| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0474/Э |
| Дугаар | 1042 |
| Огноо | 2020-09-24 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 1042
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Х.Онолт, хохирогч Б.А, шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Т-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 1179 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Т-ын М, Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Ховд аймгийн *** суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ****, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Т.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 07 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 22 дугаар байрны 1 дүгээр орцны урд байрлах саравчинд иргэн Б.А-тай тамхи өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйханд шарх, баруун нүдний доод зовхи, баруун, зүүн дал, мөр, баруун ташаанд цус хуралт, зүүн зулай, чамархай хуйх, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний гадна булан, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Т-ын М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 07 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 22 дугаар байрны 1 дүгээр орцны урд байрлах саравчинд “тамхи өгсөнгүй” гэсэн шалтгаанаар хохирогч Б.А-тай маргалдаж, улмаар түүний нүүр лүү гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, бие махбодод нь “...зүүн зулайн хуйханд шарх, баруун нүдний доод зовхи, баруун, зүүн дал, мөр, баруун ташаанд цус хуралт, зүүн зулай, чамархай хуйх, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний гадна булан, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Т.М-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...А-т хөнгөн хохирол учруулсандаа уучлалт хүсэж байна. Миний буруу. Хавтаст хэрэгтэй танилцаж, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй 2 жил болж байгаад тухайн өдөр баяр наадмын өдөр байсан тул хөдөөгөөс ирэх замдаа жаахан архи уусан. Шөнө байсан, хамт явсан хүмүүс намайг хаана буулгасан гэдгийг сайн санахгүй байна. Гэрийнхээ арын саравчны хажуугаар явж байхад 3 залуу байсан. “Тамхи байна уу” гэж А-аас асуухад байхгүй “цаашаа зайл” гэхэд нь “юу гээд байгаа юм бэ” гээд очиход өөдөөс 2 гараараа түлхсэн. Тэгэхээр нь би цохисон. Тэр даруйдаа, хүн цохисон гэдгээ мэдээд ухаан санаа сэргээд зугтсан. Хөдөө байж байхад мөрдөгч яаралтай ир гэж утсаар дуудсан. Хохирогч ямар хүн байсан гэдгийг санахгүй байна, хэрэг гарах үед гадаа харанхуй байсан. Би А-тай урьд нь хэд хэдэн удаа тааралдаж байсан, тэр болгонд архи уусан согтуу явдаг. Хохирол төлбөрөө төлөх гээд 2 удаа очсон боловч согтуу байсан тул ээжтэй нь утсаар яриад 2 хоногийн өмнө 200,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Хохирогч группт байдаг гэдгийг хавтаст хэрэгтэй танилцаад мэдсэн. Бодит хохирлыг төлсөн, харин хохирогчийн нэхэмжилсэн бүх мөнгийг төлөх боломжгүй байна. Том хүүхэд оюутан, 2 хүүхэд сурагч, эхнэр 1 настай хүүхдээ хараад гэртээ байдаг. Надаас өөр цалин орлого олдог хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Б.А-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би тамхи татах гээд гарахад саравчинд 2 хүүхэд сууж байсан. Би тэр хүүхдүүдийг танихгүй. Би тухайн үед шар айраг уугаагүй байсан. М согтуу ирээд тамхи асуухад нь “надад тамхи байхгүй, ганц байсан тамхиа татаж байна” гэж хэлэхэд намайг хэл амаар доромжилсон. Тэгээд босоод явах гэхэд намайг цохиод авсан. Тухайн саравч төмөр хашлагатай, надад зугтах боломж байгаагүй. Миний нүүр лүү 2-3 удаа цохиж намайг боож, ширээн дээр унагасан. Би ширээн доогуур ороход дээрээс дэвсэлж өшиглөсөн. Тэгэхэд 23 дугаар байрнаас эмэгтэй хүн “чи хүн аллаа, цагдаа дуудлаа шүү” гэж орилж байсан. Тэгэхэд М явсан, би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Дараа нь танихгүй хүнийг гуйж утсаар нь ээжийгээ дуудаж Гэмтлийн эмнэлэгт очсон. Долоо хоног гэртээ хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Баруун гарын дунд хуруу тулсан. М-д зодуулаад сэтгэл санааны дарамтай, гэртээ баяр наадмаар хэвтэрт байсан. Миний ээж тэтгэврийн мөнгөөрөө намайг эмчилж өдий зэрэгт хүргэсэн...” гэсэн мэдүүлэг;
3. Иргэн Б.А-аас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 2 дугаар хуудас);
4. Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ахимаг насны хүн суудлаасаа босож ирээд “чи хэн юм бэ” гэж хэлээд над руу ойртоод ирэхэд нь би суудлаасаа босоод хоёр гараараа цээж рүү нь түлхэхэд миний нүүр лүү гараа атгаж байгаад хоёр удаа цохиод, нэг гараараа миний өмссөн хүрмийн захаар боогоод түлхэх үед би газар хөл алдаад унасан. Би сандлын хажууд унахад тэр хүн миний дээрээс хуванцар пивоны хоосон саваар толгой руу цохиод байсан. Би хоёр гараараа нүүр, толгойгоо дараад хамгаалахад миний дээрээс дэвсээд толгой руу өшиглөөд мөн гар, хөл рүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 11-р хуудас/
5. Гэрч О.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 01 цагийн үед гэрийн хаалга нүдсэн. Би гэрийн хаалга дотор талаас нь чагнаж үзэхэд А би үхлээ шүү дээ гэж хэлээд чимээгүй болохоор нь хаалгаа нээгээд харахад А-ын нүүр ам нь цус болчихсон, баруун нүд нь хөхөрч хавдсан, өмсөж явсан цагаан өнгийн футболк нь цусандаа улаан өнгөтэй болсон хэвтэж байхаар нь би гэртээ оруулаад нүүр амыг нь угаагаад түргэн дуудсан боловч ирэхгүй удаад байхаар нь өөрийн машинаар гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн. А-аас юу болсон талаар асуухад үүдний саадад танихгүй хүнд зодуулсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 дугаар хуудас);
6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8102 дугаартай шинжээчийн: “...Б.А-ын биед зүүн зулайн хуйханд шарх, баруун нүдний доод зовхи, баруун, зүүн дал, мөр, баруун ташаанд цус хуралт, зүүн зулай, чамархай хуйх, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний гадна булан, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх-ийн 17-18 дугаар хуудас)
7. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 40-41 дүгээр хуудас), шүүгдэгч Т.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 31 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 37 дугаар хуудас),
8. Шүүгдэгч Т.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би юу асууснаа санахгүй байна, А гэж залуу миний өмнөөс нэг юм хэлээд босоод ирсэн. Тэгээд би А-ын нүүрэн тус газар нь 1 удаа цохиход тэр хойшоо ширээний дээр гэдийхээр нь нүүр лүү нь 3 удаа гараараа цохисон. Нэг эмэгтэй хүн чи хүн аллаа шүү дээ, цагдаа дуудлаа гэж орилж байсан. Тэгэхээр нь би тэндээс зугтаагаад байрны булан тойроод гүйж байсан санагдаж байна....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-26 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.А-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Т.М-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.А-ын эрх чөлөөнд халдаж, бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.М-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.А-ын шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтуудаас компьютер томографын зураг авхуулсан 100,000 төгрөгийн, “STM MED” эмнэлгийн 100,000 төгрөгийн баримтыг тус тус хэрэгт хамааралтай гэж үзсэн, харин цэвэр усны 800 төгрөгийн, утга тодорхойгүй 7,500 төгрөгийн, эмчийн жорд тусгагдаагүй бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 18,876 төгрөгийн баримтуудыг хэрэгт хамааралгүй гэж үзсэн болно. Шүүгдэгч Т.М нь хохирогч Б.А-ын эмчилгээний зардалд 200,000 төгрөгийг шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдаж, харин хохирогч Б.А нь эмчилгээний зардалтай холбоотой бусад баримт байгаа гэж мэдүүлснийг үндэслэн түүнийг тэдгээр баримтаа нөхөн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Тэрээр цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хадгалан үлдээх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна. Харин төлөх хугацааг сунгаж өгнө үү...” гэв.
Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн ганцаараа хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээдэг, дөрвөн хүүхэдтэй хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
Мөн шүүгдэгч Т.М-д оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овгийн Т-ын М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.М-д сануулсугай.
5.Хохирогч Б.А-ын шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын баримтаас зарим нь энэ хэрэгт хамааралгүй байх тул түүний нэхэмжлэлээс 27,176 (хорин долоон мянга нэг зуун далан зургаан) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийн хохирол төлөгдсөн байгааг дурдаж, харин хохирогч Б.А нь эмчилгээний зардалтай холбоотой бусад баримтаа нөхөн бүрдүүлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдоогүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.М-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА