Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баяраагийн Батаа |
Хэргийн индекс | 188/2020/1022/Э |
Дугаар | 1056 |
Огноо | 2020-09-23 |
Зүйл хэсэг | |
Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 1056
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Т.Отгонтөгс, шүүгдэгч Б.У-д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос У овгийн Б-ийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008017381272 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
У овгийн Б-ийн У, Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “****” ХХК-д мужаан ажилтай, ам бүл дөрөв, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн ** дугаар гудамжны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: *******, урьд: Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 161 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.У-д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2020 оны 04 дүгээр сарын 18-ны шөнийн 01-02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цамбагаравын ард байрлах “******” нэртэй цайны газарт хохирогч М.Э-тай“чимээгүй бай” гэсэн шалтгаанаар хувийн таарамжгүй харьцаа үүссэний улмаас түүнийг нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун завжинд цус хуралт, зүүн тохой, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч У овгийн Б-ийн У нь 2020 оны 04 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө 01-02 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамбагарав үйлчилгээний төвийн ард байрлах “Амтат хуушуур” нэртэй цайны газарт “чимээгүй бай” гэсэн шалтгаанаар хохирогч М.Э-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүний нүүр лүү гараараа цохиж, бие махбодод нь “...тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун завжинд цус хуралт, зүүн тохой, духанд зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.У-дын шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүх зүйл үнэн зөв тусгагдсан байгаа тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн үед би өөрийн “Note” маркийн автомашинтай Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, **** хороололд найз Б-ын хамт машин дотроо хүний 3, 4 пиво уусан. 00 цагийн үед хөдлөөд Гэмтлийн эмнэлгийн хойно нэг найз дээрээ очиж уулзаад 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагарав дээр ирээд автобусны буудлын ард байрлах “******” нэртэй цайны газарт Б бид хоёр ороод ширхгийн хоол захиалчхаад сууж байсан. Тэгтэл гаднаас үл таних хоёр залуу орж ирээд хажуугийн ширээнд суусан ба бид хоорондоо хөгжилтэй юм яриад сууж байхад хажуу ширээний хоёр залуугийн нэг нь “та хоёр жаахан чимээгүй байгаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би урдаас нь “танай гэрт байгаа юм уу, чамаар дуугаа хориулахгүй шүү” гээд жаахан маргаан үүссэн. Тэр үед надтай маргалдсан залуу сандлаасаа босоод “чи яах гээд байгаа юм” гээд над руу ойртоод ирэхээр нь би урдаас нь босоод уг залуугийн цээж рүү нь гараараа түлхэхэд тэр залуу миний дух болон зүүн талын шанааны хэсэг рүү гараараа нэг нэг удаа цохисон. Дараа нь баруун талын хацрын хэсэг рүү гараараа нэг удаа цохиход би цохилтынх нь улмаас хөл алдаж зүүн талын тохойгоороо ширээн дээр дарж унасан. Бас баруун гарынхаа бугуйны хэсгийг ширээнд цохисон. Тэр үед намайг цохисон залууг хамт явсан найз нь надаас холдуулсан. Б найз маань намайг дагуулж цайны газраас гараад гэртээ харьсан. Намайг зодсон залууг би дараа нь цагдаагийн хэлтэс дээр ирээд нэрийг мэдсэн ба У гэдэг юм билээ. Би У-д цохиулаад хөл алдаж унах үед миний өмдний халаасанд байсан Самсунг галакси эс 7 маркийн шаргал өнгийн гар утас уначихсан юм билээ. Миний утасны дэлгэц болон ар тал нэлэнхийдээ хагархай байсан ба гар утсаа буцааж авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-24 дүгээр хуудас);
3. Гэрч Э.С- ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Цамбагаравын ар талын автобусны буудал дээр ирээд Б ах унтчихсан байсан болохоор машинд үлдээгээд У ах бид хоёр автобусны буудал дээр байсан нэг цайны газарт орсон. Цайны газарт ороод нэг ширээнд суугаад ширхгийн хоол захиалах гэж байхад хажуу ширээн сууж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоорондоо чанга чанга яриад байсан. Тэгтэл У ах уг хоёр хүнд хандаж "та хоёр жаахан чимээгүй байгаач” гэж хэлэхэд эрэгтэй нь буюу одоо энэ хэргийн хохирогч Э гэгч залуу У ахыг “чи миний дууг хорьдог хэн бэ” гээд уурласан. У ах “чи юу гээд байгаа юм” гэж маргалдаад босоод Э гэгч залуу руу ойртоод очиход Э урдаас нь босоод У ахын цээж рүү нь гараараа түлхэхэд У ах түүний нүүр рүү нь гараараа 2,3 удаа цохисон. Энэ үед Э хөл алдаж ширээ налаад унасан. Тэгэхээр нь би У ахыг боль гээд холдуулахад Э-ыг хамт явсан эмэгтэй нь дагуулаад гараад явсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-29 дүгээр хуудас);
4. Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байх үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагарав автобусны буудал дээр байрлах “****” нэртэй цайны газартаа ажлаа хийгээд байж байгаад үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ширхгийн хоол захиалаад байж байсан. Тэгтэл гаднаас дахин хоёр эрэгтэй хүн орж ирээд ширээнд суугаад хоол захиалах гэж байхад нөгөө эмэгтэй, эрэгтэй хоёр хүн хоорондоо чанга яриад байсан. Тэгэхэд сүүлд орж ирсэн хоёр залуугийн өндөр залуу нь “та хоёр жаахан зөөлөн ярь, чимээгүй байгаа ч” гэж хэлэхэд эрэгтэй нь “чи миний дууг хорьдог хэн бэ, банди минь" гэж хэлэхэд өндөр залуу нь “чи юу гээд байгаа юм” гээд эрэгтэй, эмэгтэй хоёр хүний ширээ рүү ойртоод очиход эрэгтэй нь босоод өндөр залуугийн цээж рүү нь гараараа түлхэхэд өндөр залуу зөрүүлээд уг залуугийн нүүр рүү 2, 3 удаа цохисон. Тэгээд цохиулсан залуу хөл алдаад ширээ налаад унасан. Зодуулсан залууг хамт явсан эмэгтэй нь дагуулаад аваад гарсан. Харин сүүлд орж ирсэн 2 залуу захиалсан хоолоо идчихээд гарах гэж байх үед намхан залуу нь ширээний доороос нэг гар утас олсон. Тэгэхээр би уг залууд наад утас чинь саяны залуугийн утас л байх, чи эзэнд нь өгөөрэй гэхэд та авчихаа эгч гэхээр нь би үгүй миний дүү өгөөрэй гэж хэлэхэд 2 залуу гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-н 43-46-р хуудас);
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 4899 дугаартай: “...М.Э-ын биед тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун завжинд цус хуралт, зуун тохой, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх-ийн 49-50 дугаар хуудаc);
6. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 14 дүгээр хуудас);
7. Шүүгдэгч Б.У-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 67 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 71 дүгээр хуудас);
8. Шүүгдэгч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 01 цагийн орчимд С бид 2 машинаас буугаад автобусны хойно байрлах нэг цайны газарт хоол захиалж идэх гээд ширээнд суусан. Тэр үед хажуу ширээний нэг эрэгтэй, эмэгтэй 2 хоорондоо чанга чанга яриад орилолдоод байсан. Тэгэхээр би “та 2 жаахан чимээгүй байгаач яасан чанга дуугардаг юм” гэсэн чинь Э гэгч залуу “танай гэрт байгаа юм уу, чи миний дууг хорьдог хэн бэ” гээд над руу уурласан. Миний уур хүрээд ойртоод очиход Э миний дух руу түлхэхээр нь би түүний дух хэсэгт нэг удаа, шанаа хэсэг рүү нь болон баруун хацрын хэсэгт гараараа нэг удаа цохиход Э хөл алдаад ширээ налаад унасан. Тэр үед С намайг боль гээд холдуулсан. Эыг хамт явсан эмэгтэй нь дагуулаад гараад явсан. С нэг ширээний доороос гар утас олоод Э-ын гар утас байх гээд хадгалж байгаад цагдаа дээр ирэхдээ авчирч өгсөн. Э намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би өөрийн гэм бурууг ойлгож, хохирогч М.Э-аас уучлалт гуйсан...” гэсэн (хх-ийн 62-64 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.У-д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр, түүнчлэн хохирогч М.Э нь эмчилгээний зардалд 250,000 төгрөг авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр хүсэлт гаргасныг прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 276 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Э-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Б.У-дын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч М.Эын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.У-дыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч М.Э нь эмчилгээний зардалд 250,000 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.У-дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.У-д нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.У-д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, орлогод нийцүүлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У-д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.У овгийн Б-ийн У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-дтаван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.У-д сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У-д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.У-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА