Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 567

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Чинзориг, шүүгдэгч Б.А-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ё- овогт Б-н А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003003530289 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй,  ам бүл 1,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ё- овогт Б-н А, .

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.А- нь 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 22 цаг 14 минутын орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “ТЭЦ-3” цахилгаан станцын зүүн урд талын уулзварт 18-26 УНО улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, мөн дүрмийн 8.9-т заасан “Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.”, мөн дүрмийн 11.5 “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 03-05 УНМ улсын дугаартай Тоёота Ланд Грузер 200 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж байсан М.Гийн биед хүндэвтэр, 03-05 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.С-ын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигсдэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.А-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

Хохирогч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 6 дугаар сарын 07-ны орой ТЭЦ-3-ын зүүн талд байрлах уулзварын урд дэлгүүр орчихоод гараад 22 цагийн үед шатахуун түгээх станц орох гээд тухайн уулзвараар зөвшөөрөгдсөн ногоон гэрэл дохио асахаар нь ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй гарч явсан, тэгтэл уулзварын гол хэсэгт явж байх үед зүүн гар талаас суудлын жижиг цагаан өнгийн автомашин их хурдан ирээд миний сууж явсан машины зүүн талаас маш хүчтэй мөргөсөн. Би тухайн үед машин дотор толгойгоо юманд цохиод байсан. Би хэсэг хугацаанд шоконд орсон байсан. Тэгээд машинаасаа бууж ирээд миний хамгаалалтын бүсийг тайлаад намайг машинаас буулгасан. ...Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний толгой хавантсан, цус хурсан байна гэж хэлсэн, зүүн тохой хэсэгт хөхөрсөн байсан. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 27-29, 100/ гэсэн,

 

Хохирогч Г.Ө- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр орой ТЭЦ-3-ын зүүн урд талд байрлах уулзварын урд дэлгүүр орчихоод гараад 22 цагийн үед шатахуун түгээх станц орох гээд тухайн уулзвараар ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй гарсан. Тухайн үед уулзварт ойртон ирээд зогссон. Тэр үед уулзварын ногоон гэрэл асахаар нь чигээрээ хөдлөөд явсан. Уулзварын гол хэсэгт явж байхад миний зүүн гар талаас нэг суудлын жижиг машин сигнал дарж орж ирээд миний машины зүүн талаас мөргөсөн. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Би нэг сэргээд харахад машинаас буугаад гээд байж байсан. Манай найз охин инээгээд байсан. Тэгэхээр нь би гайхаад жоохон ухаан ороод ойр орчмоо хартал хоёр машин мөргөлдсөн байдалтай замаар нэг машины эвдэрсэн хагархай тарсан байсан. Би нөгөө машин дээр дараа нь яваад очсон. ...Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэлтэй байна. Биеийн байдлаа ажигла гэж хэлсэн. ...Жолооч А- миний бүх хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Миний автомашин өмнөх шигээ шинэ болсон. Одоо миний зүгээс ямар нэгэн асуудал байхгүй...” /хх-ийн 32-35, 102/ гэсэн,

 

Хохирогч М.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би машингүй байсан тул А-г гэр рүү хүргээд өгчих гэж хэлээд машинд нь суугаад гэртээ очиж хувцасаа сольсон. Тэгээд гэрээс гарч ирээд А-гийн машинд суугаад буудал руу хүргүүлэх гэж байсан. Төв зам дээр ирэхээр нь цаашаа хамт ажил руу оччихоод хүрээд ирье гэж хэлсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээд жаахан муудчихсан үүргэлээд явж байсан. Тэгтэл нэг зүйлтэй маш хүчтэй мөргөлдсөн. Тэгээд би юм санахгүй байна. Нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. ...А- нь миний найз, намайг хүргэж өгөх гэж байгаад ийм зүйл болсон. Надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 41-42/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр би ахынхаа гэрт байж байхад манай найз Эрхэмбаяр над руу залгаад хүрээд ирээч гэж хэлсэн. Би орой 20 цагийн орчим Эрхэмбаярын гэрт нь буюу Яармагийн 3 дугаар буудлын тэнд очсон. Намайг очиход Эрхэмбаяр, түүний найз Г мөн эхнэрүүд нь хамт байсан. ...Тэгээд муу хувцас өмсөөд машиныг нь янзлах хоорондооо авчирсан пиво тойруулж уугаад дууссан. Тухайн үед бүгдээрээ л ууцгаасан. Орой 21 цаг 40 минутын үед Гийн дарга нь яриад хүрээд ир гэж хэлсэн. ...Г намайг хүргээд өгчих гэж хэлсэн. Би Гт “би уучихсан байгаа шүү дээ” гэж хэлэхэд Г “зүгээрээ би арыг нь даана” гэж хэлсэн. Яармагийн гүүр гараад эхний уулзвар буюу ТЭЦ-3-ын урд уулзвар руу ороод явж байсан. Тухайн үед уулзварт улаан гэрэл ассан ба машинууд зогссон байсан. Би мөн зогсох гээд хурдаа хасахад Г хажуунаас тойроод орчихъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би урсгал сөрөөд жаахан гишгээд шууд улаан гэрлээр орсон. Гэтэл урдаас нэг машин гарч ирээд надтай мөргөлдсөн. Би мөргөлдсөний дараа шоконд ороод сэрээд Гийг хартал тэр хүзүү, хүзүү гээд голын хайрцаг дэрлээд хэвтэж байсан. Би хөлийг нь базаад үзтэл хөл нь мэдээтэй байсан. Нөгөө машинаа хартал явган хүний гарцны тэнд очоод зогссон байсан. Дотроос нь нэг эмэгтэй, нэг залуу бууж ирсэн. Би Ө-ын машины хохирлын үнэлгээний мөнгө болон үнэлгээгээр тогтоогдсон нийт 19.611.000 төгрөгийг төлсөн. Г, С- нар надад гомдол саналгүй гэсэн. ...” /хх-ийн 141/ гэсэн мэдүүлгүүд,

- Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ТЭЦ-3 зүүн урд талын уулзвар дээр үйлдэгдсэн байв. Осол болсон гэх газарт очиход зам орчны байдал асфальт, шулуун тэгш, хуурай, уулзвар дээр зохицуулагддаг, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, эгнээний тоо 5, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв. Тоёота приус маркийн 18-26 УНО улсын дугаартай автомашины жолоочийн драгер багаж үлээлгэн шалгах үед 0.60% согтолттой байв. Тоёота Ланд крузер маркийн 03-05 УНМ улсын дугаартай автомашины жолоочийг драгер багаж үлээлгэн шалгах үед 0.00%-тай эрүүл байв. Тоёота приус маркийн автомашин ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явсан байв. Ланд крузер маркийн автомашин ертөнцийн зүгээр  урдаас хойш чиглэлтэй явсан байв.  Уг автомашинуудын ТС-10 тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хүргүүлэв. Үзлэгийн ойр орчимд хэргийн газар руу тусгалтай хяналтын камер байхгүй байв...” /хх-ийн 3-4/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №6767 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.С-ын биед тархи доргилт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” /хх-ийн 50-51/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №6834 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.Гийн биед хүзүүний 2-р нугаламын их бие сэлтэрсэн хугарал, духанд зулгаралт, цус хуралт гэх шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.  

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” /хх-ийн 56-57/ гэсэн,

 

- Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №104 дугаар дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Тоёота приус-20 маркийн 18-26 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б- овогтой А-г драгер багажаар үлээлгэхэд 0.60%-тай байсан нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт боси хэргэлсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, “8.9. Гэрэл дохио нь дараахь утгатай байна”, г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” “11.5 эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй.

2. Тоёота Ланд крузер-200 маркийн 03-05 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Гэсэржавын Ө- нь Монгол усын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Тухайн осол хэрэг нь зам орчны нөхцөл байдал эвдрэл гэмтлээс шалтгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” /хх-ийн 129-130/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4/,

- Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл / хх-ийн 18/,

- Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 64-65/,

- Жолооч, хохирогч нарын согтуурал шалгасан баримт /хх-ийн 14-16/,

- Шүүгдэгч Б.А-гийн хувийн байдалтай холбоотой гэрч Ш.Цэцэгмаагийн мэдүүлэг /хх-ийн 108/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 83/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 84/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 85/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 86/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 87/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.А- нь 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 22 цаг 14 минутын орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “ТЭЦ-3” цахилгаан станцын зүүн урд талын уулзварт 18-26 УНО улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн, мөн дүрмийн 8.9-т заасан “Гэрэл дохио нь дараахь утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэсэн, мөн дүрмийн 11.5 “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 03-05 УНМ улсын дугаартай Тоёота Ланд Крузер 200 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж байсан М.Гийн биед хүндэвтэр, 03-05 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.С-ын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.С-ын “...Би 2020 оны 6 дугаар сарын 07-ны орой ТЭЦ-3-ын зүүн талд байрлах уулзварын урд дэлгүүр орчихоод 22 цагийн үед шатахуун түгээх станц орох гээд тухайн уулзвараар зөвшөөрөгдсөн ногоон гэрэл дохио асахаар нь ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй гарч явсан, тэгтэл уулзварын гол хэсэгт явж байх үед зүүн гар талаас суудлын жижиг цагаан өнгийн автомашин их хурдтай ирээд миний сууж явсан машины зүүн талаас маш хүчтэй мөргөсөн. Би тухайн үед машин дотор толгойгоо юманд цохиод байсан. Би хэсэг хугацаанд шоконд орсон байсан. ...Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний толгой хавантсан, цус хурсан байна гэж хэлсэн, зүүн тохой хэсэгт хөхөрсөн байсан. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 27-29, 100/ гэсэн, хохирогч Г.Ө-ын “...Би 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр орой ТЭЦ-3-ын зүүн урд талд байрлах уулзварын урд дэлгүүр орчихоод гараад 22 цагийн үед шатахуун түгээх станц орох гээд тухайн уулзвараар ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй гарсан. Тухайн үед уулзварт ойртон ирээд зогссон. Тэр үед уулзварын ногоон гэрэл асахаар нь чигээрээ хөдлөөд явсан. Уулзварын гол хэсэгт явж байхад миний зүүн гар талаас нэг суудлын жижиг машин сигнал дарж орж ирээд миний машины зүүн талаас мөргөсөн. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. ...Жолооч А- миний бүх хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Миний автомашин өмнөх шигээ шинэ болсон. Одоо миний зүгээс ямар нэгэн асуудал байхгүй...” /хх-ийн 32-35, 102/ гэсэн, хохирогч М.Гийн “...Би машингүй байсан тул А-г гэр рүү хүргээд өгчих гэж хэлээд машинд нь суугаад гэртээ очиж хувцасаа сольсон. Тэгээд гэрээс гарч ирээд А-гийн машинд суугаад буудал руу хүргүүлэх гэж байсан. Төв зам дээр ирэхээр нь цаашаа хамт ажил руу оччихоод хүрээд ирье гэж хэлсэн. ...А- нь миний найз, намайг хүргэж өгөх гэж байгаад ийм зүйл болсон. Надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 41-42/ гэсэн, шүүгдэгч Б.А- “...2020 оны 6 дугаар сарын 07-ны ...орой 20 цагийн орчим Эрхэмбаярын гэрт нь буюу Яармагийн 3 дугаар буудлын тэнд очсон. Орой 21 цаг 40 минутын үед Гийн дарга нь яриад хүрээд ир гэж хэлсэн. ...Г намайг хүргээд өгчих гэж хэлсэн. Би Гт “би уучихсан байгаа шүү дээ” гэж хэлэхэд Г “зүгээрээ би арыг нь даана” гэж хэлсэн. Яармагийн гүүр гараад эхний уулзвар буюу ТЭЦ-3-ын урд уулзвар руу ороод явж байсан. Тухайн үед уулзварт улаан гэрэл ассан ба машинууд зогссон байсан. Би урсгал сөрөөд гишгээд шууд улаан гэрлээр орсон. Гэтэл урдаас нэг машин гарч ирээд надтай мөргөлдсөн. ...Би Ө-ын машины хохирлын үнэлгээний мөнгө болон үнэлгээгээр тогтоогдсон нийт 19.611.000 төгрөгийг төлсөн. Г, С- нар надад гомдол саналгүй гэсэн...” /хх-ийн 141/ гэсэн мэдүүлгүүд, зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2019 оны №6767 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “...Дүгнэлт Б.С-ын биед тархи доргилт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 50-51/ гэсэн, мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №6834 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “...Дүгнэлт М.Гийн биед хүзүүний 2-р нугаламын их бие сэлтэрсэн хугарал, духанд зулгаралт, цус хуралт гэх шинэ гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ...” /хх-ийн 56-57/ гэсэн дүгнэлтүүд, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны №104 дугаар дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4/, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл / хх-ийн 18/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 64-65/, согтуурал шалгасан баримт /хх-ийн 14-16/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Гийн эрүүл мэндэд хүзүүний 2-р нугаламын их бие сэлтэрсэн хугарал, духанд зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, Б.С-ын биед тархи доргилт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч М.Г, Б.С- нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мөн хохирогч Г.Ө-ын эд хөрөнгөд учирсан 19.611.000 төгрөгийг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.А- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.А-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хоёр жилийн хугацаанд шүүгдэгч Б.А-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар тэнссэн хоёр жилийн хугацаанд шүүгдэгч Б.А-д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.А- тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав.

 

Хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулахтай холбогдуулан хэрэгт хураагдаж ирүүлсэн Б.А-гийн №354506 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхийн газарт хүргүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг түүнд албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

 

Эрүүгийн 2003003530289 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.А- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ё овогт Б-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б-н А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хоёр жилийн хугацаанд шүүгдэгч Б.А-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.А- нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан ялыг энэ өдрөөс буюу 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн 2003003530289 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б-н А-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №354506 дугаартай үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлсүгэй.

 

7. Эрүүгийн 2003003530289 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.А- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Д.АЛТАНЖИГҮҮР