Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 70

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч М.Энхзаяа

Шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.И, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ж нарт холбогдох ...... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.И согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, А ангилалын эрхийн үнэмлэхгүйгээр 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн .... сумын төвөөс зүүн тийш 500 метрийн зайд шороон зам дээр 53-10 ГАЗ улсын дугаартай, Мустанг маркийн мотоцикль жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан “Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно”, 12 дугаар зүйлийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгаргахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж хохирогч Ц.Х-ын жолоодож явсан улсын дугааргүй, Тайга-150 маркийн мотоцикльтой мөргөлдөж Ц.Х-ын биед зүүн шанаа хацар хацар ясны цөмөрсөн хугарал, баруун чамархай ясны шугаман хугарал, доод эрүүний хугарал, тархины дух хэсгийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний дээд зовхины буулт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл буюу амь насанд аюултай хүнд гэмтэл, мотоцикильд 165,000 төгрөгийн эвдрэл учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар,

Шүүгдэгч Б.Ж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн сумын төвөөс зүүн тийш 50 метрийн зайд хээр газар хохирогч Б.И-ыг “Ц.Х-ыг мотоциклиор мөргөлөө” гэх шалтгаанаар нүүрэн тус газар гараараа хоёр удаа цохиж хохирогч Б.И-ын биед дээд үүдэн 2 шүдний булгарал, 1 шүдний ганхалт, дээд уруулын дотор талын язрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилэн прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Б.И шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний орой шороон зам дээр мөргөлдсөн нь үнэн. Би гэм буруугаа хүлээж байна... Мөнгө төлөөгүй байгаа. Шүүхээс тогтоосон хохирлыг төлнө...Хохирлыг төлөх боломжтой... Би гэм буруугаа ойлгож байна...Би Ц.Х учруулсан хохирлоо барагдуулсан байгаа. Тэнсэж өгнө үү?...Б.Ж нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Шүүгдэгч Б.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй... Би мөнгө төлөөгүй байгаа. Гэм буруугаа хүлээж байна. Шүүхээс тогтоосон хохирлыг төлнө... Би гэм буруугаа хүлээж байна. Гэмшиж байна...” гэх мэдүүлэг / Шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Ц.Х-тын мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн үед би сумын төвөөс найз охин Б-г авахаар мотоцикльтой ганцаараа явсан. Замаараа Ж-ын хажуугаар өнгөрхөд Ж, М хоёр сумын төв явна гэхээр нь хамтдаа сумруу явцгаасан. М-рын мотоциклийн араар Ж сууж явсан. .... сумын төв дээр 16 цагийн үед очсон ба очоод Ж-ын төрсөн өдөр байсан тул Б-д Ж М бид дөрөв нэг шил архи уугаад 19 цаг өнгөрөөд тэндээс гарсан. Би найз охин Б-г гэрээс нь аваад замаараа дэлгүүрээс 2.5 литрийн пиво аваад М, Ж Б бид дөрөв сумын урд талын “ Сайн байна уу” хаалган дээр очиж хувааж уусан. Тэгээд тэндээс хөдлөхөд харуй бүрий болоод гэгээ тасарч байсан ба би түрүүлээд мотоцикльтой араараа Б-г суулгаад хөдлөхөд араас М Ж-ыг суулгаад хөдөлсөн. Хэсэг явж байгаад М, Ж хоёр овгор шороон дээр уначихсан ба намайг зогсоод хүлээж байхад тэр хоёр босоод хажуугаар өнгөрөөд урд гараад явсан. Тэгээд тэр хоёрыг жалгаар түрүүлж ороод цаана нь гарч ирж байхад жалганаас цагаан гэрэлтэй мотоцикль өгсөж ирээд хажуугаар зөрж чадалгүй намайг мөргөчихсөн. Түүнээс хойш болсон явдлыг мэдэхгүй, 3 хоногийн дараа аймгийн эмнэлэг дээр ухаан орсон юм...” гэсэн мэдүүлэг /ХХ61-62/,

Шүүгдэгч Б.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 21 цагийн үед сумын төвөөс зүүн тийшээгээ гэрлүүгээ гараад явж байсан тэр үед М мотоцикл жолоодоод би араар нь суугаад түрүүлээд явж байсан. Тэгээд сумын зүүн талд байх цагаан хаалганаас жоохон өнгөрөөд явж байхад нэг цагаан гэрэлтэй мотоцикл унасан нэг хүн их хурдтай хажуугаар гараад зөрсөн тэр үед гадаа бүрэнхий болчихсон байсан юм. Тэгээд тухайн мотоцикл бид хоёрой зөрөөд удалгүй араас явж байсан Хын мотоциклтой мөргөлдсөн байсан. Тэр үед бид 2  цааш явж байгаад эргээд харахад мотоциклийн дохионы гэрэл анивчиж харагдахаар нь буцаад эргээд очиход мөргөлдчихсөн байсан. Тэгээд М бид 2 буугаад ирэхэд Х-ын мотоцикль замынхаа урд талын хэсэгт буруу тийшээгээ налаад унасан байдалтай харин И-ын мотоцикл зөв талаараа унаж Х-ын мотоциклийн дээрээс дарж давхралдсан байдалтай унаад мөргөлдсөн байсан. Тэгээд Х нь өөрийнхөө мотоциклийн урд хэвтэж байсан. Найз охин Б нь хажууд нь толгойг нь тэврээд сууж байсан. Харин И мотоциклийн хойд талд нүүрээрээ доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би очоод татаж босгосон чинь ухаангүй байсан тэгээд сэгсэрсэн чинь И багтарсан бололтой ухаан орсон юм. Тэр үед Х-ыг ухаангүй байна хүрээд ирээч гээд Б дуудахаар нь М бид 2 яваад очиход Х ухаангүй байхаар нь тэрлэгний энгэрийг нь задлаад салхируу харуулаад сэгсэртэл ухаан орсон, чихнээс нь их цус гоожсон харагдсан. Тэр үед И-тай цуг явж байсан гэх Б ах араас ирээд эмнэлэг дуудна гээд явсан явж байгаад эмнэлэгт хүн алга байна гээд эргэж ирсэн. Тэгээд Б эгчрүүгээ ярьж эмнэлэг дуудаж ирүүлсэн юм. Тухайн үед И гэдэг хүн 2 шүд барьчихсан та хэд намайг зодчихлоо гээд дайраад байсан тэр үед Бүрэнжаргал ах И-т чи хүн алчихаад байхад юун шүд яриад байгаа юм гэж хэлж байсан. Тэр үед И-ын өврөөс “Ерөөл” архины 0,75л шилтэй архи унасан байсан. Тэгээд эмнэлгээс хүн ирээд Хыг авч явсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ102-104/,

Шүүгдэгч Б.И-ын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн “...Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул сайн санахгүй байсан юм. Одоо харин сайн бодоод байхад тухайн осол нь миний явж байсан чиглэлд биш харин Хын явж байсан замын урд талд болсон байсан. Би осол болох үед замынхаа эсрэг урсгалд орж Хтай мөргөлдсөн...би мотоцикилио данхараадаж байсан нь худлаа юм байна...” гэсэн мэдүүлэг/1ХХ73/

Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 21 цаг болж байхад би нөхөр Хын хамт сумын төвөөс мотоцикльтой гарч явсан юм. Манай нөхөр өөрийн эзэмшлийн улаан өнгийн хятад мотоциклоо унаад би араар нь суугаад хөдөө гэрлүүгээ явж байсан юм. Тэгээд сумын төвөөс зүүн тийш байх цагаан хаалга өнгөрөөд нэг гангаруу орох гэж байсан чинь өмнөөс нэг мотоцикль ирж байсан тэгээд би нөхрөө замнаас жоохон гараад зайтай яваарай наад мотоцикль чинь их тод гэрэлтэй юм байна гэж хэлсэн чинь манай нөхөр замаас бага зэрэг гараад явах үйлдэл хийх үед өөдөөс ирж байсан мотоцикль ирээд мөргөчихсөн юм. Тэгээд мотоциклийнхоо ард талд би шидэгдээд унасан тухайн үед би ухаан алдаад сэргэсэн юм. Тэгээд би нөхрийнхөө хажуу талд очоод харсан чинь чихнээс нь цус гоожсон, хөмсөгнөөс нь цус гарсан байсан. Тэр үед сумаас цуг гараад явж байсан Ж, М 2 түрүүлээд явж байснаас осол болохыг хараад эргээд ирсэн байсан тэгээд ирчихээд нөгөө мотоциклтой ирж бид 2-г мөргөсөн Иыг татаж үзээд ухаантай байна гэж хэлсэн. Тэгээд би Ж-ыг хүрээд ирээч Х ухаангүй байна гэж хэлсэн тэгсэн Ж ирээд Х-ын дээлийг тайлаад цээжийг нь ярсан чинь Х ухаан орсон. Тэгээд юмаа санахгүй шокын байдалд орсон байхаар нь эмнэлэгт дуудлага өгсөн. Тэр үед И нь босч ирчихээд согтуу байсан болохоор та нар намайг нийлж зодлоо, 2 шүд хугалсан байна би мотоциклоо данхраадаад та нарт зам тавиад зогсож байхад ирээд мөргөсөн гээд худлаа яриад байсан. Тэгээд цуг явж байсан М, И-т хандан чи хүн үхэх гэж байхад юун шүд хугарсан гэж худлаа яриад байна гэж хэлж байсан. Тэр үед И-тай цуг явсан нэрийг нь мэдэхгүй 37,38 орчим насны ах ирчихээд чи хүн дайрсан байна гэдгийг хэлж байсан  ...” гэсэн мэдүүлэг /ХХ74-76/,

Гэрч С.М мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 09 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна хөдөө гэрлүүгээ сумын төвөөс зүүн тийш аймаг явдаг замаар Ж бид 2 нэг мотоциклтой, Х найз охиныхоо хамтаар нэг мотоциклтой дөрвүүлээ явцгаасан юм. Ж бид 2 Х түүний найз охин тэр 2-н өмнө нь явсан морьтой хөшөөний зүүн талын цагаан хаалганы зүүхэн талд Ж бид хоёртой нэг мотоцикль их хурдтай зөрсөн бид 2 замынхаа баруун гар талруу гараад зам тавьж өгсөн. Бид 2 жоохон явж байгаад эргээд хартал араас явж байсан мотоцикльтой бид 2-н хажуугаар хурдтай зөрсөн нөгөө мотоцикль мөргөлдчихсөн байж байсан. Тэгэхээр нь бид 2 эргэж очтол И мотоциклнийхоо хажууд доошоо хараад хэвтэж байсан Н очоод татсан чинь босоод ирсэн тэгээд газарт суусан цааш алхаад Х дээр очтол Х ухаангүй найз охин нь толгойноос нь тэвэрчихсэн сууж байсан. Жоохон байж байтал Иын эхнэр нэг гэрэл асаачихсан ирж яваа харагдсан тэнд 2 мотоцикль давхралдчихсан байсан би дээр нь байсан И-ын мотоциклийг татаж босгоод арааг нь салгах гээд доош нь 2 гишигсэн. Тэгээд тэнд нь данхраадаад орхисон. Тэгээд Х-гийн мотоциклийг босгох гэтэл Хгийн найз охин, Н 2 намайг боль битгий оролд цагдаа иртэл байж байг гэж хэлсэн тэгэхээр нь би Хгийн мотоциклийг оролдоогүй. Намайг Хгийн найз охин усанд яваад ирээч гэсэн би мотоциклоо унаад усанд яваад иртэл эмнэлэг ирчихсэн хажууд нь бас цагдаа ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ 95-96/

Гэрч Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...өөрийн нөхрийн хамтаар сумын төвөөс зүүн тийш байрлах Цагаан хаалганы дэргэд яваад очтол Х, И хоёрын мотоцикиль хоорондоо мөргөлдсөн байдалтай байсан. Тэнд очход Н, М 2-той И нь шүд хугалаад хаячихлаа гээд маргалдаад сууж байсан.... гэсэн мэдүүлэг /ХХ90-91/,

Гэрч Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...И Х 2 хоорондоо мөргөлдсөн байдалтай хажууд нь цуг явсан хүмүүс нь байсан...И хэлэхдээ энэ залуучууд зодоод 2 шүд хугалчихлаа гээд шүдээ барьчихсан явж байсан...” гэсэн  мэдүүлэг /ХХ84, 87-89/,

Гэрч Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...сумын төвийн зүүн талд 2 мотоцикиль гэрэл нь асаалттай 4, 5 хүн байсан. Танихаас И л байсан. И 2 шүдээ гар дээрээ тавьчихсан сууж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ81/,

Гэрч С.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ж тухайн газраас босгож ирээд И-т хандан “та хүн алчихлаа” гээд маргалдсан. Тэгээд зодолдохоор нь дундуур нь орж салгасан.Тэр үед Ж Иын шүдийг хугалчихсан байсан...” гэсэн мэдүүлэг/ХХ98/,

Гэрч А.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...И нь “Н нүд рүү цохиод нүдээ дараад суутал шүдрүү цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг/ХХ80/,

Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 1658, 1656 дугаартай үнэлгээний тайлан/1ХХ122/,

 

Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтээр “...1. Иргэн Б.И-ын биед дээд үүдэн 2 шүдний булгарал, 1 шүдний ганхалт, дээд уруулын дотор талын язрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журын 2.4.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 286 тоот “...1. Иргэн Ц.Х-ын биед зүүн шанаа хацар ясны цөмөрсөн хугарал, баруун чамархай ясны шугаман хугарал, доод эрүүний хугарал, тархины дух хэсгийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний дээд зовхины буулт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ136-137/,

Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 52 тоот “...1. Б.И-ын биенээс авсан цусанд 1.8% промилли спиртын зүйл илэрлээ.

2. Дээрх спиртын зүйл нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт/ХХ130/,

              Шинжээч цагдаагийн ахмад Б.Түмэнбаярын 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн “...НЭГ:  2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Б.И, Ц.Х нар нь мотоцикиль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хоорондоо мөргөлдөж бусдын биед гэмтэл учруулсан осол болсон нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

              Болд овогтой И нь мустанг маркын 53-10 улсын дугаартай мотоцикиль жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо: Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан “Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно”, 12 дугаар зүйлийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгаргахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг, Ц овогтой Х нь Тайга-150 маркын мотоцикиль жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтуудыг зөрчсөн буруутай үйлдлүүд байна.

              ХОЁР: Мустанг маркын 53-10 ГАЗ улсын дугаартай мотоцикилийн жолооч Б.И нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгаргахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах, суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах үүргээ биелүүлээгүйн улмаас осол үйлдэгдсэн байна...” гэсэн дүгнэлт/ХХ143/,

              Шинжээч Түмэнбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн осол нь зорчих хэсгийн баруун гар талд болсон байх ба тухайн хэсэгт Ц.Х мотоцикильтой зорчиж явсан байна...” гэсэн мэдүүлэг /хх-120/,

              Иргэн Б.И нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй талаарх цагдаагийн байгууллагын лавлагаа/ХХ-145/,

              Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх4-12/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх13-22/ тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, А ангилалын эрхийн үнэмлэхгүйгээр 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн .... сумын төвөөс зүүн тийш 500 метрийн зайд шороон зам дээр 53-10 ГАЗ улсын дугаартай, Мустанг маркийн мотоцикль жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан “Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно”, 12 дугаар зүйлийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгаргахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж Ц.Х-ын жолоодож явсан улсын дугааргүй, Тайга-150 маркийн мотоцикльтой мөргөлдөж Ц.Х-ын биед зүүн шанаа хацар хацар ясны цөмөрсөн хугарал, баруун чамархай ясны шугаман хугарал, доод эрүүний хугарал, тархины дух хэсгийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний дээд зовхины буулт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт буюу амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтлүүдийг, мөн хохирогчийн мотоцикильд 165,000 төгрөгийн эвдрэл учруулсан,

Шүүгдэгч Б.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн .... сумын төвөөс зүүн тийш 500 метрийн зайд хээр газар хохирогч Б.И-ыг “Ц.Х-ыг мотоциклиор мөргөлөө” гэх шалтгаанаар нүүрэн тус газар гараараа хоёр удаа цохиж хохирогч Б.И-ын биед дээд үүдэн 2 шүдний булгарал, 1 шүдний ганхалт, дээд уруулын дотор талын язрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт буюу хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйл баримтууд хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.И-ын үйлдэл нь согтуурсан үедээ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох ангиллын үнэмлэхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа, замын хөдөлгөөний дүрэмд заасан “тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах” үүргээ биелүүлэлгүй эсрэг хөдөлгөөн бүхий эгнээнд орж, тухайн эгнээнд зорчиж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн, зам тээврийн осол гаргаж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Ж-ын үйлдэл нь хүний биед санаатай халдан зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгч нарын хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох үүднээс эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ХХ199-200/, шүүгдэгч нарын хувийн байдлын талаар өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, 1-р хавтаст хэргийн 39-өөс 46 дугаар хуудсанд авагдсан баримтууд, 2 дугаар хавтаст хэргийн 19-өөс 21 дүгээр хуудсанд авагдсан баримтууд, Ц.Х-ын ХААН банкны дансанд 2.1400.000 төгрөг шилжүүлсэн баримт зэргийг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Үүний үндсэн дээр шүүгдэгч Б.И,Б.Ж нарыг тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж үзэн ял, албадлагын арга хэмжээ авахдаа харгалзан үзсэн болно. Харин шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан .... сумын эмнэлгийн эмийн сангаас 52750 төгрөгний эм тариа худалдан авсан зарлагын баримт/1ХХ-39/, эмнэлгийн төлбөрт 70000 төгрөг тушаасан кассын баримт/1ХХ40/, хохирогч Ц.Х-ын хот хооронд зорчсон 50000 төгрөгний үнийн дүнтэй тасалбар/1ХХ40/, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 76.194, 660.000 төгрөг тушаасан баримтууд/2ХХ20/, Монос эмийн сангаас 2000, 1600, 327.500 төгрөгний үнийн дүн бүхий эм тариа худалдан авсан НӨАТ-ын баримтууд/2ХХ20/, Ази Фарма эмийн сангаас 734, 7200 төгрөгний эм тариа худалдан авсан НӨАТ-ын баримтууд/1ХХ42/, Өлзийт тан эмийн сангаас 294.400 төгрөгний үнийн дүн бүхий зарлагын баримт/2ХХ19/, Хүннү Эйр ХХК-ны хохирогч, харгалзах хүний хамт зорчсон тус бүр 216200 төгрөгний үнийн дүнтэй 2ш тасалбар/1ХХ44-46/, хохирогчийн мотоцикилийн эвдрэлийг 165.000 төгрөгөөр тооцон үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 1656 дугаартай үнэлгээний тайлан/1ХХ123/ зэрэг нотлох баримтуудаар хохирогч Ц.Х-ын нэхэмжилсэн 2.139.778/хоёр сая нэг зуун гучин есөн мянга долоон зуун далан найм/ төгрөгний хохирол тогтоогдож байна гэж шүүх үзсэн бөгөөд цаашид гарах эмчилгээ, сувилгааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Шүүхээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлөх зорилгоор шүүгдэгч  Б.И түүний өмгөөлөгч нар ажлын 5 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг ханган шийдвэрлэжээ. Уул хугацаанд шүүгдэгч  Б.И нь 2.140.000 төгрөгийг хохирогчийн дансанд шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн тул хохирол төлөгдсөн гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон тогтоогдсон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч нарт оногдуулах ял, албадлагын арга хэмжээг дараах байдлаар шийдвэрлэлээ.

 

1. Шүүгдэгч Б.И-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг тус тус баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасч, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явах тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Шүүгдэгч Б.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мотоциклийн эд ангиуд болон, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон даавуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч Ц.Х-ын цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.И, Б.Ж нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.И хохиролд 2.140.000 /хоёр сая нэг зуун дөчин мянга/ төгрөг төлсөн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б-ын И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан автотээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол  учруулж үйлдсэн, шүүгдэгч Б овогт Б-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.И-т Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассугай.

 

3. Шүүгдэгч Б-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/ зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг шүүгдэгч Б.И-т хүлээлгэсүгэй.

 

5. Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулж болохыг шүүгдэгч Б.И-т сануулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-т оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/ зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Б.Ж-т сануулсугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мотоциклийн эд ангиуд болон бараан өнгийн зүйлээр бохирлогдсон даавуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-д даалгаж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.И хохирогч Ц.Х 2.140.000/ хоёр сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогч Ц.Х-ыг цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.И, Б.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА