Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 00518

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1977 онд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багт оршин суух, Боржигин овогт Дагвасамбуугийн Алтанхүү /РД:ГЖ77121515/-гийн нэхэмжлэлтэй,

Хаиуцагч: Төрийн банкны Булган салбарт холбогдох,

Гэм хорын хохирол 11620000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00049/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Алтанхүү, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1986 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Төрийн банкны Булган салбарт тооцооны төв хариуцсан менежер ажилтай, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 9-1-4 тоотод оршин суух Буурал аав овогт Юмжирмаагийн Доржзовд /РД:ГЮ86072778/,

Төрийг төлөөлж: 1990 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Булган аймгийн Прокурорын газарт хяналтын прокурор ажилтай, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 21-96 тоотод оршин суух, Боржигон овогт Гиваасамбуугийн Эсэн /РД: УЗ90011738/

Иргэдийн төлөөлөгч Ж.Чагнаа, нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Алтанхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Төрийн банкны Булган аймгийн Орхон сумын тооцооны төвд Сертифекатын хадгаламж-нд 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1 жилийн хугацаатай 10000000 төгрөг хадгалуулсан. 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хадгаламжийн хугацаа дуусч мөнгөө авахаар очтол хадгалуулсан мөнгө болоод хүү нийт 11620000 төгрөгийг хугацаа дуусмагц гаргасан байсан. Учир явдлыг олохоор тус тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Ю.Пүрэвдоржтой уулзахад би гарцаагүй байдалд ороод хэрэглэчихлээ надад төлөх боломж олгооч гэхээр нь би зөвшөөрч 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Гэтэл хугацаа хэтрээд байхад ямар нэгэн асуудал хэлээд төлөлгүй өдийг хүрээд байна. Пүрэвдорж нь өөрийн эрх мэдэл албан тушаалаа ашиглан мөнгийг данснаас авч захиран зарцуулж манай гэр бүлд хадгаламжийн сертификатын болон хүү 11620000 төгрөгийн хохирол учруулсан тул Төрийн банкны Булган салбараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Доржзовд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Алтанхүү, Төрийн банкны Булган аймгийн Орхон сумын тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Пүрэвдоржид хувиараа зээлдүүлсэн мөнгө болон Төрийн банкинд хадгаламжийн сертификат нээлгэж хадгалуулсан мөнгөний асуудлаар гэрээ байгуулж нотариатаар батлуулсан байна. Тэд шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар орсон бөгөөд тэдний эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж гарсан байна. Энэ захирамжид түүний Пүрэвдоржид хувиараа зээлсэн 5000000 төгрөг болон Төрийн банкны хадгаламжийн сертификат эзэмшиж хадгалуулсан 10000000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг анхаарах нь зүйтэй байна. Өмнө нь энэ асуудлыг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн, дахин шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Алтанхүү болон Төрийн банкны Булган аймгийн Орхон сумын тооцооны төвийн эрхлэгч Пүрэвдорж нар найз нөхдийн харилцаатай бөгөөд хадгаламжийн сертификатын хадгаламжаас Пүрэвдорж мөнгө авсан гэдгийг нэхэмжлэгч Алтанхүү өөрөө мэдэж байсан байна. Иймд Төрийн банк энэ асуудлыг хариуцахгүй гэж үзэж байна гэв.

Төрийг төлөөлж оролцсон прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Прокурорын тухай хууийн 16 дугаар зүйлийн 16.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, 25 дугаар зүйлд зааснаар оролцож байна. Энэ хэрэгт Төрийн банк хариуцагчаар татагдах ёсгүй. Нэхэмжлэгч тухайн үед Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д зааснаар хадгаламжийн гэрээ байгуулах ёстой байсан боловч гэрээг байгуулаагүй байна. Хэрвээ гэрээг байгуулсан байсан бол Төрийн банк энэ иргэний хэрэгт хариуцагчаар татагдах үндэслэлтэй байсан. Төрийн банкны Булган аймгийн Орхон сумын тооцооны төвийн эрхлэгч Пүрэвдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Түүний үйлдсэн гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж өршөөгдсөн. Нэхэмжлэгч Алтанхүү нь Төрийн банкны Булган аймгийн Орхон сумын тооцооны төвийн эрхлэгч Пүрэвдоржид 10000000 төгрөгийг бэлнээр өгсөн. Алтанхүү тухайн 10000000 төгрөгийг Төрийн банкинд хүлээлгэн өгөөгүй, харин иргэн Пүрэвдоржид хүлээлгэн өгсөн байна. Нэхэмжлэгч Алтанхүү энэ мөнгийг Пүрэвдоржоос нэхэмжлэх эрхтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Алтанхүү нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарт холбогдуулан банкинд хадгалуулсан мөнгө болон түүний хүү 11620000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Д.Алтанхүү нь банктай хадгаламжийн гэрээ байгуулаагүй тооцооны төвийн эрхлэгчид өөрөө зөвшөөрч мөнгө өгсөн тул банк хариуцахгүй гэж маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Алтанхүү нь Төрийн банкны Орхон сумын тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Ю.Пүрэвдоржтой 2013 оны 07 дугаар сард уулзаж 10000000 төгрөгийн хадгаламжийн сертификат нээлгэх талаар ярилцаж Д.Алтанхүү нь 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр харилцахын орлого гэж 10000000 төгрөгийг Төрийн банкны 12090000459 тоот дансанд шилжүүлж 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хадгаламжийн сертификатын 120900059244 тоот данс нээсэн болох нь Хадгаламж банкны 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн орлогын мэдүүлэг, депозит дансны хуулга, Хадгаламж банкны 0014089 тоот серийн дугаар бүхий хадгаламжийн сертификат зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 8, 63/

Хариуцагч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хадгаламжийн сертификат дээр Д.Алтанхүү гарын үсэг зураагүй, хадгаламжийн гэрээг бичгээр байгуулаагүй учраас банк нэхэмжлэгч Д.Алтанхүүтэй Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан хадгаламжийн гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 11620000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.3-т Мөнгөн хадгаламжийн гэрээг хадгаламжийн дэвтэр, хадгаламжийн сертификат болон бусад хуульд заасан арга хэрэгслийг ашиглан бичгээр байгуулна, Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Мөнгөн хадгаламж, гэрээ нь хадгаламжийн дэвтэр, сертификат зэрэг хэлбэртэй байж болох бөгөөд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.3-т зааснаар түүнийг бичгээр хийнэ гэж тус тус заасан байх бөгөөд хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан 0014089 тоот серийн дугаар бүхий хадгаламжийн сертификатад нэхэмжлэгч гарын үсэг зураагүй гэсэн тайлбарыг гаргаж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах хэдий ч Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-д бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар талууд маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно гэж заасны дагуу гэрчээр нотлох эрхээ алдсан байгаа ч Төрийн банкны 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн орлогын мэдүүлэг, депозит дансны харилцагчийн монгол хуулга, 0014089 тоот серийн дугаар бүхий хадгаламжийн сертификат зэргээр нэхэмжлэгч Д.Алтанхүү нь 10000000 төгрөгийг Хадгаламж банкинд орлого хийж үүний үндсэн дээр 0014089 тоот серийн дугаар бүхий хадгаламжийн сертификатад олгогдсон нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Д.Алтанхүүг банктай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн банкинд хадгалуулсан дээрх мөнгийг Төрийн банкны Орхон сумын тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Ю.Пүрэвдорж албан тушаалын байдлаа ашиглаж хувьдаа авч завшсан болох нь хадгаламж барьцаалсан зээл, зарлагын баримтууд, Ю.Пүрэвдоржид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол зэргээр нотлогдож байна. /хх-ийн 4-7, 49-62/

Банк харилцагч Д.Алтанхүүгийн зөвшөөрөлгүйгээр түүний хадгаламжаас зарлагын гүйлгээ хийсэн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан Хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавараар гүйлгээ хийх үүргээ зөрчсөн байна.

Орхон сумын тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Ю.Пүрэвдорж нь 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны Булган салбартай хөдөлмөрийн гэрээ байгуулан Орхон сумын тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 42-44/

Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээх талаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан тул ажил олгогч буюу Төрийн банкны Булган салбар ажилтныхаа бусдад учруулсан хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хадгаламжийн мөнгийг хүүгийн хамт банк төлөх нь хуульд нийцэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн банкны Булган салбараас 11620000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Алтанхүүд олгох нь зүйтэй байна.

Гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар тухайн гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн 11620000 төгрөгийн асуудлыг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлж, шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлага болох 11620000 төгрөгийг гаргуулахаар эвлэрлийн ажиллагаа явагдаагүй, харин хадгаламжийн сертификатын хугацаа дууссан 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хойшхи хугацааны 11620000 төгрөгт хүү тооцож 5577600 төгрөг төлөхийг талууд харилцан тохиролцсон талуудын эвлэрлийг баталгаажуулсан нь Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 132 дугаартай эвлэрлийн гэрээ, тэмдэглэл, тус шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1622 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 84-88/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасныг баримтлан Төрийн банкны Булган салбараас 11620000 /арван нэгэн сая зургаан зуун хорин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Алтанхүүд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200850 /хоёр зуун мянга найман зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн банкны Булган салбараас 200850 /хоёр зуун мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Алтанхүүд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

О.ОДОНЧИМЭГ