өгсөнгүй.

Анхан шатны шүүх Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өөрийгөө өмгөөлөх эрхийг минь ноцтой зөрчсөн. Хуульд заасан итгэмжлэгдсэн төлөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулах, шүүхэд тайлбар өгөх, нотлох баримт гаргах, мэтгэлцэх хуульд заасан бүх эрхийг эдлүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул зөрчигдсөн эрхийг сэргээж, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Цэдэн-Иш, Ц.Ариунбаяр нар нь хариуцагч “Алтай таван богд хайрхан” ХХК, “Жинчин групп” ХХК, Г.Батчулуун нарт холбогдуулан гэм хор учруулсан хохиролд нийт 243 869 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрч, “Жинжин групп” ХХК нь 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Бараа материал нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүх, нэхэмжлэгчийн хүсэлтээр 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 23516 дугаар шүүгчийн захирамжаар Шинжлэх ухааны технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийг, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 15150 дугаар шүүгчийн захирамжаар Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн болон Гал түймэртэй тэмцэх газрыг шинжээчээр томилсон байх боловч тухайн байгуулагууд дүгнэлт гаргах боломжгүй талаар албан бичиг ирүүлсэн байна. /хх 89, 91-93, 108, 111, 116, 117/

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дээрх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх хүсэлт гаргасныг, шүүх шинжээч томилох хүсэлтээсээ татгалзсан гэж дүгнэн, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 28333 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хийхээр товложээ.

 

Шүүх хариуцагч “Алтайн таван богд хайрхан” ХХК, Г.Батчулуун нарт дээрх ажиллагааны талаар болон хэргийн материалтай танилцуулснаар тухайн оролцогч нарын хувьд хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх эрх хангагдах боломжтой болох учиртай. Тодруулбал, 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Алтайн таван богд хайрхан” ХХК, Г.Батчулуун нарын өмгөөлөгч Ц.Алимаад хэргийн материал танилцуулснаас хойш уг ажиллагааг явуулаагүй байна. /хх 94/

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрх хангагдсан гэж үзэхгүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчил нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй.

 

Түүнчлэн, хариуцагч нар 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хуралдаан болох өдөр гарын үсэг зуруулсан гэж гомдол гарган маргаж байгаа тохиолдолд тухайн баримт нь эргэлзээгүй байх учиртай.

 

Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтын огноо болон шүүх хуралдаан болох огноо, цаг, минут засвартайн гадна 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөр хэргийн оролцогч нар гарын үсэг зурсан зэргээс үзвэл 2016 оны 11 дүгээр сарын 08-ны эсхүл 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тов болох нь тодорхойгүй байна.

 

Хэргийн оролцогч нь шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй боловч хариуцагч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан журмын дагуу мэдэгдсэн гэж үзэхгүй.

 

Иймд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч “Алтайн таван богд хайрхан” ХХК, Г.Батчулуун нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/06722 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Г.Батчулууны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 042 294 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                Т.ТУЯА