Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 114/2021/0017/З |
Дугаар | 221/МА2022/0276 |
Огноо | 2022-04-21 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2022/0276
“ДТВ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т
Нэхэмжлэгч “ДТВ” ХХК
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн “ДТВ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 114/2021/0017/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ДТВ” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн “ДТВ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр:
2.1. “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар нэхэмжлэгч “ДТВ” ХХК-иас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн “ДТВ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагатай захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тэмүүлэн дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Т.Т миний бие “ДТВ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 02 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргаж байна.
3.2. Анхан шатны шүүхийн 114/ШШ2022/0002 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/441 дүгээр захирамж нь “эрх зүйн зөрчилтэй, захиргааны хууль бус актад” хамаарахаар байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
3.3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт “...иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй...” тохиолдолд тухайн захиргааны актыг илт хууль бус болно гэж заасан.
3.4. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/441 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар “ДТВ” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад газар эзэмших эрхийг цуцалсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн тогтоогдсон.
3.5. Учир нь: 1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7 дахь хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох буюу газар эзэмших эрхийг цуцлах хууль зүйн үндэслэлийг нэг бүрчлэн тогтоосон. Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөлүүдийг тодруулбал:
3.6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт “...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн...” гэж заасан. “ДТВ” ХХК-ийн тухайд Газар эзэмшүүлэх гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасан газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх, үүргээ биелүүлэхтэй холбоотой аливаа зөрчил гаргаж байгаагүй бөгөөд эзэмших эрх бүхий газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан.
3.7. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт "...газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон..." гэж заасан.
3.8. Дархан-Уул аймгийн Газар зохион байгуулалтын албанаас "ДТВ" ХХК-ийг бусдын ашиг сонирхолд харшлах нөхцөл байдлаар ашиглаж байгаа талаар дугнэлт өгч байгаагүй буюу бусдын ашиг сонирхолд харшаар нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй.
3.9. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт "...шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй..." гэж заасан. Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А/237 дугаартай захирамжаар "ДТВ" ХХК-д газар эзэмших эрх олгосон бөгөөд "ДТВ" ХХК хуульд заасан хугацаанд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээг шинээр гаргуулж авсан.
3.10. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “...байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-д заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон...” гэж заасан. Тухайн эзэмших эрх бүхий газарт хийгдсэн байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээнд газар эзэмшигчийн зүгээс зайлшгүй гүйцэтгэх шаардлагатай ажил байгаагүй. Мөн зайлшгүй гүйцэтгэх шаардлагатай үүрэг байсан ч “ДТВ” ХХК-д биелүүлэх боломж цаг хугацааны хувьд байгаагүй буюу газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газрыг зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай үйл ажиллагааг хэрэгжүүлж байх үед 3 сар орчмын дотор газар эзэмших эрх цуцалсан захирамж гарсан.
3.11. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт “...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй..." гэж заасан. Газар эзэмшигчийн зүгээс зохих төлбөр хураамжийг төлөх үүргээ биелүүлж байсан бөгөөд гэрээ дүгнэх, төлбөр тооцоо нийлэх боломжийг Дархан-Уул аймгийн Газар зохион байгуулалтын албанаас олгоогүй.
3.12. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэж заасан. "ДТВ" ХХК-ийн зүгээс газар эзэмших эрхээ хэрэгжүүлж холбогдох ажиллагааг хийж байх үед газар эзэмших эрхийг цуцалсан.
3.13. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7 дахь хэсэгт "...газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17.2-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан..." гэж заасан.
3.14. Дээр дурдсанчлан холбогдох татвар хураамжийг төлж, төрийн байгууллагад мэдэгдэх шаардлагатай мэдээллийг нуун дарагдуулсан мэдээллээгүй үйл баримт байхгүй болно.
3.15. "ДТВ" ХХК-ийн зүгээс Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээнд заасан аливаа хэлбэрийн зөрчлийг огт гаргаж байгаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон.
3.16. Хариуцагчийн зүгээс төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдааг зохих журмын дагуу явуулаагүй, зохион байгуулаагүй гэх үндэслэлээр "ДТВ" ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж тайлбарладаг. Гэтэл захиргааны байгууллага нь тухайн төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдааг зохион байгуулаагүй өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийг буруутган Газрын тухай хууль, Газар эзэмшүүлэх гэрээнд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан эрхээ буруу хэрэгжүүлсэн юм.
3.17. Гэтэл анхан шатны шүүхээс энэхүү үйл баримт, хууль зүйн үндэслэлүүдийг илтэд мушгиж, буруу тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт өгсөн.
3.18. Анхан шатны шүүхийн 02 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл нь захиргааны байгууллагаас гаргасан хууль бус захиргааны актаар маргах тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хянах ба харин илт хууль бус захиргааны актыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхээс дээрх үндэслэлийг хянаж, үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй...” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбарыг буруу үнэлж, дүгнэлт өгсөн гэж үзэж байна.
3.19. Учир нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А/237 дугаартай “Газар эзэмших эрх олгох тухай”, захирамж нь “ДТВ” ХХК-ийн тухайд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм.
3.20. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс бичгээр гаргасан хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч нь өөрийн гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгох замаар “Газар эзэмших эрх олгосон” А/237 дугаартай захирамжийг А/441 дугаартай захирамжаар хүчингүй болгосон гэж тайлбарладаг.
3.21. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт "...Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно..." гэж заасан бөгөөд Үүнд: Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх хэсэгт “...хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад хүчингүй болгохоор заасан... гэж заасан. Дархан-Уул аймгийн Засаг даргын А/237 дугаартай "Газар эзэмших эрх олгох тухай" захирамжийн "ДТВ" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хуульд болон захиргааны хэм хэмжээний актад заасан үндэслэл байхгүй.
3.22. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт "..бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн..." гэж заасан. "ДТВ" ХХК-д газар эзэмших эрх олгосон А/237 дугаартай захирамжийн тухайд аливаа гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол эсхүл нийтийн ашиг сонирхлыг хөндсөн үйл баримт байхгүй.
3.23. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3 дахь хэсэгт Захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй..." гэж заасан. "ДТВ" ХХК-ийн зүгээс А/237 дугаартай захирамжийн дагуу олгогдсон газар эзэмших эрхийг зориулалтын дагуу ашиглаж, өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлж байсан. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.5 дахь хэсэгт "...Нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан..." гэж заасан. Дархан-Уул аймгийн Засаг даргын А/237 дугаартай "ДТВ" ХХК-д газар эзэмших эрх олгосон тус захирамж нь аливаа зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн зүйл байхгүй юм.
3.24. Анхан шатны шүүхэд хэрэгт цугларсан нотлох баримтууд болох "ДТВ” ХХК-ийн газар эзэмших эрхтэй холбоотой хувийн хэрэг, "Газар эзэмших эрх олгосон" А/237 дугаартай захирамжийн хувийн хэргүүдээс үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй болох нь тогтоогдсон.
3.25. Иймд Дархан-Уул аймгийн Засаг дарга нь “ДТВ” ХХК-ийн хувьд эерэг нөлөөлөл бухий захиргааны акт болох А/237 дугаартай "Газар эзэмших эрх олгох тухай" захирамжийг хүчингүй болгох нөхцөл байдал, хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад А/441 дугаартай захирамжаар тухайн эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт болох А/237 дугаар бүхий захирамжийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй буюу А/441 дугаартай Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт “...иргэн. хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй...” гэх үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж үзэх нэг үндэслэл мөн юм.
3.26. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн дээрх нөхцөл байдлыг тайлбарласантай холбогдуулан шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дүгнэлт өгөхдөө энэхүү нөхцөл байдал нь нь зөвхөн хууль бус захиргааны актыг тогтоолгох маргаанд хамаарна тайлбарлаж байгаа нь хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэхэд хүргэж байна.
Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 02 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
3. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч “ДТВ” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн “ДТВ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
3.2. Маргаан бүхий Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжаар “... шинээр газар олголт хийхдээ тухайн жилийн газар зохион байнуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлсэн, төлөвлөгөөнд тусгагдсан газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлээгүй, газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангаагүй, газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй байхад хууль бусаар газар эзэмшин, эрхийн гэрчилгээнийхээ үнийг төлөлгүй газрын гэрээ, гэрчилгээ бичүүлж авсан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй газарт газрын кадастрын мэдээллийн санд дур мэдэн нэгж талбар үүсгэсэн...” зэрэг үндэслэлүүдээр хуулийн этгээдиийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон бөгөөд үүнд нэхэмжлэгч “ДТВ” ХХК-ийн газар эзэмших эрх бүхий 2 дугаар хороолол, Парк таун Хотхоны баруун талд байрлах 800 м.кв талбай бүхий газар багтжээ.
3.3. Нэхэмжлэгчээс дээрх захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон давж заалдах гомдлоо “...эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт болох А/237 дугаар бүхий захирамжийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй буюу А/441 дугаартай Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “...иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй...” гэх үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж үзэх нэг үндэслэл мөн...” хэмээн тайлбарлаж байх боловч уг тайлбар хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
3.4. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад захиргааны байгууллага шийдвэр гаргасан гэдэг нь захиргааны байгууллагаас аливаа этгээдэд чиглэсэн шийдвэр нь ямарч хамааралгүй харилцаа байх тохиолдолд ашиглагдана.
3.5. Энэ тохиолдолд Дархан-Уул аймгийн Засаг даргаас 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гаргахдаа нөхцөл байдлыг судлан үзэж, нэхэмжлэгч “ДТВ” ХХК-д анх газар 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр А/237 дугаар захирамжаар газар эзэмшүүлэхдээ “газар зохион байгуулалтын төлөвлөгөөг зөрчиж олгосон” гэх үндэслэлээр өөрт олгогдсон эрхийн дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхгүй учир маргаан бүхий акт илт хууль бус байх шинжийг агуулаагүй байна.
3.6. Харин нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо тайлбарлаж буй бусад үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болон хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн эсэх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлон маргаж буй илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагатай хамааралгүй тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийжээ.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ДТВ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ