Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 455

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Пено-Андууд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/01163 дугаар шийдвэртэй, “Пено-Андууд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Солонго, Ц.Мягмардорж нарт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 26 500 000 төгрөг, обой, плитаны зөрүү 619 000 төгрөг, хэлцлийн 14-д бичигдсэн 1 500 000 төгрөг, нийт 28 619 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Оюунчимэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Эко констракшн” ХХК-ийн барьсан “Маршал” хотхоны 105 дугаар байрны 6-24 тоот 136 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг тоосго нийлүүлэх замаар буюу 100 хувийн бартераар худалдаж авсан. Уг байрыг худалдаж авсаны дараа 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ц.Мягмардорж, Ц.Солонго нартай гэрээ байгуулж, уг байрыг 1 м.кв-ийг нь 800 ам.доллараар, нийт 108 800 ам.доллараар худалдахаар тохиролцсон. Энэ үед Ц.Мягмардорж, Ц.Солонго нар нь уг байрны төлбөрт “long LG”-833 загвсарын хар хөх өнгөтэй, 070405131 тоот гэрчилгээтэй, 72-80 УБ улсын дугаар бүхий хүнд механизм /ковш/ шилжүүлэхээр тохирсон боловч компанид хүлээлгэж өгөөгүй. Ц.Солонго, Ц.Мягмардорж нар нь бэлэн мөнгөөр уг орон сууцыг худалдан авахаар тохирсон 2009 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээний үүргээ зөрчин, биелүүлээгүй тул 26 500 000 төгрөгийг нэхэмжилсэн. 2010 оны 8 дугаар сарын 04-ний өдөр мөнгө хүлээн авсан хэлцэлийг Т.Батсайхантай хийсэн байдаг. Т.Батсайхан нь тухайн үед манай компанийн захирлаар ажиллаж байсан. Мөн обой, плитаны үнийн зөрүү болох 619 000 төгрөг, хэлцлийн 14-т бичигдсэн 1 500 000 төгрөг, нийт 28 619 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ

 

Хариуцагч Ц.Солонго шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Пено андууд” ХХК, Мягмардорж нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байдаг. “Пено андууд” ХХК нь “Эко констракшн” ХХК-д тоосго нийлүүлж, Маршал хотхоны 105 дугаар байрны 6-24 тоот 136 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 1 м.квыг нь 800 ам.доллароор тооцож, гэрээний үнийг төлөх хугацааг жич байдлаар тохиролцсон. “Пено андууд” ХХК-ийн ерөнхий захирлаар 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Батсайхан нь бүртгэгдсэн байдаг. “Пено андууд” ХХК-ийн дүрэм нь хэргийн материалд авагдаагүй байгаа учраас нэхэмжлэгч Оюунчимэг нь тухайн компанитай холбоотой гэх бичгийн хэлбэрийн нотлох баримт хэргийн материалд байхгүй. Иргэний хуулийн 246 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байдаг. Гэрээний дагуу 2010 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 50 ам.доллар болон 57 000 000 төгрөг буюу тухайн байрны үнийн дүнг төлсөн баримтууд хэргийн материалд хавсаргасан. Уг баримтан дээр хүлээн авсан талаас гарын үсгийг “Пено андууд” ХХК-ийн захирал н.Батсайхан зурсан байдаг. “Эко констракшн” ХХК-иас Улсын бүртгэлийн Ерөнхий газарт явуулсан бичиг болон “Пено андууд” ХХК-иас “Эко констракшн” ХХК-д явуулсан хүсэлтдээ тухайн байрны төлбөрийг Солонго, Мягмардорж нар төлж барагдуулсан тул эдгээр хүмүүсийн нэр дээр өмчлөлийг нь шилжүүлж өгнө үү гэсэн байдаг. Уг хүсэлтийн дагуу “Эко констракшн” ХХК-иас байрны төлбөр 100 хувь төлөгдсөн учраас байрны өмчлөлийг Солонго, Мягмардорж нарын нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн бичиг хүргүүлсний үндсэн дээр тухайн байрны өмчлөлийн гэрчилгээ нь ганцхан Солонгын нэр дээр бүртгэгдсэн байдаг. 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн “Пено андууд” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Оюунчимэг нь захирлаар бүртгэгдсэн. Харин Оюунчимэг нь өөрөө 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Пено андууд” ХХК, Мягмардорж нарын хооронд худалдах худалдах авах гэрээний оролцогч тал биш учраас уг гэрээний улмаас нэхэмжлэгч гэх Оюунчимэгийн эрх нь хэрхэн зөрчигдчихсөн талаар шүүх дүгнэлт хийх ёстой. Гэрээ байгуулах үеийн “Пено андууд” ХХК-ийн захирал нь гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй. Тухайн үед Мягмардорж, Солонго нар нь өөрийн хамаатнуудын ажиллуулдаг Киёши ХХК-иас тээврийн хэрэгсэл оруулж ирээд Батсайханы хуурай дүү гэх Энхбаяр руу шилжүүлсэн байдаг. Тэгэхээр нь энэхүү ковшийг авч явахын хувьд авч явсан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед “Пено андууд” ХХК-ийн захирал Батсайхан, Оюунчимэг нар нь хамтын амьдралтай байсан юм шиг байгаа юм. Гэрээний 26 500 000 төгрөгийн төлбөртөө ковш өгөх талаар бүгд тохиролцсон байдаг. Тухайн үед энэ талаар Оюунчимэг нь бас мэдэж байсан. Одоо Батсайхан, Оюунчимэг нарын хооронд үл ойлголцол үүсч гэрээний үүргээ биелүүлчихээд байхад дундаас нь “Пено андууд” ХХК хохирсон гэх нөхцөл байдал үүссэн. “Пено андууд” ХХК-ийн захирал Батсайхан нь компанийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээдийн хийсэн хэлцлийн дагуу компанид хохирол учирсан тохиолдолд түүнийг төлж барагдуулах үүргийг Батсайхан хүлээх үүрэгтэй. “Пено андууд” ХХК-ийн захирал Батсайхан түүний хуурай дүү Энхбаяр нарын хооронд ковш өгсөн авсан хуйвалдсан асуудлын үр дагаварыг Мягмардорж, Солонго нар хүлээх үүрэггүй. Иймд Оюунчимэг нь уг гэрээний тал биш учраас шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Автотээврийн үндэсний төвөөс ирсэн ковшийн талаарх лавлагаан дээр тухайн ковш нь Оюунчимэгийн нэр дээр бүртгэлтэй байж байгаад Энхбаярын нэр дээр шилжсэн гэдэг нь харагдаж байна. Нэгэнт гэрээний дагуу үүргээ 100 хувь биелүүлж, гэрээний үүргээ дүгнэж, гарын үсэг зурсан тул хариуцагч нараас энэхүү ковшийн үнийн дүнг нэхэмжлэх эрхгүй. Харин обой, плитаны үнийн зөрүү 619000 төгрөгийг хариуцагч нар зөвшөөрсөн байсан гэжээ.

 

Хариуцагч Ц.Мягмардорж шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Боролдой шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нар нь гэр бүлийн хүмүүс учир тайлбар нь адилхан, Ц.Солонгын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай санал нэг байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Мягмардорж,Ц.Солонго нараас обой, плитаны үнийн зөрүү 619 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Пено-Андууд” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Пено-Андууд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 301 045 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мягмардорж, Ц.Солонго нараас 19 220 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Пено-Андууд” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэр хуульд заасан журмыг зөрчсөн, бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрт “орон сууц захиалсан Ц.Солонго нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө үү гэсэн “Эко констракшн” ХХК-ийн албан бичиг, “Эко констракшн” ХХК-д гаргасан “Пено андууд” ХХК-ийн хүсэлт зэргийг худалдах, худалдан авах гэрээний үүрэг биелэгдсэнийг “Пено андууд” ХХК зөвшөөрсөн гэж үзнэ” гэжээ.

Гэтэл 2010 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн мөнгө хүлээн авсан хэлцэл гэдгийг хийхдээ гэрээний төлбөрт хүнд механизм ковшийг оруулан бичсэн байдаг боловч өнөөдрийг хүртэл манай компани хүлээн аваагүй. Хүлээн аваагүйг нотлосон нотлох баримт болох Автотээврийн үндэсний төвөөс удаа дараа авсан лавлагаа хэргийн материалд байхад хүлээн авсан гэж дүгнэсэнд гомдолтой. Мөн хариуцагч нар худалдан авсан орон сууцыг өөрсдийн нэр дээр шилжүүлэн авч банкны зээлийн барьцаанд тавьж зээл авч үлдэгдэл төлбөрөө төлнө гэж дээр дурьдсан “Эко констракшн” ХХК-д явуулсан албан бичгийг хийлгүүлсэн.

Мөн “орон сууц худалдах, худалдан авах гэрээний доод хэсэгт Т.Батсайханд хүлээлгэн өгсөн гэх мөнгө, эд зүйлийг 18 гэж дугаарласан жагсаалтыг гараар бичсэн байх бөгөөд мөнгө хүлээн авсан хэлцлээр дээрх жагсаалтын тоо нэмэгдэж 28 болсон нь Ц.Мягмардорж нийтдээ 115 976 ам.долларыг Т.Батсайхан нь хүлээн авсан гэж тус тусын гарын үсэг зурагджээ” гэж дүгнэсэн. Үйлдсэн жагсаалтын төлөгдөөгүй төлбөрийн асуудлаар маргаж байгаа, жагсаалтад заагдсан хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй тухай маргаж нэхэмжилж байгаа. Ийм байтал бусад төлбөрүүдийг хүлээн авсан талаар маргаагүй байтал бусад төлбөрүүдийг төлсөн баримт нь төлөгдөөгүй төлбөрийг төлсөн гэж үзэн шийдвэр гаргасанд гомдолтой. Энэ нь шүүгч шүүх хуралдаанаас өмнө анхнаасаа шийдвэрийг хариуцагччийн талд гаргасан байсан гэж ойлгогдохоор байна. Шүүх хуралдаанд шүүгч хэргийн бодит байдлыг тогтоолгүй, хариуцлагагүй, хайрхамжгүй хандсан нь үүнээс илт байна. Төлбөрийн асуудал байгааг гар утсанд үзлэг хийж тогтоосон байтал төлөгдсөн гэж үзсээр байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүх “...Хариуцагч нартай хэлцэл хийх үед ... Т.Батсайхан нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэж, тооцоо дууссан болохыг холбогдох газруудад удаа дараа мэдэгдэж байсан байх тул хариуцагч ... худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон байна...” гэж дүгнэжээ. “Эко констракшн” ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичиг нь Улсын бүртгэлийн газраас Ү-2206031701 дугаартай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хувийн хэргээс ирсэн байдаг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс мөн энэ агуулга бүхий дугаарлалт, огноо бүхий өөр албан бичгийг хэрэгт нотлох баримтаар өгсөн байдаг. Утга агуулга ижил бүхий ийм 2 албан бичиг байхад зөвхөн хариуцагчид ашигтайгаар тайлбарлан дүгнэлт гаргасанд гомдолтой. Ц.Солонго нь төлбөр тооцоогоо дуусгаж, үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бүх баримтуудаа “Эко констракшн” ХХК-иас авчих гэсний дагуу “Пено андууд” ХХК нь 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Эко констракшн” ХХК-д гаргасан хүсэлтээр холбогдох материалуудыг авч, хариуцагчийг төлбөр тооцоогоо дуусгахыг хүлээж байх хойгуур Ц.Солонго нь шууд “Эко констракшн” ХХК-тай хуйвалдан дахин материалыг бүрдүүлэг Улсын бүртгэлийн газарт өгч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан. Ийм байхад шүүгч хэргийн бодит байдлыг тогтоолгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн зүгээс хэргийн материалд нотлох баримтуудыг хангалттай гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу цугларсан болон өөрөө бүрдүүлж өгсөн нотлох баримтуудыг үнэлээгүйд гомдолтой байна. Эсрэгээр нь хариуцагч өтбөлөрүүдийг төлсөн гэдгээ ямар ч нотлох баримтаар нотлоогүй.

Шүүх “...Автотээврийн үндэсний төвөөс удаа дараа ирүүлсэн лавлагаа ... Н.Оюунчимэгийн нэр дээр бүртгэгдэж байгаагүй, харин С.Энхбаярын нэр дээр бүртгэлтэй байгаа нь тогтоогдсон болно...” гэжээ. Шүүхээс ковш нь С.Энхбаярын нэр дээр бүртгэлтэй байгааг тогтоосон дүгнэлт хийсэн атлаа Н.Оюунчимэгт гэрээний төлбөрт шилжүүлсэн гэж илт зөрүүтэй дүгнэсэнд гомдолтой. Хариуцагч нар ковшийг хэрхэн яагаад С.Энхбаярын нэр дээр шилжүүлсэн тухай тайлбарладаггүй нотлодоггүй. Ийм байтал төлбөр бүрэн барагдсан гэж дүгнэсэнд гомдолтой. Иймд шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шударга бус, нотлох баримтыг үнэлэхдээ хариуцагчид ашигтайгаар үнэлсэн, хэт нэг талыг барьсан тул хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Пено андууд” ХХК нь хариуцагч Ц.Мягмардорж, Ц.Солонго нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 26 500 000 төгрөг, обой, плитаны зөрүү 619 000 төгрөг, хэлцлээр тохиролцсон 1 500 000 төгрөг, нийт 28 619 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар обой, плитаны зөрүү 619 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрч гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар тулаад маргаагүй, харин гэрээний үүргийг худалдан авагч бүрэн биелүүлсэн эсэх талаар маргаантай байна.

 

Зохигчдын хоорондын дээрх орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнэ 108 800 ам.долларыг 2010 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл төлж барагдуулахаар “Пено андууд” ХХК-ийн захирал Т.Батсайхан, Ц.Мягмардорж нар харилцан тохиролцсон байх бөгөөд 2010 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Мөнгө хүлээн авсан хэлцэл хийж, эд хөрөнгө болон бэлэн мөнгөөр нийт 115 976 ам.долларыг буюу үүнд маргааны зүйл болох Long LG-833 загварын хүнд механизм /ковш/-ийг 26 500 000 төгрөгт тооцож Ц.Мягмардорж нь Т.Батсайханд хүлээлгэн өгсөн талаар зааж харилцан гарын үсэг зурж, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар бичгийн хэлцэл хийжээ.

 

Хэрэгт авагдсан “Пено андууд” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл дээрх төлбөр барагдуулах хэлцэл хийх үед Т.Батсайхан нь тус компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан байх тул Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч компани Ц.Мягмардоржтой байгуулсан уг хэлцэлд дурдсан эд зүйл болон мөнгийг хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, төлөөлөгч нь гарын үсгээ зурж баталгаажуулсан байх тул худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

 

Ийнхүү “Пено андууд” ХХК-ийн 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний дагуу уг орон сууцыг барьсан “Эко констракшн” ХХК нь нэхэмжлэгч компанийн 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Ц.Солонго орон сууцны төлбөр тооцоо бүрэн барагдуулсан талаарх 11/9 тоот албан бичгийг үндэслэн Батламжийг хариуцагч нарт олгосон, түүнчлэн 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Ц.Солонгод олгохыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас хүссэн албан бичгийн дагуу худалдан авагч Ц.Солонгод уг орон сууцны өмчлөх эрх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар шилжсэн байна.

 

Харин талуудын төлбөр барагдуулах хэлцэлд заасан Long LG-833 загварын хүнд механизм /ковш/ нь “Пено андууд” ХХК-ийн бус хөндлөнгийн этгээд болох С.Энхбаярын эзэмшилд бүртгэгдсэн болох нь Автотээврийн үндэсний төвийн албан бичгээр тогтоогдсон бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийн хувьд бусдын хууль бус эзэмшилээс хөрөнгөө гаргуулах шаардлага гаргахад уг шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөл зохих төлбөртөө хүнд механизм оролцуулан төлөхдөө нэхэмжлэгч нь тухайн үед хариуцагч компанийн хууль ёсоор төлөөлөх эрхтэй байсан Т.Батсайханы заасан этгээдэд шилжүүлснээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар нэхэмжлэгчид төлбөл зохих төлбөрийн үүргийн зарим хэсгийн оронд хүнд механизм хүлээн авснаар үүрэг дуусгавар болсонд тооцно.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчиж, нэхэмжлэгчийн гар утсанд ирсэн мессежинд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар үзлэг хийлгэсэн, түүнчлэн шинжээч томилуулах тухай 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

 

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой журам зөрчсөн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд тооцогдохгүй бөгөөд дээрх ажиллагаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлоход шууд хамааралтай баримт бус, хэргийн үйл баримт хэрэгт авагдсан буюу нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Оюунчимэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/01163 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Оюунчимэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 298 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Т.ТУЯА