Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01502

 

Ш.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 143/ШШ2018/00137 дугаар шийдвэртэй,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 203/МА2018/00015 дугаар магадлалтай,

Ш.С-ийн нэхэмжлэлтэй

Г Х ХХК-д холбогдох,  

58-17 ӨМА, 61-92 ӨМА улсын дугаартай Northbenz автомашинуудыг, чиргүүлийн хамт гаргуулах, тээвэр хийсэн ашиг 52.497.400 төгрөг, дугуйны үнэ 9.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмэжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Р.Барбаатартай 2008 онд гэр бүл болсон бөгөөд тэрээр 2015.11.11-ний өдөр өвчний улмаас нас барсан. Одоо би 2004 онд төрсөн хүү Б.Батгүн, 2010 онд төрсөн хүү Б.Батбулган нарын хамт амьдардаг бөгөөд бид хууль ёсны өвлөгч мөн болох тухай өвлөх эрхийн гэрчилгээг 2016.12.10-ны өдөр авсан. Талийгаач маань амьдралаа дээшлүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Таван толгой ХК-д түрээсээр Норд бенз маркийн машин авч хөдөлмөрлөн улмаар 2013.01.15-ны өдөр хувьд шилжүүлэн авсан 58-17 ӨМА улсын дугаартай цагаан өнгийн Норд бенз маркийн хүнд даацын автомашиныг 2013.11.25-ны өдөр хувьдаа шилжүүлэн авсан 92-14 АЧ дугаартай чиргүүлийн хамт, 2015.03.02-ны өдөр хувьд шилжүүлэн авсан 61-92 ӨМА улсын дугаартай цагаан өнгийн Норд бенз маркийн хүнд даацын автомашиныг 2015.03.09-ний өдөр хувьд шилжүүлэн авсан 86-18 АЧ дугаартай улаан өнгийн чиргүүлийн хамт хувь хүн тээвэр хийхэд хүндрэлтэй байсан учир 2015.07.30-ны өдөр Өмнөговь аймгийн Г Х ХХК-ийн нэр дээр түр шилжүүлэн хувь тээвэр хийж байгаад нас барсан. Өмнө нь машинаа Эрдэнийн гүн, Нутгийн арвин зам зэрэг ХХК-ийн нэр дээр шилжүүлэн тээвэр хийж байсан. Тэрээр надад санаа зоволтгүй компанитай гэрээ хийж машинаа шилжүүлдэг. Гэрээнд заасан тээвэр хийж дуусаад ямар ч маргаангүй Р.Барбаатар надаас өөр хэний ч нэр дээр буцаан шилжүүлэхгүй гэсэн гэрээ хийж байгаа гэдэг байсан. Талийгаачаас хойш бид өнөөдрийг хүртэл Г Х ХХК-иас тээвэр хийсэн ашиг нэг төгрөг ч аваагүй байгаа ба байр түрээслэн хүүхдүүдээ сургаж чадахгүй байна. Г Х ХХК-ийн нэр дээр түр хугацаагаар шилжүүлсэн талийгаач Р.Барбаатарын нэр дээр байсан Норд бенз маркийн 58-17 ӨМА улсын дугаартай цагаан өнгөтэй автомашин, 92-14 АЧ улсын дугаартай улаан өнгийн чиргүүлийн хамт, 61-92 ӨМА улсын дугаартай цагаан өнгийн Норд бенз автомашиныг 86-18 АЧ улсын дугаартай улаан өнгийн чиргүүлийн хамтаар хууль ёсны өв залгамжлагч миний хүү Б.Батгүн, Б.Батбулган, Ш.С- бидний нэр дээр шилжүүлэхийг шийдвэрлэж өгнө үү. Г Х ХХК-аар 2015.11.11-ний өдрөөс хойшхи өнөөдрийг хүртлэх хугацааны тээвэр хийсэн тодорхойлолтыг Говийн зам ХХК-иас үнэн зөв гаргуулан тухайн саруудын ханшаар бодон гаргаж өгнө үү. Миний бүртгэж авсан тээвэр хийсэн тухайн саруудын ханшаар бодсон тооцоо. 61-92 ӨМА улсын дугаартай автомашин 2015 оных ба 2016 оны 1-4 дүгээр сарыг тогтоолгох хүсэлтэй. Үүнээс мэдэж байгаагаар 2016.5.25-ны өдөр, 29-ний өдөр нийт 2 удаа тээвэр хийсэн, 6 сарын 14, 17, 29-ний өдрүүдэд нийт 3 удаа тээвэр хийсэн, 7 сарын 02, 04, 21, 24-ний өдрүүдэд нийт 4 удаа тээвэр хийсэн, 8 сарын 4, 8, 13, 15, 19, 21, 23, 29-ний өдрүүдэд нийт 8 удаа тээвэр хийсэн, 9 сарын 11, 13, 15, 20, 25, 27, 30-ны өдрүүдэд нийт 8 удаа тээвэр хийсэн, 12 сарын 8-ны өдөр 1 удаа тээвэр хийснээс хойшхи бүртгэл байхгүй байгааг гаруулгах. Одоогоор манай тооцож байгаагаар тухайн сар бүрийн ханшаар бодов. 61-92 ӨМА улсын дугаартай автомашины тооцоо 2016 оны 5, 6, 7, 8, 9, 10 дугаар саруудыг 1 тонн 55 юанаар 70 тонн тооцож бодов. 5-10 саруудад тээвэр хийсэн нийт дүн 32 удаагийн 70 тонн нь нийт 2240 тонныг 55 юань нийт 123.200 юань нь тухайн үеийн ханш 350 төгрөгөөр бодоход 43.120.000 төгрөг, Замын хураамж нэг удаа 135.000 төгрөгийг 32 удаагийн тээвэрлэлтээр бодоход 4.320.000 төгрөгийг хасаад 24.544.000 төгрөг. 11-12 саруудад 1 тонн 110 юанаар тооцож 6 удаагийн тээвэр хийсэн нийт 420 тонн нь 110 юанаар бодоход тухайн үеийн юань 350 төгрөгт бодоход нийт 16.170.000 төгрөг. Үүнээс түлшний үнэ 1620 литр түлшийг 1780 төгрөгөөр бодож нийт 2.883.600 төгрөг, замын хураамж 1.440.000 төгрөг. 11-12 сарын ашиг 16.170.000 төгрөгөөс түлшний үнэ 2.883.600 төгрөг, зам ашигласны төлбөр 1.440.000 төгрөгийг тус тус хасч 11.846.400 төгрөг. 61-92 ӨМА улсын дугаартай автомашины нийт тээвэр хийсэн ашиг 36.390.400 төгрөг. 58-17 ӨМА улсын дугаартай автомашины тээвэр хийсэн тооцоо. 2015 оны 12 сар, 2016 оны 1, 2, 3, 4 саруудыг тогтоолгох хүсэлтэй. Миний олж тогтоосон тээвэр хийсэн тэмдэглэл. 2016 оны 5 сарын 9, 25, 29-ний өдрүүдэд нийт 3 удаа тээвэр хийсэн, 6 сарын 2, 5, 8, 14, 16, 19, 27-ны өдрүүдэд нийт 7 удаа тээвэр хийсэн, 7 сарын 2, 4, 22, 24-ний өдрүүдэд нийт 4 удаа тээвэрлэлт хийсэн, 8 сарын 3, 6, 9, 14, 16, 21, 23-ны өдрүүдэд нийт 7 удаа тээвэрлэлт хийснийг тэмдэглэж авсан ба 2016 оны 1, 2, 3, 4 саруудад, 2016 оны 9, 10, 11, 12 дугаар саруудад, 2017 оны 1 сарын тээвэрлэлт хийсэн тооцоог тогтоолгох. 58-17 ӨМА улсын дугаартай автомашины тооцоог тухайн саруудын ханшны дунджаар бодов. Нийт хийсэн 21 удаагийн тээвэрлэлт 70 тонноор бодоход нийт 1470 тонныг 55 юанаар бодож нийт 80.850 юань. 1 юанийг 350 төгрөгөөр бодоход нийт 28.297.500 төгрөг үүнээс түлш 5670 литр түлшийг 1650 төгрөгөөр бодож нийт 9.355.500 төгрөг, замын хураамж 135.000 төгрөгийн 21 удаагийн тээвэрлэлтээр бодоход нийт 16.107.000 төгрөг, 2 машины нийт тээвэр хийсэн ашиг болох 52.497.400 төгрөгийг Г Х ХХК-иас гаргуулж, 58-17 ӨМА цагаан өнгийн Норд бенз, 92-14 АЧ чиргүүлийн хамт, 61-92 ӨМА цагаан өнгийн Норд бенз, 86-18 АЧ чиргүүлийн хамт Ш.С- миний нэр дээр шилжүүлж, 61-92 ӨМА машины чиргүүлийн 16 дугуйг тоносон байсан тул дугуйны үнэ 9.600.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г Х ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайбарт: Г Х ХХК-ийн захирал Б.Батбуян нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 2011 оны 3 сараас эхлэн Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт руу нүүрс тээвэрлэж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн үед Мөнхбаяр, Барбаатар гээд хүмүүс эхнэр нөхөр гээд Цогтцэций сумын Таван хар гэдэг газар гуанз ажиллуулж, мөн нүүрс тээвэр хийж амьдардаг байсан. Б.Батбуян нь улс хооронд нүүрс тээвэрлэх зөвшөөрлөө аваад, компаниа байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Р.Барбаатар тухайн үед Л.Мөнхбаяр гээд хүнтэй хамт амьдарч байсан. Б.Батбуян нь Р.Барбаатар, Л.Мөнхбаяр нарыг эхнэр нөхөр гэж ойлгодог байсан. Мөнхбаяр нь ирээд 6192 машин маань Эрдэнийн гүн говь ХХК-ийн нэр дээр тээвэр хийдэг. Одоо олигтой мөнгө төгрөг орж ирэхгүй байна. Тиймээс өөрийнхөө Г Х ХХК-ийн нэр дээр машиныг шилжүүлээд тээвэрт явуулж өгөөч гэсэн хүсэлтийг анх тавьсан байдаг. 2015 оны 11 сараас 6192 ӨМА гэсэн улсын дугаартай Northbenz маркийн машин анхны тээвэртээ явж эхэлсэн. Удаагүй жолооч нь энэ машиныг унагаж маш их эвдрэл гарсан байдаг. Энэ машин нэгэнт эвдрэл гарч явахааргүй болсон учраас чи тэртээ тэргүй Г Х ХХК-ийн нэр дээр байгаа юм чинь худалдаад авчих гээд харилцан тохиролцсон. Энэ үед талийгаач Р.Барбаатар нь нас бараагүй байсан. 20.000.000 төгрөгөөр тохиролцож Г Х ХХК-ийн нэр дээр энэ машин ирсэн байдаг. 5817 өма улсын дугаартай машины хувьд талийгаачийг нас барсны дараа Л.Мөнхбаяр нь ирээд Г Х ХХК-ийн захиралтай уулзаад энэ машиныг мөн 20.000.000 төгрөгөөр худалдан аваач гэсэн саналыг тавьсны үндсэн дээр энэ 2 тохиролцож, төлбөрийг Л.Мөнхбаярт хүлээлгэж өгсөн байдаг. Нийт 40.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн байгаа. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Тиймээс Г Х ХХК нь энэ 2 автомашиныг шударгаар олж авсан хөрөнгө юм. Иймээс Ш.С-ийн нэр дээр шилжүүлэх, тээвэр хийсний хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Машин худалдаж, худалдан авах үед Л.Мөнхбаяр, Р.Барбаатар хоёр нь хамтран амьдарч байсан. Хамтран амьдарч байсан болохоор Г Х ХХК-ийн захирал Б.Батбуян нэг гэр бүл гэж ойлгоод энэ худалдах худалдан авах гэрээг хийсэн байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талаас өвлөх эрхийн гэрчилгээний талаар шаардлага гаргасан. Хавтаст хэргийн 29, 30 дугаар хуудсанд авагдсан 2016.12.10-ны өдрийн 1, 2 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчиж олгосон, хуулиар тогтоосон шаардлага зөрчсөн, олгох процесс болоод, бичлэгийн шаардлага нь хуульд нийцэхгүй, энэ бол өвлөх эрх шилжүүлсэн ойлголт биш гэсэн шаардлага гаргаж маргаж байгаа. Ингэж маргах болсон шалтгаан нь энэ 2 автомашины үнийг Л.Мөнхбаярт өгчихсөн гэж хариуцагч хэлсэн. Баримт нь хэрэгт байгаа. Л.Мөнхбаяр нь мөнгийг авсан ч талийгаачийн ээжид нь шилжүүлсэн байгаа. Энэ мөнгөний талаар Сэлэнгэ аймгийн шүүх дээр маргаан үүсээд гэрлэлтийн баталгаа хүчин төгөлдөрт тооцуулах, тооцуулахгүй асуудлаар маргаан үүсэж дууссан. Өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөх эрх нь нас барагчийг нас барах үед нь өөрт нь байсан эрх болоод хөрөнгө өвийг ойлгодог. Хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтууд болоод нэхэмжлэгчийн яриад байгаа тайлбарууд дотор яг нас барах үед нь энэ 2 автомашин талийгаачийн өмчлөлд байсан гэдгийг нотолсон зүйл байхгүй. Нас барахаас нь өмнө хэлцэл хийгдээд шилжсэн зүйл байгаа. Тэр үедээ талийгаач хүсэлт гаргаад, эргүүлж авна гэсэн зүйл байхгүй. Ээж рүү нь явуулсан зүйл нь энэ хүний эмчилгээнд шаардагдах юм гэдэг үүднээс шилжүүлсэн байдаг. Эдгээр машин нь 2015 онд талийгаачийн нэр дээр орж ирээд Эрдэнийн гүн говь ХХК-ийн нэр дээр 4 сарын 02-ны өдөр шилжсэн. Үүний дараагаар Г Х ХХК-д шилжсэн. Бид нар өнөөдөр нас барсан хүний амьд ахуйдаа хийсэн хэлцлийг түр шилжсэн, бүр шилжсэн байсан гэж тайлбарлаж болохгүй. Юуг тайлбарлах вэ гэхээр улсын бүртгэлд үндэслээд л ойлгох ёстой. Хэний өмч вэ гэдгийг улсын бүртгэлийн гэрчилгээ, автотээврийн лавлагаагаар нотолдог зүйл. Өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа үндэслэл нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 1, 2 дугаар зүйл дээр өвлөх эрхийг хэзээ шилжүүлж авсан бэ гэдэг асуудал тайлбарлагдана. Өвлөх эрхийн гэрчилгээ гэдэг нь 527 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өвийг өвлөгч нь хүлээж авснаар өв нээгдсэн үеэс шилжсэнд тооцно гэж байгаа. Өмнөх шүүх хуралдаан болон өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал өөрсдөө үүнийг хүлээн зөвшөөрсөн. Нас барах хүртлээ энэ хаяг дээр амьдарч байсан. Х.Баянцэцэг гэж хүн энэ хүний төрсөн эх болохын хувьд Иргэний хуульд зааснаар 1 дүгээр зэргийн өвлөгч гэж явна. Талийгаачийн үр хүүхэд, эхнэр, болон ээж аав 1 дүгээр зэргийн өвлөгч гэж явна. 1 дүгээр зэргийн өвлөгч болохын хувьд талийгаачаас үлдсэн өвийг адил тэнцүү хэмжээгээр өвлөн авах эрхтэй. Талийгаач 2015.11.11-ний өдөр нас бараад 2016.11.11-ний өдөр өв нээгдэхэд Х.Баянцэцэг гэж хүнээс ямар нэгэн байдлаар өвөөс татгалзаж, татгалзлаа илэрхийлсэн зүйл байхгүй. Энэ талаар өвийн талаар хуулбарлаж ирсэн баримтууд дээр байгаа. Энэ хүний саналыг авалгүйгээр жилийн дараа буюу 2016.12.10-ны өдөр гаргасан хүсэлт байгаа. Энэ хүсэлтийг үндэслээд өвлөх эрхийн гэрчилгээ олгож байгаа нь хууль бус байна. Өвлөх эрхийн харилцаа талийгаач нас барсан өдрөөс эхэлж дараа оны тэр өдөр хүртэл өв нээгдэх харилцаа явагддаг. Нэхэмжлэгч тал улсын бүртгэлийн лавлагаануудыг үгүйсгээд байгаа боловч албан ёсны түр хугацаагаар шилжүүлсэн гэсэн баримт байхгүй байгаа гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 143/ШШ2018/00137 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.С-ийн 58-17 ӨМА, 61-92 ӨМА улсын дугаартай NORTHBENZ машинуудыг чиргүүлийн хамт Ш.С-д гаргуулж олгох, тээвэр хийсэн ашиг 52.497.400 төгрөг, дугуйны үнэ 9.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ш.С- улсын тэмдэгтийн хураамж 468.437 төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт зааснаар Б.Энхбатын өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгох шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 143/ШЗ2017/00613 дугаартай захирамжийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр байлгаж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 203/МА2018/00015 дугаар магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 6-ны өдрийн 143/ШЗ2018/00137 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 сарын 06-ны өдрийн 143/ШШ2018/00594 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ш.С- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжпэгч Ш.С- нь нэмэгдүүлсэн шаардлагыг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргасан бөгөөд нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид танилцуулж, тайлбар авах ажиллагааг хийх шаардлагатай гэсэн шалтгаанаар тухайн өдөр болсон шүүх хуралдааныг 15 хоногийн хугацаагаар хойшлуулсан. Шүүх мөн өдөр хариуцагч талд нэмэгдүүлсэн шаардлагыг танилцуулсан бөгөөд хавтаст хэргийн 201-р хуудсанд нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан баримт авагдсан байгаа. Магадлалд "...уг шаардлагыг хариуцагч талд 2017.05.15-нд гардуулах ажиллагаа хийгдсэн боловч хэргийг 2018.04.06-ны өдөр шүүх хуралдаанаар шийдвэрлэж 143/ШШ2018/00137 дугаар шийдвэр гарах хүртэл хугацаанд хийсэн өмнөх хуралдаануудаар уг шаардлагыг хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй байна.” гэжээ. Шүүх хуралдаан 7 удаа хойшилж байсан бөгөөд хэргийг 2018.04.16-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс 2018.04.06-ны шүүх хуралдаанаас өмнө болсон хуралдаануудаар уг шаардлагыг үндсэн нэхэмжлэлээс тусад нь урьдчилан хэлэлцэж шийдвэр гаргах байсан гэж ойлгогдохоор дүгнэсэнд эргэлзээ төрж байна. Нэхэмжлэгч Ш.С- нь анхан шатны шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “58- 17 ӨМА улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг 92-14 АЯ улсын дугаартай чиргүүлийн хамт, 61-92 ӨМА улсын дугаартай автомашиныг 86-18 АЧ улсын дугаартай чиргүүлийн хамт Б.Батгүн, Б.Батбулган, Ш.С- нарын нэр дээр шилжүүлэх, тээвэр хийсэн ашиг 52.497.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авсан. Дугуйны үнэ 9.600.000 төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргасан. 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанаас гаргасан шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтанд “нэхэмжпэгч Ш.С- улсын тэмдэгтийн хураамж 468.437 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай” гэж бичсэн, мөн шүүгч шүүхээс гарсан шийдвэрийн үндэслэлээ тайлбарлахдаа “нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас чөлөөлөгдсөн тул нэмэгдүүлсэн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэлээ” гэсэн тайлбарыг хэлж байсан бөгөөд шүүгчийн энэ тайлбар шүүх хуралдааны бичлэгт бичигдсэн. Иймд нэмэгдүүлсэн шаардагад төлөгдөх улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шүүх шийдвэрлэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх эрх, холбогдох журмыг ноцтой зөрчсөний үндсэн дээр өгсөн үнэлэлт болох нь шүүгчийн 2018.02.02-ны өдрийн 224 дугаартай “Хүсэлт хангахаас татгалзах тухай” захирамжаас тодорхой харагдана.” гэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед талуудаас гаргасан хүсэлтүүдийг шүүх хангаж, хэрэгсэхгүй болгож, хангахаас татгалзаж шийдвэрлэж байсан. Хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд дахин уг хүсэлтийг гаргах эрхгүй байдаг. Харин хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан тохиолдолд захирамжид дурдсан зөрчлөө арилган дахин хүсэлтээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж ойлгодог. Миний бие хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул дахин нотлох баримтаа бүрдүүлж хүсэлтээ дахин гаргаж байгаагүй. Нэхэмжлэгч талын хувьд ч өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тул энэ эрхээ эдлэх бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн /2-р хх-ийн 9-р хуудас/ нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Учир нь уг хүсэлтийг гаргахдаа хүсэлтэд дурдсан нотлох баримтуудыг олж авч чадахгүй байгаа шалтгаан, уг ажиллагааг шүүхээр хийлгэх болсон үндэслэлээ нотлоогүй буюу энэ байдлыг нотолсон баримтаа хавсаргаагүй байснаас шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иймд хүсэлтэд дурдсан баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн бол нэхэмжлэгч дахин хүсэлтээ шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хүсэлтэд дурдсан баримтуудыг үндэслэж шүүх шийдвэрээ гаргах ёстой байсан мэтээр дүгнэжээ. Гуравдагч этгээдийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ш.С- Г Х ХХК-д холбогдуулж, 58-17 ӨМА, 61-92 ӨМА улсын дугаартай Northbenz автомашинуудыг, чиргүүлийн хамт гаргуулах, тээвэр хийсэн ашиг 52.497.400 төгрөг, дугуйны үнэ 9.600.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Энэ хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр Л.Мөнхбаяр оролцсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан ...гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн эрхийн зохицуулалтыг нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэл гэж үзсэн нь учир дутагдалтай, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Талийгаач Р.Барбаатар маргааны зүйл болсон 2 автомашиныг чиргүүлийн хамт бусдаас худалдан авч, улмаар тээвэр хийхэд аж ахуйн нэр дээр автомашин бүртгэлтэй байх шаардлагатай байсны улмаас хариуцагч Г Х ХХК-ийн нэр дээр шилжүүлж ажил үүрэг гүйцэтгүүлж байсан үйл баримт тогтоогдсон байх бөгөөд хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа, гуравдагч этгээд Л.Мөнхбаяр худалдах санал тавьсны дагуу түүнд 2 автомашины үнэ, 40.000.000 төгрөг болон тээврийн тооцоог тухай бүрт өгсөн гэж тайлбарласан, гуравдагч этгээд мөнгийг авсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч Ш.С-, түүний хоёр хүүхэд талийгаач Р.Барбаатарын хууль ёсны  өв залгамжлагч байх бөгөөд ямар үндэслэлээр Г Х ХХК-д холбогдуулж, түүний эзэмшил, ашиглалтад байгаа 2 автомашин, чиргүүлийг, мөн ашиг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг тодруулж, нэхэмжлэлийг хангах эсэхэд эрх зүйн бүрэн дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн талаар давж заалдах шатны шүүх магадлалд тодорхой тусгагдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан “нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх” хүсэлтийг шүүх хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасантай нийцээгүй, энэ нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл болсон байна.

Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 203/МА2018/00015 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.   

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 468.437 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ