Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 592

 

 

 

 

      

 

 

 

  2020         09            16                                    2020/ШЦТ/592

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нарангэрэл /томилолтоор/, шүүгдэгч А.Б-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л овогт А-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010012060717 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар  сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймагт төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, Азик ХХК-ийн үйлдвэр хариуцсан захирал ажилтай, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Л овогт А-гийн Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Б- нь 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, КРОР нэртэй рестораны гадаа тодорхой шалтгаангүйгээр Б.А-ыг гараараа цохиж, өвдөгөөрөө өвдөглөж түүний биед хамар ясны хугарал гэмтэл санаатай учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч А.Б-: “...Б.А-ыг таньдаг байсан, тухайн өдөр найзынхаа гар утсаар залгаж, хаана байгааг нь асууж очоод ресторанаасаа гараад ирэхээр нь цохисон, гэм буруугаа ойлгож байгаа, эмнэлгээр явсан зардлуудыг төлж барагдуулсан, сүүлд хамрын хагалгаанд орсон зардлыг санхүүгийн байдлаас болоод төлөөгүй байгаа, төлж барагдуулна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр би төрсөн өдрөө хорооллын бааранд тэмдэглэж байхад Б- тэр бааранд найз нартайгаа явж байсан. Тэгээд бид хоёр тааралдаад мэндлээд өнгөрсөн. Тэр үед Б- хүмүүстэй муудалцаад байсан. Б- согтуу байхад нь муудалцсан хүн нь намайг гэж ойлгоод ажил дээр дуудаж гаргаж ирээд цохисон. Тэгээд цохисныхоо дараа уучлаарай өчигдөр бааранд чамтай маргалдсан байсан гэж бодоод хүн андуураад цохисон байна гээд уучлалт гуйж байсан. ...Б- миний нүүрэнд 1 удаа цохиод доошоо тонгойх үед нүүр рүү өвдөглөсөн...” /хх-ийн 18-19/ гэсэн,

Гэрч Б.Нандин-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн үед ...манай рестораны үүдэнд 4-5 хүн байхаар нь нөхөр гараад очиход Б- гэх залуу ямар ч шалтгаангүйгээр манай нөхрийг цохисон. Манай нөхөр нүүрээ дараад ресторан руу орж ирэхээр нь би гарч очоод яаж байгаа юм бэ гээд цээж рүү нь түлхсэн...” /хх-ийн 26-27/ гэсэн,

Гэрч Г.Алдаржав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед Б- залгаад зоорь руу хамт явчихаад ирье гэсэн. ...Б- бид хоёр Мишээл Экспо руу явж байхад Б- утсаа өгч байгаач, миний утасны цэнэг дууссан байна. Нэг хүнтэй ярих гэсэн юм гэж хэлээд миний утсаар Алдар байна хаана байгаа вэ, уулзах хэрэг байна гэж хэлээд ярьж байсан. Тэгээд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КРор нэртэй рестораны үүдэнд очиж А-ыг дуудах шиг болсон. А- ресторанаас гарч ирэхэд Б- А-ын нүүрэнд нь нэг удаа цохисон. Тэгээд А- нүүрээ дараад доошоо тонгойсон...” /хх-ийн 29-31/ гэсэн,

Шүүгдэгч А.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Би Баянгол дүүргийн бааранд А-ын төрсөн өдрийг тэмдэглэж байгаад хүнд зодуулсан. Тэгээд тэр үед зодсон хүнийг А- гэж бодсон. Хэрэг гардаг өдөр А- намайг зодсон гэж бодоод А-ын ажилладаг К-РОР нэртэй ресторанаас дуудаж гаргаж байгаад А-ыг цохиж зодсон. Би А-ыг андуурч цохиж зодсон...” /хх-ийн 83-86/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №6974 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.А-ын биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-ийн 34-35/ гэсэн дүгнэлт,

 

- Гэмт хэрэг зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

- Эд мөрийн баримтыг хураан авах, тооцох тухай тогтоол /хх-ийн 4-5/

- Сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6-12/,

- Б.А-ын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 39-66/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 70-72/

- Шүүгдэгч А.Б-ы хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 90-92/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 94/, гэрч Ц.Анхбаяр, Д.Золзаяагийн нарын мэдүүлэг /хх-ийн 110-111/, нийгмийн даатгалын шимтгэл  төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 113/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 114/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 115/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 116/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.Б- нь 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, КРОР нэртэй рестораны гадаа тодорхой шалтгаангүйгээр Б.А-ыг гараараа цохиж, өвдөгөөрөө өвдөглөж түүний биед хамар ясны хугарал гэмтэл санаатай учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.А-ын: “...2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр би төрсөн өдрөө хорооллын бааранд тэмдэглэж байхад Б- тэр бааранд найз нартайгаа явж байсан. Тэгээд бид хоёр тааралдаад мэндлээд өнгөрсөн. Тэр үед Б- хүмүүстэй муудалцаад байсан. Б- согтуу байхад нь муудалцсан хүн нь намайг гэж ойлгоод ажил дээр дуудаж гаргаж ирээд цохисон. Тэгээд цохисныхоо дараа уучлаарай өчигдөр бааранд чамтай маргалдсан байсан гэж бодоод хүн андуураад цохисон байна гээд уучлалт гуйж байсан. ...Б- миний нүүрэнд 1 удаа цохиод доошоо тонгойх үед нүүр рүү өвдөглөсөн...” /хх-ийн 18-19/ гэсэн, гэрч Б.Нандин-Эрдэнийн “...2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн үед ...манай рестораны үүдэнд 4-5 хүн байхаар нь нөхөр гараад очиход Б- гэх залуу ямар ч шалтгаангүйгээр манай нөхрийг цохисон...” /хх-ийн 26-27/ гэсэн, гэрч Г.Алдаржавын “...Б- бид хоёр Мишээл Экспо руу явж байхад Б- утсаа өгч байгаач, миний утасны цэнэг дууссан байна, хүнтэй ярих гэсэн юм гэж хэлээд миний утсаар Алдар байна, хаана байгаа вэ, уулзах хэрэг байна гэж хэлээд ярьж байсан. Тэгээд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КPop нэртэй рестораны үүдэнд очиж А-ыг дуудах шиг болсон. А- ресторанаас гарч ирэхэд Б- А-ын нүүрэнд нь нэг удаа цохисон. Тэгээд А- нүүрээ дараад доошоо тонгойсон...” /хх-ийн 29-31/ гэсэн, шүүгдэгч А.Б-ы “...2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр би А-ын төрсөн өдрийг тэмдэглэж байгаад хүнд зодуулсан. Тэгээд тэр үед зодсон хүнийг А- гэж бодсон. Хэрэг гардаг өдөр А- намайг зодсон гэж бодоод А-ын ажилладаг К-РОР нэртэй ресторанаас дуудаж гаргаж байгаад А-ыг цохиж зодсон. Би А-ыг андуурч цохиж зодсон...” /хх-ийн 83-86/ гэсэн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №6974 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.А-ын биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 34-35/ гэсэн дүгнэлт, сиди-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6-12/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч Б.А-ын биед учирсан “...биед хамар ясны хугарал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч А.Б- түүнийг цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Б-ы хохирогч Б.А-ын биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-ын эрүүл мэндэд хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор хамрын мэс ажилбарт орсон төлбөрт 5,430,570 /хх-ийн 70/ төгрөг нэхэмжилснийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Б-ы үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй. Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдөөгүй байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2010012060717 дугаартай хэргийн хамт ирүүлсэн нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.Б- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л овогт А-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-гийн Б-д 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.Б-д 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Б- оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-аас 5,430,570 /таван сая дөрвөн зуун гучин мянга таван зуун дал/ төгрөг гаргуулж хохирогч Б.А-д олгосугай.

 

6. Эрүүгийн 2010012060717 дугаартай хэргийн хамт ирүүлсэн нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.Б- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР