Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 456

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/05434 дүгээр шийдвэртэй, Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарын нэхэмжлэлтэй, С.Нямхишиг, С.Сарангэрэл нарт холбогдох,

 

Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны 5 тоот 40 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчийг тогтоолгох тухай тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч С.Нямхишиг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид нар Ц.Энхтуяагийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 5 тоотын 40 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205016463 дугаарт бүртгэлтэй, орон сууцыг барьцаалж, 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, дараа нь 12 сарын хугацаатай 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, мөн 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгаж зээлүүлсэн. Мөн 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлсэн, дараа нь 2012 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 16 сарын хугацаатай зээлийн гэрээг сунгаж, хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон ба дээрх хоёр гэрээг тус тусд нь байгуулж, нотариатаар батлуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн. Гэтэл Ц.Энхтуяа нь үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй байхдаа буюу 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан. Ц.Энхтуяа нь С.Нямхишигээс С.Сарангэрэлийг үрчилж авсан байдаг. С.Нямхишиг нь эх Ц.Энхтуяагийн байрны өв тогтоогдоогүй учир барьцаанд байгаа байрнаас үндсэн зээл, түүний хүүг төлөхгүй гэдэг. С.Нямхишиг нь өөрийн эцэг Б.Сумъяагийн байрны өвийг буруу тогтоосон гэж уг эрхийг сэргээлгэх гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2014 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээсээ 2015 оны 11 дүгээр сард татгалзсан байдаг. Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч 536.1-д зааснаар гомдлын шаардлага гаргаж, түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргана гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ц.Энхтуяа нь нас барснаас хойш 2 жил 4 сарын хугацаа өнгөрсөн, түүний өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 5 тоотын 40 м.кв талбайтай орон сууцыг хэн хууль ёсны дагуу өвлөн авсан эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Иймд хэн өвлөн авсан нь тодорхойгүйгээс болж Ц.Энхтуяагийн барьцаанд тавьсан байрнаас зээлийн төлбөрийг барагдуулах боломжгүй байна. Ц.Энхтуяаг нас нарснаас хойш дээрх орон сууцыг С.Нямхишиг нь эзэмдэн авч, ашиглаж байна. Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1-д зааснаар өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээж авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно. Мөн зүйлийн 527.2-т зааснаар өвдөгч ямар нэгэн нөхцөл зааж болзол тавьж өвлөгдөх эд хөрөнгийг түр хүлээн авах эрхгүй гэж заасан тул Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 5 тоотын 40 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчийг тогтоож өгнө үү.

Дээрх үндэслэлээр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 5 тоотын 40 м.кв талбайтай орон сууцны өвлөгчийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Сарангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч С.Нямхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Энхтуяагийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 5 тоотын 40 м.кв талбайтай орон сууцны өвлөгчийн асуудал шийдэгдээгүй байгаа бөгөөд уг эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл, өвлөгчийн асуудлаар шүүхэд хандсан байгаа. Шүүх шийдвэрлэсний дараа өв хүлээн авсан хэмжээгээр зээлийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Би энэ байран дээр өвлөх эрхийн гэрчилгээ гаргаад Ц.Энхтуяад оногдох хэсгийг Д.Сэдэд гуайд төлъе гэсэн. Өвлөх эрх нь сэргээгдэхгүй байсан ч Сарангэрэл гэдэг хүүхэд миний төрсөн хүүхэд. Миний хүүхдийг 17 настай байхад өвлөх эрхийн гэрчилгээнд оруулаагүй байсан. Нотариатч Энхээ өөрөө Сарангэрэлийг оролцуулаагүй нь үнэн. Баттай нотлох баримтгүйгээр гэрчилгээг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байгаа. Миний хувьд энэ байрны өвлөгч нарыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч С.Нямхишиг, С.Сарангэрэл нарт холбогдох, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 5 тоотын 40 м.кв талбайтай орон сууцны өвлөгчийг тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар Д.Сэдэд би 2011 оны 5 дугаар сарын 19-нд зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулж, үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлсэн албан ёсны гэрээ юм. Ц.Энхтуяа нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нас барсан бөгөөд түүний өмчлөлийн Ү-2205016463 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, нэг хүний өмчлөлийн байрны өв авах үр хүүхдүүдээс, Ц.Энхтуяад өгсөн мөнгөө нэхэмжлэх гэхээр, Д.Сэдэд надад энэ байр нь зээлийн барьцаанд байгаа учраас өвөө авахгүй 3 жил гаруй хугацаа өнгөрсөн боловч өвөө тогтоолгохгүй, тогтоолгох хүсэлгүй байсан. Иймээс Ц.Энхтуяагийн өргөж авсан хүүхэд С.Сарангэрэл, Г.Сумъяагийн хүүхэд С.Нямхишиг нар, өвөө авахгүй байгаагаас Д.Сэдэд миний хууль ёсны ашиг, сонирхол хөндөгдөж байна. Энэ байрны анхны өмчлөгч Б.Сумъяа 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нас барсан. Б.Сумъяагийн байрны өвийг, түүний албан ёсны гэр бүл Ц.Энхтуяа авсан байдаг. Иймд Ц.Энхтуяагийн байрны өвийг, Б.Сумъяагийн хүүхдүүд болох С.Сарангэрэл, С.Нямхишиг, С.Мягмарсүрэн нарыг байрны өвөө тогтоолгохыг болон эцэг эхийн байрны өвийг албан ёсоор авах иргэний үүргээ биелүүлэхийг шүүхийн захирамжаар тогтоож өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан. Д.Сэдэд би Ц.Энхтуяагийн байрны өвийг тогтоолгох, эрх зүйн үндэслэлтэй болно. Учир нь Д.Сэдэд миний эрх ашиг 42 754 000 төгрөгөөр хохирч, энэ байрны өв тогтоолгоогүйгээс хохирч байна. Иймд Б.Сумъяагийн болон Ц.Энхтуяагийн хүүхдүүдээр эцэг, эхийнхээ байрны өвийг шүүхийн журмаар тогтоолгож өгөхийг хүсч байна. Д.Сэдэд би Ц.Энхтуяагийн байрны өвийг н.Энхтунгалагт байсныг өвч залгамжлагч С.Сарангэрэл, С.Нямхишиг, С.Мягмарсүрэн нараар шүүхийн журмаар тогтоолгож өгнө үү. Мөн Ц.Энхтуяагийн байрны өв тогтоох болон энэ байрны гэрчилгээний талаар Захиргааны хэрэг үүсгэн, Улсын дээд шүүхэд давж заалдаж байгаа учир энэ хэргийг, өөр шүүх шийдвэрлэгдээгүй байхад гаргасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Өв тогтоолгох маргаанд саад болж байгаа зүйлийг шүүхийн шийдвэрт зааж өгөөгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар хариуцагч С.Нямхишиг, С.Сарангэрэл нарт холбогдуулан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 5 тоот орон сууцны өвлөгчийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч тус байрны өвлөгч нарыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа, өвлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа нас барагчийн өрөөс өөрт оногдох хэсгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн тайлбар гарган маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар нь Ц.Энхтуяатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд барьцааны зүйл болох дээр дурдсан орон сууцыг Ц.Энхтуяа нь 2009 оны 6 дугаар сарын 9-ний өдөр нөхөр Б.Сумъяагаас өв залгамжлах эрхийн гэрчилгээний дагуу хүлээн авсан байна. Энэхүү гэрчилгээг баталгаажууулсан нотариатч Б.Энхээд холбогдуулан Б.Сумъяагаар овоглуулсан С.Нямхишиг, С.Мөнхтуяа, С.Мягмарсүрэн, С.Сарангэрэл нар нь уг гэрчилгээг хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг нотариатч Б.Энхээ хүлээн зөвшөөрч шүүгчийн захирамж гарснаар уг өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болсон байна. Мөн зээлдэгч Ц.Энхтуяа нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон гэж үзнэ.

Шүүх өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаархи гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш 1 жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч хариуцахаар зохицуулсан Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, маргааны зүйл болж буй дээрх орон сууцны өвлөгчийн асуудал өөрөө маргаантай, эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тохиолдолд хариуцагч С.Нямхишиг, С.Сарангэрэл нарыг өвлүүлэгчийн үүргийг хариуцах ёстой өвлөгч гэж үзэх боломжгүйгээс гадна нэхэмжлэгч нарын хувьд өвлөгч өр төлбөрийн талаар шаардлага гаргах эрхтэйгээс бус өвлөгч хэн байхыг тогтоолгохоор шаардах эрхтэй этгээд биш гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хариуцагч С.Сарангэрэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Нямгэрэлд итгэмжлэл олгосон байх бөгөөд нэхэмжлэгчийн эдлэх эрхийг заасан агуулгатай байгаа боловч энэ талаар талууд маргаагүй тул зөрчил гэж үзээгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/05434 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 102/ШЗ2016/27687 дугаар захирамжаар нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Т.ТУЯА