Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
Хэргийн индекс | 149/2017/00047/И |
Дугаар | 00090 |
Огноо | 2017-02-14 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 00090
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Дунд-Өлөнтийн ¹ 36 тоотод оршин суух, 1987 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, Зэв овогт Болормаагийн Улаанцэцэгийн /РД:МЧ87121108/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Үтрэмийн 2-12 тоотод оршин суух, 1981 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, Харьд овогт Самбуугийн Батболдод холбогдох /РД:МЭ81101572/
хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Улаанцэцэг, хариуцагч С.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Ариунсайхан нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Б.Улаанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь С.Батболдтой 2011 оны 08 дугаар сард танилцаад үүнээс хойш нэг гэрт хамт амьдрах болсон юм. 2016 оны 04 дүгээр сар хүртэл бид хамт амьдарсан. 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр охин Б.Энхжинг төрүүлсэн. 2016 оны 04 дүгээр сарын сүүлчээр С.Батболд бид хоёр муудалцаад салсан. Тэр үед охин Энхжин 02 нас арай хүрээгүй байсан. Үүнээс хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байна. Цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул Батболдыг хүүхдийн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлгийг сар бүр гаргуулахыг хүсч байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдэж өгнө үү гэв.
Хариуцагч С.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Улаанцэцэг бид хоёр 2011 оны 08 дугаар сараас хойш 2016 оны 04 дүгээр сарын сүүлч хүртэл нэг гэрт хамт амьдарсан. 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр охин Б.Энхжин төрсөн. Одоо нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Б.Улаанцэцэг, хариуцагч С.Батболд нар нь 2011 оны 08 дугаар сард танилцан гэр бүлийн харилцаатай болж 2016 оны 04 дүгээр сарын сүүлч хүртэл нэг гэрт хамт амьдарч байсан ба тэдний дундаас 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр охин Харьд овогт Батболдын Энхжин төрсөн, одоо эх Б.Улаанцэцэгийн асрамжинд эрүүл бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, ¹4322000263 гэсэн бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянбаг ӨЭМТ-ийн тодорхойлолт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Б.Улаанцэцэг, С.Батболд нар нь гэр бүлийн хамтын амьдралын хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байсан боловч охин Б.Энхжингийн төрсний гэрчилгээг авахдаа эцэг С.Батболдоор овоглохыг хүлээн зөвшөөрсний улмаас хүүхдийн төрсний гэрчилгээний эцгийн нэр дээр С.Батболдын нэр бичигдсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар захиргааны журмаар эцэг тогтоосон гэж үзэх үндэслэл болж байх тул охин Б.Энхжингийн эцгээр С.Батболд мөн болохыг шүүхээр давхар тогтоох шаардлагагүй байна.
Мөн хариуцагч С.Батболд нь охин Б.Энхжингийн эцэг биш гэж маргаж шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй бөгөөд харин өөрийн хүүхэд мөн гэдэгт эргэлзэхгүй, хүлээн зөвшөөрч байх тул эцэг тогтоох шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн Шүүх эмнэлгийн хэлтсийг шинжээчээр томилох шаардлагагүй байна гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч Б.Улаанцэцэгийн хариуцагч С.Батболдоос сар бүр тэтгэлэг гаргуулж охин Б.Энхжинг тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагч С.Батболдоос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Улаанцэцэгд олгох үндэслэлтэй байна.
Мөн хариуцагч С.Батболдоос тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 130400941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Харьд овогт Батболдын Энхжинг 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан охин Б.Энхжинг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Батболдоос сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Батболдоос улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Улаанцэцэгд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч С.Батболдоос тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 130400941 тоот дансанд оруулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.