Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                                                  

                                                                                                    Хэргийн индекс: 114/2018/0034/З

          Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч  Хны нэхэмжлэлтэй

          Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдох

          Нэхэмжлэлийн “ Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03/2227 тоот албан бичиг, холбогдох баримтыг үндэслэн 000301107 тоот гэрчилгээний дугаартай, 080100741 тоот нэгж талбарын дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 2 дугаар хэсэгт байрлах 9247,0 м.кв талбай бүхий авто үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрхийг Худалдаа, хөгжлийн банкинд шилжүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгож өгөхийг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү ”  шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Хны итгэмжлэгдсэн төлөөлөгч   Г.А                                              

          Хариуцагч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын

          газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч                                            Ц.А, Б.З

          Хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч                Л.А

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хнаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- “Э” ХХК нь 2014 оны 2 дугаар сарын 03-ны өдөр ЗГ-СС20140129064-н тоот Зээлийн гэрээ, ЗБ-20170129064-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ болон барьцааны эрхийн гэрээ байгуулж 500,000,000.00 (таван зуун сая) төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1,7 хувийн хүүтэйгээр зээлж авсан.

Зээлдэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс банк шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 3 тоот захирамжаар нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банкны Дархан салбарт 564,721,895.96 (таван зуун жаран дөрвөн сая долоон зуун хорин нэгэн мянга найман зуун ерэн таван мянган төгрөг, ерэн зургаан мөнгө) төгрөгийг төлөх, төлөхгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч “Э” ХХК зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 “Э” ХХК нь сайн дураар зээлийн төлбөрөө төлөөгүй тул 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 756 тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн. Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд “Э” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, анхны албадан дуудлага 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр болсон бөгөөд доод үнэ 533,389,430.00 төгрөгөөс ( хөрөнгийн үнэлгээний 70%-иар) эхэлсэн боловч сонирхогч гараагүй. Дараагийн хоёр дахь албадан дуудлага худалдаа 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр болсон бөгөөд доод үнэ 380,992,450.00 төгрөгөөс ( хөрөнгийн үнэлгээний 50%-иар) эхэлсэн боловч сонирхогч мөн гараагүй.

Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газраас албадан дуудлага худалдааг хоёр удаа зарласан боловч сонирхогч гараагүй, үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7, 54 дүгээр зүйлийн 54.2-т тус тус заасны дагуу санал болгох хурлыг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зарлаж дуудлага худалдаанд орсон хөрөнгүүдийг Худалдаа, хөгжлийн банкны өмчлөлд 380,992,450.00 төгрөгт тооцож шилжүүлэхээр талууд тохиролцож банк хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд авахаар болсон.

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03/2226 тоот албан бичгийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, албан бичгийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 3 дугаар хэсэгт байрлах Ү-2003016867 тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 400.0 м.кв талбай бүхий автомашины гараашийн барилга, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, мангирт 3 дугаар хэсэгт байрлах Ү-2003016868 тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 420.0 м.кв талбай бүхий автомашины гарааш, оффисын барилга, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, мангирт 3 дугаар хэсэгт байрлах Ү-2003016869 тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 476.0 м.кв талбай бүхий автомашины гарааш, оффисын барилгуудын өмчлөх эрхийг Хинд шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг Улсын бүртгэлийн хэлтсээс  гаргаж өгсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 06 сарын 21-ний өдрийн 03/2227 тоот албан бичгийг үндэслэн Худалдаа, хөгжлийн банкнаас 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 7-403/312 тоот албан бичгээр аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 000301107 тоот гэрчилгээтэй, 080100741 тоот нэгж талбарын дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, мангирт 2 дугаар хэсэгт байрлах 9247,0 м.кв талбай бүхий авто үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн газрыг банкинд шилжүүлж, гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргасан. Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг газрын дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно гэж үзээд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газрын суурь үнэ болох 277,410,000.00 төгрөгөөс тодорхой хувь буюу 30 хувийг татварт төлсөн баримт хавсаргах шаардлагатай тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдсэн.

Тус Банк нь дээрх газрыг эзэмшилдээ шилжүүлж авснаар ашиг олоогүй болно. “Э” ХХК-д зээлсэн мөнгөө шүүхийн шийдвэрийн дагуу  барьцаа хөрөнгөөр хангуулахаар эвлэрээд давж заалдах эрхгүйгээр шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл Хыг орлого олсон гэж үзэх боломжгүй байна. Газрын төлбөрөө төлөх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулж “Э” ХХК-д мэдэгдсэн боловч “Э” ХХК нь төлбөрөө төлөөгүй учир 2018 оны 3 сард манай байгууллага 2013 оноос хойших газрын төлбөр болох 3,358,814.00 төгрөгийг төлж барагдуулсан.

Мөн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 03/1345 тоот албан бичгээр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 080100741 тоот нэгж талбарын дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, Мангирт 2 дугаар хэсэгт байрлах 9247,0 м.кв талбай бүхий авто үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн газрыг Худалдаа, хөгжлийн банкинд шилжүүлж, гэрчилгээ гаргаж өгөхийг мэдэгдсэн. Тус албан тоотын хариуг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 640 тоот албан бичгээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу албан татвар, хураамж төлсөн баримт хавсаргахыг шаардаж хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдсэн.

Иймд Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03/2227 тоот албан бичиг, холбогдох баримтыг үндэслэн 000301107 тоот гэрчилгээтэй, 080100741 тоот нэгж талбарын дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 2 дугаар хэсэгт байрлах 9247,0 м.кв талбай бүхий авто үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрхийг Худалдаа, хөгжлийн банкинд шилжүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгож өгөхийг Дархан-Уул аймгийн Засаг дарга болон Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү. Дархан-Уул аймгийн Засаг даргаас ирүүлсэн тайлбарт нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна гэж ойлгосон гэв.

 

          Хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- 2017 онд Х болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас манай байгууллагад хүсэлт ирж байсан. Тухайн үед энэ албан бичиг нь манай байгууллагад бүртгэгдээгүй байна. Яагаад гэвэл тухайн газар нь ямар нэгэн зөрчилтэй байна уу гэж хянахын тулд тодруулах хуудас өгч зохих ажилтнуудаар гарын үсэг зуруулдаг. Тодруулах хуудсанд нь газрын төлбөрийн зөрчил гарч ирсэн. Тэгээд 2018 оны 1 дүгээр сард газрын төлбөрөө төлчихлөө, манайх газраа шилжүүлж авъя гэсэн хүсэлтийг ирүүлсэн.

Тухайн үед Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд  2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орсон. Үүнд: Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг шинээр хавсаргахыг заасан нь 38.2.3-т “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”, 38.2.4-т “Татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт” зэргийг тус компаниас шаардсан боловч бүрдүүлж ирээгүй, газар эзэмших эрхийг шилжүүлэхэд нотлох баримт бүрдээгүй тул эзэмших эрхийг шилжүүлэх боломжгүй юм.

 Газрын тухай хуулийн 38.6-д “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно” гэж заасан. Дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлохдоо Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 15 дугаар тушаалаар баталсан газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлалын дагуу бодож тооцсон. Дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлоход тухайн газар нь газрын төлбөрийн хэд дүгээр бүсэд хамаарах, газрын талбайн хэмжээ, газар ашиглалтын зориулалтаас хамаарч харилцан адилгүй бодогддог. “ Э” ХХК-ийн эзэмшил газар нь Газрын төлбөрийн 2-р бүсэд хамаардаг, талбайн хэмжээ нь 9247 м.кв, Газар ашиглалтын зориулалт нь “авто үнэлгээ”, дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлбол:

                      9247 м.кв 1.0/итгэлцүүр/ 30000 / суурь үнэ/= 277 410 000 төгрөг болно.

Татварын хэлтэс болон манай байгууллагын зүгээс Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт  орсонтой холбоотой газрынхаа суурь үнээр татвар төлөхийг шаарддаг байсан. Тэр газар дээр үл хөдлөх хөрөнгө байна уу, байхгүй байна уу  гэдгийг харгалзахгүйгээр газрын нийт хэмжээгээр татвар ногдуулдаг байсан боловч 2018 оны 6 сард Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт ороод тухайн газар дээр байгаа объектыг үнэлсэн тохиолдолд тус объектын 2 хувиар татвар төлөхөөр болж өөрчлөлт орсон байгаа.            Газрын дуудлага худалдааны анхны үнийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас дээрх аргачлалын дагуу бодож тооцоолж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, бусад холбогдох нотлох баримтын хамт газрын эрх шилжүүлж байгаа иргэн, хуулийн этгээдээр дамжуулан аймгийн Татварын хэлтэс рүү явуулдаг. Газрын дуудлага худалдааны анхны үнийг үндэслэн ААНОАТ, ХХОАТ-ын хуулийн дагуу татварын хувь хэмжээг аймгийн Татварын хэлтэс тогтоодог болно.

Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд тусгасан шаардлага хангасан нотлох баримтуудыг бүрэн ирүүлсний дараа Засаг дарга газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэх захирамж гаргах ёстой. Энэ шаардлагын дагуу Хинд албан шаардлага тавьсан.

Хны ажилтан Т.З нь “Манай банкны барьцаанд байгаа Э ХХК-ийн газрын төлбөрийн тооцоог нийлж, тус компаниар барагдуулах гэсэн юм гэж хэлээд 2013-2018 оныг дуустал 3358814 төгрөгийн тооцоо гаргуулж авсан ба 2018.01.31-ний өдөр Э ХХК-иас 3358814 төгрөгийг төлсөн байдаг. Х нь оны өмнө газрын төлбөрөө төлсөн бол газрыг шилжүүлэх боломжтой байсан. Газрын эрх шилжүүлэхэд татвараас хөнгөлөх нөхцөл байдаг. Энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан этгээдүүд хоорондоо газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээгээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх боломжтой. Гэтэл “Э” ХХК, Х хоёрын хоорондох газрын асуудал нь гэр бүлийн тухай хуулинд хамаарахгүй учир хөнгөлөх боломжгүй.

Геодези, зураг зүйн газрын даргын тушаалаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох журам гээд 2011 оны 496 билүү, 436 дугаартай журам байгаа. Би дугаарыг нь сайн санахгүй байна.Энэ журамд газар эзэмших, ашиглах асуудалтай холбоотой хүсэлтээ Газрын асуудал хариуцсан төв байгууллагад хүсэлтээ гаргаад тэр хүсэлтийн дагуу Газрын алба Засаг даргад захирамжийн төсөл явуулдаг. Тэр журмын дагуу манай байгууллагын дэргэдэх газрын асуудлыг хянан шийдвэрлэх комисс гэж байдаг. Тэр комиссоороо хуралдаад Газрын хуульд заасны дагуу нотлох баримтын шаардлага хангасан байвал Засаг даргад захирамжийн төсөл илгээдэг байгаа. Засаг дарга тэр төсөлтэй танилцаад нотлох баримтууд нь үнэхээр шаардлага хангасан гэж үзвэл иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлдэг. Тийм учраас “Э” ХХК, Хинд тавиад байгаа шаардлага нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт орсон тэр 2 баримтыг л шаардаад байгаа. Тэр 2 баримтыг бүрдүүлээд ирвэл энэ асуудлыг шийдвэрлэхэд бэлэн байгаа. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд нэмэлт орж 40.1.7-д  хэрвээ татварыг төлөөгүй газар эзэмших эрх нь шилжсэн бол тэр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болно гээд заасан байгаа. Ийм учраас татвар төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийг шилжүүлсэн тохиолдолд энэ заалтаараа хүчингүй болох хуулийн зохицуулалттай.

Дээрх нэхэмжлэлийн шаардлага нь Газрын тухай хууль болон Татварын тухай хуульд нийцэхгүй байгаа тул Хны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:-  Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн захирамж 2014 онд гарч, “Э” ХХК нь 564 721895.96 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Баримтуудыг судлан үзэхэд “Э” ХХК-ийн зөвшөөрснөөр Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 2 дугаар хэсэгт байрлах 9247 м.кв талбай бүхий авто үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрхийг банкинд шилжүүлж, шинээр гэрчилгээ олгоход татгалзах зүйлгүй.

 Одоо хууль зүйн үүднээс үзэхэд “Э” ХХК нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар 2017 оны 11 сард нэмэлт өөрчлөлт орсны дагуу “Э” ХХК-ийг орлого олсон гэж үзээд газраа Хинд шилжүүлэхээр татварын төлбөр заавал төлөх ёстой юм билээ. Хэрвээ Х 2017 оны 11 сард хуулинд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө энэ 3 сая төгрөгийн газрын төлбөрийн асуудлыг шийдээд явсан бол татварын асуудал яригдахгүйгээр шилжчих боломжтой байсан. Газар шилжүүлэхэд иргэн, аж ахуй нэгж байгууллага эхлээд Газрын албанд өргөдлөө гаргаад холбогдох баримтуудаа бүгдийг нь бүрдүүлсний дараа хувийн хэргийн бүрдэл хангагдаад Газрын албанаас Засаг даргад захирамжийн төсөл орж ирдэг. Тэр төслийг Засаг дарга хянаж үзээд шийдвэрээ гаргадаг. Гэхдээ энэ талаар нарийвчилж зааж өгсөн процессын ажиллагаа байхгүй. Захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байдаг. “Э” ХХК-ийн татварын асуудлыг шийдчих юм бол Засаг дарга Хинд шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоход татгалзах зүйлгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэлийн “ Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03/2227 тоот албан бичиг, холбогдох баримтыг үндэслэн 000301107 тоот гэрчилгээний дугаартай, 080100741 тоот нэгж талбарын дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 2 дугаар хэсэгт байрлах 9247,0 м.кв талбай бүхий авто үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрхийг Худалдаа, хөгжлийн банкинд шилжүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгож өгөхийг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт далгаж өгнө үү ”  шаардлагын тухайд:

          Нэхэмжлэгч Х нь “Э” ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 3-ны өдөр зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулж “Э” ХХК-д 500,000,000.00 /таван зуун сая/ төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр

  • Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг,Мангиртын 3 дугаар хэсэгт байрлах 420 м.кв талбайтай, эд хөрөнгийн Ү-2003016868 дугаар улсын бүртгэлтэй, 000228553 дугаар гэрчилгээтэй, автомашины гарааш, оффисын барилга,
  • Эд хөрөнгийн Ү-2003016869 дугаар улсын бүртгэлтэй, 000228554 тоот гэрчилгээтэй, автомашины гарааш, оффисын барилга,
  • Эд хөрөнгийн Ү-2003016867 дугаар улсын бүртгэлтэй, 000228552 тоот гэрчилгээтэй, автомашины гарааш,
  • Дархан сум, 15 дугаар баг, Мангиртын 2 дугаар хэсэгт байрлах, 080100741 тоот газрын нэгж талбарт бүртгэлтэй, 000301107 тоот гэрчилгээтэй, 9247 м.кв талбай бүхий газар

зэрэг дээрх эд хөрөнгүүдийг барьцаалан хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл олгосон болох нь ЗГ-СС20140129064  тоот зээлийн гэрээ, ЗБ-СС20140129064-2 тоот барьцааны гэрээгээр нотлогдож байна.

            “Э” ХХК нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч шүүхэд хандсаны дагуу Сум дундын 7 дугаар шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3 тоот шүүгчийн захирамжаар “Э” ХХК нь 564,721895.96 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Дархан-Уул аймгийн Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 756 дугаар “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д “Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно...”, 54 дүгээр зүйлийн 54.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан барьцаалагч тэргүүн ээлжинд хохирлоо арилгуулах эрх эдэлнэ” гэж зааснаар төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагч Хид 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 09 тоот актаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэн өгч, мөн өдрийн 03/2226, 03/2227 тоот албан бичгүүдээр актаар шилжүүлсэн хөрөнгийг Хны өмчлөлд шилжүүлэн өгөхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт мэдэгдсэн байна.

          Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/2227 тоот, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/1345 тоот албан бичгүүд, Хны 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 7-403/312 тоот албан бичиг, Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 212 тоот, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 640 тоот албан бичгүүд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аээс шүүх хуралдаанд дээр  “ ...ХХБ нь одоо 16.8 сая төгрөгийг төлөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх боломжтой, ийм гаргалгаа байгаа, ...2017 онд Х болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас манай байгууллагад хүсэлт ирүүлсэн, ...”Э” ХХК газрын төлбөрийн өртэй байсан учир бүртгэж аваагүй, тодруулах хуудас бичээд явуулсан” гэсэн тайлбар зэргээс дүгнэхэд “Э” ХХК-д хамаарах асуудлыг нэхэмжлэгчид хамаатуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн гэж үзэж Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно” гэж заасан албан татварыг төлөхийг шаардаж, газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай Засаг даргын захирамж гаргуулахгүй байгаа аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдож байна.

 Дээрх хууль бус эс үйлдэхүй нь Газрын тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлэх...”, 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авах...”, 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн ...аймаг, нийслэл, дүүргийн Газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасан журам болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх” гэж заасан зарчмыг зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Хны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасан журмын дагуу “Э” ХХК-ийн нэр дээрх  Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 2 дугаар хэсэгт байрлах 9247 м.кв талбай бүхий авто үйлчилгээний зориулалтаар эзэмших, 080100741 тоот нэгж талбарын дугаарт бүртгэгдсэн, 000301107 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу шилжигдэж байгаа газрыг нэхэмжлэгч Хны нэр дээр шилжүүлэх шийдвэр гаргаж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4,106.2.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хнаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  “Э” ХХК-ийн нэр дээрх  Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 2 дугаар хэсэгт байрлах 9247 м.кв талбай бүхий авто үйлчилгээний зориулалтаар эзэмших, 080100741 тоот нэгж талбарын дугаарт бүртгэгдсэн, 000301107 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг нэхэмжлэгч Хны нэр дээр шилжүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА