| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0153/Э |
| Дугаар | 186 |
| Огноо | 2020-09-11 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 186
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Гантулга,
Хохирогч Н.Б , Г.О , Б.Ө , Л.Ц , Г.Г , тэдний өмгөөлөгч М.Даваасүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,
Шүүгдэгч Р.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Р.О холбогдох 163/2020/0153/Э индекстэй, эрүүгийн 2015001300071 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1982 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №67 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнцэж, үүрэг хүлээлгэх ял шийтгэл эдэлж байсан, Ц овогтой Р.О.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.О нь Булган аймгийн ... Х банкны эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа буюу албан тушаалын байдлаа ашиглаж Б.Ө аас 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөг, Л.Ц ээс 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 4.500.000 төгрөг, Г.О ээс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг,
Г.Г ээс 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 6.000.000 төгрөг, Н.Б гээс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж зээл гаргуулан авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.О мэдүүлэхдээ: Намайг албан тушаалаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гээд байгаа. Миний хувьд албан тушаалаа урвуулан ашигласан зүйл байхгүй. Хүн болгонтой өөрсөдтэй нь ярилцаж тохиролцоод өөрсдөөс нь гуйхад зөвшөөрөөд мөнгө зээлсэн залилсан зүйл байхгүй. Одоо хүртэл өгөхгүй байгаа шалтгаан нь би 2018 оны 11 дүгээр сард ажлаасаа гараад тэрнээс хойш ажил хийх боломжгүй байгаа. Булган аймаг руу цагдаад дуудагдаад байцаагдаад одоог хүртэл цагдаагаар явж байгаа. Тэгээд дунд нь манай аавын бие өвдөөд, би өөрөө бас хагалгаанд орсон учраас ажил хийх боломжгүй байсан. Сая хавар 2 сард ажилд ороод энэ хүмүүстэй бүгдтэй нь тохиролцоод сар сард нь мөнгө төлөөд явна гэдгээ илэрхийлээлд төлж эхлэж байсан. 02 дугаар сарын 25-ны өдөр цагдаагаас утасдаад цагдаагийн газар бэлэн бай гээд тэгээд ажлаасаа гараад энд ирж байцаагдаад түүнээс хойш сар болгон мөнгө төлөх боломжгүй болсон. Уг нь сар сардаа мөнгөө төлнө гэж тохиролцсон. Б , Г хоёрт мөнгийг төлсөн байгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Б мэдүүлэхдээ: Би 2018 оны 10 сарын 12-ны өдөр 11 сая төгрөгийн цалингийн зээл авсан. 10 сая төгрөгийг О д өгөөд О 11 сарын 2-нд зээлийн төлөлтийг хийсэн. 12 сарын төлөлтийг хийгээгүй. 1 сард аав нь 200 000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш төлөлт хийгдэхгүй байж байгаад 2020 оны 3 дугаар сард 5 000 000 төгрөгийн гэрээ хийж гэрээгээр тохирсон 5 000 000 төгрөгөө нэг сарын дотор өгнө гэж тохиролцсон боловч мөнгөө өгөөгүй. Дараа нь мөнгөө яасан бэ гэсэн нэгэнт эрүүгийн журмаар шийдвэрлүүлэхээр болсон тул хуулийн дагуу явна. Одоо мөнгийг чинь өгөх боломжгүй байна гэсэн. Би тэр үед боломж олгож санал тавьсан боловч мөнгөө өгөөгүй. Надад 1 сая төгрөг өгөөгүй. Бэлнээр мөнгө авсан зүйл байхгүй. Аав нь 200 000 төгрөг өгсөн. Надад дээд тал нь 900 000 төгрөг өгсөн. Миний зээл 15 504 000 төгрөг байгаа ба бүх зээлийн төлөлт нэхэмжилж байна. Би одоо болтол зээлийн хүү төлж яваа. Одоо үлдэгдэл зээл 8 900 000 төгрөг байгаа. Энэ хүн зээлийн хүүгээ оруулахгүй байна. Надад маш их хохиролтой байна. Одоо 5 жилийн хүүгээ оруулж тооцоод 14 600 000 төгрөг нэхэмжилж байна. Мөнгөө гаргуулах саналтай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.О мэдүүлэхдээ: Би бизнесийн зээлийн хүсэлтээ олон хоногийн өмнө өгсөн байсан. 2018 оны 08 сарын 02-ны өдөр 20 сая төгрөг авсан. Орой 6 цаг болж байхад ирж гарын үсэг зур гэхээр нь манай нөхөр байхгүй гэхэд хамаагүй чи өөрөө хүрээд ир гэсэн. Яг тэр үед манай нөхөр ирж таараад очиж гарын үсгээ зурсан. О тэр орой 10 сая төгрөг өгөөч гээд 2-3 удаа мессеж бичсэн. Хүнээс мөнгө зээлсэн чинь тэр хүн нь надаас мөнгөө нэхээд байна, чи надад мөнгө зээлээч, би 2-3 хонуулаад буцаагаад өгнө гэж хэлсэн. Тэгээд би барааны мөнгө шүү гэж хэлээд мөнгө өгсөн. Би 7 хоног мөнгөө нэхээгүй. Тэрнээс хойш мөнгөө авах гэхээр өгөхгүй хойшлуулсаар байгаад 9 сард 1 сая төгрөг өгсөн. Сар бүрийн 26-ны өдөр 1020000 төгрөг төлдөг. Энэ хүнээс мөнгөө нэхэхээр намайг дан хуурдаг байсан. Одоо надад ямар ч банкнаас зээл өгөхгүй байна. Сүлдээ энэ хүн мөнгөө өгөхгүй, би ажлаасаа гарсан болохоор Х а хэнд хандахаа мэдэхгүй байж байгаад эгчээсээ зөвлөгөө аваад иргэний журмаар шүүхэд хандсан. Иргэний журмаар хандахад надад 5 сарын 20-ны дотор мөнгий чинь өгнө гэж хэлээд эвлэрлийн гэрээ байгуулсан боловч нэг ч төгрөг өгөөгүй. Би ажлаасаа гарах гээд байна мөнгийг маань өгөөч гэсэн боловч өгөөгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ө мэдүүлэхдээ: 2018 оны 5 сарын 16-нд Мал эмнэлгийн үржлийн тасагт байцаагч хийж байгаад 10 000 000 төгрөг 1 сарын хугацаатай зээлсэн. 5 сарын 16-ны орой ажлын цаг дуусахаас өмнө мөнгөн гүйлгээний баримтан дээр гарын үсэг зуруулсан. Тэр оройдоо мөнгө буцаж данснаас гарсан. Сарын дараа мөнгөө авъя гэхэд 2 хоногийн хугацаа өгчих гэсэн. Тэгээд хүлээгээд өгөөгүй. 6 сарын 20-дын үеэр 500 000 төгрөг хүү гэж өгсөн. Ааваас нь 3 тооны хонь аваад нэг хонийг тухайн үеийн ханшаар 110 000 төгрөг болж, нийт 330 000 төгрөгөөр нэг сарын төлөлтөө хийсэн. О нийт 5 сарын төлөлтийг төлж өгсөн. 5 жилийн хүүг тооцоод 14 200 000 төгрөг болж байгаа. Анхнаасаа 500 000 төгрөг урамшуулал болгож өгнө гэсэн. Үлдэгдэл 10 сая төгрөгөөс 1,5 сая төгрөг хасагдсан. Одоогийн байдлаар 2,300 000 төгрөг авсан. Одоо нийт 11 700 000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Ц мэдүүлэхдээ: О д нийт 4.500.000 төгрөг өгөөд одоо болтол юу ч аваагүй байгаа. Би О гээр нэг ч удаа зээлийн төлөлт хийлгэж байгаагүй. О дээр нэг ч удаа мөнгөө авна гэж очиж байгаагүй. Би хоёр банкинд зээлтэй байгаа. Би нэг ч төгрөг О гээс буцааж аваагүй. Миний зээлийг төлөөд өгөөч гэж гуйхаар надад дан худлаа хэлж байсан.
Надад хэцүү байна. Одоо нийт 6 500 000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Г мэдүүлэхдээ: 2018 оны 9 сарын 27ны өдөр 1 сая төгрөгийн цалингийн зээл авах гээд очсон. Тэгсэн О надад 6 сая төгрөг хэрэгтэй байна нэмээд зээл гаргуулаад өгөөч гэсэн. Тэгээд нийт 7 сая төгрөгний цалингийн зээл аваад О д 6 сая төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлүүлсэн. Түүнээс хойш би 11 сард жирэмсний амралтаа аваад амарсан. 11 сард төлөлт эхлэх байсан ба тэр үед миний данснаас зээлийн мөнгийг татсан. О г мөнгөө хийгээрэй гэсэн мэдэж байгаа гэсэн. О 12 сарын төлөлтөө хийхгүй байсан тул миний данснаас мөнгийг татсан. Нөхрөөсөө нуугаад чамд мөнгө авч өгсөн болохоор нөхөр мэдэх гээд байна гэхэд 150 000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш сар бүрийн 280 000 төгрөгөөр төлөлтөө тасралгүй хийвэл гомдол саналгүй гэсэн боловч нэг ч төгрөг хийгээгүй, зээлээ төлөхгүй байж байгаад 3 сард 200 000 төгрөг төлсөн. Одоо зээлдүүлсэн 6000.000 төгрөгөө л нэхэмжилж байна гэв.
2015001300071 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Б.Ө ы өгсөн: “... Би Булган аймгийн ... Х банкны эрхлэгчээр ажиллаж байсан Р.О гэх танил эмэгтэй намайг банкнаас цалингийн зээл аваад 1 сарын хугацаатай надад зээлээч би авсан зээлийг чинь төлөөд 500.000 төгрөг нэмж өгье гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн ... салбараас 10.000.000 төгрөгний цалигийн зээл авахаар материал бүрдүүлэхэд О нь мөнгө шилжүүлсэн баримт дээр миний гарын үсгийг зуруулаад аваад үлдсэн. Энэ өдрийн орой миний дансанд 10.000.000 төгрөгний орлого ороод буцаад зарлагаар О гэх хүний данс руу автоматаар шилжүүлсэн мэдээлэл гар утсанд ирсэн... Би О намайг хуурч банкнаас миний нэр дээр зээл авсан. Энэ зээлийг нь би одоо болтол төлөөд явж байгаа, цаашид дахиад 3 жил төлнө иймд би гомдолтой байна. Би Р.О д өгсөн 10.000.000 төгрөгөө, энэ мөнгөний одоогийн хүү болох 3 сая төгрөг. Нийт 13.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-30 дугаар хуудас/,
Хохирогч Л.Ц ийн өгсөн: “... Би 2018 оны 06 дугаар сарын 22-ны ө Булган аймгийн ... Х банкны салбараас цалингийн зээд аваад Төрийн банк руу зээлээ төлөхөөр байж байтал Х банкны эрхлэгчээр ажиллаж байсан О нь хагас сайн өдөр миний данснаас зээлийн төлөлт гэж хийгдээд удалгүй буцаад ороод ирсэн. Тэгээд би энэ талаар асуухаар О тэй уулзахад би чиний дансны дугаарыг буруу бичсэн байна гэсэн тэгээд чи надад мөнгө зээлээч би удахгүй өгнө гээд надаас 4.500.000 төгрөг авсан. Тэгээд О одоо болтол ямар ч мөнгө надад өгөөгүй, би мөнгөө нэхэхээр худал хэлээд өдийг хүрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-37 дугаар хуудас/,
Хохирогч Г.О ийн өгсөн: “... Би 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Х банкны Булган аймгийн ... салбараас 20.000.000 төгрөгний бизнесийн зээл авсан юм. Зээл авсан өдрийн орой О надруу утсаар залгаад бас мэссэж бичээд би хүнээс 10.000.000 төгрөг авсан чинь нэхээд Аймгийн Х банк руу хэлнэ гээд байна тэгэхээр би ажилгүй болох гээд байна надад тус болооч би 2-3 хоноод өгье гэхээр нь би барааныхаа мөнгийг шилжүүлэх гэж байгаа гэсэн чинь чи хоёр хоног харчихаач хоёр хоноод өгье гэхээр нь би зөвшөөрөөд тэг тэг гээд өгсөн. Тэгээд надаас 9.000.000 төгрөгийг А гэх хүний данс руу хийлгээд үлдсэн 1.000.000 төгрөгийг маргааш нь буюу 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр бэлнээр авсан юм. Тэгээд надаас авсан 10.000.000 төгрөгнөөс 7 саяыг нь өгөөд үлдсэн 3.000.000 төгрөгийг нь өгөөгүй байгаа. Тухайн үед намайг мөнгөө нэхэхэд надад хүүгээр нь бодож өгнө гэж хэлэхээр нь би хүлээгээд өдийг хүрсэн. О нь намайг хуурч мөнгө авсан. Намайг хохироосон учир гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар хуудас/,
Хохирогч Г.Г ийн өгсөн: “... Надад анх 1 сая төгрөг хэрэг болохоор нь би Р.О гээс надад цалингийн үээл гарах болов уу 1 сая төгрөгний зээл авах гэсэн юм гэж асуухад өө бололгүй яахав чи нэг мөсөн 6 сая төгрөг зээлээд надад өгчихөөч би 7 хоногийн дараа өгье шалгалт ирэх гээд мөнгөний хэрэг болоод байна гэж хэлсэн. Би Булган аймгийн ... Х банкны салбараас 2018 оны 9 дүгээр сарын 27ны өдөр 6 сая төгрөгний зээл авч бэлнээр 6 сая төгрөгийг Р.О д өгсөн. О надад хэлэхдээ 7 хоногийн хугацаатай зээлээд эргүүлээд өгчихье гэж хэлсэн. Тэгээд мөнгө зээлдэснээс хойш 7 хоногийн дараа мөнгөө авах гэтэл одоохон удахгүй гэсээр байтал 1 сар болсон. Тэгээд би 2018 оны 11 сард хүүхэдтэй болоод чөлөө аваад ажлаасаа гарсан. Тэр хооронд О гээс мөнгө асуухад мэдэж байгаа удахгүй гэж хэлдэг байсан. Тэгж байгаад улмаар О ажпаасаа халагдсан... 2020 оны 03 дугаар сард 200.000 төгрөг авсан. Өөр мөнгө аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Хохирогч Н.Б гийн өгсөн: “... Би 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Х банкны Булган аймгийн ... салбараас цалингийн зээл 1.500.000 төгрөг авахаар хандтал тус банкны эрхлэгчээр ажиллаж байсан Р.О намайг нэмээд 10 сая төгрөг аваад өг би өнөөдөр зээлийг чинь гаргаад өгнө чамаас авсан 10.000.000 төгрөгийг удлаа гэхэд 1 сарын дотор өгнө гэсэн. Тэгээд нөхөр бид 2 ярилцаад 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ... Х банкнаас 11.500.000 төгрөгийн зээлийг миний нэрээр гаргуулахаар материалаа өгсөн. Тэгээд тэр өдрийн орой О г зээл гарчихлаа гэхээр нь манай нөхөр С очиж 1.500.000 төгрөгийг авсан. Миний нэр дээр зээл гаргасан нийт 11.500.000 төгрөгнөөс А гэдэг хүний данс руу 7.000.000 төгрөг шилжүүлсэн, 3.000.000 төгрөгийг бэлнээр Р.О д өгсөн. Үлдэгдэл 1.500.000 төгрөгийг нь өөрөө авсан. Одоо би 2018 оны 12 сараас хойш сард 299.000 орчим төгрөг төлж байна. Энэ зээлийн хугацаа нь 2023 онд дуусна. Тухайн үед би О г Х банкны эрхлэгч байсан болохоор итгэж өөрийнхөө нэр дээр зээл гаргуулсан боловч одоог болтол миний нэр дээрх зээлийн асуудлыг шийдэж өгөөгүй залилсан. Би өөрийнхөө авсан 1.500.000 төгрөгийг аль дээр төлөөд дууссан байх ёстой. Одоо хүний өмнөөс сар бүр зээл төлөөд яваад байгаа нь надад хохиролтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 2 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 72 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 96-98 дугаар хуудас/, зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 109-139 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Р.О нь Булган аймгийн ... Х банкны эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа буюу албан тушаалын байдлаа ашиглаж Б.Ө аас 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөг, Л.Ц ээс 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 4.500.000 төгрөг, Г.О ээс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг, Г.Г ээс 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 6.000.000 төгрөг, Н.Б гээс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж зээл гаргуулан авч залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Н.Б гийн....би 2018 оны 10 сарын 12-ны өдөр 11 сая төгрөгийн цалингийн зээл авсан. 10 сая төгрөгийг О д өгөөд О 11 сарын 2-нд зээлийн төлөлтийг хийсэн...гэх, хохирогч Г.О ийн... би бизнесийн зээлийн хүсэлтээ олон хоногийн өмнө өгсөн байсан. 2018 оны 08 сарын 02-ны өдөр 20 сая төгрөг авсан.. Орой 6 цаг болж байхад ирж гарын үсэг зур гэхээр нь манай нөхөр байхгүй гэхэд хамаагүй чи өөрөө хүрээд ир гэсэн. Яг тэр үед манай нөхөр ирж таараад очиж гарын үсгээ зурсан. О тэр орой 10 сая төгрөг өгөөч гээд 2, 3 удаа мессеж бичсэн. Хүнээс мөнгө зээлсэн чинь тэр хүн нь надаас мөнгөө нэхээд байна, чи надад мөнгө зээлээч, би 2-3 хонуулаад буцаагаад өгнө гэж хэлсэн. Тэгээд би барааны мөнгө шүү гэж хэлээд мөнгө өгсөн гэх, хохирогч Б.Ө ы.... 2018 оны 5 сарын 16-нд Мал эмнэлгийн үржлийн тасагт байцаагч хийж байгаад 10 000 000 төгрөг 1 сарын хугацаатай зээлсэн гэх, хохирогч Л.Ц ийн....О д нийт 4.500.000 төгрөг өгөөд одоо болтол юу ч аваагүй байгаа. Би О гээр нэг ч удаа зээлийн төлөлт хийлгэж байгаагүй. О дээр нэг ч удаа мөнгөө авна гэж очиж байгаагүй...., би нэг ч төгрөг О гээс буцааж аваагүй. Миний зээлийг төлөөд өгөөч гэж гуйхаар надад дан худлаа хэлж байсан гэх, хохирогч Г.Г ийн....О надад 6 сая төгрөг хэрэгтэй байна нэмээд зээл гаргуулаад өгөөч гэсэн. Тэгээд нийт 7 сая төгрөгний цалингийн зээл аваад О д 6 сая төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлүүлсэн гэх мэдүүлэгүүдээр нотлогдож, тогтоогдсон байна.
Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.
Иймд шүүгдэгч Р.О гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нь шүүгдэгчийн гэм буруу дээр маргаж Р.О нь дээрхи хохирогч нартай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан ба иргэний эрх зүйн харилцаа үүсч, хэлцэл хийсэн байна. Залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй байна гэж маргажээ.
Залилан мэхлэх авах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч, мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахайн сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдал бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгж эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ анхаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, нөгөө тал/хохирогч/ нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзнэ гэжээ.
Мөн хуурч мэхлэх гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авах үйлдлийг хэлнэ гэсэн байх ба шүүгдэгч Р.О гийн үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарын өмгөөлөгч М.Даваасүрэн нь хохирол хор уршгийн хувьд шүүгдэгчээс зээлийн хүүтэйгээр хохирол төлбөрийг гаргуулж өгнө үү гэж мэтгэлцээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж байх тул шүүгдэгчээс хохирогч Б.Ө д зээл болон зээлийн хүү нийт 11.700.000 төгрөг, хохирогч Н.Б д зээл болон зээлийн хүү нийт 14.600.000 төгрөг, хохирогч Г.Г т үндсэн зээл 6000.000 төгрөг, хохирогч Л.Ц эд зээл болон зээлийн хүү нийт 6.500.000 төгрөгний хохирол тус тус учирсан байх ба шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй байна.
Харин Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 429 дугаартай шүүгчийн захирамжаар хохирогч Г.О нь шүүгдэгч Р.О тэйтэй 3.612.000 төгрөг гаргуулах маргааны талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан ба дээрхи шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх бөгөөд Г.О нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Булган аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож уг тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Р.О д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь 15 хоног цагдан хоригдсон, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон биүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН