Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 421

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Барсын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/01303 дугаар шийдвэртэй, Н.Барсын нэхэмжлэлтэй, “Ханхүү трейд” ХХК-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 72 624 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

Засан сайжруулалтын зардалд 76 945 921 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Цогтсайхан,

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Барсын өмч болох Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо, 66 дугаар байрны 2, 3 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2203006195, Ү-2203007921 дугаартай, өргөтгөл бүхий 170 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “Ханхүү трейд” ХХК-ийн ерөнхий захирал Б.Цогтсайхан 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр түрээсийн гэрээ байгуулан түрээслэхээр тохиролцсон. Хугацааг 2 жил буюу 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл байхаар тохирч үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу төлбөрийг 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Төрийн банкны дансаар шилжүүлсэн. Үүнээс хойш төлбөр төлөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 61 302 000 төгрөгийн нэхэмжлэлээс 20 400 000 төгрөгийг төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсныг 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 00879 дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталсан.

Үүнээс хойш 2016 оны 1-4 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар түрээсийн байрны ашиглалтын зардал болох ус, дулааны төлбөрийг төлөөгүй хуримтлуулсан учир түрээслүүлэгч өөрөө төлсөн. Гэрээний үүргээ биелүүлэхгүй, төлбөрөө төлөхгүй байгаа тул түрээсийн гэрээг Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3, түрээсийн гэрээний 5.1-д заасны дагуу цуцалж, түрээсийн байрыг хүлээлгэж өгөх мэдэгдэлийг 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүргүүлсэн.

Иймд “Ханхүү трейд” ХХК-аас 2016 оны 1-7 дугаар саруудын түрээсийн төлбөр, сард 6 800 000 төгрөг, бүгд 47 600 000 төгрөгийг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 4.6-д зааснаар дээрх хугацааны төлбөрийн алданги 22 640 000 төгрөг, ашиглалтын зардал 2 384 800 төгрөг, нийт 72 624 800 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрээ цуцлагдсан, хариуцагч байрыг суллаж өгсөн зэрэгт маргахгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Н.Барстай түүний өмч болох Сүхбаатар дүүрэг, 66 дугаар байрны 2,3 тоот орон сууцыг өргөтгөлийн хамт 170 м.кв талбайд нийтийн хоолны үйл ажиллагаа явуулах зориулалтаар ашиглахаар 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээг байгуулахдаа нотариатад очсон боловч Капитрон банкны зээлийн барьцаанд байгаа тул баримт бичгийн бүрдэл хангахгүй, гэрчлэх боломжгүй гэсэн. Түрээслүүлэгч Н.Барс нь би банкнаас зээл нэмж авах шаардлагатай байгаа тул гэрээгээ хийж, нэг сарын барьцаа төлбөр болон эхний 5, 6 сарын төлбөрөө төлчих, зээлийн гэрээ шинэчлэгдэхээр уг гэрээгээ гэрчлүүлу, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, танай үйл ажиллагааг явуулахад шаардлагатай баримт бичиг бусад хэрэгцээт асуудалд туслаж дэмжиж ажиллана гэсэн учраас итгэл үзүүлэн түрээсийн гэрээг байгуулж, барьцаа болон эхний 2 сарын төлбөрт нийт 16 800 000 төгрөг шилжүүлсэн.

Ингээд засварын санхүүжилт хийгээд эхэлсэн байсан тул оршин суугчидтай хэл амаа олж, тэдний шаардлагыг биелүүлж, тав тухыг нь алдагдуулахгүй байхаар ярилцахыг удаа дараа оролдсон амжилтгүй болсон, Н.Барсад хандаж гэрээний дагуу шаардлагатай бичиг баримтын бүрдлийг хийхэд туслахыг хүссэн. Мөн ийм нөхцөл байдлыг өмнө нь яагаад хэлээгүй, цаашид хэрхэх талаар уулзаж ярилцсан. Гэвэл 7-р сарын төлбөр төл гэхэд нь 6 800 000 төгрөг, 6 сарын үлдэгдэл 3 600 000 төгрөг, нийт 10 400 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Гэвч гэрээнд заасан зориулалтаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж чадаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Бид түрээслэгчийн үүргээ биелүүлж барьцаа болон эхний 3 сарын төлбөрийг бүрэн төлсөн ч түрээслүүлэгчийн баримт бичгийн бүрдэл, оршин суугчдын эсэргүүцлээс болж үйл ажиллагаа явуулж чадаагүй бөгөөд цаашид зөвшөөрөл авах боломжгүй тул уг байранд хийсэн засварт зарцуулсан мөнгөн хөрөнгийг гаргуулана. Цаашид бизнесийн болоод хамтарч ажиллах итгэлцэл эвдэгдэж байгаа тул түрээсийн байрыг чөлөөлөн өгч хийгдсэн засварын зардал, төлсөн түрээсийн төлбөрийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Гэрээ цуцлагдсан асуудалд маргахгүй, байрыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Иймд нэхэмжлэгч Н.Барсад төлсөн түрээсийн төлбөрийн 27 200 000 төгрөг болон засварын зардал 47 041 444 төгрөг, ашиглалтын зардалд төлсөн төлбөр 2 704 477 төгрөг, нийт 76 945 921 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

 

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч нь байрнаас гарахдаа салгаж авах бүх эд хөрөнгөө салгаж авсан, мөн гэрээгээр ашиглалтын болон засан сайжруулалтын зардлаа өөрсдөө хариуцахаар үүрэг хүлээсэн тул эдгээр төлбөрийн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ханхүү трейд” ХХК-иас нийт 65 409 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Барсад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 215 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Барсаас 76 945 921 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Ханхүү трейд” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521 100 төгрөг, хариуцагчаас төлсөн 542 680 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, “Ханхүү трейд” ХХК-иас 484 995 төгрөг гаргуулан Н.Барсад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчиж, зөвхөн нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргасан. Бид гэрээг байгуулахдаа нотариатаар гэрчлүүлж, Үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэх гэсэн боловч уг байр нь банкны зээлийн барьцаанд байгаа гэх үндэслэлээр батлаагүй. Түрээсийн төлбөрөө төлж засварын санхүүжилт хийж байтал оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч үйл ажиллагаа явуулж чадаагүй бөгөөд энэ талаар Н.Барсад удаа дараа хэлж, оршин суугчдаас үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн гарын үсэг, мөн хорооны Засаг даргатай байгуулах тохижилт үйлчилгээний гэрээ зэрэг шаардлагатай баримт бичгийг авч өгөх талаар олон удаа хэлж мэдэгдсэн боловч түрээсийн төлбөрөө авсан атлаа гэрээний дагуу өөрийн зүгээс гүйцэтгэх үүргээ биелүүлэхгүй байсаар бид үйл ажиллагаа явуулж чадаагүй, түрээсийн төлбөр, ашиглалтын зардал төлсөн.

Иймд бидний байгуулсан түрээсийн гэрээ нь анхнаасаа хуурамч, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Талууд 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр, Н.Барсын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 66 дугаар байрны 2, 3 тоот орон сууцыг түрээслэх талаар гэрээ байгуулжээ. Уг гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй байгаа боловч гэрээний харилцааны үргэлжилсэн хугацаа, хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан байдал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 879 дүгээр захирамжаар энэ гэрээний харилцаатай холбоотой маргааны талаар эвлэрсэн зэргийг харгалзан дүгнэвэл Н.Барс, “Ханхүү трейд” ХХК-ийн хооронд үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл, хариуцагчийн хүсэлт зоригийг илэрхийлсэн нотлох баримт, тайлбаруудыг бодитойгоор дүгнэж чадсангүй.

Түрээслүүлэгч төлбөрөө авсан атлаа үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангаагүйг шүүх анхаарч үзсэнгүй. Уг байранд үйл ажиллагаа явуулаагүй байж түрээсийн төлбөр төлснийг бодитоор дүгнэсэнгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Талууд эвлэрлийн гэрээ байгуулсан боловч тухайн үед хэргийн талаар буруу, дутуу ойлголттой байсан ба шүүх хуралдаанд түрээсийн гэрээ хууль зөрчсөн тул хүчингүйд тооцуулах хүсэлт гаргасан. Энэ нь шүүх хуралдааны дүрс дууны бичлэгээр нотлогдоно. Энэ талаар 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж байсан. Шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Н.Барс нь хариуцагч “Ханхүү трейд” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний төлбөр 47 600 000 төгрөг, алданги 22 640 000 төгрөг, ашиглалтын зардал 2 384 800 төгрөг, нийт 72 624 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч “түрээслүүлэгч бичиг баримтын бүрдэл хангах үүргээ гүйцэтгээгүй, оршин суугчдын эсэргүүцэл шалтгаалсан зэргээр түрээсийн зүйлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, үйл ажиллагаа явуулаагүй” гэх үндэслэлээр маргаж, түрээсийн төлбөрт төлсөн 27 200 000 төгрөг, засварт зарцуулсан 47 041 444 төгрөг, ашиглалтын зардал 2 704 477 төгрөг, нийт 76 945 921 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх хуралдааны явцад хариуцагч “Ханхүү трейд” ХХК-ийн өмгөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэр бүхий этгээдийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх, хэрэгт ач холбогдол бүхий болох нь тогтоогдохгүй гэж дүгнэн хангахаас татгалзсан шүүгчийн захирамж гаргасан нь үндэслэлтэй болж чадаагүй байна.

 

Түүнчлэн хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан түрээсийн байранд засвар хийсэн талаарх нотлох баримтыг гаргасан байхад шүүх үнэлээгүй байх бөгөөд түүнийхээ үндэслэлийг шийдвэрт огт тусгаагүй байна. /1хх129-250, 2хх1-75/ Энэ нь хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй.

 

Мөн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч тал маргааны үйл баримттай холбогдуулан 42 хуудас, хариуцагчийн өмгөөлөгч 24 хуудас нотлох баримт тус тус гаргасныг, хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нар харилцан танилцсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эдгээр баримтуудтай танилцаагүй байна.

 

Тухайн өдөр товлосон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутгахгүй боловч дээрх нотлох баримтуудтай танилцах, түүнд тайлбар гаргаж мэтгэлцэх хэргийн оролцогчийн эрхийг шүүх хангаагүй гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/01303 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

           

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                                Т.ТУЯА