Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Далантайн Нарантуяа |
Хэргийн индекс | 114/2018/0036/З |
Дугаар | 34 |
Огноо | 2018-11-13 |
Маргааны төрөл | Газар, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 114/2018/0036/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.Ц, Ц.Б, С.О, А.Э, Ц.Н, Д.Д, О.О, Э.Б нарын 8 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Газрын хянан баталгаа олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газрын хянан баталгааны дүгнэлт олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ч, Б.М,
Б.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 05, 06-ны өдрийн А/237, А/247 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний 400-753 м2 талбай бүхий газар эзэмшүүлэх өмчлүүлэх шийдвэр гарсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын А437, 438 тоот захирамжаар газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч тал өөрсдийн буруутай үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрч Засаг даргын захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 21-ны өдөр 28 тоот шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэл гаргасан иргэд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагуудад хандсан боловч одоог хүртэл газрын асуудлыг шийдэж өгөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасан 21 иргэдээс нийт 14 иргэн нь газар өмчлөх эзэмших эрхийг хэрэгжүүлсэн болох нь шүүхийн үзлэгээр харагдлаа. Эдгээр иргэд нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, хянан баталгааны хуудастай, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар төрийн алба залгамж халаатай байх ёстой. Хэн нэгэн Засаг дарга гарч ирээд өмнөх Засаг даргынхаа гаргасан захирамжуудыг хүчингүй болгож эсвэл таалагдахгүй байгаа шийдвэрийг өөрчлөх гэх зүйл байж болохгүй. Хууль дүрмийн дагуу явагдах ёстой, үнэхээр олгохгүй байсан бол нэр бүхий 13 иргэнд хянан баталгааны хуудас олгож газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон юм бэ.Шүүгчийн захирамж заавал биелэгдэх ёстой. Эрх бүхий ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж иргэд хохирох ёсгүй. Анх Газрын албанд хандсан боловч хянан баталгааны хуудас олгох боломжгүй гэх хариу өгсөн учраас Засаг даргад хандан өргөдөл гаргасан боловч шийдэж өгөөгүй. Газрын хянан баталгааны хуудсыг Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу төрийн захиргааны эрх бүхий байгууллага олгох ёстой. Иймд Засаг даргын газрын хянан баталгааны хуудас олгохгүй байгаа нь эс үйлдэхүй болохыг тогтоож, хянан баталгааны хуудас олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч-с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын А/237, А/247 тоот захирамжаар газар эзэмших өмчлөх эрх авсан гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ дурдсан боловч уг захирамжуудаар нэр бүхий нэхэмжлэгч нарын нэг л буюу Э.Б нэр л дурдагдсан. Бусад нэхэмжлэгч нарын нэр Аймгийн Засаг даргын А/237, А/247 тоот захирамж дээр байхгүй. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 173 дугаар тогтоолоор Монгол Улсын хэмжээнд 21 аймагт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг баталсан. Энэ хэмжээ байршилд Дархан-Уул аймгийн Дархан суманд шинээр газарт байршил, хэмжээ тогтоож өгөөгүй. Харин Шарын гол сум, Орхон сум, Хонгор суманд газар шинээр өмчлүүлэх төлөвлөгөө батлагдсан. Дархан суманд шинээр газар өмчлүүлээгүй. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 32 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсан ба энэ төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд шинээр өмчлүүлэх газар тусгагдаагүй. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт нь газар өмчилж авсан иргэнд эрх бүхий байгууллагаас олгосон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний салшгүй хэсэг байна гэж заасан байдаг.
Дархан-Уул аймагт 2016 онд Монгол Улсын иргэнд шинээр газар өмчлүүлэх талаар тухайн жилийн газар өмчлүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан байсан бол эрх бүхий байгууллагаас тухайн газар дээр газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааг хийлгэсний дараа төлөвлөгөөнд тусгаж газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулдаг. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгодог. Гэтэл 2016 онд төлөвлөгөөнд газар өмчлүүлэхээр газрын хэмжээ байршлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлаагүй. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байсан учраас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхээр хянан баталгаа хийлгэх шаардлагагүй байсан. Энэ нь эхнээсээ Газрын тухай хуулийг зөрчиж олгосон учраас дахин хянан баталгааны хуудас өгөх хууль зүйн үндэслэл байхгүй. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т иргэнд газар өмчлүүлэхдээ тухайн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийнэ гэж заасан байдаг. Мөн Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.7-д заасны дагуу анх удаа иргэн аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад олгож байгаа болон бусад газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг улсын буюу орон нутгийн төсвөөс санхүүжүүлж хийдэг.
2016 онд Дарханд суманд иргэнд шинээр өмчлүүлэх газар төлөвлөөгүй тул хянан баталгаа хийгдээгүй, хийгдэх шаардлагагүй. Иргэн Э.Б-д Ургамал газар тариалан сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 1999 онд хийсэн хянан баталгааны дүгнэлтийг үндэслэж өмчлүүлэхээр хянан баталгаа, гэрчилгээний салшгүй хэсэг болгож байгаа нь Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг тус тус зөрчиж байгаа. Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5-д заасны дагуу газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг 5 жилд нэг удаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийдэг. 1999 онд хийсэн хянан баталгааны хугацаа дууссан. Хугацаа нь дууссан хянан баталгааг энэ газар дээр олгох үндэслэл байхгүй. Газрын гэрчилгээ өмчлүүлэхэд гэрээний салшгүй нэг хэсэг бол 1999 онд гаргасан Хүрээлэнгийн дүгнэлт хүчин төгөлдөр бус юм. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т Аймаг нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газарт газар өмчлүүлэх ёстой. Гэтэл энэ газар нь Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг өөрөө зөрчсөн учраас хянан баталгаа хийх боломжгүй. Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т иргэнд өмчлүүлэх газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх ажлыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу гүйцэтгэж дүгнэлт гаргана гэж заасан. Засаг даргад газрын хянан баталгаа хийх эрх байхгүй. Тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий мэргэжлийн байгууллага газрын хянан баталгаа хийдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М-с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газар өмчлүүлэх процесс нь Засаг даргын шийдвэрийг үндэслээд Газрын албанаас газрын кадастрын зураг, хянан баталгааны хуудас, захирамжийн хуулбарыг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж газар өмчлөх эрхийн гэрчилгээ гардаг.2016 онд Засаг даргын таны өмчлүүлсэн гээд байгаа таны нэхэмжлэлд дурдсанаар эзэмших өмчлөх эрх үүсээгүй. Аймгийн Засаг даргын А/246 тоот захирамжаар өмчлөх эрх үүсээд хянан баталгааны хуудсыг манайхаас тухайн үед ажил хариуцаж байсан хүмүүс гаргаж өгсөн. Одоо нэхэмжлэгч нарын хүсээд байгаа дахин хянан баталгааны хуудас олгохыг Засаг даргад даалгаж байгаа нь хууль бус гэж үзэж байгаа. Тэр нь Төрийн албаны тухай хуульд албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлнэ гэж зааснаар нотлогдож байгаа. Хууль бус шийдвэрийг Засаг дарга ч бай, төрийн албан хаагч ч бай биелүүлэх боломжгүй. Газар олгосон процесс хууль бус учраас дахин хянан баталгааны хуудас олгох боломжгүй. Манай байгууллага нь тухайн жилд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан газрын хянан баталгаа хийгдээгүй шинээр төлөвлөсөн газрууд дээр хянан баталгаа хийж өгнө үү гэх саналыг мэргэжлийнхээ төв байгууллага руу явуулна. Тэр саналыг үндэслээд төв байгууллага хянан баталгаа хийх хугацаа болсон бол мэргэжлийн байгууллагаар хянан баталгаа хийлгэх тендер зарлаж хянан баталгаа хийлгэдэг журамтай гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч О.Ц, Ц.Б, С.О, А.Э, Ц.Н, Д.Д, О.О, Э.Б нарын 8 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-с Дархан-Уул аймгийн Засаг даргын нэр бүхий иргэдийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлээгүй орхигдуулсан, газрын хянан баталгаа олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газрын хянан баталгааны дүгнэлт олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/237 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Дархан сумын 14 дүгээр багийн иргэн Э.Б-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Онгот 4-29 тоотод 718 мкв талбай бүхий газрыг эзэмшүүлэхээр, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/246 дугаар “ Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамжаар нэхэмжлэгч О.О, С.О, А.Э, Ц.Н, Ц.Б, Д.Д, О.Ц, Д.Х нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 14,15 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 400-753 мкв талбай бүхий газруудыг тус тус олгож шийдвэрлэсэн байх ба 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437, А/438 тоот Засаг даргын захирамжуудаар дээрх иргэдийн газар өмчлөх эрхийг хүчингүй болгосныг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаартай “ хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгч нараас Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга нарт хандаж 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр газрын хянан баталгааны дүгнэлтийг авах шаардлагатай байгаа тухай гомдлоо гаргасныг холбогдох албан тушаалтан хүлээн авснаар аймгийн газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 317 дугаар албан бичгээр “хянан баталгааны дүгнэлтийн хуудас гаргаж өгөх боломжгүй” гэсэн хариуг өгчээ. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нь Аймгийн Засаг даргад мэргэжлийн зөвлөгөө өгөх, Засаг даргын шийдвэрийн төслийг боловсруулах үүрэгтэйн хувьд гомдол гаргагч нарт хариуг өгсөн байх тул Аймгийн Засаг даргын нэр бүхий иргэдийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлээгүй орхигдуулсан, газрын хянан баталгаа олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүхээс нэхэмжлэгч С.О, А.Э, Ц.Н, Ц.Б, Д.Д, О.Ц, Д.Х нарын нэгж талбарын хувийн хэрэгт үзлэг хийхэд гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн хуудас тус тус бичигдэн нэг хувь нь хувийн хэрэгт хавсрагдсан, дүгнэлтийн хуудсанд “хянан баталгааг УГТСЭШХүрээлэнгийн 1999 онд хийсэн материалыг үндэслэв. 2004 оны 04 сарын 22 гээд газар зохион байгуулагчийн гарын үсэг зурагдаж баталгаажсан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “бид мэдээллийн санд оруулж гэрээ гэрчилгээг үүсгэж бүртгэл хөтөлж хамгийн сүүлд архивд хүлээлгэж өгдөг ба энэ хүмүүс материалаа аваагүй байгаад бид хянан баталгаа гаргаж өгөөгүй байсан бол энэ нэгж талбарын хувийн хэрэг үүсч архивд орох ямарч боломж байхгүй, эдгээр хүмүүс гэрээгээ үүсгүүлээд материалаа авсан гэдэг нь хувийн хэрэгт байгаа баримтуудаар нотлогдож байна” гэж тайлбарлаж байгаа, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн захиргааны байгууллагад үлдсэн хувь зэргээс үзэхэд энэхүү хянан баталгааны дүгнэлт бичигдэж нэхэмжлэгч нарт олгогдсон, дүгнэлт олгоогүй гэх тайлбар үндэслэлгүй, нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т “газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг эрх бүхий мэргэжлийн байгууллага хийж, дүгнэлт гаргана”, 58.7-д “...анх удаа иргэн аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил ашиглалтад олгож байгаа болон бусад газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг улсын буюу орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “иргэнд өмчлүүлэх газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх ажлыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу гүйцэтгэж дүгнэлт гаргана” 17.3-д “газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт нь газар өмчилж авсан иргэнд эрх бүхий байгууллагаас олгосон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний салшгүй хэсэг байна” гэж тус тус хуульчилснаас үзвэл Аймгийн Засаг дарга газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийж, дүгнэлт гаргах эрх бүхий субьект биш Геодези зураг зүйн газраас зөвшөөрөл олгосон тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий мэргэжлийн байгууллага газрын хянан баталгаа хийж дүгнэлт гаргахаар хуульчилсан бөгөөд Аймгийн Засаг даргад хуулиар эрх олгогдоогүй байх тул газрын хянан баталгааны дүгнэлт олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах боломжгүй байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, 58.6, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Ц, Ц.Б, С.О, А.Э, Ц.Н, Д.Д, О.О, Э.Б нарын 8 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-н “Дархан-Уул аймгийн Засаг даргын нэр бүхий иргэдийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлээгүй орхигдуулсан, газрын хянан баталгаа олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газрын хянан баталгааны дүгнэлт олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурьдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА