| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 125/2020/0013/З |
| Дугаар | 221/МА2022/0313 |
| Огноо | 2022-05-11 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2022/0313
“Г” ЗБН-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э
Нэхэмжлэгч: “Г” ЗБН
Хариуцагч: ХАДТАГАМ А.Ц, аудитор Б.Д
Нэхэмжлэлийн шаардлага: “ХАДТАГАМ А.Цэцэгсүрэн, аудитор Б.Должинжав нарын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/41 дүгээр “Төсвийн орлого болгох тухай” актын “Г” ЗБН-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч А.Ц, Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 125/2020/0013/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь “ХАДТАГАМ, аудитор нарын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 1/41 дүгээр актын “Г” ЗБН-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн аудитын тухай хууль /2003 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 15 дугаар зүйлийн 15.1.12, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.22 дахь заалтуудыг тус тус баримтлан “Г” ЗБН зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн нэхэмжлэлтэй, ХАДТАГАМ, аудитор нарт холбогдох, ХАДТАГАМ, аудитор нарын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/41 дүгээр “Төсвийн орлого болгох тухай” актын “Г” ЗБН-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
4.1. “Г” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь Ховд аймгийн Мал эмнэлгийн газар, Ховд аймгийн Буянт сумын Засаг даргатай мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, уг үйлчилгээний хөлсийг төлөх талаар гурвалсан гэрээ байгуулсан.
4.2. Уг гурвалсан гэрээнд дуут хавдар, цусан хавдар, дотрын халдварт хордлого, колибактериоз зэрэг өвчнөөс урьдчилсан сэргийлэх вакцинжуулалтын ажлын хөлсөө Буянт сумын төсвөөс санхүүжүүлэхээр тусгасан.
4.3. Гэтэл Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дүгээр албан бичиг, Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор боом, галзуу өвчний вакцинжуулалтын ажлын хөлсийг нэмэлтээр Буянт сумын төсвөөс олгохоор шийдвэрлэсэн.
4.4. Иймээс “Г” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь 2019 онд гүйцэтгэсэн хавдар, цусан хавдар, дотрын халдварт хордлого, колибактериоз, боом, галзуу өвчний вакцинжуулалтын ажлын хөлс 13,485,400 төгрөгийг авахаар мал эмнэлгийн улсын байцаагчийн хянан баталгаажуулсан тарилгын акт, материалыг Буянт сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн.
4.5. Гэтэл Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газраас вакцинжуулалтын ажлын хөлс 11,930,600 төгрөгийг “Г” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд өгсөн. Үлдэгдэл вакцинжуулалтын ажлын хөлсөө одоог хүртэл авч чадаагүй.
4.6. Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газраас вакцинжуулалтын ажлын хөлсийг “Г” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд шилжүүлэхдээ чухам ямар өвчний вакцинжуулалтын ажлын хөлснөөс хэдийг хэрхэн тооцож шилжүүлсэн тодорхойгүй хэдий боловч одоо үлдэгдэл хөлс 1,554,800 төгрөгийг шилжүүлээгүй нь үнэн.
5. Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газраас орон нутгийн төсөвт тусгагдсан мал эмнэлгийн үйлчилгээний зардлыг үлдэгдлийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газар төсөвт мөнгө байхгүй гэх шалтгаанаар ажлын хөлсийг үлдэгдлийг өгөөгүй.
5.1. Ийм байхад хариуцагч ХАДТАГАМ, аудитор нар нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/41 дүгээр актаар “Г” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлөөр 2,840,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй байна.
5.2. “Г” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл 2019 оны орон нутгийн төсвөөс санхүүжих вакцинжуулалтын ажлын хөлсийг хавдар, цусан хавдар, дотрын халдварт хордлого, колибактериоз, боом, галзуу зэрэг 6 нэр төрлийн өвчнөөр тооцохоор байхад анхан шатны шүүх хавдар, цусан хавдар, дотрын халдварт хордлого, колибактериоз зэрэг 4 нэр төрлийн өвчнөөр тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
5.3. Учир нь боом, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлын хөлсийг орон нутгийн төсвөөс хариуцахаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газар болон Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохих шийдвэр гарган хэрэгжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.
5.4. Боом, галзуугийн вакцинжуулалтын ажлын хөлсийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр эрх бүхий байгууллагууд шийдвэрлээгүй бол “Г” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь тарилгын актаа Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газарт өгөхгүйгээр Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт өгч, улсын төсвөөс боом, галзуугийн вакцинжуулалтын ажлын хөлсөө авах боломжтой байсан.
5.5. Энэхүү үйл баримтыг хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа анхаарч үзэлгүйгээр, нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж, тайлбар, санал, нотлох баримт гаргах эрхээр хангаагүй.
5.6. Боом, галзуугийн вакцинжуулалтын ажлын хөлсийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн дээрх эрх бүхий байгууллагуудын шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр байгаа болно.
5.7. Захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоо, мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг чухам ямар эх үүсвэрээс санхүүжүүлэхтэй холбоотой асуудлыг нэхэмжлэгч хариуцахгүй.
5.8. Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 73, 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 8/10 дугаар тогтоолуудаар малын булчин, арьсан доор хийх тарилгын ажлын хөлсийг бод толгой тутам 400, бог толгой тутамд 300 төгрөг байхаар баталсан.
5.9. Уг тогтоолоор баталсан тарифын дагуу вакцинжуулалтын ажлын хөлсийг тооцон олгохоор нь Ховд аймгийн Мал эмнэлгийн газар, Ховд аймгийн Буянт сумын Засаг дарга нараас Гурвалжинтан” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлтэй гурвалсан гэрээ байгуулсан.
5.10. Гэтэл хариуцагч нар маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа боом, галзуу өвчний вакцинжуулалтын ажлын хөлсийг тооцохдоо бод малыг 200 төгрөгөөр, бог малыг 150 төгрөгөөр буюу нэг дахин бууруулж тооцсон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимд нийцэхгүй байна.
5.11. Эрх бүхий байгууллагаас баталсан мал эмнэлгийн үйлчилгээний тарифыг маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа багасган тогтоох эрх хэмжээ хариуцагчид байхгүй байхад хөлсийг бууруулан тооцсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
6. Эцэст нь “Г” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь 2019 онд хийж гүйцэтгэн Ховд аймгийн Буянт сумын Мал эмнэлгийн нэгжийн улсын байцаагчийн хянан баталгаажуулсан вакцинжуулалтын ажлын хөлсөө авах эрхтэй учраас л маргаан бүхий захиргааны актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгээ илэрхийлье.
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан хийгээгүй ажлаа хийсэн болгож, улс болон орон нутгийн төсвөөс вакцинжуулалтын ажлын хөлсөө давхардуулан авах зорилгоор захиргааны хэргийн шүүхэд хандаагүй юм. Бодит байдалд ийм боломж байхгүй.
6.2. Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Г” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн ХАДТАГАМ, аудитор нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье” гэжээ.
7. Хариуцагч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. ХАДТАГ-ын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Төсвийн орлого болгох тухай” 1/41 дүгээр актаар мал эмнэлгийн урьдчилсан сэргийлэх арга хэмжээний зардалд үйлчилгээний хөлсийг тарилгын актаас илүү тооцож олгосон зөрчил илрүүлж, “Г” ЗБН-ийн илүү авсан 2.840.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч “Г” ЗБН-өөс актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...нэхэмжлэгч малд тарилга хийсэн актаар нийт 6 төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын хөлс 13.485.400 төгрөг авах ёстой байгаа ба малд тарилга хийсэн акт, өрхийн цуваа зэргийг мал эмнэлгийн улсын байцаагч хянан баталгаажуулсан ... халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын хөлсийг дуут хавдар, цусан халдвар, дотрын халдварт хордлого, колебактериоз, боом, галзуу зэрэг 6 нэр төрлийн өвчнөөс урьдчилсан сэргийлэх вакцинжуулалтын ажлын хөлснөөс тооцож олгох байсан” хэмээн тайлбарлан маргасан байна.
4. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
5. Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Үндэсний аудитын газар дараахь бүрэн эрхийг эдэлнэ:”, 15.1.12-т “аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих;”, Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2016 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагын аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ын 3.1-д “дараах алдаа, зөрчилд төрийн аудитын байгууллага төлбөрийн акт тогтооно” гэж зааснаас үзэхэд төрийн аудитын газар нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчилд акт тавих эрхтэй талаар хуульчилжээ.
6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ховд аймгийн Буянт сумын Засаг дарга, Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар гурвалсан гэрээгээр “Г” ЗБН улсын төсвөөс санхүүжүүлэх өвчний ангилал буюу боом өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 1000 бод малд, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 2000 бод малд, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх өвчний ангилал буюу дотрын халдварт хордлого өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 10000 бог малд, дуут хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 2000 бод малд, цусан халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 2000 бод малд, колебактериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 1000 бог малд, иргэн хуулийн этгээдээс санхүүжүүлэх өвчний ангилал буюу сохор догол өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 9426 бог малд, шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 10000 бог малд, сахуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 937 бод малд хийхээр төлөвлөснөөс боом өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 998 бод малд, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 2000 бод малд, дотрын халдварт хордлого өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 9995 бог малд 2 удаа, дуут хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 2000 бод малд, цусан халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 2117 бод малд 2 удаа, колебактериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 1000 бог малд 2 удаа, сохор догол өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 9393 бог малд, шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 9963 бог малд, сахуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 700 бод малд, нэмэлтээр боом өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 4989 бод малд, 4000 бог малд хийсэн болох нь тогтоогдож байна.
7. Хэдийгээр талууд өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийсэн малын тоотой ч маргаагүй ч захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж буй энэ тохиолдолд аль дархлаажуулалтын санхүүжилтийг улсын төсвөөс, аль дархлаажуулалтын санхүүжилтийг орон нутгийн төсвөөс болон иргэн, хуулийн этгээдээс гаргах байсан журмын зохицуулалтыг хэрэглэх учиртай.
7.1. Тодруулбал, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Мал эмнэлгийн үйлчилгээний дараахь зардлыг аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ:”, 34.2.2-т “энэ хуулийн 11.1.2-т заасан жагсаалтад орсон халдварт өвчинтэй тэмцэх, устгах арга хэмжээний дараахь зардал:”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын нутаг дэвсгэрт оношлогдсон мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалтыг доор дурдсан ангиллаар Засгийн газар батална:” 11.1.2-т “мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний дотоодын худалдаанд хориг саад үүсгэдэг гоц халдварт, халдварт өвчин, энэ хуулийн 11.1.1-д зааснаас бусад зооноз өвчин;”, Засгийн газрын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалт батлах тухай” 225 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний дотоодын худалдаанд хориг саад үүсгэдэг гоц халдварт, халдварт өвчний жагсаалтад нэхэмжлэгчийн дархлаажуулалт хийсэн өвчнүүдээс 4 өвчин буюу дуут хавдар, цусан халдвар, дотрын халдварт хордлого, колебактериоз багтжээ.
8. Хариуцагчаас Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд Буянт сумын төсвийн төвлөрүүлэн захирагчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн тайланд орон нутгийн төсвийн зарцуулалтын байдалд аудит хийсэн бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгөнөөс актаар тогтоогдоогүй төлбөрийг “Г” ЗБН-д олгосон гэсэн үндэслэлээр нөхөн төлүүлэх акт тогтоосон нь үндэслэлтэй.
8.1. Учир нь улсын төсвөөс санхүүжүүлэх өвчний өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга /боом, галзуу/-ын төлбөрийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төсөв нь Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх бөгөөд төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад дараах зарчмыг баримтална:”, 5.1.1-д “төсвийн тогтвортой байдлыг хангасан байх;”, 6 дугаар зүйлийн 6.4.2-т “төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх;” гэж заасантай нийцэхгүй байх тул хариуцагч орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх дуут хавдар, цусан халдвар, дотрын халдварт хордлого, колебактериоз гэсэн 4 өвчний өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын хөлсөнд 2,840,000 төгрөг илүү олгосон гэж дүгнэн акт тогтоосон нь дээрх хуульд нийцжээ.
8.2. Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс санхүүжүүлэх буюу мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний олон улсын худалдаанд хориг саад үүсгэдэг гоц халдварт, халдварт өвчин, хүний амь нас хохирох эрсдэл үүсгэдэг зооноз өвчний жагсаалтад боом, галзуу өвчин багтсан, Ховд аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор малын боом, галзуу өвчний дархлаажуулалтын үйлчилгээний хөлсийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргахыг сумын Засаг даргад үүрэг болгосон ч төлбөр гаргах шийдвэрийг эрх бүхий этгээдээс гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн “... “Г” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл 2019 оны орон нутгийн төсвөөс санхүүжих вакцинжуулалтын ажлын хөлсийг хавдар, цусан хавдар, дотрын халдварт хордлого, колибактериоз, боом, галзуу зэрэг 6 нэр төрлийн өвчнөөр тооцохоор байхад анхан шатны шүүх хавдар, цусан хавдар, дотрын халдварт хордлого, колибактериоз зэрэг 4 нэр төрлийн өвчнөөр тооцсон нь буруу” гэх гомдлыг хангах боломжгүй.
9. Мөн Ховд аймгийн Буянт сумын Засаг дарга, Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар гурвалсан гэрээ байгуулагдаж байх үед Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Мал эмнэлгийн үйлчилгээний үнэ тариф тогтоох тухай” 8/10 дугаар тогтоол мөрдөгдөж байсан тул хариуцагчаас дархлаажуулалтын нэг бүрийн үнийг дээрх тогтоолоор тогтоосон тарифаар тооцсон үндэслэлтэй байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.
10. Түүнчлэн дээрх гурвалсан гэрээгээр улсын төсвөөс санхүүжүүлэх өвчний ангилалд боом, галзуу, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх өвчний ангилалд дуут хавдар, цусан халдвар, дотрын халдварт хордлого, колебактериозыг хамааруулснаас гадна уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “Засгийн газрын 2018 оны 225 дугаар тогтоолоор батлагдсан дуут хавдар, цусан халдвар, дотрын халдварт хордлого, колебактериоз өвчний өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын үйлчилгээний хөлсийг Мал эмнэлгийн газраас хүргүүлсэн хуваарийн дагуу Мал эмнэлгийн тасгийн хяналтан дор Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид олгоно” гэж зааснаас үзэхэд орон нутгийн төсвөөс дээрх 4 нэр төрлийн өвчний дархлаажуулалтын санхүүжилтийг л олгохоос улсын төсвөөс буюу Мал эмнэлгийн газрын олгох тарилгын үйлчилгээний хөлс орон нутгийн төсөвт хамаарахгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй” гэх гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
11. Харин нэхэмжлэгчээс нэмэлтээр хийсэн дархлаажуулалтын төлбөртэй холбоотой хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэв.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ