Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 890

 

2020         05          13                              2020/ШЦТ/890

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: А.Ариунаа

шүүгдэгч өөрийг өмгөөлж оролцов

шүүгдэгч: А.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт А.А холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01379 0934 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт А.А,

           Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

           Яллагдагч А.А нь 2020 оны 2 дугаар сарын 28-ны оройн 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг үйл ажиллагаа явуулдаг “Хавдар судлалын Үндэсний төв” дотор иргэн П.Н-с утсаар яриад өгье гэж хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвулан ашиглаж түүний эзэмшилийн самсунг С6 маркийн гар утсыг залилан авч 110.000 төгрөгийн хохирол учруулсан.

            Мөн  А нь 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр  Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг үйл ажиллагаа явуулдаг Хавдар судлалын үндэсний төвд харуул хамгаалалтын ажил эрхэлж байхдаа хамт ажиллаж байсан  иргэн М.С-ийн самсунг Жи-2 маркийн гар утсанд сим картаа хийж интернэт орох нэрийдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулан авч улмаар ломбарданд тавьж бусдад 80.000 төгрөгийн хохирол учруулан залилсан  гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өвөл нэг сарын хугацаанд ажил зогссон байсан учраас Халдварт өвчин судлалын Үндэсний төв дээр хамгаалалтын ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа эгчийн бие өвдөөд 7 хоногийн хугацаанд Сэлэнгэ аймаг руу явсан. Буцаад ирэхэд надаас бусад ажилтны цалинг өгсөн байсан. Тэгээд намайг “харуулын ахлахтай уулзаарай” гэж хэлсэн. Харуулын ахлахтай уулзахад миний цалинг өгөхгүй маргааш, нөгөөдөр гээд хойшлуулаад байсан. Тэгэхээр нь “цалингаа яаж ийж байгаад авна шүү” гэж хэлсэн. Тэгээд П.Н, М.С нарын утсыг хууран авч ломбардад тавьсан.

Цагаан сар болоод 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр буцаж ирсэн. Тэгээд П.Н, М.С нарын утсыг ломбардад тавьсан талаар хэлээд бичиг баримтаа өгсөн. Дараа нь тэдгээр хүмүүсийн утсыг миний цалингаас авч өгөөгүй, тус бүртээ өөр өөрийн мөнгөөр авсан байсан. Би тухайн байгууллагаас 350.000 төгрөгийн цалин авах ёстой. Өнөөдөр манай байгууллагын цалин бууна тэгээд П.Н, М.С хохирлыг төлж барагдуулна гэв.

         Хохирогч П.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хавдар судлалын Үндэсний төв”-д миний ажлын ээлжтэй өдөр тул ажилдаа 09 цагт ирсэн. Өдөр 15 цагийн үед нөгөө ээлжний залуу болох Амартүвшин ажил дээр ирсэн. Жолооны үнэмлэхгүй машин барьж явж байгаад цагдаагаас машинаа авчихаад явж байна. Хүнээс мөнгө зээлж машинаа авсан. Тэгээд миний самсунг эс 6 загварын гар утсыг гуйж аваад би хүмүүстэй яриад мөнгө зохицуулна гээд байсан. Тэгээд би утасаа хэрэглүүлээд буцааж аваад байж байсан. 3 дахь удаагаа утсаа авахдаа би гараад түц ороод ирэхэд А явчихсан байсан. Намайг түц рүү явах гэж байхад ахаа та хэр удахын гээд асуугаад байсан. Би түц ороод 15 минут болоод эргээд ирэхэд явчихсан байсан. Орж ирээд А-г хайгаад олохгүй болохоор нь баруун хаалганы ээлжийн харуул С-с асуухад цагийн өмнө миний утсыг сим солиод фэйсбүүк ороод өгье гэж хэлээд бас утсыг нь аваад явчихсан байсан... гэсэн мэдүүлэг / хх-н 5-10/,

        Хохирогч М.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр урьд хамт ажилладаг байсан А гэж дууддаг залуу Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Хавдар судлалын Үндэсний төвийн харуулаар гарч байхад гар утсаа өгч байгаач сим картаа хийж интернэт орчихоод өгье гэж хэлээд явсан бөгөөд одоо болтол өгөхгүй байна гар утас руу нь залгахаар утсаа аваагүй бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 20-ны орчим тааралдаад гар утсаа авая гэхэд удахгүй өгнө ломбарданд тавьсан гэж хэлсэн тэгээд одоог болтол сураггүй байна...” гэсэн мэдүүлэг / хх-н 44-47/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол: / хх-н 13-14, 53/

2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: “самсунг S6 маркийн хуучин утсыг 110.000 төгрөгөөр гэж тогтоогджээ / хх-н 15-16/,

2020 оны 04 сарын 17-ны өдрийн Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: самсунг J2 маркийн утсыг 80.000 төгрөг гэж тогтоогджээ. / хх-н 52/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 17, 38, 54-55/, А.А-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 18 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 19/, захиргааны зөрчлийн талаарх баримтууд / хх-н 26-28/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 30/ А.А-д Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 28,58/, эрүүгийн хэрэг нэгтэх тухай мөрдөгчийн санал/ хх-н 41/ , прокурорын тогтоол /хх-н 29-30, 59-60/,

  Яллагдагч А.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 02 дугаар сард Хавдар судлалын Үндэсний төвийн хамгаалалтын албанд ажилд орсон юм. Тэгээд би ойролцоогоор нэг сар орчим ажилласан боловч надад цалин өгөөгүй. Цагаан сарын шинийн нэгний өдөр 100.000 төгрөг л авсан. Тэгээд 02 дугаар сарын сүүлээр надад мөнгөний хэрэг гараад би цалингаа авах гэхэд маргааш бууна гээд 2-3 удаа хариу өгсөн би сүүлд хамт ажилладаг байсан Н гэх ахын утсыг гуйж фэйсбүүк орж байхад Н нь эхнэртэйгээ уулзаад ирье гэж гараад явахаар нь би тэр хооронд нь утсыг аваад гараад явсан. Тэгээд би утсыг нь сансарын тунель дээр ломбарданд тавьсан байгаа. Би П.Н ахын утсыг нь тэр өдөр 2-3 удаа гуйж аваад фэйсбүүк орчихоод буцааж өгч байсан юм. Н ахын утсыг ломбарданд 80.000 төгрөгөөр тавьсан.

Би хохирол мөнгийг төлөөгүй байгаа. Би Н ахын утсыг авдаг өдөр нөгөө хаалган дээр хамгаалагчаар ажиллаж байсан С гээд ахын утсыг мөн авч ломбарданд тавьсан байгаа. Энэ хэрэг тус цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байгаа би хоёр хэргээ нэгтгүүлж шалгуулмаар байна ... гэсэн мэдүүлэг /хх-н 33-35/ , 63-65/, яллагдагч А.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн  тогтоол /хх-н 36-37, 66-67/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.А-г 2020 оны 2 дугаар сарын 28-ны оройн 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг үйл ажиллагаа явуулдаг Хавдар судлалын Үндэсний төв дотор иргэн П.Н-с утсаар яриад өгье гэж хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвулан ашиглаж түүний эзэмшилийн самсунг С6 маркийн гар утсыг залилан авч 110.000 төгрөгийн хохирол учруулсан,

              Мөн  2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хавдар судлалын Үндэсний төв”-д харуул хамгаалалтын ажил эрхэлж байхдаа хамт ажиллаж байсан иргэн М.С-ийн самсунг Жи-2 маркийн гар утсанд сим картаа хийж интернэт орох нэрийдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулан авч улмаар ломбарданд тавьж бусдад 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

             Шүүхээс шүүгдэгч А.А-г 2020 оны 02 дугаар сарын 28-ны оройн 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг үйл ажиллагаа явуулдаг Хавдар судлалын Үндэсний төв дотор иргэн П.Н-с утсаар яриад өгье гэж хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний эзэмшилийн самсунг С6 маркийн гар утсыг залилан авч 110.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Мөн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр  Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг үйл ажиллагаа явуулдаг Хавдар судлалын Үндэсний төвд харуул хамгаалалтын ажил эрхэлж байхдаа хамт ажиллаж байсан  иргэн М.С-ийн самсунг Жи-2 маркийн гар утсанд сим картаа хийж интернэт орох нэрийдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулан авч улмаар ломбарданд тавьж бусдад 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          Шүүгдэгч А.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...П.Н, М.С нарын утсыг хууран авч ломбардад тавьсан. Цагаан сар болоод 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр буцаж ирсэн. Тэгээд П.Н, М.С нарын утсыг ломбардад тавьсан талаар хэлээд бичиг баримтаа өгсөн. Дараа нь тэдгээр хүмүүсийн утсыг миний цалингаас авч өгөөгүй, тус бүртээ өөр өөрийн мөнгөөр авсан байсан… гэсэн мэдүүлэг,

         Хохирогч П.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн “...Миний самсунг эс 6 загварын гар утсыг гуйж аваад би хүмүүстэй яриад мөнгө зохицуулна гээд байсан. Тэгээд би утасаа хэрэглүүлээд буцааж аваад байж байсан. 3 дахь удаагаа утсаа авахдаа би гараад түц ороод ирэхэд А явчихсан байсан. Намайг түц рүү явах гэж байхад ахаа та хэр удахын гээд асуугаад байсан. Би түц ороод 15 минут болоод эргээд ирэхэд явчихсан байсан. Орж ирээд А-г хайгаад олохгүй болохоор нь баруун хаалганы ээлжийн харуул С-с асуухад цагийн өмнө миний утсыг сим солиод фэйсбүүк ороод өгье гэж хэлээд бас утсыг нь аваад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 5-10/,

           Хохирогч М.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... А гэж дууддаг залуу Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Хавдар судлалын Үндэсний төвийн харуулаар гарч байхад гар утсаа өгч байгаач сим картаа хийж интернэт орчихоод өгье гэж хэлээд явсан бөгөөд одоо болтол өгөхгүй байна гар утас руу нь залгахаар утасаа авдаггүй бөгөөд 03 дугаар сарын 20-ны орчим тааралдаад гар утсаа авая гэхэд удахгүй өгнө ломбарданд тавьсан гэж хэлсэн тэгээд одоог болтол сураггүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 44-47/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж, ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.А-с нийт 190.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч П.Н-д 110.000, М.С-д 80.000 төгрөгийн хохирол олгуулахаар шийдвэрлэв.

 Шүүгдэгч А.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

  Шүүхээс шүүгдэгч А.А-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

       1.  Шүүгдэгч Б овогт А.А-г  хуурч, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт    зааснаар А.А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  А.А  нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар  шүүгдэгч А.А-г торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Шүүгдэгч А.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-с нийт 190.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Г овогт П.Н-д 110.000, хохирогч, Х овогт М.С-д 80.000 төгрөгийн хохирол гаргуулж тус тус олгосугай.

         8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ПҮРЭВСҮРЭН