| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0577/Э |
| Дугаар | 553 |
| Огноо | 2020-08-25 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.ГҮнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч О.Т-, түүний өмгөөлөгч Д.Гомбо, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт О-ийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2010012620740 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Польш улсад төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон Улсын худалдаа мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эмээ, дүү нарын хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт О-ийн Т,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Т- нь 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1011 дүгээр байрны 42 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.А-ыг хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч О.Т-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, тохирсон ялыг оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Д.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн орчим ...Т- надад хандаж утасныхаа кодыг хэлчих, чатыг чинь шалгаж үзмээр байна гэж хэлэхээр нь би кодоо хэлсэн. Тухайн үед миний танил ах “дүү сайн уу, хүнтэй суусан уу, дүүтэйгээ танилцуулах гэсэн юм аа” гэсэн утгатай чат бичсэн байсныг Т- харчихаад чи тэр хүнтэй нь танилцсан байна гээд уурлаж эхэлсэн. Тухайн үед ор үндэслэлгүй хардуулсандаа уур хүрээд бага зэрэг маргахад Т- шууд л гараараа миний толгой болон шанаа руу нэлээн хэдэн удаа цохисон. Харин би биеэ хамгаалж гартаа барьсан сүүг Т-ийн нүүр рүү цацсан. Мөн би гал зуухны шургуулганаас хайч авч чи яасан гэж намайг зодож байгаа юм бэ, би чамайг алчихаад өөрийгөө алчихмаар байна гэтэл гарнаас хайч булааж аваад баруун гар руу өшиглөсөн. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 18-20/ гэсэн,
Шүүгдэгч О.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр А- бид хоёр 11 цагт боссон, ингээд би өглөөний цайгаа бэлдчихээд уух гэж байгаад А-ын утасны чатыг уншсан. Гэтэл А-ын чатанд нэг эрэгтэй хүнээс “дүү сайн уу, чи манай дүүтэй танилцахгүй юм уу” гэсэн утгатай зурвас ирсэн байсан. Энэ чатыг уншаад миний уур хүрээд чи найз залуутай байсан юм байна гэхэд А- учиргүй миний өөдөөс уурлаад байхаар нь нүүр рүү нь нэг удаа цохиход өөдөөс сүү цацсан. Мөн хутга бариад чамайг алчихаад дараа нь өөрийгөө ална гээд байхаар нь хутгыг нь булааж аваад цохьсон чинь доошоо суусан. Тэгэхээр нь өшиглөчихсөн...” /хх-ийн 61-62/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №6984 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.А-ын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, баруун бугалганы цус хуралт, зүүн хацрын шонтонгийн зөөлөн эдийн няцрал, зүүн алганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Учирсан гэмтэл нь 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үүссэн байх боломжтой...” /хх-ийн 28-29/ гэсэн дүгнэлт,
- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 38-39/,
- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 41-49/,
- Хохирлын баримтууд /хх-ийн 52/,
- Шүүгдэгч О.Т-ийн хувийн байдалтай холбоотой гэрч С.Болорцэцэг, Б.Батцэрэн нарын мэдүүлэг /хх-ийн 23, 26/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 54-55/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, О.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч О.Т- нь 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1011 дүгээр байрны 42 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.А-ыг хардалтын улмаас зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, баруун бугалганы цус хуралт, зүүн хацрын шонтонгийн зөөлөн эдийн няцрал, зүүн алганы зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.А-ын “...2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн орчим ...Т- надад хандаж утасныхаа кодыг хэлчих, чатыг чинь шалгаж үзмээр байна гэж хэлэхээр нь би кодоо хэлсэн. Тухайн үед миний танил ах “дүү сайн уу, хүнтэй суусан уу, дүүтэйгээ танилцуулах гэсэн юм аа” гэсэн утгатай чат бичсэн байсныг Т- харчихаад чи тэр хүнтэй нь танилцсан байна гээд уурлаж эхэлсэн. Тухайн үед ор үндэслэлгүй хардуулсандаа уур хүрээд бага зэрэг маргахад Т- шууд л гараараа миний толгой болон шанаа руу нэлээн хэдэн удаа цохисон. Харин би биеэ хамгаалж гартаа барьсан сүүг Т-ийн нүүр рүү цацсан. Мөн би гал зуухны шургуулганаас хайч авч чи яасан гэж намайг зодож байгаа юм бэ, би чамайг алчихаад өөрийгөө алчихмаар байна гэтэл гарнаас хайч булааж аваад баруун гар руу өшиглөсөн...” /хх-ийн 18-20/ гэсэн, шүүгдэгч О.Т-ийн “...2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр А-ын утасны чатыг уншсан. Гэтэл А-ын чатанд нэг эрэгтэй хүнээс “дүү сайн уу, чи манай дүүтэй танилцахгүй юм уу” гэсэн утгатай зурвас ирсэн байсан. Энэ чатыг уншаад миний уур хүрээд чи найз залуутай байсан юм байна гэхэд А- учиргүй миний өөдөөс уурлаад байхаар нь нүүр рүү нь нэг цохиход өөдөөс сүү цацсан. Мөн хутга бариад чамайг алчихаад дараа нь өөрийгөө ална гээд байхаар нь хутгыг нь булааж аваад цохьсон чинь доошоо суусан. Тэгэхээр нь өшиглөчихсөн...” /хх-ийн 61-62/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №6984 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Д.А-ын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, баруун бугалганы цус хуралт, зүүн хацрын шонтонгийн зөөлөн эдийн няцрал, зүүн алганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 28-29/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Д.А-ын биед учирсан “...тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, баруун бугалганы цус хуралт, зүүн хацрын шонтонгийн зөөлөн эдийн няцрал, зүүн алганы зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч О.Т-ийн түүнийг цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилж, тайлбарлажээ.
Шүүгдэгч, хохирогч нар нь 2019 оноос хэрэг гарах хүртэл хамт амьдарч байсан, хамтран амьдрагч нар болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдох бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй байх тул шүүгдэгч О.Т-ийн хамтран амьдрагч Д.А-ын биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.А-ын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, баруун бугалганы цус хуралт, зүүн хацрын шонтонгийн зөөлөн эдийн няцрал, зүүн алганы зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 20/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч О.Т- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч О.Т-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Т- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн 2010012620740 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.Т- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.А- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт О-ийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О-ийн Т-ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч О.Т-т оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2010012620740 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.Т- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.А- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР