Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1003

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

           улсын яллагч Х.Онолт,

            шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б овогт Б.О-д холбогдох 2008000001171 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ...аймгийн ...суманд төрсөн, ...настай, ..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Икс” авто засварын газарт засварчин ажилтай, ам бүл 1...тоотод оршин суух, урьд:

-Нийслэлийн шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 08 жилийн хугацаагаар хорих ял, 117 дугаар зүйлийн 3-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2-д зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялуудыг багтаах болох нэмж нэгтгэн нийт 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

-Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 106а дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 04 жил хорих, 211 дүгээр зүйлийн 2-д зааснаар 02 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар 08 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, дээрх ялуудыг хөнгөнийг хүндэд нь багтааж, улмаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 08 жил 09 сар 06 хоногийн хорих ялын зарим болох 06 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялд багтаан нийт 10 жил 11 сар 5 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 11 сарын 22-ны өдрийн 162 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 14 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 361 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Б овогт Б.О /РД:... /,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн орчимд иргэн Л.Г-тэй маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь нуруунд шарх, зулайн хуйх, баруун бугуйнд шарх, дээд уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 1х/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7х/, хохирогч Л.Г-н мэдүүлэг /хх-ийн 14х/, гэрч Д.Н-н мэдүүлэг /хх-ийн 22х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 7832 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26х/, яллагдагч Б.О-н мэдүүлэг /хх-ийн 44-45х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн орчимд иргэн Л.Г-тэй маргалдаж, түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, түлхэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7х/,

Хохирогч Л.Г-н: “…Би  2020 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн  29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн Дархан, Эрдэнэт явдаг шороон зогсоол дээр ирээд Өмнөговь аймгийн  цагаан хад руу хүн авч явах гэж байгаад болиод машин дотроо ..М..бид 2 хүн, хүний 2 пиво ууж байгаад Н...ах руу залгаад төрсөн өдрийн мэнд хүргээд  тэгээд 14 цагийн үед Драгон төвийн ард байдаг Бронко пабад ороод дахиад 1, 1 пиво авч уусан. Тэр үед зүс таних М, О\ 2 ар араасаа орж ирээд суугаад дахиад пиво авч ууцгаасан. Тэгтэл Н ах ирсэн ба бид баяр хүргээд архи авч уусан. Тэгээд архи ууж байгаад О-тай ам мурийгаад паб дотор маргалдсан юм. Тэгээд пабаас гараад Дархан, Эрдэнэт явдаг шороон зогсоол дээр очоод М-н машинд сууж байхад О ирээд бид хоёр дахин маргалдахад миний уруул руу гараараа нэг удаа цохисон, миний уруулнаас цус гарсан. Тэгээд О буугаад явахад нь би араас нь “чи намайг цохидог хэн юм бэ” гээд бид хоёр заамдалцаад авахад намайг түцний арын төмөр торон хашаа руу түлхсэн ба энэ үед Н ах ирээд бид хоёр салгасан. О хөл алдаад өндөр довжоон дээрээс унаад толгойгоо хагалчихсан ба над руу дайраад байхаар нь Н ах О-г цаашаа аваад явсан. ...Н ах О.г явуулчихлаа гээд хүрч ирээд машины суудлын бүрээс цус болсон байна гэхэд би нуруугаа урсан байсныг мэдсэн. Тэгээд түргэн тусламж дуудсан. Би түцний арын төмөр торон хаалтын хажууд О-тай заамдалцсан байхад намайг хойшоо түлхээд байсан, тэр үед нуруугаа зүссэн. Би энэ асуудал дээр одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, О намайг хутгалсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14х/

Гэрч Д.Н-ын: “…Бронко пабад очиход Г, О, М, М нар пиво уугаад сууж байсан ба надад төрсөн өдрийн мэнд хүргээд 0,75гр 2 шил архи авч уусан. Тэгээд сууж байхад Г, О 2 хоорондоо маргалдаад заамдалцаад авахад нь би салгасан. Тэгээд пабаас гараад зогсоол дээр очоод машинд сууж байхад Г, О нар дахиад муудалцаад О Г-ийн уруул руу гараараа цохиход нь би салгасан. Тухайн үед О, Г бид 3 байсан. ...Г О хоёр машинаас буугаад түцний ард заамдалцаад нэг нэгнээ түлхээд байхаар нь би очоод салгахад О траншейний өндөр таган дээр унаад толгойгоо хагалчхаар нь би аваад цаашлаад явж, таксинд суулгаад гэр лүү нь явуулсан. Тэгээд буцаад ирэхэд Г машин дотор сууж байсан ба машины арын суудлын бүрээс цус болсон байхаар нь юун цус вэ гээд Г-ийн нурууг харахад бөөрнийх нь дээд талд зүсэгдсэн байсан. Тэгээд сууж байхад Г-ийн ах нь ирээд түргэн, цагдаад дуудлага өгсөн. Г, О хоёрыг маргалдахад би хажууд нь байсан. О Г-г хутгалсан асуудал байхгүй. Миний бодлоор түцний арын төмөр торон хаалтанд Г нуруугаа зүссэн байх... Г О-г цохиж зодсон асуудал байхгүй…’’ гэх мэдүүлэг /хх-ийн 22х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 7832 дугаартай: “...Л.Г-ийн биед нуруунд шарх, зулайн хуйх, баруун бугуйнд шарх, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Нурууны шарх, зулайн хуйх, баруун бугуйнд шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр, дээд уруулын цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 26х/,

 

Шүүгдэгч Б.О-н: “…Пабад архи уугаад сууж байхад Г том том дуугараад агсраад байсан ба уг асуудлаас болж бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд тэндээсээ гараад машин дотор сууж  байгаад дахин маргалдаж байгаад би Г-н уруул руу гараараа 1 удаа цохиод машинаас буухад Г араас бууж ирээд  хэрүүл хийсэн. Тэгээд ахиад бид 2 заамдалцаад  би Г-г хойшоо түцний  арын төмөр торон хаалт руу түлхэхэд  Н хүрч ирээд салгаад намайг аваад явсан…’’ гэх мэдүүлэг /хх-ийн 44-45х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.О, хохирогч Л.Г нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо муудалцаж, маргалдах явцдаа шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж, төмөр торон хашаа руу түлхсэнээс хохирогчийн нуруунд шарх, зулайн хуйх, баруун бугуйнд шарх, дээд уруулд цус хуралт бүхий гэмтэл учирсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг,шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.О нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.  

            Иймд шүүгдэгч Б.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай” дүгнэлтийг,

            Шүүгдэгч Б.О нь“...торгох ял оногдуулж өгнө үү”  гэсэн саналыг тус тус гаргасан.

 

            Шүүгдэгч Б.О-н үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан Б.О-н хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр  6 удаагийн ял шийтгэлтэй, өмнө нь /сүүлийн 2 шийтгэх тогтоолоос харахад/ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг удаа дараа үйлдэн торгох ялаар шийтгэгдэж байсан боловч дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, засарч хүмүүжих, ухамсарлах, нийгэмших, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх талаар ямар нэгэн арга хэмжээ авдаггүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд торгох ял бус нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь түүний хувийн байдал, үйлдсэн хэрэгт нь тохирно гэж дүгнэлээ.

            Иймд шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                                 ТОГТООХ нь:

1. Б овогт Б. О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд  мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ