Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/988

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Д-ийн От холбогдох 2008000001164 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ... суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт, Өвөрхангай аймаг ... оршин суух хаягтай боловч одоо Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Д-ийн О /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хилчиний ... дугаар гудамжны ... тоот, гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Тийг “найзад хов зөөлөө” гэх үл ялих зүйлээр шалтаглан LG маркийн гар утсаа шидэж, баруун чихний ар хэсэгт нь атгасан гараараа зүүн шанаа хэсэгт нь 2 удаа тус тус цохиж, баруун гуяны урд хэсэгт өшиглөн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биед нь баруун хөхлөг сэртэнгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3х/, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4х/, хохирогч М.Тийн мэдүүлэг /хх-ийн 27х/, Аюулын зэргийн үнэлгээ: “...эрсдэлийн түвшин өндөр” гэх тэмдэглэл /хх-ийн 9-10х/, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Х.Тын илтгэх хуудас /хх-ийн 11х/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 50-58х/, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 59-60х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 8327 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31х/, шүүгдэгч Д.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36х/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 40-44х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 12х/, шүүгдэгч Д.Оын мэдүүлэг /хх-ийн 67-71х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хилчиний ... дугаар гудамжны ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Тийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч М.Тийн: “...2020 оны 07 дугаар сарын 17-ны 16 цагийн үед ажлаасаа буугаад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хилчингийн ... тоотод байрлах гэртээ ирээд байж байтал нөхөр Д.О архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрт орж ирэхээр нь би “яагаад архи уугаад байгаа юм бэ” гэж хэлтэл “миний архи уух чамд хамаа байхгүй. Миний найз нөхдөд яагаад хов зөөгөөд байгаа юм бэ?” гээд LG маркийн гар утсыг аваад над руу шидтэл миний баруун чихний ард хэсэгт онож шалбарсан. Мөн зүүн гараараа зүүн шанаа хэсэг рүү гараа атгаж байгаад 2 удаа цохисон юм. Миний баруун гуяны урд хэсэг рүү гутлынхаа доод ул хэсгээр 10 удаа өшиглөөд байсан. Тэгэхээр нь хэсгийн ахлагч Өгийн гар утас руу дуудлага өгсөн юм. Намайг “миний найзад хов зөөлөө” гэж хэлээд намайг зодож цохих болсон. Тухайн үед миний хүүхдүүд унтчихсан байсан. Би 8 сартай О.О хүүгээ тэвэрчихсэн байсан. Тухайн гэмтлүүдийг нөхөр Д.О учруулсан. ... Одоо надад ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Надад эмнэлэгт үзүүлсэн бичиг баримт болон эмийн сангаас авсан эмний баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8327 дугаартай шинжээчийн “...М.Тийн биед баруун хөхлөг сэртэнгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31х/,

Аюулын зэргийн үнэлгээ: “...эрсдэлийн түвшин өндөр” гэх тэмдэглэл /хх-ийн 9-10х/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 50-58х/, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 59-60х/,

Шүүгдэгч Д.Оын “...2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 15-16 цагийн орчимд би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах урд талын айлынхаа зүс таних ахтай 0.33 литрийн Цагаан гэдэг архи 1 шилийг хувааж уугаад 17-18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Хилчингийн ... тоотод байх гэртээ иртэл М.Т нь гэртээ ирсэн байсан. Манай эхнэр М.Т нь намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр уурлаад найз нөхөд рүү залгаад, найзын гэр оронд очиж намайг эрж хайсан гэж найзаасаа сонссон учир би М.Тт хандаж “найзад яагаад хов зөөгөөд байгаа юм бэ?” гэж уурлаад өөрийнхөө LG маркийн гар утсаа газар шидэх үед утасны шил нь хагарсан юм. М.Тийн чихний ард хэсэгт гараараа 1 алгадаад, нөгөө талын хацарт гарынхаа араар нэг удаа алгадсан. Мөн баруун хөлийн гуя орчим нэг удаа өшиглөсөн. Удалгүй цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх байранд оруулсан. Миний найз нөхдөд хов зөөсөн болохоор би уурлаж зодож цохих болсон юм. ...Намайг эхнэр М.Т зодож цохисон зүйл байхгүй. ...2019 онд хүүхдээ зодсон асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж 10 хоногийн баривчилгаанд явж байсан. Өөрөөр би эхнэр М.Тийн зодож цохисон асуудлаар шалгагдаж байсан удаа байхгүй. Эхнэр М.Т бид хоёрын хооронд өс хонзонгийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-71х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгч Д.О, хохирогч М.Т нар нь албан ёсны гэр бүл болох нь гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38х/-гаар тогтоогдсон, шүүгдэгч Д.О нь үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Тийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь  гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн гэж дүгнэхээр байна.

Иймд шүүгдэгч Д.Оын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов. 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “...Д.О бид хоёр сайн дураараа эвлэрч нэг гэрт амьдарч байгаа. Одоо надад гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн, хүсэлтийг гаргаж ирүүлсэн /хх-ийн 28х, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “....Д.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөх хохирол төлбөргүй, мөн баримтгүй ч гэсэн ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь  Д.Оын өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдож байгаа тул  450 нэгжээр торгох ялыг оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Д.Оын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан Д.Оын хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдал, гэр бүлийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг удаа дараа гаргаж буй нөхцөл байдал, мөн шүүгдэгч Д.Оын дээрх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Д-ийн Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ