| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2020/0111/Э |
| Дугаар | 114 |
| Огноо | 2020-08-19 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 114
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох 2028000000127 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Эрдэнэчулууныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Б-ын яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад найзууд дээрээ очсон. Найзуудтайгаа тоглож байгаад 2 шил архи хувааж уугаад орой 5 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ харьснаас хойш юу болсныг санахгүй, маргааш өглөө нь эрүүлжүүлэхэд сэрсэн гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэчулуун мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 17 цаг 30 минутад ажлаасаа тараад хамт ажилладаг Батсуурь, Ганбат, Адъяабаатар нартай хамт 167 дугаар ангийн байрнаас гараад машин дээрээ очоод явах гэтэл машины дугуйн хий гарчихсан байхаар нь дугуйгаа хийлж байтал нэг танихгүй залуу ирээд намайг хэн гэлээ нэг танихгүй хүний нэр хэлээд тэр л байна гэхээр нь би та хүн андуураад байна гэхэд би чамайг таньж байна. Чи бид хоёр 2 жилийн өмнө шүүх дээр уулзсан биз дээ гээд шууд миний нүүр рүү гараараа цохиход би газар унаад миний дээр мордож суугаад толгой, нүүр рүү цохиод байсан. Надтай хамт явсан хүмүүс салгах гэсэн чинь дийлдэхгүй, өмнөөс нь чулуу барьж цохих гээд дайраад байсан. Би босоод цусаа гоожуулаад сууж байтал эргэж ирээд миний нүүр рүү гуталтай хөлөөрөө өшиглөөд миний нүүр рүү мөргөсөн. Тэр намайг зодохоо болиод удалгүй цагдаа нар ирсэн. Бнадтай уулзаад уучлал гуйгаад миний авч уусан эмийн мөнгө, шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр зэрэг 50,000 төгрөгийг өгсөн. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй”. /хавтаст хэргийн 7-8, 9 дүгээр хуудас/
Гэрч Ц.Ганбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ажлаа тараад 17 цаг өнгөрөөгөөд 167 дугаар ангийн хашаанаас гараад Эрдэнэчулууны машиных нь дугуйг хийлээд хүлээж байтал нэг танихгүй залуу гарч ирээд Эрдэнэчулууны хажууд очоод чи намайг таньж байна уу гэж асуухад Эрдэнэчулуун танихгүй гэж хэлэхэд нөгөө согтуу залуу Эрдэнэчулууны нүүр рүү гараараа цохиход Эрдэнэчулуун газар унахад нөгөө залуу дээр нь гарчихсан дахиад зодоод байсан. Адъяабаатар бид хоёр салгах гэхэд нөгөө залуу газраас чулуу аваад та нар намайг нийлж зодох уу гээд чулуу шидэх гээд байхаар нь бид нар цагдаа дуудсан. Эрдэнэчулууны хамар амнаас цус гарчихсан доошоо хараад сууж байхад тэр залуу дахиад Эрдэнэчулууны нүүр рүү гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Бид нар боль гээд салгасан, удалгүй цагдаа ирээд авсан”. /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/
Гэрч Ш.Адъяабаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэчулуун, Ганбат бид нар ажлаа тараад 17 цаг өнгөрөөгөөд 167 дугаар ангийн хашаанаас гараад Эрдэнэчулууны машины дугуйг хийлээд 167 дугаар ангийн хашааны зүүн урд талд зогсоол дээр байхад нэг согтуу залуу ирээд Эрдэнэчулуунтай юм яриад байх шиг байсан. Тухайн үед би машины дугуй хийлэгчийн хажууд байж байгаад нэг харахад нөгөө залуу Эрдэнэчулууны нүүр рүү нь цохиод зодож байгаа харагдсан. Бид нар салгах гэхэд өмнөөс чулуу шидэх гээд та нар намайг нийлж зодох гээд байна уу гэхээр нь бид нар очоод салгасан. ...Нөгөө залуу Эрдэнэчулууны нүүр рүү өшиглөсөн, бид нар дахин салгасан”. /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед би гэрээсээ гарч яваад Дундсайханд байдаг найзынхаа гэрт очиж найзуудтайгаа уулзаад архи ууж хөзөр тоглож байгаад нэлээд согтоод 17 цагийн үед такси дуудаад 167 дугаар ангийн зүүн урд байдаг гэрлүүгээ очиж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсныг мэдээгүй нэг сэргэхэд эрүүлжүүлэхэд унтаж байсан”. /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 390 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Эрдэнэчулууны биед духны ихэнх хэсэгт хавдаж, шалбарсан, духны голын баруун хэсэгт язарсан шархтай, баруун нүдний салст гадна талдаа улаан, 2 нүдний дээд, доод зовхи хөхөрч хавдсан, баруун хацар, хамарт хэд хэдэн жижиг шалбаралтай, хавдсан, хүзүүний баруун урд доод хэсгийн арьсанд зулгаралт үүссэн гэмтлүүдтэй байна. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Б.Эрдэнэчулууны биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/
Эмчлүүлэгчийн карт /хавтаст хэргийн 23-26 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Эрдэнэчулууныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Эрдэнэчулууны эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Б.Эрдэнэчулууны “...нэг танихгүй залуу ирээд ...шууд миний нүүр рүү гараараа цохиход би газар унаад миний дээр мордож суугаад толгой, нүүр рүү цохиод байсан. Би босоод цусаа гоожуулаад сууж байтал эргэж ирээд миний нүүр рүү гуталтай хөлөөрөө өшиглөөд миний нүүр рүү мөргөсөн...”, гэрч Ц.Ганбатын “...Согтуу залуу Эрдэнэчулууны нүүр рүү гараараа цохиход Эрдэнэчулуун газар унахад нөгөө залуу дээр нь гарчихсан дахиад зодоод байсан ба Эрдэнэчулууны хамар амнаас цус гарчихсан доошоо хараад сууж байхад тэр залуу дахиад Эрдэнэчулууны нүүр рүү гуталтай хөлөөрөө өшиглөсөн...”, гэрч Ш.Адъяабаатарын “...Нөгөө залуу Эрдэнэчулууны нүүр рүү нь цохиод зодож байгаа харагдсан. ...Тэр залуу Эрдэнэчулууны нүүр рүү өшиглөсөн, бид нар дахин салгасан...”, гэсэн мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 390 дугаартай шинжээчийн Б.Эрдэнэчулууны биед духны ихэнх хэсэгт хавдаж, шалбарсан, духны голын баруун хэсэгт язарсан шархтай, баруун нүдний салст гадна талдаа улаан, 2 нүдний дээд, доод зовхи хөхөрч хавдсан, баруун хацар, хамарт хэд хэдэн жижиг шалбаралтай, хавдсан, хүзүүний баруун урд доод хэсгийн арьсанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь Б.Эрдэнэчулууныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 50,000 төгрөгийг төлсөн ба хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдлын хувьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/ гэснээр нотлогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүхээс оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид 50,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ