Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 420

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Энхтайваны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01106 дугаар шийдвэртэй, Ц.Энхтайваны нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох,

 

Нөхөн олговорт 5 047 596 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Энхтайван хөдөлмөрийн эрүүл мэндийн чадвараа 65 хувиар алдсан нь тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуульд хөлдмөрийн чадвараа 51-75 хувиар алдсан тохиолдолд нөхөн олговор олгоно гэж заасан. Ц.Энхтайваны хөдөлмөрийн хөлсний дундаж нь 560.840 төгрөг байгаа. Хуульд 9 сарын цалин олгохоор заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т зааснаар ажил олгогч татан буугдсан бол Засгийн газар энэ нөхөн олговрыг олгоно гэж байгаа. Засгийн газрын тогтоолуудаар Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтаар нөхөн олговор олгож байсан байдаг.

Ц.Энхтайваны хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг Нийгмийн даатгалын хэлтсээс тогтоосон баримт хэрэгт байгаа. Энэ хүн Цагаан давааны уурхай, Эрдэнэцагааны уурхай гэх олон газарт ажиллаж байсан. Нэхэмжлэлд дурьдаж байгаа үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймд Ц.Энхтайванд 9 сарын нөхөн төлбөрт 5.047.596 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Ц.Энхтайван нь улсад нийт 17 жил ажилласнаас 13 жил газрын дор хүнд хортой нөхцөлд ажилласан гэжээ

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар Засгийн Газар хариуцагч мөн эсэх маргаан биш. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т зааснаар Засгийн газар тусгайлан шийдвэрлэж болно гэсэн ойлголт мөн биш гэсэн асуудал байгаа. Засгийн газрын 45 дугаар тогтоол хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр Дээд шүүхээс хэрэг буцсан байгаа. Өмнө нь Ц.Энхтайванд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн нөхөн олговор олгож байсан талаарх баримт хэрэгт авагдсан.

Нөхөн олговорыг ажил олгогч олгох ёстой болохоос Засгийн газар олгоно гэж заагаагүй. Дээд шүүхийн тогтоол дээр нэг удаа нөхөн олговор олгож болно гэж, гэхдээ ажил олгогчийн хувьд гэж заасан байгаа. Хэрэгт авагдсан баримтаар Ц.Энхтайван нөхөн төлбөрт хамрагдаж байсан. Гагцхүү программаар гарт нь олгож байсан эсэхийг тодорхойгүй гэсэн хариу албан бичиг ирсэн байдаг. Ц.Энхтайванд нөхөн олговор олгож байсан нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 4 766 769 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Энхтайванд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 280 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Энхтайваны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95 711 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 91 218 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Энхтайванд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Хөдөлмөрийн тухай хуулийг 1999 онд баталсан бөгөөд үүнээс өмнө үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирол, нөхөн төлбөрийн асуудлыг цалингийн зөрүүг нөхөж олгох, группын тэтгэмж олгох замаар шийдвэрлэж ирсэн. 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирол, нөхөн төлөх гэсэн шинэ зохицуулалтыг тусгаж өгснөөр энэхүү харилцааг хууль, эрх зүйн хүрээнд зохицуулах боломж бүрдэж, нөхөн төлбөрийг ажил олгогч хариуцахаар хуульд заасан.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирлыг ажил олгогч нөхөн төлж олгох хуулийн зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно”, 97.1.1-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь алдсан ажилтанд 9 сар, 71 дээш хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэж заасан.

Энэхүү зохицуулалт нь тухайн хөдөлмөрийн чадвар алдсан иргэний ажил олгогч байгаа тохиолдолд хэрэглэх буюу ажил олгогчид хамаарах хуулийн зохицуулалт болно. Харин ажил олгогч байхгүй болсон буюу хариуцагчгүй болсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт “Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой хуулийн этгээд татан буугдсан, төлбөрийн чадваргүй болж дампуурсны улмаас хариуцагчгүй болсон тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, ажил олгогч байхгүй болсон тохиолдолд Засгийн газар өөрийн эрх хэмжээний хүрээнд тусгайлан шийдвэрлэж болохоор хуульд заасан.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгт “хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь нөхөн төлбөр авч байсан бөгөөд дахин төлбөр шаардаж байгаа үндэслэлгүй гэж маргаж байна” гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн тайлбарын үндэслэлийг буруу тайлбарлаж дүгнэсэн, улмаар уг тайлбараа үндэслэн буруу дүгнэлт гаргах болсон. Учир нь хариуцагчаас нэхэмжлэгчийг “дахин төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй” гэсэн үндэслэлээр огт маргаагүй, гагцхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-д заасан хувь хэмжээгээр бус, харин 97 дугаар зүйлийн 97.4-д зааснаар Засгийн газар өөрийн эрх хэмжээний хүрээнд тусгайлан шийдвэрлэх замаар өмнө 280 800 төгрөг олгосон талаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Түүнчлэн шүүх “хуульд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнээс шалтгаалан нөхөн төлбөр олгох сарыг тусгайлан зохицуулсан байхад хариуцагч хууль зөрчиж, 2 сараар олгосныг нэг удаа нөхөн төлбөр олгосон гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь хариуцагчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 97.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэрийг 97.1.1-д заасан ажил олгогчийн олгох нөхөн төлбөртэй адилтган үзэж, улмаар уг хуулийн 2 өөр зохицуулалтын ялгааг буруу тайлбарлаж дүгнэх үндэслэл болсон.

Засгийн газрын 2012 оны 45 дугаар тогтоолоор 352 иргэнд 98 841 600 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан бөгөөд нэг хүнд дунджаар 280 800 төгрөг ногдсон байна. Дээр дурдсан шийдвэрүүдээр 2001-2012 оны хугацаанд Засгийн газрын тогтоол болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын шийдвэрээр нийт 5912 иргэнд, 1 196 982 915 төгрөгийн нэг удаагийн нөхөн төлбөр олгосон.

Нэхэмжлэгч Засгийн газрын 2012 оны 45 дугаар тогтоолоор хамрагдсан бөгөөд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 6/1447 албан тоотоор Хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт уг тогтоолыг хүргүүлсэний дагуу түүнд 280 800 төгрөг олгохоор шийдвэрлэж, хөрөнгийг харъяалах дүүргийн халамжийн байгууллагад хуваарилсан.

Шүүх Засгийн газар 2012 оны 45 дугаар тогтоолоор олгогдсон 280 800 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс хасч тооцсон. Түүнчлэн Засгийн газрын дээрх тогтоолтой нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй. Гэтэл уг тогтоолоор олгосон мөнгөн дүнг үндэслэлгүй гэж үзэж шүүхээс шийдвэрлэсэн нь өөрөө алдаатай бөгөөд шүүхийн шийдвэр хуульд үндэслэсэн байх шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргааны зүйл, түүнд хамаарах нотлох баримтыг үнэлэх болон эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх талаар буруу тайлбар хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Энхтайван нь хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан нөхөн олговорт 5 047 596 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ц.Энхтайван нь Геологи уурхайн яамны уулын механикжсан анги, Эрдэнэцагааны далд уурхай, Чойрын хайлуур жоншны экспедици, Дарханы геологийн экспедици, Монгол Унгарын уулын баяжуулах үйлдвэр зэрэг байгууллагад ажиллаж байгаад 1994 оноос мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдөж, хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан нь тогтоогдсон талаар шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Харин шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 4 766 769 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Энхтайванд олгож шийдвэрлэхдээ мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлажээ.

 

Ц.Энхтайваны ажиллаж байсан дээрх байгууллагууд татан буугдсан талаар зохигчид маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт зааснаар нөхөн төлбөрийг Монгол Улсын Засгийн газар хариуцах үүрэгтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт “Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээд татан буугдсан, төлбөрийн чадваргүй болж дампуурсны улмаас хариуцагчгүй болсон тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болно” гэж зааснаас үзвэл мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан нөхөн олговрыг хариуцагч Монгол Улсын Засгийн газар заавал хариуцаж олгохоор үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газарт ажил олгогчийн үүрэг шилжсэн гэж үзэхгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн газар нь хуулиар хүлээсэн тусгайлан шийдвэр гаргах эрх хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд шийдвэрлэх асуудлыг зохицуулсан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага нь ажил олгогчийн үүргийг шаардсан бөгөөд энэ тохиолдолд хариуцагч Монгол Улсын Засгийн газрыг тухайн ажил олгогчийн үүргийг шууд хүлээнэ гэсэн агуулгаар нэхэмжлэгчийн хүссэн нөхөн төлбөрийг гаргуулах үндэслэлгүй юм.

 

Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 45 дугаар тогтоолоор Ц.Энхтайванд 280 800 төгрөгийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн баримт авагдсан, харин холбогдох байгууллагаас дээрх нөхөн олговрыг аваагүй бол шаардах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01106 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засгийн газраас нөхөн олговорт 5 047 596 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Энхтайваны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01106 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Монгол Улсын Засгийн газраас нөхөн олговорт 5 047 596 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Энхтайваны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                Т.ТУЯА