Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 75

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т. Уугандарь

Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ

Шүүгдэгч М.Д, Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Бат-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Д, Л.Б нарт холбогдох 2016000000078 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овогт М-н Д.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Л-н Б.

Шүүгдэгч М.Д, Л.Б нар нь бүлэглэж 2020 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн баг Сутай хороо 0-0 тоот хашаанаас иргэн М.Б-н эзэмшлийн улсын дугааргүй, хар өнгийн мустанг-200 маркийн мотоциклийг хулгайлж, иргэн М.Б-д 594.000 төгрөгийн хохирол учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “хулгайлах” гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч М.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 08 дугаар сарын 11-ний өглөө бид хоёр утсаар яриад уулзаад хөдөө Далангийн нуруу гэдэг газраас орж ирээд утасны цэнэг дууссан байсан. Утсаа цэнэглэчихээд 20 дугаар байранд хөдөөнөөс нэг ах ирсэн байна уулзах уу гэхээр нь очиж уулзаж хөзөр тоглож байгаад 11 цаг өнгөрөөд Б, З гэдэг найзыгаа хүргэж өгөх гээд явсан байсан. Тэгээд бид хоёр Арвай дэлгүүрийн дээд талын сааданд уулзаад жоохон сууж байгаад “жанжин малгайт” цэцэрлэгийн автобусны буудал дээр 20 гаруй минут суугаад мотоцикль хулгайлаад гэр лүүгээ явах уу гэж ярилцаад Сутай хороонд “жанжин малгайт” цэцэрлэгийн араар  айлуудын хашаа руу гэрэл тусгаж явж байгаад хаалга нь онгорхой хашаанд 3 мотоцикль байсан. Хамгийн ард талын мотоциклийг аваад доод талын засмал даваад руль хязгаарлагчийг нь хэмхлээд унаж яваад үмхий нуурын ард талд хоночихоод өглөө орж ирээд баригдсан ... Би ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Дахин хулгай хийхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Л.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Бид хоёр 08 дугаар сарын 11-ний өглөө утсаар ярьж холбогдоод М.Д-г Далангийн нуруунаас авах гэж ирсэн. Тэгээд айлд байхаар нь тэр айлын гэрийг буулгаж барьчихаад орой 5, 6 цагийн үед аймагт ирээд утасны цэнэг дуусчихсан. Утсаа айлд цэнэглүүлчихээд бид хоёр явж байгаад орой  8 цагийн үед очиж утсаа аваад 20 дугаар байранд хүн хөдөөнөөс ирсэн гэхээр нь бид хэд хөзөр тоглож байгаад тараад Даваабаатар бид хоёр салж явж байгаад Арвай дэлгүүрийн ард талын саравчинд уулзаад “жанжин малгайт” цэцэрлэгийн ойролцоо явж байгаад мотоцикль хулгай хийж сум явах уу гэж яриад ард талын хашаануудаар гэрэл тусгаж явж байгаад хаалга нь онгорхой хашаандаа 3 мотоцикльтой хашаа руу орж хамгийн ард байсан мотоциклийг авч зам давуулж асаачихаад хойшоо 1 километр гаруй яваад хоночихоод өглөө нь аймаг руу орж ирээд баригдсан байгаа ... Би дахин хулгай хийхгүй. Намайг маш их уучлаарай...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч М.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутайн хороо 0-0 тоотод эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд манай хашаанд 2 гэр байдаг... 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ажил ихтэй байсан тул гэртээ 08 дугаар сарын 12-ны 00 цаг 30 минутын үед ирсэн юм. Намайг гэрт ирэхэд манай гэрийн зүүн талд 2 ширхэг Хятад мотоцикль, 1 ширхэг 2 орос мотоцикль зогсож байсан юм. Тухайн мотоциклиудын хамгийн ард нь буюу хашааны хаалган талд тавьсан байсан хар өнгөтэй Мустанг-5/150 маркийн мотоцикль нь минийх юм. Тэгээд өнөө өглөө 07 цаг 30 минутад би босоод ажилдаа гарахад миний хар өнгөтэй мотоцикль алга болсон байхаар нь аймгийн Цагдаагийн газарт өөрийн биеэр ирж мэдэгдсэн юм ... Би 2019 оны 07 дугаар сард аймгийн холбооны ломбарднаас мотор, хроп эвдэрхий, хойд дугуй муудсан, урд 2 ширхэг амортизатор нь муу мотоциклийг 200.000 төгрөгөөр худалдан авч, 2 ширхэг амортизатор, нэг дугуй, мотор, хроп зэргийг шинээр тавьсан юм...Миний алдсан мотоцикль нь хар өнгөтэй, суудлын бүрээс нь улаан алаг өнгөтэй, ямар нэгэн улсын дугаар байхгүй...Би мотоциклио 200.000 төгрөгөөр худалдан авч, 500.000 гаруй төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Тиймээс би өөрийн алдсан мотоциклио 700.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /ХХ17-18/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ4/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ5/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл /ХХ8/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ9-11/,  “Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №ТҮХ-820/592 үнэлгээний дүгнэлт /ХХ34-35/  зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу олж авсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Д, Л.Б нарын 2020 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Говь-Аптай аймгийн Есөнбулаг сумын Түмэн баг Сутай хороо 0-0 тоот хашаанаас хохирогч М.Б-н эзэмшлийн улсын дугааргүй, хар өнгийн мустанг-200 маркийн мотоцикпийг хулгайлж 594.000 төгрөгийн хохирол учруулсан  үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч байдаг. Шүүгдэгч М.Д, Л.Б нар нь гэмт хэрэг үйлдэж байгаагаа ухамсарлан ойлгож хохирол, хор уршгийг зориуд санаатайгаар хүсэж үйлдсэн байх тул гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж шүүх үзсэн  болно.

Шүүгдэгч М.Д, Л.Б нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч нарыг уул гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй  байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, учирсан хохирлын хэмжээг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ41, 43/, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 83 дугаартай шийтгэх  тогтоол /ХХ47-50/, хохирогч М.Б-н “... Миний мотоциклийг авсан хүнд санал гомдол алга...” гэсэн хүсэлт /ХХ113/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Үүний үндсэн дээр шүүгдэгч М.Д нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж шүүх үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан, шүүгдэгч Л.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж шүүх үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Түүнчлэн шүүгдэгч нарын гэмт хэрэг бүлэглэж үйлдснийг болон шүүгдэгч Л.Б нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзсэн болно.

Шүүхээс шүүгдэгч М.Д, Л.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-г 500 /таван зуу/ цагийн хугацаагаар, шүүгдэгч Л.Б-г 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Д, Л.Б нар нь цагдан хоригдоогүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан шүүгдэгч У овогт М-н Д, Х овогтой Л-н Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-г 500 /таван зуу/ цагийн хугацаагаар, шүүгдэгч Л.Б-г 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч М.Д, Л.Б нарт сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Д, Л.Б нар нь цагдан хоригдоогүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.   

5. Шүүгдэгч М.Д, Л.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА