Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1001

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Д. Ч-т холбогдох эрүүгийн 2008022401143 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ...аймгийн...суманд төрсөн, ...настай, ..., бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Д.Ч /РД:... /,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Ч нь 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ...нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ...төвд байрлах “...” банкны ATM дээр үйлчлүүлж байсан иргэн Д.Ц итгэмжлэн хариуцуулж өгсөн “...” банкны...дугаартай данснаас 305.000 төгрөгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч Д.Ц- мэдүүлэг /хх-ийн 12-13х, 16х/, хохирогч Д.Ц “..” банкны дансны хуулга /хх-ийн 5х/, Д.Ч-ын дансны хуулга /хх-ийн 6х/, шүүгдэгч Д.Ч-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 33х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 34х/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 36х/ шүүгдэгч Д.Ч-ын мэдүүлэг /хх-ийн 51х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Ч нь 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ...нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” төвд байрлах “...” банкны ATM дээр үйлчлүүлж байсан иргэн Д.Ц д итгэмжлэн хариуцуулж өгсөн “...” банкны ... дугаартай данснаас 305.000 төгрөгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Ц.н: “...Би 2020 оны 06 дугаар сарын 20-ны өглөө 08 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ...үйл ажиллагаа явуулдаг “...” төвд байрлах “...” банкны ATM-ээс өөрийн...дугаартай данстай картнаасаа 50.000 төгрөг авах гээд очсон юм. Би ATM-ээс өөрөө мөнгө авч чаддаггүй болохоор хүн ATM дээр ирэхийг хүлээгээд зогсож байхад 35-40 орчим насны ажлын хувцастай саравчтай малгайтай маск зүүгээгүй эрэгтэй хүн ирэхээр нь эгчийнхээ картнаас 50.000 төгрөг аваад өгөөч гэж гуйхад зөвшөөрөхөөр нь би картаа өгөөд өөрөө нууц кодоо хийсэн юм. Тэгтэл тэр залуу гацаад байна гээд надад хэлж байгаад гартаа мөнгө барьсан байснаа над руу өгөх гэж байгаад “энэ чинь миний мөнгө” гэж хэлээд картыг маань өгчихөөд яваад өгсөн. Би ATM болохгүй байгаа юм байна гэж бодоод хойно зогсож байсан эмэгтэйг гуйгаад дахиад нэг удаа картаа хийгээд үзье гээд дансныхаа үлдэгдлийг шалгаж үзэхэд 1.000 гаран төгрөг үлдчихсэн байсан. Тэгээд би тэр залууг мөнгө аваад явчихсан гэдгийг мэдсэн. Миний картнаас мөнгө аваад явсан залуу 35-40 орчим насны ажлын хувцастай, саравчтай малгайтай маск зүүгээгүй хүн байсан. Миний картнаас 305.000 төгрөгийг тэр залуу аваад явчихсан байсан. ...Би өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан болохоор гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй, яагаад гэвэл эмчилгээнд хөдөө явах гэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х, 16х/,

 “Хаан” банкны дансны хуулга: “....Д. Ц-н ... дугаартай данснаас 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 08:42 минутад 305,000 төгрөг гарч зарлагдсан тухай”  /хх-ийн 5х/,

Хаан банкны дансны хуулга : “...Д. Ч-н  дугаарын дансанд 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 08:53 минутад 300,000 төгрөг орлого болж орсон тухай”  /хх-ийн 6х/,

Шүүгдэгч Д.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн орчимд түр амьдарч байгаа Сонгинохайрхан дүүргийн ...тоот гэрээсээ ажилдаа гарч ...автобусны буудлаас такси барьж ...автобусны буудал дээр бууж... банкны АТМ орж мөнгө авах гэтэл нэг эмээ зогсож байгаад миний хүү эмээгийнхээ картнаас мөнгө аваад өгөөч гэж гуйхаар нь “тэгье” гэж хэлээд картыг нь АТМ-руу хийхэд эмээ нууц дугаараа өөрөө хийсэн. Тэгтэл карт нь буцаж гарч ирээд сүлжээ байхгүй байна гэсэн хариу өгөхөд АТМ-аас 305.000 төгрөг гараад ирсэн. Мөнгийг аваад эмээ таны мөнгө гэж хэлсэн чинь “үгүй ээ, саяхан алдаа заагаад байсан. Чиний мөнгө юм биш үү” гэж хэлэхээр нь тухайн мөнгийг нь аваад таксиндаа суугаад ...орж өөрийнхөө ... гэсэн дугаартай данс руу 300.000 төгрөгийг нь орлого болгож хийчихээд буцаж ...ирж ажлаа хийж байгаад тухайн эмээгээс авсан мөнгө болон өөрт байсан мөнгөтэй нийлүүлээд хувьдаа хэрэглэж дуусгасан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Би бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Өндөр настай Д.Ц нь өөрийн эзэмшлийн картнаас мөнгөө авч чаддаггүй, улмаар мөнгө авахаар бол АТМ дээр ирсэн хүмүүсийг гуйж картаа өгч гүйлгээ хийлгүүлж мөнгөө авдаг байх бөгөөд энэхүү үйлдэл нь бусдыг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй, шүүгдэгч Д.Ч нь хохирогч Д.Ц-с картыг нь авч гүйлгээ хийхдээ хохирогчийн картнаас авсан мөнгийг өөрийнх нь мөнгө хэмээн худал хэлэн авч өөртөө завшин, бусдад 305.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэх гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг тус зүйл ангиар гэм буруутайд тооцох үндэслэл болно. 

Иймд шүүгдэгч Д.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Д.Ч-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ц-д 305.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь: “...Би өөрт учирсан хохиролоо бүрэн барагдуулж авсан болохоор гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч т 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...гэм буруу дээр маргаагүй, хохирлыг төлж барагдуулсан байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Д.Ч т ял шийтгэхдээ хохирлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, шүүгдэгч Д.Ч-ын хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Д.Ч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

         ТОГТООХ нь:

1. Ц овогт Д.Ч г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч т хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ч нь тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ч т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ