Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1000

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Х овогт Д.М-д холбогдох 2008023251250 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ...аймгийн... суманд төрсөн,... настай,..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эм Жи Эл Акуа” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Д.М /РД:... /,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.М нь 2020 оны 07 дугаар сарын 12-ний шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн... дугаар хороо, ...дугаар байрны... тоот хаалганы үүдэнд С.Б-н нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод урууланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч С.Б-н мэдүүлэг /хх-ийн 34, 38х/, гэрч М.А-н мэдүүлэг /хх-ийн 40-41х/, гэрч Б.Б-н мэдүүлэг /хх-ийн 43х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8117 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52х/, Д.М-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56х/, тээврийн хэрэгслийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 60х/,  яллагдагч Д.М-н мэдүүлэг /хх-ийн 78х/, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2020 оны 07 дугаар сарын 12-ны шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн... дугаар хороо, ...дугаар байрны... тоот хаалганы үүдэнд С.Б-н нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч С.Б-н: “…2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн...дугаар хороо ...тоотод байрлах ...тоотод манай өрөөнд А, Б нар орж ирээд бид гурав нийлж наадмын хуушуур авч идэнгээ хөзөр тоглож байгаад орой 18 цагийн үед А ...тоотод оршин суудаг М-г коридороор явж байхаар нь манай өрөөнд оруулж ирээд бид дөрөв цугтаа хөзөр тоглосон. Тэгээд би наадмын хуушуур идэнгээ 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво нэг савыг бид хувааж ууж дуусгатал Б дахин дэлгүүр яваад 2.5 литрийн 2 пиво авчирсан. Бид дөрөв тухайн пивийг хөзөр тоглонгоо уусан.Тухайн үед хөзөр тоглоод пиво ууж  байхад миний нойр хүрээд би одоо хэдүүлээ унтаж амаръя гэж хэлсэн, тухайн үед цаг шөнийн 02 цаг болж байсан. Тэгээд би тухайн үед М, Б нарыг өрөө рүүгээ орж амар гэж хэлтэл М гэх залуу нь гэнэт ямар ч шалтгаангүй уурлаж ширээн дээр байсан хутга автал Б гадагшаа гараад явчихсан. Би М чи хутгаар яах гэж байгаа юм вэ, миний дүү  одоо унтаж амар гэж хэлтэл М гэдэг залуу А-г өөрийнхөө өрөө рүү ийшээ ор гэж хэлээд түлхэж оруулаад хаалга хаах гэхээр нь би М-н өрөөний хаалгыг татаж байх хооронд А М-н доогуур мөлхөж гарахаар нь би М-н өрөөний хаалгыг гадна талаас нь түлхэж хаахад М гэх залуу хаалга эвдээд гарч ирснээ шууд үгийн зөрүүгүй миний нүүрэн тус газар 3-4 удаа цохисон, тухайн үед А намайг салгах санаатай миний урдуур ортол М нь А-н нүүр рүү нэг удаа цохитол А газар уначихсан. Тэгтэл цаанаас цагдаа нар орж ирээд М-г барьж аваад явсан. /хх-ийн 32-34, 38-р хуудас/

 Гэрч М.А ын….Б эгч М бид хоёрыг орж амар гэсэн чинь М уух юм  дуусаагүй байгаа биз дээ гээд ширээн дээр байсан хар өнгийн иштэй  хутгыг авсан. Тэгээд би М-г тайвшруулаад өрөөнд нь оруулсан. ...М гэх залуу хаалгаа түлхээд гарч ирснээ Б эгчийн нүүрэн тус газар 3-4 удаа цохихоор нь би Б эгчийг салгахаар урдуур нь ортол М гэх залуу миний нүүрэн тус газарт цохиж намайг ойчуулсан. Тэгээд би хэсэгхэн зуур манараад газар хэвтэж байгаад босож ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх сорви учраагүй болохоор би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй…..’’ гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/

Гэрч Б.Б-н: “… Тэгээд пиво ууж дууссан дараа  Б эгч А, М нарыг  орж амар гэж хэлсэн. Тэгтэл М пиво дуусаагүй биз дээ гээд  ширээн дээр байсан хар өнгийн иштэй хутгыг авсан. Тэгэхээр нь би байдал бишдлээ гээд цагдаа дуудахаар гараад байрны  гаднаа гараад  өөрийнхөө утсаар  цагдаа дуудчихаад  цагдааг хүлээж байгаад ирэхээр нь  цагдаа нарын хамт орсон чинь  А  шалан дээр уначихсан, Б-г хажууд нь сууж байсан, харин М өрөөндөө сууж байсан. Б-г харахад уруул нь хавдчихсан, нүд, дух нь  хөхөрчихсөн байсан’’ гэх мэдүүлэг /хх-ийн 43 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8117 дугаартай:

С.Б-н биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 46-47х/

Шүүгдэгч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “….Тэгэхээр нь би өрөөнийхөө хаалгыг онгойлгоод Б-н нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон чинь цаанаас А хүрээд ирэхээр нь би А-н шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би хохирогч Б-т толгойгоо бариулах 20.000 төгрөг өгсөн. Би өөрийн гэм буруугаа ойлгож байна…’’ гэх мэдүүлэг /хх-ийн 78-хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.М-аас Эрүүгийн хуулийн тусгай анги-йн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Д.М нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд шүүгдэгч Д.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэж учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь “...миний хохирол бүрэн барагдсан, надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтийг гаргаж нотариатаар баталгаажуулсан /хх-ийн 87х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж. нь Д.М-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч Д.М-т танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, тухайлбал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан зэргийг харгалзан шүүгдэгч Д.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Д.М нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                                 ТОГТООХ нь:

1. Х овогт Д.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ