| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0799/Э |
| Дугаар | 811 |
| Огноо | 2020-05-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ч.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 811
2020 05 04 2020/ШЦТ/811
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: М.Мөнхбадрал
улсын яллагч: Ц.Гантулгабат
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов
шүүгдэгч: О.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Оюунбилэгийн Пүрэвхүүд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2006 01680 0983 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, дүү, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайз 11 дүгээр гудамжны 142 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч О.П нь 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ч.Бтай маргалдан биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч О.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн орчим гэрээсээ гараад дэлгүүр орохоор Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 5 дугаар гудамжаар алхаж байсан. Тэгтэл тухайн гудамжинд зүс таних Жагар гэж хочилдог Пүрэвхүү гэх залуу хүүхдээ дагуулаад алхаж байсан. Ингээд би Пүрэвхүүд хандан “Ахын дүү орой болчихсон байна жоохон хүүхэд дагуулаад юу хийж явж байгаа юм. Эртхэн харь” гэж хэлтэл үгийн зөрөөгүй намайг заамдаад авсан тул би буцаагаад заамдаад” Чи одоо ямарч шалтгаангүй яагаад заамдаад байгаа юм” гэж хэлтэл Пүрэвхүү миний баруун шанаа уруул хэсэгт 2-3 уаа гараараа цохисон. Ингээд намайг газар унагаасан ба нуруу руу 1 удаа, хөл рүү 1 удаа өшиглөсөн. Тэгтэл цаанаас зүс таних Ганзориг гарч ирээд миний зүүн шанаа руу 1 удаа цохисон. Миний үүдэн шүд унасан. Баруун доод 3-н шүд хөдөлж хөндүүрлэсэн. Тус гэмтлийг Пүрэвхүү гэх залуу цохиж учруулсан. Ганзориг харин нэг удаа миний зүүн шанаа орчим цохисон... гэсэн мэдүүлэг / хх-н 18-22/
Шүүгдэгч О.П мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай найзын гэр манай гэрээс хоёр гудамжны урд байдаг тул би 4 настай хүү Алтан-Одыг дагуулаад Ганзоригийн гэр рүү явсан. Ингээд Ганзоригийн гэрт очтол тэдний гэрт Цацаа, Мөнхбат гурав байсан ба Ганзориг надаас 200.000 төгрөгний өрөө нэхсэн. Тэр үед Ганзориг, Мөнхбат хоёр пиво уугаад сууж байсан бөгөөд би Ганзоригтой өр ширээ дараа төлөх талаар ярьж байсан. Ганзоригийн хашааны урд алхаж байтал зүс таних манай гэрийн ойролцоо байна архи уугаад байдаг Балжаа ахтай таарсан. Тэгтэл Балжаа ах надтай таарчихаад “Юу байна ахын дүү ганц юм аваад өгчих” гэж хэлсэн Тэгэхээр би Балжаа ахад хандан Мөнгө байхгүй ахаа гэж хэлчихээд хажуугаар нь зөрөөд алхтал Балжаа ах миний хойноос цамцнаас татсан. Ингээд миний уур хүрээд гарыг нь гараараа цохиж тавиулаад “надад мөнгө байхгүй яах гээд байгаа юм” гэж хэлтэл намайг заамдаад урд талын хашаа руу шахсан. Тэр үед манай хүү Алтан-Од уйлж эхэлсэн тул миний уур хүрээд Балжаа ахыг буцаагаад заамдсан. Тэгтэл Балжаа ах намайг тавихгүй байсан тул би нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Ингээд үргэжлүүлээд намайг заамдсан байсан гарыг нь тавиулахаар гар рүү нь цохитол Балжаа ах газар уначихсан... гэсэн мэдүүлэг / хх-н 23-25/,
Гэрч Т.Наранцацралт мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би тухайн өдөр гэртээ нөхөр Ганзориг найз Мөнхбатын хамт байсан ба манай нөхөр найзтайгаа пиво уугаад сууж байсан. Тэгтэл Ганзориг найз Пүрэвхүүтэй утсаар ярьсан бөгөөд Пүрэвхүүгээс авах өрөө нэхсэн. Тэгтэл удалгүй 19 цагийн үед Пүрэвхүү хүүхдээ дагуулаад манай гэрт ирсэн ба Ганзоригтой өр ширнийхээ талаар ярьсан. Удалгүй Пүрэвхүү гэртээ харихаар хүүхдээ дагуулаад манай гэрээс гарсан. Тэгтэл хашааны гадаа хүүхэд уйлах чимээ сонсогдсон тул би гэрээсээ гараад хашаанаасаа гартал Пүрэвхүү хашааны гадаа зүс таних манай гудамжны эрэгтэй хүнтэй заамдалцаад зогсож байсан. Тэр үед хажууд нь хүүхэд чанга дуугаар уйлаад байсан... гэсэн мэдүүлэг / хх-н 26-28
Гэрч Б.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би тухайн өдөр 17 цагийн орчим найз Ганзоригийн гэрт очсон ба очихдоо 1 ширхэг пиво уугаад сууж байтал 19 цагийн орчим Пүрэвхүү хүүхдээ дагуулаад Ганзоригийн гэрт ирсэн. Тэгээд Пүрэвхүү Ганзориг бид гурав ойр зуурын юм ярьж байгаад удалгүй Пүрэвхүү хүүхдээ дагуулаад гэртээ харихаар Ганзоригийн гэрээс гараад явсан. Би зодоон болсон талаар огт мэдэхгүй байна. Пүрэвхүүгийн хүүхэд уйлах чимээ сонсогдсон бөгөөд би хашааны хаалгаар толгойгоо гаргаад хартал согтуу өвгөн хашаа налаад зогсож байх шиг байсан... гэсэн мэдүүлэг /хх-н 29-30
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 31/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3905 дугаартай: шинжээчийн дүгнэлт:
1. Ч.Бын биед баруун нүдний зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дух, хүзүүнд цус хуралт, баруун дээд нэг шүдний булгаралт, гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид нэг шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 5 хувь нөлөөлнө.
5. Дээрх гэмтэл шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх-н 32-33/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 34-35/
О.Пгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37, /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 36/, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 29/, захиргааны зөрчлийн талаарх баримт/ хх-н 42-47/
О.Пд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 48/, прокурорын тогтоол /хх-н 49-50/,
Яллагдагч О.П мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Өмнөх мэдүүлэгт үнэн зөв мэдүүлсэн. Өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хх-н 52-53/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх үндэслэл боломжийг яллагдагчид танилцуулсан тэмдэглэл/ хх-н 58/, О.Пд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 54-55/, хүсэлтүүд/ хх-н 59-60/, прокурорын тогтоол/ хх-н 61/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Пг 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ч.Бтай маргалдан биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч О.П нь 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ч.Бтай маргалдан биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Хохирогч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ахын дүү орой болчихсон байна жоохон хүүхэд дагуулаад юу хийж явж байгаа юм. Эртхэн харь” гэж хэлтэл үгийн зөрөөгүй намайг заамдаад авсан тул би буцаагаад заамдаад” Чи одоо ямарч шалтгаангүй яагаад заамдаад байгаа юм” гэж хэлтэл Пүрэвхүү миний баруун шанаа уруул хэсэгт 2-3 уаа гараараа цохисон. Ингээд намайг газар унагаасан ба нуруу руу 1 удаа, хөл рүү 1 удаа өшиглөсөн. Тэгтэл цаанаас зүс таних Ганзориг гарч ирээд миний зүүн шанаа руу 1 удаа цохисон. Миний үүдэн шүд унасан. Баруун доод 3-н шүд хөдөлж хөндүүрэлсэн. Тус гэмтлийг Пүрэвхүү гэх залуу цохиж учруулсан. Ганзориг харин нэг удаа миний зүүн шанаа орчим цохисон...” гэсэн мэдүүлэг / хх-н 18-22
Яллагдагч О.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Балжаа ах надтай таарчихаад “Юу байна ахын дүү ганц юм аваад өгчих” гэж хэлсэн Тэгэхээр би Балжаа ахад хандан Мөнгө байхгүй ахаа гэж хэлчихээд хажуугаар нь зөрөөд алхтал Балжаа ах миний хойноос цамцнаас татсан. Ингээд миний уур хүрээд гарыг нь гараараа цохиж тавиулаад “надад мөнгө байхгүй яах гээд байгаа юм” гэж хэлтэл намайг заамдаад урд талын хашаа руу шахсан. Тэр үед манай хүү Алтан-Од уйлж эхэлсэн тул миний уур хүрээд Балжаа ахыг буцаагаад заамдсан. Тэгтэл Балжаа ах намайг тавихгүй байсан тул би нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Ингээд үргэжлүүлээд намайг заамдсан байсан гарыг нь тавиулахаар гар рүү нь цохитол Балжаа ах газар уначихсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 23-25/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3905 дугаартай: шинжээчийн дүгнэлтээр Ч.Бын биед баруун нүдний зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дух, хүзүүнд цус хуралт, баруун дээд нэг шүдний булгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид нэг шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 5 хувь нөлөөлнө. Дээрх гэмтэл шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх-н 32-33/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянан хэлэлцээд О.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 60/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт О.П-гхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан О.Пг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.П нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.П нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. О.П нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.П нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН