| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2020/0548/Э |
| Дугаар | 550 |
| Огноо | 2020-08-20 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 550
2020 08 20 2020/ШЦТ/550
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
улсын яллагч П.Энхболд /томилолтоор/,
шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,
шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-, Б.Н- нарт холбогдох эрүүгийн 1810014270610 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Э.Б-, Б.Н- нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Хавай таун” хотхоны орчим Туул голын эрэг дээр амарч байсан 68 настай иргэн Г.Ж-ын хоолойг Э.Б- боож, ухаан алдуулан, Б.Н- нь хохирогчийн гарт байсан “Самсунг глакси эс-4” маркийн гар утас, түрийвч, 40.000 төгрөг, 2 ам.доллар, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Капитрон банкны виза карт, харааны нүдний шил зэрэг эд зүйлийг бүлэглэн, хүч хэрэглэн дээрэмдэж, 260.324 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэцгээв.
Хоёр: Эрүүгийн 1810014270610 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:
“...Би 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 19 цагийн үед эмнэлэгт үзүүлчихээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн гүүрний баруун талын голын эрэг дээр голын урсгал руу хараад сууж байж байтал миний араас нэг хүн хоолой боосон. Тухайн үед миний араас боосныг харж амжаагүй. ...Ухаан алдсан. Сэрээд харсан чинь ойр орчим хүн байхгүй, би ганцаараа байсан. Би өөрийн өмсөж явсан хүрэмний халаасанд байсан эд зүйлийг шалгаж үзтэл хүрэн өнгийн хэтэвч, түүн дотор байсан иргэний болон жолооны үнэмлэх, Капитрон банкны виза карт, бэлнээр 40.000 орчим төгрөг 2 ам.доллар, хар өнгийн Самсунг глакси эс 4 маркийн гар утас, хавтас дотор нь байсан эхнэр Ц- болон миний өөрийн эрүүл мэндийн дэвтэр, эмнэлэгт үзүүлсэн карт, харааны нүдний шил, хиймэл шүд зэрэг эд зүйл байсан. ...намайг цохиж зодоогүй. ...хүзүү улайсан баруун талын гарын сарвуу орчим хавдсан... ...Хоёр залуу намайг дээрэмдсэн. Нэг залуу нь намайг хойноос гараараа бооход нөгөө залуу нь хөл дараад миний халаасанд байсан эд зүйлсийг авсан” гэх мэдүүлэг /хх34 дүгээр хуудас/,
2. Гэрч М.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сард байх сайн санахгүй байна. Э.Б-, Б.Н- бид гурав орой 18 цагийн үед Туул голын эрэг дээр Стандарт нэртэй 0,75 архи хоёр шилийг хувааж уугаад 20 цагийн үед зайсангийн гүүр рүү алхаж байтал модны доор 40-45 орчим насны эрэгтэй ах пиво уугаад сууж байсан. Тухайн үед Э.Б- “чи түрүүлээд явж бай, араас чинь очъе” гэхээр нь би түрүүлээд алхаж байтал Э.Б-, Б.Н- хоёр миний араас Б.Н- гартаа маркийг нь санахгүй байна, ухаалаг гар утас барьчихсан ирсэн. ...би бодохдоо модны доор пиво уугаад сууж байсан ахын утас байх гэж бодсон. Уг утсыг Гудамжинд явж байсан хүнд 30.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх46 дугаар хуудас/,
3. Шүүгдэгч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...тухайн өдөр Б.Н-, М.М- нарын хамт Зайсангийн гүүрний баруун талд голын эрэг дээр 0,75 граммын хараа архи ууж дуусаад явах гээд далангийн зам өгсөж явж байгаад голын эрэг дээр нэг хөгшин пиво уугаад, утсаар яриад сууж байхаар нь гар утсыг нь авахаар Б.Н-ын хамт очиж Б.Н- араас нь хоёр гарыг нь барихаар нь би уг хөгшины халааснаас нь түрийвч, гарнаас нь гар утсыг нь аваад М.М-тай бургас руу гүйгээд орсон. Хойно үлдсэн Б.Н- нь баригдсан бололтой орилоод байсан. Тэгээд дээрэмдсэн гар утсаа таксины жолоочид 20.000 төгрөгөөр зарсан. Мөн түрийвчийг нь үзэхэд 30.000 төгрөг, бичиг баримт байсан. Надад хэрэггүй зүйл байхаар нь таксины цонхоор гаргаад шидсэн. ...Би Б.Н-ын хамт очиж дээрэмдсэн. ...М.М- мэдээгүй цаана байсан. ...” гэх мэдүүлэг /1хх217-218 дугаар хуудас/,
4. Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...тухайн өдөр Э.Б-, М.М- нарын хамт Хан-уул дүүргийн Зайсангийн гүүрний доор голын эрэг дээр явж байгаад дээшээ далан руу гараад нэг хүнээс цаг асуухад Э.Б- М.М- нар голын эрэг дээр сууж байсан, нэг хөгшин хүнийг Э.Б- боогоод М.М- халааснаас нь эд зүйлийг нь авч байсан. Намайг гүйгээрээ гэхээр нь би зугтаж байхад гурван залуу намайг барьж авсан. ...” гэх мэдүүлэг /1хх237 дугаар хуудас/,
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 7355 дугаартай дүгнэлт:
Хэсэг газрын үзлэгт: Баруун гарын сарвууны ар талд хаван, цус хуралттай. Хөдөлгөөн хязгаарлагдсан.
-“Г.Ж-ийн биед баруун гарын сарвуунд хаван, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”... гэх дүгнэлт /хх55 дугаар хуудас/,
6. Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн тайлан:
-Г.Ж-ийн дээрэмдүүлсэн эд хөрөнгө, бичиг баримтыг нийт 220.324 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх59-60 дугаар хуудас/ зэрэг болно.
7. Иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас. /хх73, 79, 99, 104 дүгээр хуудас/, таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаарх бичгийн баримт /хх63, 66 дугаар хуудас/, шийтгэх тогтоолууд, /хх82-96, 123-136 дугаар хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б-, Б.Н- нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Хавай таун” хотхоны орчим Туул голын эрэг дээр амарч байсан 68 настай иргэн Г.Ж-ын хоолойг Э.Б- нь боож, ухаан алдуулан, Б.Н- нь хохирогчийн гарт байсан самсунг глакси эс-4 маркийн гар утас, түрийвч, 40.000 төгрөг, 2 доллар, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Капитрон банкны виза карт, харааны нүдний шил зэрэг эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдэж, 260.324 төгрөгний хохирол учруулсан болох нь:
-Хохирогч Г.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Зайсангийн гүүрний баруун талын голын эрэг дээр ...байж байтал араас хүн хоолой боосон. ...Ухаан алдсан. Сэрээд харсан чинь ...би ганцаараа байсан. ... хүрэмний халаасанд ...хэтэвч, иргэний болон жолооны үнэмлэх, Капитрон банкны виза карт, бэлнээр 40.000 орчим төгрөг 2 ам.доллар, хар өнгийн Самсунг глакси эс 4 маркийн гар утас, ...эрүүл мэндийн дэвтэр, карт, харааны нүдний шил, хиймэл шүд зэрэг эд зүйл байсан. ...хүзүү улайсан баруун талын гарын сарвуу орчим хавдсан...” гэх мэдүүлэг /хх34 дүгээр хуудас/,
-Гэрч М.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зайсангийн гүүр рүү алхаж байтал ...40-45 орчим насны эрэгтэй ах пиво ууж байсан. ...Э.Б- “чи түрүүлээд явж бай, араас чинь очъе” гэхээр нь би түрүүлээд алхаж байтал Э.Б-, Б.Н- хоёр миний араас, Б.Н- нь ...ухаалаг гар утас барьчихсан ирсэн. ...би ...пиво уугаад сууж байсан ахын утас байх гэж бодсон. Уг утсыг гудамжинд явж байсан хүнд 30.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх46 дугаар хуудас/,
-Шүүгдэгч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Зайсангийн гүүрний баруун талд ...далангийн зам өгсөж явж байгаад ....голын эрэг дээр нэг хөгшин пиво уугаад, утсаар яриад сууж байхаар нь...Б.Н- араас нь хоёр гарыг нь барьж, ...би уг хөгшины халааснаас нь түрийвч, гарнаас нь гар утсыг нь авсан. хэтэвчийг нь үзэхэд 30.000 төгрөг, бичиг баримт байсан. ...” гэх мэдүүлэг /1хх217-218 дугаар хуудас/,
-Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...голын эрэг дээр сууж байсан нэг хөгшин хүнийг Э.Б- боосон. ...” гэх мэдүүлэг /1хх237 дугаар хуудас/,
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 7355 дугаартай дүгнэлт /хх55 дугаар хуудас/, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн тайлан /хх59-60 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хууль зүйн хувьд дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэсэн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор өмчлөгч, эзэмшигчийн амь биед, эрүүл мэндэд нь аюултайгаар хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба тус гэмт хэргийн санаа зорилго нь шунахай сэдэлтээр үйлдэгддэг. Нөгөө талаас дээрмийн гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авсан эсэхээс үл хамаарч довтолгооноор төгсдөг.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Тухайн хэргийн үйл баримтыг үзвэл хохирогчийн хоолойг шүүгдэгч Э.Б- боож, тухайн үед Б.Н- нь бусдын эд хөрөнгийг авах зэргээр үйдлээрээ тэд нэгдэж бүлэглэж үйлдсэн, улмаар шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Мөн хохирогч Г.Ж-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хүч хэрэглэсэн үйлдэл гэж үзнэ..
Иимд шүүгдэгч Э.Б-, Б.Н- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул тэдэнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх үзэж, дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч нар нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэж, тус гэмт хэргийг шинжийг мөн хангасан байна.
Харин прокуророос шүүгдэгч нарт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх боловч тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ж-д 260.324 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан ба шүүгдэгч нар нь хохирлыг нөхөн төлөөгүй байх тул хохирогчид учирсан дээрх хохирлыг шүүгдэгч Э.Б-, Б.Н- нараас хувь тэнцүүлэн буюу 130.162 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Э.Б-, Б.Н- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 3 жилийн хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарна.
Шүүх, шүүгдэгч Э.Б-, Б.Н- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал, хохирол төлбөр төлж барагдуулаагүй зэргийг харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдэнд тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Э.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 4 удаа ял шийтгэгдсэн байх ба сүүлд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 503 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил 1 cap 15 хоног хорих ял шийтгүүлсэн байх ба, ялын тооцооны баримтаар дээрх ялаас 4 жил 2 сар 18 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байх тул уг хорих ялыг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 7 жил 2 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялыг тогтоов.
Мөн шүүгдэгч Б.Н- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 5 удаа ял шийтгэгдсэн байх ба, сүүлд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 268 дугаартай шийтгэх тогтоолоор 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байх ба ялын тооцооны баримтаар дээрх ялаас 1 жил 9 сар 15 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 4 жил 9 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг тогтоож, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-ийн 2020 оны 8 дугаар сарын 11-нээс 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 хоногийг, шүүгдэгч Б.Н-ын 2020 оны 8 дугаар сарын 11-нээс 13-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 хоногийг тус тус тэдний эдлэх ялд нь тус тус оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Б-, Б.Н- нарыг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан шүүхийн шийдвэр гарсан байх боловч тэднийг хорих ял эдэлж байсан ангиас шүүгдэгч Э.Б-ийн ялыг тооцоог 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хийж, тус өдөр хорих анги шилжүүлэн яллагдагчаар цагдан хорьсон, шүүгдэгч Б.Н-ыг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хорих ялын тооцоог хийж, мөн өдөр хорих анги шилжүүлж яллагдагчаар цагдан хорьсон байх тул дээрх өдрүүдээс цагдан хоригдсон хугацааг тус бүр тооцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий компакт диск нэг ширхэгийг хэргийн хамт хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Б-, Б.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял; шүүгдэгч Б.Н-ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан:
-шүүгдэгч Э.Б-д энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 503 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 1 cap 15 хоног хорих ялын эдлээгүй үлдсэн 4 жил 2 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 7 (долоо) жил 2 (хоёр) сар 18 (арван найм) хоногийн хугацаагаар хорих ялаар;
-Шүүгдэгч Б.Н-т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 268 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 4 (дөрөв) жил 9 (ес) сар 15 (арван тав) хоногийн хорих ялаар тус тус тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-, Б.Н- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийн 2020 оны 8 дугаар сарын 11-нээс 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 (тавин дөрөв) хоногийг, шүүгдэгч Б.Н-ын 2020 оны 8 дугаар сарын 11-нээс 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 (тавин долоо) хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, хассугай.
6. Энэ хэрэгт битүүмжилэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-ээс 130.162 (нэг зуун гучин мянга, зуун жаран хоёр мянга) төгрөг, шүүгдэгч Б.Н-аас 130.162 (нэг зуун гучин мянга, зуун жаран хоёр мянга) төгрөг, нийт 260.324 төгрөгийг хохирогч Г.Ж-д олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий компакт диск нэг ширхэгийг хэргийн хамт хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.Б-, Б.Н- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх хорих ялыг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Б-, Б.Н- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧД.ДОРЖСҮРЭН