Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 579

 

 

 

 

 

 

 

   2020         09           07                                       2020/ШЦТ/579

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил, 

улсын яллагч Ц.Ганчимэг,

шүүгдэгч Р.М- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын газраас Р.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2010014580765 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .... Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, програмист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, .... тоот регистртэй, Р.М-.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Р.М- нь 2020 оны 07 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Ерөнхий боловсролын 135 дугаар сургуулийн хашаан дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар иргэн Б.Э-той маргалдаж нүүр рүү нь гараараа цохих, хөлөөрөө жийх зэргээр зодож эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, баруун хөмсөгт шарх, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Р.М- шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.  

Эрүүгийн 2010014580765 дугаартай хэргээс:

 

  1. Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн үед хамт ажилладаг Н.Э-нь манайд эрүүл, ганцаараа ирсэн. Ирэхдээ 0.33 литрийн хараа нэртэй 1 шил архи 0.5 литрийн боргио нэртэй лаазтай пиво 3 ширхэгийг авчирсан. Би тэр архийг ганцаараа уусан. Тэгээд Н.Э-нь гэр рүүгээ явлаа гэхээр нь би түүнийг хашаанаас гаргаж өгсөн. Тэгтэл тэрээр хоёулаа дэлгүүр оръё гэхээр нь хамт дэлгүүр ороход 0.75 литрийн хараа архи 1 шил, 2.5 литрийн пиво нэгийг авсан. Тэгээд бид 2 шувуун фабрик явж Н.Э-ынд очихоор болоод унаанд сууж явсан. Замдаа Н.Э-нь хоёулаа ажлаар оръё гээд замдаа буусан. Ингээд бид 2 өөрсдийн ажилладаг 135 дугаар сургууль руу ортол Р.М- гарч байсан. Түүний найз буюу урьд нь надтай цуг ажиллаж байсан Н.Н-нар байсан. Ингээд бид дөрөв авчирсан архи пиво хувааж уусан. Би архи пивийг уугаад дуусч байхад согтоод тасарсан, ухаан санаа орж гараад байсан. Тэгээд нэг мэдэхэд би сургуулийн урд талын цементэн талбай дээр хэвтэж байсан. Дээрээс Р.М- цохиод байсан. Миний биед учирсан гэмтлүүдийг Р.М- учруулсан. Тэрээр миний эмчилгээнд 1.800.000 төгрөг өгсөн. Надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 16-17, 18-19 дугаар хуудас/,

 

2. Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... Би 2020 оны 07 дугаар сарын 17-ны 19 цагийн үед хамт ажилладаг Э- руу залгаж бид хоёр уулзахаар болсон. Тэгээд би түүний гэрт нь очсон. Замаараа 0.33 литрийн 1 шил архи, 0.5 литрийн лаазтай пиво 3 ширхэг, мөн чихэр болон бусад зүйлийг авсан. Ингээд Э-ынд би нэг лааз пиво, харин Э- ганцаараа 0.33 литрийн архи болон 1 лааз пивийг уусан. Тэднийд хоол унд идэнгээ юм ярьж сууж байгаад Э- бид хоёр 22 цаг өнгөрч байхад тэднийхээс гарсан. Тэгтэл хамт ажилладаг М- над руу залгаж ойр зуурын юм ярьсан бөгөөд Э- бид 2 түүн дээр очихоор болсон. Ингээд бид 2 дэлгүүр орж 0.75 литрийн 1 шил архи, 2.5 литрийн 1 пиво, ундаа, тамхи аваад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо моринд байрлах өөрсдийн ажилладаг 135 дугаар сургууль дээр очсон. Тухайн өдөр М- жижүүртэй байсан. Тэгтэл цэцэрлэгийн манаач Г- хашааны хаалга онгойлгож өгсөн. Ингээд Г-, М-, Э- бид дөрөв уулзаад байж байтал урьд хамт ажиллаж байсан Төгсөө ганцаараа орж ирсэн. Тэгээд бид тав архи болон пиво хувааж уусан. Би архи уулгүй 6 жил болоод тухайн өдөр уусан. Нэг их ууж чадалгүй дорохноо согтоод тасарчихсан байсан. Тэгээд би өглөө 7 цагийн үед сургууль дээр сэрсэн. Намайг гадаа гарахад Э- зогсож байсан. Цаана нь Г-, М- нар нь мод услах гээд байж байсан. Тэгтэл Э-ын нүүр нь зулгарчихсан, нүүр нь цус болчихсон байхаар нь юу болсныг асуухад М- намайг ийм болгочихлоо гэж байсан. Тэгэхээр нь би М-г дуудаад юу болсныг асуухад тэрээр Э- ах өөрөө миний толгой руу цохиод байхаар нь би цохичихсон юмаа гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг/хх-ийн 24 дүгээр хуудас/

                                                 

  1. Гэрч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Би 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 17 цагаас ээлж хүлээн авч цэцэрлэг дээрээ харуулын үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд 23 цаг өнгөрч байхад сургууль руу орж жижүүр Р.М-тай юм яриад сууж байтал Р.М-гийн утас дугарч, тэр хүнтэй ярьсан. Тэгээд би Р.М-гийн хамт “Янгир” дэлгүүр орж 0.5 литрийн хараа нэртэй архи 1 шилийг авсан. Ингээд бид сургуулийн жижүүрийн өрөөнд байж байтал зүс таних Г.Н- ирсэн. 23 цаг 40 минутын үед Н.Э-, Н.Ц- нар ирсэн. Би гарч хашааны зүүн хойд хаалгыг онгойлгож тэр хоёрыг оруулсан. Хоёулаа халамцуу ирсэн. 0.75 литрийн хараа архи 1 шил, 2.5 литрийн боргио нэртэй пиво нэгийг авчирсан. Би тэр архинаас нь 1 хундагыг уучихаад тэндээс гарч өөрийнхөө цэцэрлэгийн манаачийн өрөө рүү явсан. Тэгтэл барагцаагаар 1 цаг гаруйн дараа Р.М- орж ирээд “ахаа хаалга онгойлгоод өгөөч, Н.Э-ах томроод шувуу явна гээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хашааны хаалга онгойлгож өгөхөд Н.Н-өөрийнхөө машиныг жолоодоод Р.М-, Н.Э-хоёр суугаад явсан. Тэгтэл удалгүй цагдаад баригдсан Н.Э-, Н.М- хоёрыг цагдаа аваад явсан. Н.Э-үлдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-н 23 дугаар хуудас/,

 

4.Гэрч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад: “... Би яг хараагүй мэдэхгүй байна, харин Р.М-гаас асуухад л тэрээр “Б.Э- бид хоёр муудалцаад би түүнийг зодсон” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25 дугаар хуудас/,

 

5.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 8332 дугаартай дүгнэлтэд:

-Б.Э-ын биед эрүү ясны хугарал, тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, баруун хөмсөгт шарх, хуйханд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохой зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 27-28 дугаар хуудас/,

 

6. Р.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

 “...Би 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өөрийн ажил дээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн 23 цаг 20 минутад манай ажлын газрын жижүүр ах Б.Э- ах надруу залгаж нэг шил архи аваад байж байгаарай, би Д.Э-ын хамт очлоо гэж ярьсан. Цэцэрлэгийн жижүүр П.Г- ахын хамт “Янгир” дэлгүүрээс 0.5 литрийн хараа архи нэг шилийг авсан. Тэгээд бид нар архиа ууж эхэлсэн. Удалгүй манай найз Нарантөгс ирж, тавуулаа байсан. Тэгтэл шөнийн 01 цагийн үед Д.Э- ах Шувуун фабрик явъя гээд Г.Н-ийн машинтай Г.Н- өөрөө жолоо бариад би, Д.Э- ах, Б.Э- ах бид дөрөв явсан. Ингээд сургуулиас хөдлөөд удалгүй цагдаа нар бид нарыг зогсоож Г.Н-ийг машинтай нь аваад явсан. Харин Э-, Энхбаатар ах бид гурав ажил руу явсан. Би сургуулийн жижүүрийн өрөө рүү орж ирээд Д.Э- ахад ор засч өгөөд байж байтал Б.Э- надад хандан “чи гөлөг минь хэзээ ийм болчихсон юм” гээд үсдэж аваад дагз руу гараараа 2-3 удаа цохьсон, тэгэхээр нь миний уур хүрч түүний нүүр рүү гараараа 2 удаа цохиж нүүр рүү нь хөлөөрөө 1 удаа жийсэн. Тэгтэл Б.Э- ах шалан дээр хүчтэй унасан. Маргааш өглөө нь Б.Э- ахын баруун хөмсөгний орчим сэтэрчихсэн, нүүрнийх нь баруун хэсэг зулгарчихсан байсан. Тэрээр надад хандан чи ахыгаа арай дэндүүлчихсэн байна гэхээр нь би уучлалт гуйсан. ... ” гэх мэдүүлэг /хх-н 36-37 дугаар хуудас/,

 

7.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 48 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтанд шүүгдэгч Р.М- нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Р.М-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.М- нь 2020 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Ерөнхий боловсролын 135 дугаар сургуулийн хашаан дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар иргэн Б.Э-той маргалдаж нүүр рүү нь гараараа цохих хөлөөрөө жийх зэргээр зодож эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, баруун хөмсөгт шарх, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

-Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би архи пивыг уугаад дуусч байхад согтоод тасарсан, ухаан санаа орж гараад байсан. Тэгээд нэг мэдэхэд би сургуулийн урд талын цементэн талбай дээр хэвтэж байсан, дээрээс Р.М- цохиод байсан. Миний биед учирсан гэмтлүүдийг Р.М- учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх-н 16-17, 18-19 дүгээр хуудас/,

-Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э-ын нүүр нь зулгарчихсан, нүүр нь цус болчихсон байхаар нь юу болсныг асуухад М- намайг ийм болгочихлоо гэж байсан. Тэгэхээр нь би М-г дуудаад юу болсныг асуухад тэрээр Э- ах өөрөө миний толгой руу цохиод байхаар нь би цохичихсон юмаа гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

-Гэрч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...Р.М-гаас асуухад Б.Э- бид хоёр муудалцаад би түүнийг зодсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25 дугаар хуудас/,

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 8332 дугаартай дүгнэлт  /хх-н 27-28 дугаар хуудас/,

-Р.М-гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Б.Э- надад хандан “чи гөлөг минь хэзээ ийм болчихсон юм” гээд үсдэж аваад дагз руу гараараа 2-3 удаа цохьсон, тэгэхээр нь миний уур хүрч түүний нүүр рүү гараараа 2 удаа цохиж нүүр рүү нь хөлөөрөө 1 удаа жийсэн. Тэгтэл Б.Э- ах шалан дээр хүчтэй унасан. Маргааш өглөө нь Б.Э- ахын баруун хөмсөгний орчим сэтэрчихсэн, нүүрнийх нь баруун хэсэг зулгарчихсан байсан, ...надад хандан чи ахыгаа арай дэндүүлчихсэн байна гэхээр нь би уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-н 36-37 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч Р.М- нь хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд хохирогч нь “миний эмчилгээнд 1.800.000 төгрөг өгсөн. Надад одоо гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Р.М-тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Р.М- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтуудаар тогтоогдож байна.  

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Р.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Тус хэрэгт шүүгдэгч Р.М- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Р.М-г “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Р.М-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р.М- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь хохирогч Б.Э-од төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Р.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Р.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДОРЖСҮРЭН