Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 13

 

Б.Н-, М.С- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                         Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар   

Прокурор                                       А.Оргилбаяр

Шүүгдэгч                                        Б.Н-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                И.Атарбямба

                                                       Б.Цэрэнбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж шийдвэрлэсэн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 340 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч И.Атарбямба нарын давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ы Н-, М-ын С- нарт холбогдох эрүүгийн 17180002550112 тоот, 166/2017/0318/Э индектэй 1 хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овгийн Б-ы Н-, регистрийн дугаар **********.

2. Монгол улсын иргэн, Ш- овгийн М-ын С- /РД: **********/.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Н-, М.С- нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, үйлчилгээний төвд байрлах “Центр” пабд 2017 оны 10 дугаар сарын 2-ноос 2017 оны 10 дугаар сарын 3-нд шилжих шөнө “архи авч өгсөн, өгөөгүй” хэмээн маргалдаж харилцан нэг нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 340 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- овгийн Б-ы Н-, Ш- овгийн М-ын С- нарыг хүний биед хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овгийн Б-ы Н-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох, Ш- овгийн М-ын С-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160-р зүйлийн 160.1-д зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг М.С-, Б.Н- нарт сануулж,

-Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.С-, Б.Н- нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлээ холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... тус тус зааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүхийн 340 тоот шийтгэх тогтоолд “...шүүгдэгч нар барьцалдан аван ноцолдож газар унах үед М.С-ын биед тархи доргилт гэмтэл учрах боломжтой ба заавал гараар цохих, хөлөөр өшиглөх зэргээр цохиж зодсоноос гэмтэл учирсан байхыг шаардахгүй” гэжээ.

Барилцаж зэрэг унасан юм биш, Б.Н-гийн хэлснээр “шүд уначихлаа” гэхэд М.С- “машинаар төлчихье” гэж гадаа түүнийг татаж унагахад бусад нь босгосон асуудал байдаг болохоос бас М.С-ын зохиож яриад байгаа шиг ууц нуруу руу өшиглөсөн асуудал байдаггүй. Энэ нь 1017 тоот шинжээчийн дүгнэлтээр "...М.С-ын биед ил шарх, гэмтэл үгүй” гэснээр нотлогдоно. Гадаа зодоон болоогүйг харсан гэрч Билгүүн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд түүнийг оролцуулсан.

М.С- 2017 оны 10 сарын 11-ний өдөр мэдүүлэхдээ "...миний хавирга цээж рүү хөлөөрөө өшиглөж, гараараа цохисон” /хх-ийн 33/ гэж мэдүүлснээс бус толгой тархи руу цохисон, толгой өвдөж байгаа талаар цагдаад өргөдөл гаргасэн гэж огт дурдаагүй байдаг.

Гэтэл хэрэг болсноос хойш 8 хоногийн дараа өргөдөл гаргасан асуудал байхгүй байсан. Харин 2017 оны 10 сарын 04-ний өдрийн цагдаад гаргасан өргөдөлдөө тархи доргисон гэж бичсэн нь албан ёсоор бүртгэлд авахуулаагүй, хэзээ өгсөн нь тодорхойгүй байна.

2017 оны 10 сарын 04-ний гэх өргөдөлдөө “цээж хэвлий рүү өшиглөж би унасан, дагз орчим руу өшиглөсөн, ухаан балартсан” гэсэн нь 2017 оны 10 сарын 11-ний өдрийн мэдүүлгээрээ үгүйсгэгдэж байхын зэрэгцээ шүүхийн тархи доргилт гэмтэл барьцалдан ноцолдож газар унах үед учрах боломжтой гэсэн нь мөн давхар үгүйсгэгдэнэ.

Учир нь барьцалдаж ноцолдоогүй, өргөдөлд дурдсанаар Б.Н- нь М.С-ыг шууд өшиглөж унагасан байх бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон зүйлгүй.

М.С- 2017 оны 10 сарын 17-ны өдөр хохирогчоор мэдүүлэхэд нь Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийг танилцуулж гарын үсэг зуруулсан мэдүүлэгт “...миний хавирга цээж рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн” гэжээ /хх-ийн 27/. Үүнээс харахад толгойн доргилт үүнээс үүсэх боломжгүй. Толгой доргисон талаараа дурдсан зүйл огт байхгүй байдаг.

Иймд толгойн доргилт гэж 2017 оны 10 сарын 04-ний амбулторийн үзлэг нь эргэлзээ бүхий байх бөгөөд эмч онош тавиад байхад үүнийгээ 10 гаруй хоногийн дараа мэдэхгүй, хуулийн байгууллагад картаа өгөхгүй байсан нь танил талаараа мэдрэлийн эмчийн үзлэгийг хийлгүүлсэн гэж үзэхээр байна. Эмнэлэгийн 2017 оны 10 сарын 04-ний өдрийн эмнэлгийн гэмтлийн эмчийн үзлэгийн материалыг шалгуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй нь учир дутагдалтай болсон

Б.Н- нь М.С-ыг зодох нь битгий хэл М.С-тай хамт явсан хүмүүс нь түүнийг зодчих гээд байсан нь гэрч Билгүүний 2017 оны 11 сарын 02-ны өдрийн "...нөгөө хүмүүстэй яваа нэг залуу над руу чи хаанахых юм бэ гээд дайраад байхаар нь би зугтаачихсан” гэх /хх-ийн 38/, гэрч Эрдэнэдалайн 2017 оны 10 сарын 06-ны өдрийн "...Б.Н- М.С-ыг миний шүдийг унагачихлаа гэж хэлээд байж байсан чинь Баасанбилэг хажуугаар Б.Н-г цохиж авах гээд байхаар нь би боль гээд салгасан” /хх-ийн 31/ гэх бөгөөд М.С-ыг цохисон, унагасан талаар мэдүүлдэггүй.

Мөн Д.Эрдэнэдалай 2017 оны 10 сарын 30-ны өдрийн мэдүүлэгтээ /хх-ийн 32/ Б.Н- М.С-ыг цохиж, өшиглөж дэвссэн зүйл байна уу гэсэн асуултанд “...би яг тэгж байхыг хараагүй” гэжээ. Энэ нь баарны гадаа зодоон болоогүйн илрэл юм. Хэрэв зодолдсон бол энэ бүгдийг тэд хэлэх байсан. Үүнийг давхар гэрчлэх гэрч бол Б.Билгүүн байдаг.

М.С- нь өөрөө зодуулсан хүн болохын тулд ноцолдсон, газар унасан, зууралдсан гэх мэтээр олон янзаар хамт явсан хүмүүсээрээ хэлүүлдэг боловч хаана нь юугаар, хэрхэн, хэдэн удаа зодсон цохьсон талаар тодорхой хэлдэггүй. Энэ нь гэрч хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй бол мэдүүлэг нь дангаараа эх сурвалж болохгүй гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11-д зааснаар нотлох чанараа алдаж байна.

Дээр дурдсан баримтуудаас үндэслэн М.С- хохирогчийн хувьд худал мэдүүлэг өгсөн байх шинжтэй тул Эрүүгийн хуулийн 21.2-т заасан хариуцлага хүлээлгэх ёстой. Хүний шүдийг булга цохичихоод, зохиомол зүйлийг хуулийн байгууллагаар хийлгэж, хүнийг хэлмэгдүүлэн даажигнаж байгаад асуудлын ноцтой нь оршиж байгаа юм. Центр баарны гадаа М.С- газар унаагүй, зодоон гараагүй зохих баримтаар тогтоогдож байгаа нь тархи доргих гэдэг гэмтэлтэй ямар ч хамаагүй болж байна.

Хэрэв тархи доргих гэдэг онош үнэхээр байгаа бол Б.Н-гаас биш өөр газраас энэ гэмтлийг авсан байх боломжтой.

Б.Н-гийн хэлж байгаагаар цагдаа дээр “чи шүдээ мулт цохиулсан юм чинь зүгээргүй л байсан байгаа гэхчилэн мэдүүлэг авсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6-д заасныг зөрчсөн байна.

Б.Н- нь М.С-ын тархийг доргиулаагүй гээд байхад хэргийн газрын үзлэг, Центр баарны камерын бичлэг, гадаа байсан М.С-, Б.Н- нарын үйлдлийг харсан байж болох бусад гэрчүүдийн мэдүүлэг, мэдрэлийн эмчийн үзлэгийн эмнэлгийн бүртгэл болон бусад холбогдох бичиг баримтыг нягтлах, давтан шинжилгээ хийлгэх зэрэг байдлыг хийлгээгүй нь Б.Н- нь М.С-ын тархийг доргиулсныг бүрэн бодитой нотлох баримт болж чадахгүй байна.

Б.Н- эрхээ хамгаалуулах гэсэн чинь өөрөө ялтан болчихлоо гэдэг нь үндэслэл бүхий байгааг анхааран үзэж Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 21-ний өдрийн 340 тоот шийтгэх тогтоолоор Б.Н-д торгох ял оногдуулсаныг хүчингүй болгож, гэм буруу нь нотлогдохгүй байх тул үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Н- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Би хүнд зодуулж гэмтсэн болохоос бусдын толгой тархи руу цохиогүй. Центр пабын гадна ямар нэг зодоон болоогүй болохоор ял авч шийтгүүлсэндээ гомдолтой байна. Гадаа зодоон болоогүйг гэрч Эрдэнэдалай, Билгүүн нар мэднэ.

Харин М.С-тай цуг явсан хүмүүс эсрэгээр хэлдэг. Баасанбилэг гэх залууг тасарсан байхаар нь 2 талаас нь өргөн явж байхад М.С- намайг цохиж шүд унагаасан. Миний шүд унаж цус нөж болсон болохоор гадаа гарч түүнтэй зодолдох боломжгүй, тэд олуулаа байсан. М.С- надад зодуулчих хүн биш. Цагдаа дуудлаа гэхээр М.С- “шүдийг чинь машинаар төлөөд өгчихье” гээд намайг унагаасан.

Гэхдээ дахин намайг зодоогүй. Энийгээ М.С- гадаа зодолдсон гэж цуг явсан хүмүүстэйгээ хуйвалдан намайг хэрэгтэн болголоо. Би М.С-ын хэлдгээр “эр хүн шиг зодолдчихъё” гэсэн бол ингэж явах шаардлага байхгүй. Маргааш нь Эрдэнэдалай ах М.С-тай уулзуулахад тархи толгой гэж яриагүй, “миний хавирга хугарсан байнашдээ” гэж хэлэхэд би чамайг цохиж зодолдоогүй гэхэд юм хэлээгүй. Түүний хэлснээр хавирга нь хугарсан бол машин бариад эхнэртэйгээ ирж чадахгүй байх байсан болов уу.

Түүний гүтгэлгээр өөрөө зодуулчихаад шийтгүүлж байгаа нь харамсалтай байна. Анхнаасаа би М.С-ыг зодож тархи доргиулсан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Мөрдөгч  хэлэхдээ “чи бусдад шүдээ цохиулсан л юм чинь чи зүгээргүй, хариу үйлдэл гаргасан байгаа” гэж миний мэдүүлгийг зодолдсон мэтээр авсан. Нөгөө талын худал мэдүүлгээр намайг зодолдсон гэж ойлгон нэг талыг барьж шалгасан. М.С- олон хоног тархи, толгой гэж хэлээгүй мөртлөө тархи доргисон гэж байгааг гайхаж байна. Намайг хэрэгтэн болгосон асуудлыг сайтар нягталж үнэн зөвийг олж өгнө үү. Жич: Хохирлоо ч аваагүй, дээрээс нь торгуулийн ял төлөх болж байгаа нь үнэхээр хүндрэлтэй байгааг анхаарч үзнэ үү” гэжээ.

Шүүгдэгч М.С-, түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“...Бид Центр баарны гадаа өглөөний 5 цаг хүртэл юу хийж байсан болж таарах вэ гэдгээс эхэлье. Гэрчүүдээс үнэн ярьсан хүн бол Баасанчулуун, Мөнхбат хоёр юм. /хх-ийн 36-ын ар талд, 37-р хуудаснуудад мэдүүлсэн/

Билгүүн баарны гадаа байгаагүй талаараа шүүх хурал дээр өөрөө мэдүүлсэн. Эрдэнэдалайгийн 2 мэдүүлэг өөр өөр байдаг/ хх-ийн 31, 32 хуудас/ Жишээ нь: нэг дээр нь Баасанбилэг тасарсан байсан гэдэг, нөгөөх нь Баасанбилэг хүн зодох гээд байсан гэж. Эрдэнэдалай бол гадаа болсон зодооныг сайн мэдэх хүн юм. Би цагдаад өргөдлөө бичсэн өдрөө л аваачиж өгсөн, өргөдөлд бичсэн бүгд үнэн. Гэтэл энд хүн танихгүй намайг цагдаагийн, шүүхийн шинжилгээний байгууллагатай хуйвалдаж гэмгүй хүнийг хохироолоо гэж гүтгэлээ. Тэгэхээр хяналт тавьдаг Прокурорын байгууллагатай бас хуйвалдсан болж байна. Ажлаа хийсэн төрийн байгууллагыг бүхэлд нь буруутгаж, харлуулж болохгүй байх, нөгөө хуульчийн ёс зүйд нийцэж байгаа юм уу. Шинжээчийн дүгнэлтийн хянах хэсэгт ямар баримт, нотолгоог үндэслэсэн бичигдсэн байгааг ойлгоогүй хүн л тэгэж үзнэ гэж бодож байна.

Намайг цагдаад байцаагдахдаа толгойн талаар мэдүүлээгүй гэж буруутгасан байна. Өргөдөлдөө бичсэн болхоор уншиж гарын үсэг зурахдаа анзааралгүй өнгөрсөн байна. Гэхдээ хх-ийн 5 хуудсанд өгсөн мэдүүлэгтээ “миний тархи толгойны гэмтлийг хэн хариуцах юм бэ” гэж хэлснийг бичсэн байсан. Тэгж хэлж байхад байцаагч бас лавлаж асуугаагүй байгаа нь анзаарагддаг. Би шүүх хурал дээр толгой руу цохисон, өшиглөсөн гэж мэдүүлгээ өгсөн.

Би энэ маргааныг хурцатгахгүй эвлэрчих боломжийг хайснаас болж толгой тархины талаар хэлж маргахыг хүсээгүй. Байцаагч тэгж үзсэн ч юм билүү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдааны шатанд “гадаа зодоон болсон, үүнийг шалгаж өгөөч” гэж хүсэлт гаргасан. Б.Н-д холбогдох хэргийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 14 хоногийн дараа тархи доргисон гэсэн өргөдөл гаргасан нь учир дутагдалтай, өргөдлийн цаг хугацаа нь ч таарахгүй, дараа нь хоёулаа зохицъё гэсэн байдаг” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Н- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Би М.С-ыг зодож гэмтэл учруулаагүй. Эрүүл мэндээрээ хохирчихоод ял шийтгэл авч байгаад гомдолтой байна” гэв.

Прокурор А.Оргилбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Н-, М.С- нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “архи авч өгсөн, өгөөгүй” хэмээн маргалдаж харилцан нэг нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Б.Н-, М.С- нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, М.С-ыг 600 нэгжтэй буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямбын “...Б.Н-д торгох ял оногдуулсаныг хүчингүй болгож, гэм буруу нь нотлогдохгүй байх тул холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх, шүүгдэгч Б.Н-гийн  “...М.С-ын гүтгэлгээр өөрөө зодуулчихаад шийтгүүлж байгаа нь харамсалтай байна” гэх давж заалдах гомдлуудыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь хянаж үзэхэд:

Шүүгдэгч М.С-, Б.Н- нар нь харилцан нэг нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/, шүүгдэгч М.С-ын мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/, гэрч Д.Эрдэнэдалайгийн мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/, гэрч Х.Баасанчулууны мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/, гэрч Э.Мөнхбатын мэдүүлэг /хх-ийн 36 хуудас/, гэрч Б.Билгүүний мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 990 дугаартай дүгнэлт /хх-ийн 41 хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1017 дугаартай дүгнэлт /хх-ийн 45 хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, анхан шатны шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга, сэдэлт, гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч И.Атарбямба нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                                ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                ШҮҮГЧИД                                            Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                             Б.МАНЛАЙБААТАР