Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 113

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Ц.Б,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Т холбогдох 2028001650129 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нисэх техникийн механикийн инженер мэргэжилтэй,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гэгээн говь” зочид буудалд Ш.Галтхүүтэй маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Б-ын яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгсөн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэм буруугаа ойлгож байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Галтхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би найзууд болох Халиунаа, Амарцэцэг нартай “Гэгээн говь” зочид буудлын 2 давхарт 09 цаг өнгөрч байхад ороод бид нар архи ууцгааж байхад Нямсүрэн найз Б гэдэг хүнтэй хамт ирсэн. Би архиндаа согтоод унтчихсан нэг мэдэхэд нүдний шилтэй залуу миний нүүрлүү архины шилээр цохиж байсан. Би босоогүй унтаж байгаад сэрэхэд өглөө болсон. Амарцэцэг, Халиунаа нар хамт байсан. Миний нүд хавдчихсан, би хамт байсан хүмүүсээс юу болсныг асуухад ...Батбаяр нь хамт архи ууж байгаад чамайг унтчихсан чинь Нямсүрэнтэй хардаад зодоод байсан гэж ярьсан би өөрөө юу болсныг санахгүй байна. ...Миний санаж байгаагаар намайг Батбаяр нүүрлүү хатуу юмаар цохичих шиг болсон. Би маргааш нь бодохдоо архины шилээр цохисон юм болов уу гэж бодсон яг архины шил бариад цохихыг би хараагүй. ...Нэг сэрэхэд Б миний дээрээс намайг цохиж зодоод байсныг санаж байна. Миний эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө болох 604,000 төгрөгийг Батбаяр надад өгсөн. Одоо миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол, санал байхгүй, Батбаяртай эв зүйгээ олсон”. /хавтаст хэргийн 8-9, 11-12 дугаар хуудас/

Гэрч Ө.Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр найз Халиунаатай Цогтцэцийгээс ирээд Даланзадгад сумын төвд байрлах “Гэгээн говь” нэртэй зочид буудлын 2 давхрын  өрөөнд буусан. Халиунаа, Амарцэцэг, Галтхүү нар хоносон. Маргааш өглөө нь тэд нар над руу ярихаар нь би 12 цагийн үед очиход Галтхүү, Амарцэцэг, Халиунаа нар байсан. ...Тэд нар өглөө архи уусан бололтой халамцуу байцгаасан. ...Би Батбаярыг дагуулаад өрөөнд ороод бид нар нийлээд 2 шил архи хувааж ууж байтал Галтхүү Батбаярыг 00-д бие засаж байхад нь надад юун хачин юмтайгаа уулздаг юм бэ хэзээ хаях гэж байна гэсэн. Батбаярыг 00-н өрөөнөөс гарч ирээд сууж байхад хүргэн утас цэнэглэ, бацаанаа, бандиа архи аваад ир гэх зэргээр өдөөд байхад Батбаяр хэсэг чимээгүй байж байгаад Галтхүү намайг хөөе Нямка архичин хүүхэн шүү дээ гэж хэлэхэд Батбаяр Галтхүү чи ер нь намайг яагаад элдэв муухай үгээр хэлээд доромжлоод байгаа юм бэ, би чамд юм хэлээгүй байхад Нямкаг хүртэл доромжлоод байгаа юм гэж хэлсэн чинь Галтхүү өмнөөс юун сүртэй юм тоглосон шүү дээ гэж хэлээд хоорондоо муудалцаад Б Галтхүүгийн нүүрлүү гараараа 2-3 удаа цохисон. Бид нар салгаж болиулсан, дахиж зодоон болоогүй”. /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/

Гэрч Э.Ариунбилэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр найз Нямсүрэн, Б нартай хамт явж байгаад “Гэгээн говь” буудалд буусан. ...Б тэд нарт авч очсон 1 шил архийг хувааж ууцгаасан, 4 ширхэг пиво уусан. Архи нь дуусахад дахин Батбаяр бид хоёр дэлгүүрээс 1 шил архийг авч өгсөн. Тэр архийг ууж дуусаагүй байхад Батбаяр, Галтхүү нар муудалцсан. Архи ууж байх хооронд Галтхүү Нямсүрэнд ийм хачин юмтай үерхдэг юм уу гэж яриад байсан, бас гар утас өгөөд авьяасаараа цэнэглэ гэхэд Б өмнөөс юм хэлээгүй. ...Б, Галтхүү хоёр орон дээр өөдөөсөө хараад юм ярьж сууж байгаад Б нь чи намайг яагаад элдэвлээд байгаа юм бэ гэж хэлэхэд Галтхүү би угаасаа ингэж ярьдаг гэж хэлэхэд Б Галтхүүгийн нүүрлүү гараараа цохиод авахад Нямсүрэн хажууд нь сууж байгаад тэр хоёрыг салгах гээд зууралдсан. Зодоон дахиж болоогүй”. /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/

Гэрч Э.Халиунаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Даланзадгад сумын “Гэгээн говь” нэртэй зочид буудалд байхад Нямсүрэн найз болох Б, нэг танихгүй эмэгтэйтэй хамт өдрийн 13 цагийн үед ирээд бид нар бүгдээрээ нийлж архи уусан. ...Б Галтхүүг зодоод нүүрлүү цохиод зууралдаад орон дээрээс дарсан байсан. Бид нар боль гээд салгахад Батбаяр өрөөнөөс гараад явчихсан”. /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/

Гэрч Ц.Амарцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Нямсүрэн намайг тосч аваад Халиунаатай хамт “Гэгээн говь” нэртэй буудалд буулгасан. Бид нарыг байхад манай найз Галтхүү ирээд архи, пиво уугаад хоносон. Маргааш нь бид нар нэмж уугаад байж байхад Нямсүрэн гаднаас найз Батбаяртай хамт орж ирсэн, дахин үргэлжлүүлэн уугаад би согтоод унтчихсан байсан. ...Би тэр үед унтаж байсан учраас зодооныг хараагүй, юу болсныг мэдээгүй, Галтхүүгийн нүд нь хавдчихсан байсан”. /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай найз Нямсүрэн намайг “Гэгээн говь” зочид буудалд  найзуудтайгаа буусан байсан. ...Чамайг дагуулаад ороод ир гэхээр нь би найзууд дээр нь хоосон ороод яахав дээ гээд дэлгүүрээс 1 шил архи, 4 ширхэг пиво, ундаа, ус аваад Нямсүрэн, Ариунбилэг нартай хамт орсон. Буудлын 2 давхрын өрөөнд зүс таних Галтхүү, Нямсүрэнгийн найз гэх Халиунаа Амарцэцэг нар архи уусан бололтой байсан. Бид нар миний авч очсон архийг хувааж ууж байхад Галтхүү намайг элдэвлээд өдөөд хүргэн хүү, ахын дүү энэ утсыг авьяасаараа цэнэглэ гэх мэтээр хэлээд байсан. Тухайн үед би тоогоогүй, чимээгүй байсан. ...Галтхүү Нямсүрэнд чи юун хачин юмтай явдаг юм бэ, наад хачин юмаа хэзээ хаях гэж байна гээд яриад байгаа нь сонсогдсон. Би гарч ирээд Галтхүүд чи ер нь яагаад хүн доромжлоод байгаа юм гэхэд би угаасаа ингэж харьцдаг гэж хэлсэн. Миний уур хүрээд Галтхүүгийн нүүрлүү нь гараараа 2-3 удаа цохисон. Нямсүрэн намайг боль гээд хорихоор нь би муудалцахаа болиод гараад явсан”. /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 373 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ш.Галтхүүгийн биед хамар яс, зүүн ухархайн дотор ханын хугарал, 2 нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхины язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 671 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/

Эмчлүүлэгчийн карт /хавтаст хэргийн 30-38 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ц.Б-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гэгээн говь” зочид буудалд Ш.Галтхүүтэй маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Галтхүүгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч Ө.Нямсүрэнгийн “...Галтхүү өмнөөс юун сүртэй юм тоглосон ш дээ гэж хэлээд хоорондоо муудалцаад Б Галтхүүгийн нүүрлүү гараараа 2-3 удаа цохисон...”, гэрч Э.Ариунбилэгийн “...Б Галтхүүгийн нүүр лүү гараараа цохиод авахад Нямсүрэн хажууд нь сууж байгаад тэр хоёрыг салгах гээд зууралдсан...”, гэрч Э.Халиунаагийн “...Батбаяр Галтхүүг зодоод нүүрлүү цохиод зууралдаад орон дээрээс дарсан байсан...”, гэрч Ц.Амарцэцэгийн “...Би тэр үед унтаж байсан учраас зодооныг хараагүй, юу болсныг мэдээгүй, Галтхүүгийн нүд нь хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлгүүд, Ц.Б-ын хэргээ хүлээсэн мэдүүлэг болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 373 дугаартай шинжээчийн Ш.Галтхүүгийн биед хамар яс, зүүн ухархайн дотор ханын хугарал, 2 нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхины язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б нь Ш.Галтхүүтэй маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 604,240 төгрөгийг төлсөн ба хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон байх тул шүүгдэгч Ц.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.Б-ын хувийн байдлын хувьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/ гэснээр нотлогджээ.

Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч  гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 550,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.    

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т 550 /таван зуу тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид 604,240 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ