| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00499/И |
| Дугаар | 00516 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 00516
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар, Д.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй, Д.Отгонтуяад холбогдох зээл, зээлийн хүү 7525000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00499/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч 1978 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Шинэ хорооны 1-3 тоотод оршин суух Эрхиймэргэн овогт Дашдоржийн Отгонтуяа /ГЮ78042766/, нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Отгонтуяа нь Солонгосын визэнд орох гэсэн чинь банкинд мөнгө байршуулах хэрэгтэй боллоо. Виз гартал түр мөнгө зээлдүүлээч гээд манай хамаатны эгч Х.Энх-Амараар дамжуулан, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 6000000 төгрөгийг сарын 9.5 хувийн хүүтэй зээлсэн ба сар бүр хүүгээ өгч байхаар тохиролцон гэрээ байгуулсан. Гэтэл одоо болтол хүүгээ ч өгөөгүй, Солонгос улс руу ч яваагүй. Иймд Д.Отгонтуяагаас үндсэн зээлсэн мөнгө 6000000 төгрөг түүний хүү 1525900 төгрөг нийт 7525900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Отгонтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Солонгос улсын виз мэдүүлэхийн тулд дансандаа 5000000 төгрөг байршуулах шаардлагатай болсон. Ингээд Д.Мөнхцэцэгээс 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 6000000 төгрөгийг сарын 9,5%-ийн хүүтэй зээлсэн нь үнэн. Солонгосын элчингээс татгалзсан хариу авч явж чадаагүй. 5000000 төгрөг нь миний дансанд байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний дансанд барилт хийсэн тул авах боломжгүй байгаа юм. Зээлсэн 6000000 төгрөгөө төлнө. Харин зээлсэн мөнгө маань өндөр хүүтэй богино хугацаатай байсан бөгөөд би эрхэлсэн ажилгүй, ямар ч орлогогүй байгаа тул хүү 1525900 төгрөгнөөс нь хасч тооцож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг нь хариуцагч Д.Отгонтуяад холбогдуулан 7525900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.Отгонтуяа нь хүү 1525900 төгрөгнөөс хасч тооцож өгнө үү гэх тайлбарыг гаргасан байна.
Иргэн Д.Мөнхцэцэг 2016 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 6000000 төгрөгийг 9.5 хувийн хүүтэй, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл иргэн Д.Отгонтуяад зээлдүүлж, зээлдэгч Д.Отгонтуяа зээлийн 6000000 төгрөгийг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ[1] болон зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна. Энэ үйл баримтын талаар талууд маргахгүй байна.
Хариуцагч нь энэ гэрээг өндөр хүүтэй, богинохон хугацаатай байгуулсан, би эрхэлсэн ажилгүй, орлого байхгүй учир хүүнээс хасч тооцож өгнө үү гэх тайлбарыг гаргаж байгаа хэдий ч зохигч талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь тэдгээрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр хийгдсэн, хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд харин хариуцагч Д.Отгонтуяа нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж гэрээнд заасан хугацаанд зээлээ хүүгийн хамт буцаан төлөөгүй байх тул гэрээний дагуу үндсэн зээл 6000000 төгрөг, хүү 1525900 төгрөг нийт 7525900 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхнасанд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэх хүсэлтээ ирүүлсэн байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Д.Отгонтуяагаас 7525900 /долоон сая таван зуун хорин таван мянга есөн зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135500 /нэг зуун гучин таван мянга таван зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 135500 /нэг зуун гучин таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН