Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 00508

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1962 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Усны 1-9 тоотод /хойд хаалга/ оршин суух Гоё овогт Цэрэндагвын Сүнжидмаа /РД:ГЮ62042361/-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Усны 1-9 тоотод /урд хаалга/ оршин суух Д.Эрдэнэцогтод холбогдох

Байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00073/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Сүнжидмаа, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1972 онд төрсөн, дээд боловсролтой, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 24-64 тоотод оршин суух, Зайран овогт Дашпэлжээгийн Эрдэнэбулган /РД:ГЮ72111906/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Сүнжидмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би нөхөр Баттулгын хамт 2006 оны 9 дүгээр сард Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Усны 1-09 тоотын хойд хаалга, 7х5-ын харьцаатай нийтийн байрыг Л.Болдсайханаас тухайн үеийн ханш болох 500000 төгрөгөөр худалдан авч байсан. Энэ байр нь 4 айлын зориулалттай 2 талаасаа ороод хойд урд хаалганд нь тус бүр нэг нэг айл амьдардаг юм. Энэ байрыг худалдан авсны дараа хашаа, жорлон барьсан. Тухайн үед байрыг худалдан авахад үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон газрын гэрчилгээ байхгүй, нийтийн байр байсан болохоор аваагүй гэж байсан. Түүнээс хойш манайд дээрхи бичиг баримт хэрэг болоогүй тул бид гэрчилгээ авъя гэж хөөцөлдөөгүй. 2015 оны 11 дүгээр сард үл хөдлөх эд хөрөнгийн болон газрын гэрчилгээ хэрэг болж гэрчилгээ авах гэж газрын албанд хандахад хөрш айл болох Эрдэнэцогт 2013 оны 9 сард "Нээлттэй хаалга-ны өдрөөр газрын албанд хандан манай хажуу айл байхгүй, манайд байшингаа худалдаад Улаанбаатар хот явсан гэж худал хэлээд /тухайн үед бид 2 Улаанбаатар хотод түр оршин сууж байсан/ газраа томруулан 1452 м/кв-т газрын кадастрын зураг болон үнэлгээний паспортыг өөрийн нэрээр гаргуулж авсан болохыг мэдсэн. Ингээд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт газар эзэмших талаараа хүсэлт гаргахад Эрдэнэцогтынх газраа өгөхгүй, байшингаа ч авна гэсэн хариуг 2016 оны 1 дүгээр сарын 11-ндий өдрийн 01/23 тоотоор өгсөн тул Эрдэнэцогт нь манай худалдаж аваад засаж сайжруулсан газрыг эзэмшээд зогсохгүй худалдан авсан байрыг маань ч авах хүсэлтэй байгаа гэдгийг ойлгосон. Энэ байрыг худалдан авсанаасаа хойш манайх одоог хүртэл 10 жил амьдарч байгаа шударга эзэмшигч. Манайхыг нүүж ороход талийгаач Ганзориг, эхнэр Эрдэнэцогтынхоо хамт манай юмыг зөөж оруулж байсан. 10 жил өөд өөдөөсөө харсан байранд амьдарч байж манайд зарсан гэдгийг мэдээгүй гэх нь үндэслэлгүй юм. Иймд Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Рашаантын Усны 1-9 тоотын хойд хаалга бүхий 7x5 харьцаатай нийтийн байрны өмчлөгч болохыгтогтоож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбулган шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Усны 1-9 тоот байр, газар нь Д.Эрдэнэцогт болон түүний хүүхдүүдийн өмч болох нь Улсын бүртгэлийн газраас олгосон гэрчилгээгээр тогтоогдож байгаа. Миний эгч Эрдэнэцогт нь хүргэн ах Ганзоригтой 1990 онд гэр бүл болж Шинэ хорооны барилгын 40-н айлын орон сууцанд анх өрх тусгаарлан гарч байсан. Түүнийгээ бусдад худалдан одоо маргаад байгаа байрыг 60000 төгрөгөөр худалдаж авсан. Дээрхи маргаад байгаа байр нь нийтийн байр биш Булган аймгийн ясли цэцэрлэгийн комбинатын 3 дугаар цэцэрлэгийн байр байсан бөгөөд 1991-1993 онд өмч хувьчлалаар хувьчлагдаж, тухайн үед 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Г.Баярхүү гэж хүнээс миний эгч Эрдэнэцогтын нөхөр Ганзориг, ээж Марушийн хамт очиж худалдаж авсан байдаг. Гэхдээ мөнгийг нь Ганзориг, Эрдэнэцогт нар төлсөн.. Тухайн байрыг худалдаж авахад ихэрийн нэг болох Ганбат оролцож, санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй. Харин ч талийгаач хүргэн ах Ганзориг ихрийн өрөөсөн Ганбатыгаа гэр бүлийнх нь хамт эсрэг талынхаа сул өрөөнд оруулсан бөгөөд удалгүй Ганбат нь байрнаас гарч төрсөн ах Болдсайхан нь орж амьдарч байгаад 2006 онд Улаанбаатар хотруу шилжиж явахдаа уг байранд Сүнжидмаа, Баттулга нарыг оруулсан ба худалдсан тухайгаа хэлэлгүй явсан. Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Усны 1-9 тоотод орших нэг хаалгаар ороод өөд өөдөөсөө харсан 2 хаалга бүхий 4 өрөө сууц нь миний эгч Д.Эрдэнэцогт, хүргэн ах Л.Ганзориг, тэдний хүүхдүүд болох Г.Уянга, Г.Уранчимэг, Г.Отгонбаяр, Г.Буянжаргал, Г.Отгонжаргал нарын өмч юм. Тэд амьдарч буй газар байрныхаа эзэмших, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуулийн дагуу авсан гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Баярхүү шүүхэд гаргасан тайлбартаа: 1991 онд Зүүнтүрүүний 3 дугаар ясли татан буугдаж, яслийн байрыг хувь хүмүүст худалдсан юм. Манайх харалдаа 2 өрөөг 60000 төгрөгөөр худалдаж авсан. 3 дугаар цэцэрлэгчийн эрхлэгчээр ажиллаж байхдаа уг байранд амьдарч байсан юм. Яслийн өмч хөрөнгийг Эрүүл мэндийн газарт тушааж, худалдаж авсан байрны мөнгийг би цалингаасаа төлсөн. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч амжаагүй байж байгаад зарсан. Би Бүрэгхангай суманд эмчээр ажиллах томилолт аваад гэнэт нүүх болсон.Талийгаач нөхөр Энх-Амгалан маань худалдагч Маруш гуайд зарахаар болж тохиролцсон байсан. Маруш гуай хүү Ганзоригтойгоо ирж үзээд 2 ихэр хүүдээ авч өгч байгаа гэж ярьж байсан. Бүрэгхангай явахын өмнөх өдөр Маруш гуайн хүү нь 60000 төгрөг бэлнээр өгсөн. Манайх байраа султгаж өгсөн нь үнэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Ц.Сүнжидмаа нь хариуцагч Д.Эрдэнэцогтод холбогдуулан Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Рашаантны Усны 1-9 тоотын хойд хаалга 7*5 харьцаатай нийтийн байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь уг байрыг 2006 онд Л.Болдсайханаас 500000 төгрөгөөр худалдаж аваад 10 жил амьдарч байгаа тул өмчлөгчөөр /шударга эзэмшигчээр/ тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч уг байрны мөнгийг хариуцагч Д.Эрдэнэцогт төлсөн, тухайн байр нь миний эгч Д.Эрдэнэцогт, хүргэн ах Л.Ганзориг, тэдний хүүхдүүд болох Г.Уянга, Г.Уранчимэг, Г.Отгонбаяр, Г.Буянжаргал, Г.Отгонжаргал нарын өмч гэж маргажээ.

Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Рашаантны Усны 1-9 тоот 1 хаалгаар ороод өөд өөдөөсөө харсан тус бүр 2 өрөө байр нь хуучин Булган аймгийн Эрүүл мэндийн газрын харъяа III яслийн барилга байсан бөгөөд Булган аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүл мэндийн газрын даргын 1992 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №187 дугаар тушаалаар уг барилга нь 1989 онд актлагдаж ашиглах боломжгүй болсон учир данснаас хасч, барилгын салбарын ажилчдад үнэ хаялцуулан худалдахыг устгалын комиссын даргад зөвшөөрсөн байна. /хх 66 тал/

Ингэснээр уг байрыг 1992 онд 3 дугаар яслийн эрхлэгчээр ажиллаж байсан Г.Баярхүү худалдаж авсан байх бөгөөд удалгүй барилгын дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан Марушт 60000 төгрөгөөр зарсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Баярхүүгийн ..1991 онд Зүүнтүрүүний 3 дугаар ясли татан буугдаж, яслийн байрыг хувь хүмүүс худалдсан юм. Манайх харалдаа 2 өрөөг 60000 төгрөгөөр худалдаж авсан. 3 дугаар цэцэрлэгчийн эрхлэгчээр ажиллаж байхдаа уг байранд амьдарч байсан юм. Яслийн өмч хөрөнгийг Эрүүл мэндийн газарт тушааж, худалдаж авсан байрны мөнгийг би цалингаасаа төлсөн. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч амжаагүй байж байгаад зарсан. Би Бүрэгхангай суманд эмчээр ажиллах томилолт аваад гэнэт нүүх болсон.Талийгаач нөхөр Энх-Амгалан маань худалдагч Маруш гуайд зарахаар болж тохиролцсон байсан. Маруш гуай хүү Ганзоригтойгоо ирж үзээд 2 ихэр хүүдээ авч өгч байгаа гэж ярьж байсан гэх тайлбар, гэрчээр Ж.Марушийн өгсөн одоогоос 30 гаруй жилийн өмнө уг байранд Амгалангийнх амьдарч байсан. Тухайн үед би барилгын дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан ба Амгалан надад байр авах уу гэдэг санал тавьж байрыг очиж үзэхэд 1 хаалгаар ороод 2 тусдаа айл байсан бөгөөд нэг талд нь Амгалангийнх нөгөө талд нь пийшингүй юм хураасан байсан. Би зөвшөөрч 60000 төгрөгөөр байрыг худалдаж авсан. Би Ганзориг, Ганбат гэх 2 ихэр хүүтэй. Нэг байранд нь Ганбатынх, нөгөө байранд нь Ганзоригийнх орсон. Уг нь сургууль төгсөж ирсэн хүү Отгонбаярыг оруулах гэж байсан боловч хүү маань уг байрыг голоод Ганзориг эхнэр хүүхдийн хамт амьдарахаар болсон. Хүү Ганбат Батлан хамгаалах туслах нийгэмлэгт сахиулаар ажилд орж уг байрнаас гарч оронд нь хүү Болдсайханых орсон. Болдсайхан нь тус байранд амьдарч байгаад 2006 онд Улаанбаатар хотруу шилжихдээ Ц.Сүнжидмаагийнд буюу найз Баттулгындаа байраа зараад явсан. Намайг худалдаж авахад уг байртай холбоотой ямар ч бичиг баримт өгөөгүй. Амгалан хэлэхдээ манай эхнэр эмнэлэгт ажилладаг, эмнэлгийн өмч хувьчлалаар авсан гэж хэлж байсан. Уг байрыг өмч хувьчлал явагдаснаас хойш 2 жилийн дараа, ойролцоогоор 23-24 жилийн өмнө Амгалангаас худалдаж авч байсан гэх мэдүүлэг /хх 96 тал/, гэрчээр Л.Болдсайханы өгсөн .. Уг байр нь ээжийн авсан байр бөгөөд манай дүү Ганбат амьдарч байгаад дараа нь би очиж амьдарсан. 1995 онд байранд орж, 11 жил амьдраад 2006 онд Улаанбаатар хотруу шилжихдээ Сүнжидмаад 500000 төгрөгөөр зарж Улаанбаатарт гэр орон авсан. Хойд талын 2 өрөөнд нь манай дүү Ганбатынх байсан. Урд талын 2 өрөөнд нь дүү Отгонбаярыг оруулах гэхэд голоод талийгаач ах Ганзоригтой тохиролцон тэдний Шинэ хорооны 40 айлын байртай сольж орсон. Ээж, дүү нараасаа зөвшөөрөл аваад Сүнжидмаад зарсан. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн гэрчигээ авч байгаагүй гэх мэдүүлэг /хх 33-35 тал/ зэргээр тогтоогдоож байна.

Ж.Маруш нь уг байрыг худалдаж авснаар хойд өрөөнд нь хүү Л.Ганбатынх нь, урд өрөөнд нь хүү Л.Ганзоригийнх амьдарч байсан байна. Л.Ганбат нь ажлынхаа ойр амьдрахаар болж байрнаас гарч 1995 онд хүү Л.Болдсайхан нь Л.Ганбатын амьдарч байсан хойд талын өрөөнд орж 10 гаруй жил амьдарч байгаад 2006 онд Улаанбаатар хотруу шилжихдээ нэхэмжлэгч Ц.Сүнжидмаа /түүний нөхөр Баттулга/-д 500000 төгрөгөөр зарж, одоо хүртэл нэхэмжлэгч Сүнжидмаагийнх тэр байранд амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ж.Марушийн хүү Болдсайхан нь тус байранд амьдарч байгаад 2006 онд Улаанбаатар хотруу шилжихдээ Ц.Сүнжидмаагийнд буюу найз Баттулгындаа байраа зараад явсан гэх мэдүүлэг, гэрч Л.Болдсайханы .уг байр нь ээжийн авсан байр бөгөөд манай дүү Ганбат амьдарч байгаад дараа нь би очиж амьдарсан. 1995 онд тус байранд байранд орж, 11 жил амьдраад 2006 онд Улаанбаатар хотруу шилжихдээ Сүнжидмаад 500000 төгрөгөөр зарж Улаанбаатарт гэр орон авсан гэх, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Булган сумын 2004 оноос хойшхи хүн амын тооллогын бүртгэл зэргээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч Ц.Сүнжидмаагийнх 2006 оны 9 дүгээр сараас хойш тус байранд 10 орчим жил амьдарч байгаа гэдэгт талууд маргахгүй байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг 2 өрөө байрны мөнгийг хүргэн ах Ганзориг, манай эгч Эрдэнэцогт нар төлсөн учраас тэдний өмч гэж маргаж байгаа хэдий ч талийгаач Л.Ганзориг, хариуцагч Д.Эрдэнэцогт нар Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Рашаантны Усны 1-9 тоот 56 мкв2байрны мөнгийг төлсөн, бүгдийг нь өмчлөх эрхтэй гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна. Харин тэдний нэр дээр Булган сумын 4 дүгээр баг Усны 1 дүгээр гудамжны 9 тоот 28 мкв нэг өрөө байрны гэрчилгээ олгогдсон болох нь Улсын бүртгэл, Статистикийн газраас ирүүлсэн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №837 тоот албан бичгээр тогтоогдож байна. /хх 82 тал/

Л.Болдсайхан Ц.Сүнжидмаа нарын хооронд байгуулагдсан гэх байр худалдах, худалдан авах гэрээ нь нотариатаар гэрчлүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн байх шаардлагыгхангаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх боловч Ц.Сүнжидмаа, Л.Болдсайхан нар нь байрны үнийн талаар тохиролцож, тохиролцсон үнийг төлж, Л.Болдсайхан нь байрыг суллаж өгсөн, түүнээс хойш одоог хүртэл уг байрны эзэмшил, өмчлөлийн талаар ямар нэг маргаан гарч байгаагүй, өмчлөх эрхийн зөрчилтэй талаар тухайн үед Ц.Сүнжидмаамэдээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар Ц.Сүнжидмаагийн хувьд Л.Болдсайхан нь маргаж буй байрны өмчлөгч байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Сүнжидмаа нь Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Рашаантны Усны 1-9 тоотын хойд талын 1 өрөө байрыг 2006 оны 9 сараас хойш хугацаанд хууль ёсоор эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар тэрээр уг байрыг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Сүнжидмааг Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Рашаантны Усны 1-9 тоотын хойд талын 7*5 харьцаатай 1 өрөө байрны өмчлөгчөөр тогтоохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасныг баримтлан Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Рашаантны Усны 1-9 тоотын хойд талын 7*5 харьцаатай 1 өрөө байрны өмчлөгчөөр Гоё овогт Цэрэндагвын Сүнжидмааг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан Төрийн санд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН